Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2018/00738

 

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2018/00738

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу шанд багийн *******,*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ү.Амарбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* би тус байгууллагад 1997 оноос хойш нягтлан бодогчоор 21 жил ажиллаж ирсэн. Гэтэл надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр цуцалсан. Дээрх тушаал үндэслэлгүй тул намайг хуучин хийж байсан ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор буюу цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ГБХЗХГ-ийн дарга ******* нь нягтлан бодогчоор ажиллаж байсан *******д 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б/30 дугаартай тушаалаар сануулах арга хэмжээ, 2017 оны 05 дугаар сарын 04-ны Б/08 дугаартай тушаалаар үндсэн цалинг 3 сараар 20 хувиар бууруулах арга хэмжээг авсан.

Харин ******* нь 1 жилийн хугацаанд сахилгын зөрчлийг давтан гаргасан тул 2018 оны 04 дугээр сарын 06-ны өдөр Б/10 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа дараах зүйлийг үндэслэн цуцалсан.Үүнд:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн

40.1.4 Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил гаргасан;

40.1.5 Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;

2.Төсвийн тухай хуулийн

6.4.8 Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх

8.9.1 Төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх;

3.Хөдөлмөрийн дотоод журмын

9.3. Төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.

А.Сануулах

Б.Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах

В.Ажлаас халах

10.2.7. Мөнгө ба эд хөрөнгө хариуцсан ажилтан нь ажил олгогчийн итгэл эвдсэн үйлдэл гаргасан

4.Хөдөлмөрийн гэрээний

6.4 Ажилтан Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын дотоод журам болон бусад дүрэм журам тушаал шийдвэр, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, хариуцлага хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлд зааснаар сахилгын шийтгэл оногдуулна.

6.6 Ажилтан дараах хэлбэрийн зөрчлүүдийн аль нэгийг гаргавал хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 -д заасны дагуу сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцож, Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална. Үүнд:

9. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэл эвдсэн, хөдөлмөрлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан

5.Санхүүгийн хяналт аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай акт

Дээрх тушаалын үндэслэлүүдийг тайлбарлавал:

Байгууллагын дарга ******* нь нягтлан бодогчоор ажиллаж байсан *******д 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Б/08 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан ба 1 жилийн хугацаанд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг давтан гаргасан.

*******той байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 6.6-д ноцтой зөрчил гэдэгт 6.6.9-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэл эвдсэн, хөдөлмөрлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол .учруулсаныг ноцтой зөрчил гаргасанд тооцно гэж заасан.

Тэгтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.Хөдөлмөрийн гэрээний 6.4, 6.6, 6.6.9-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны зохицуулалтууд байгаа учир нягтлан бодогчид хамааралгүй гэсэн байна.

Тайлбар: 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Улсын дээд шүүхийн тайлбарт мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан" гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай эсхих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгоно гэсэн нь нягтлан бодогчид хамааралгүй биш юм.

Мөн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Улсын дээд шүүхийн тайлбарт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5,-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино гэсэн нь Санхүүгийн хяналт аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай актаар тогтоогдсон.

1.Төсвийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.4.8 дах заалт төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх мөн хуулийн 8.9.1-д төсвийн шууд захирагчийн үүргийн тухай заасан зохицуулалт байна. Нягтлан бодогч бол төсвийн шууд захирагч биш шүү дээ гэж нэхэмжпэгч нэхэмжлэлдээ дурдсан байна.

Тайлбар: Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн ерөнхий нягтлан бодогч гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг хэлнэ гэж тодорхойлсон.

Мөн энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах, 20.2 дугаар зүйлийн 20.2.5-д дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах; 20.2.12 аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг.

Тиймээс нэмэмжлэгчийн дурьдсанаар төсвийн тухай хуулийн 6.4.8, 8.9.1 дэх заалтууд нь төсвийн шууд захирагчид хамааралтай боловч нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиараа 2 дугаар гарын үсэг зурдаг байгууллагын нягтлан бодогчид хамааралтай заалтууд юм.

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил хойш сар, илрүүлсэнээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэжээ. 51 дугаартай акт тавигдсанаас хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрчээ гэж нэхэмжлэгч үзсэн байна.

Тайлбар: Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтаар 2016 оны 10 сарын 11-ны гдрийн 51 тоот нөхөн төлбөрийн актын 2,990,8 мянган төгрөгийн төлбөрийг 2018 оны 01-р сарын 25-ны өдрийн дотор төлөх мэдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр албан бичгийн хамт ,******* залуучуудйн хөгжлийн газарт хүргүүлсэн.

Харин ******* нь улсын байцаагчийн дурьдсан хугацаанд төлбөрөө сайн дураар төлөөгүй тул Санхүүгийн хяналт шалгалт аудитын алба нь Нөхөн төлбөрийг тогтоох тухай улсын байцаагчийн актыг баталгаажуулах тухай хүсэлтийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд гаргасан.

Шүүх акт хүчин төгөлдөр болсон байх тул улсын байцаагчийн актыг баталгаажуулах тухай хүсэлтийг хангаж, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 142/Ш32018/01422 дугаартай улсын байцаагчийн акт баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг гаргасан. Шүүгч захирамжиндаа шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй гэж захирамжилсан байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч ******* нь ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна.

Нэхэмжлэгч ******* нь *******,******* залуучуудын хөгжлийн газрын нягтлан бодогчийн албан тушаалд ТҮ-8 ангилал, зэрэглэлийн 5 шатлалд 633,221 төгрөгийн цалинтай томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 5/10 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаар ажлаас халагдсан байна. /хх-4-6/

Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх заалтыг зөрчиж 2.990.800 төгрөгийг авлагаар бүртгэсэн боловч барагдуулаагүй, жилийн эцсийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд хүргүүлээгүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан нь тогтоогдсон гэдэг үндэслэлээр цуцалжээ. /хх-3/

Нэхэмжлэгчид өмнө нь ,*******,залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний Б/08 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1,131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3,аймгийн Аудитын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Төрийн аудитын үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролдсон үндэслэлээр үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээ ногдуулсан байх бөгөөд үүний дараа түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж ажлаас халах шийтгэл ногдуулжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Санхүүгийн хяналт аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай актаар төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх хуулийн заалтыг хангалтгүй биелүүлж нийт 2.990.800 төгрөгийг авлагаар бүртгэсэн боловч барагдуулаагүй зөрчил илэрч акт тавигдсан. Өөрөөр хэлбэл 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 6.6.9-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэл эвдсэн, хөдөлмөрлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан гэж буруутгасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ.... Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг эвдсэн буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн заалтын хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэж байна.

Түүнчлэн хариуцагч нь Санхүүгийн хяналт аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай актыг Улсын байцаагчийн актыг баталгаажуулах тухай шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай захирамжаар баталгаажуулсанаар сахилгын зөрчлийг илрүүлсэн гэж тайлбарлаж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар,илрүүлсэнээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах-аар зохицуулсан.

Нэхэмжлэгчийг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж байгаа санхүүгийн хяналт аудитын албаны акт нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тавигдсан байх ба 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн байна. Шүүгчийн захирамжаар актыг баталгаажуулж байгаа нь зөрчлийг илрүүлж байгаа хэрэг биш юм. Энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэсгүй байна.

Нөгөө талаар ******* нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан биш бөгөөд түүнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх ёстой.

Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтын актанд: ....төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх заалтыг зөрчиж 2.990.800 төгрөгийг авлагаар бүртгэсэн боловч барагдуулаагүй, жилийн эцсийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд хүргүүлээгүй гэсэн байна. Энэ нь зөвхөн нягтлан бодогчоор ажиллаж байсан *******ы буруутай ажиллагаа биш, тухайн байгууллагатай холбогдуулан тогтоосон акт юм.

Ийнхүү авлага, өр төлбөр үүсгэж 2.990.800 төгрөгийг авлагаар бүртгэсэн боловч барагдуулаагүй, жилийн эцсийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд хүргүүлээгүй зэрэг байгууллагын буруутай ажиллагаа байгаа боловч *******ыг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 3 сар 15 хоног ажилгүй байсан байх бөгөөд нэг сард ажлын 21.5 хоног х 3 сар=64.5 хоног,7 сарын 8-наас 23-н хүртэл ажлын 8 хоног, нийт 72.5 хоног ажилгүй байсан байна. Түүний цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дундажаар тооцоход 639.965 төгрөг болсоныг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 29.765 төгрөг болж байна. Үүнийг ажилгүй байсан 72.5 хоногоор үржүүлэн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 2.158.022 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдөх бөгөөд *******,*******, залуучуудын хөгжлийн газраас /70,200+49,478/ төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар *******ыг *******,*******, залуучуудын хөгжлийн газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 2.158.022 төгрөгийг *******,хүүхэд,залуучуудын хөгжлийн газраас гаргуулан *******д олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 119,678 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН