Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 207/МА2018/00128

 

*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч

Гэр бүл хүүхэд залуучуудын

хөгжлийн газарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00738 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзулын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* би тус байгууллагад 1997 оноос хойш нягтлан бодогчоор 21 жил ажиллаж ирсэн. Гэтэл надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр цуцалсан. Дээрх тушаал үндэслэлгүй тул намайг хуучин хийж байсан ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор буюу цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Баянзул шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Байгууллагын дарга А.Наранболд нь нягтлан бодогчоор ажиллаж байсан *******д 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Б/08 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан ба 1 жилийн хугацаанд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг давтан гаргасан. *******той байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 6.6-д ноцтой зөрчил гэдэгт 6.6.9-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэл эвдсэн, хөдөлмөрлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол .учруулсаныг ноцтой зөрчил гаргасанд тооцно гэж заасан. Тэгтэл нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээний 6.4, 6.6, 6.6.9-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны зохицуулалтууд байгаа учир нягтлан бодогчид хамааралгүй гэсэн байна. Тайлбар: 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Улсын дээд шүүхийн тайлбарт мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан" гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай эсхих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгоно гэсэн нь нягтлан бодогчид хамааралгүй биш юм.

Мөн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Улсын дээд шүүхийн тайлбарт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5,-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино гэсэн нь Санхүүгийн хяналт аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай актаар тогтоогдсон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах, 20.2 дугаар зүйлийн 20.2.5-д дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах; 20.2.12 аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Тиймээс төсвийн тухай хуулийн 6.4.8, 8.9.1 дэх заалтууд нь төсвийн шууд захирагчид хамааралтай боловч нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиараа 2 дугаар гарын үсэг зурдаг байгууллагын нягтлан бодогчид хамааралтай заалтууд юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил хойш 6 сар, илрүүлсэнээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэжээ. 51 дугаартай акт тавигдсанаас хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрчээ гэж нэхэмжлэгч үзсэн байна. Тайлбар: Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтаар 2016 оны 10 сарын 11-ны гдрийн 51 тоот нөхөн төлбөрийн актын 2,990,8 мянган төгрөгийн төлбөрийг 2018 оны 01-р сарын 25-ны өдрийн дотор төлөх мэдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр албан бичгийн хамт Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хүргүүлсэн.

Харин ******* нь улсын байцаагчийн дурьдсан хугацаанд төлбөрөө сайн дураар төлөөгүй тул Санхүүгийн хяналт шалгалт аудитын алба нь Нөхөн төлбөрийг тогтоох тухай улсын байцаагчийн актыг баталгаажуулах тухай хүсэлтийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд гаргасан. Шүүх акт хүчин төгөлдөр болсон байх тул улсын байцаагчийн актыг баталгаажуулах тухай хүсэлтийг хангаж, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 142/Ш32018/01422 дугаартай улсын байцаагчийн акт баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг гаргасан. Шүүгч захирамжиндаа шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй гэж захирамжилсан байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00738 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар *******ыг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 2.158.022 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл,хүүхэд,залуучуудын хөгжлийн газраас гаргуулан *******д олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 119,678 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хууль зүйн хувьд хэргийг тал бүрээс нь үнэлж, бодитойгоор шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна. Үүнд: Иргэн *******ыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Ийнхүү чөлөөлөхдөө эхний зөрчил нь санхүүгийн тайлангаа хугацаанд нь хүргүүлээгүй, 2 дахь зөрчил нь нягтлан бодогч нь байгууллагад өр төлбөр үүсгэсэн акт тавиулсан ба үүнийгээ төлөхөө хүлээн зөвшөөрсөн боловч тус төлбөрийг төлөх үүргээ биелүүлэлгүй ажил олгогчийн итгэлийг алдсан ба энэ нь тус шатны шүүхийн шүүгчийн гаргасан Улсын байцаагчийн дүгнэлт баталгаажуулах тухай акт гарснаар эцэслэгдсэн гэж үзэж 2 дахь зөрчлийг тооцсон. Гэтэл энэхүү илэрхий үйл баримтыг хөдөлмөрийн хуулийн зөрчилд хариуцлага тооцох хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хүлээн аваагүй ба ингэхдээ шууд акт тавигдсан өдрийг зөрчил эхэлсэн гэж үзсэн. Гэтэл анхнаасаа хариуцагч акт тавигдсанаар зөрчил үүссэн гэж үзээгүй бөгөөд тавигдсан актыг хүлээн зөвшөөрсөн атлаа түүнийгээ төлөх үүргээ биелүүлээгүй гэдэг нь зөрчил гэж үзсэн. Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын хөдөлмөрийн хуулиар тодорхойлсоны дагуу хөдөлмөрийн харилцаа нь талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэгдэх хэдий ч ажилтан нь шударгаар ажиллах үүрэгтэйн дээр нэн ялангуяа нягтлан бодогч нь Санхүү, мөнгөтэй харьцдаг албан тушаалтны хувьд зөрчил дутагдал гаргахгүй байх ёстой. Гэтэл ийнхүү алдаа дутагдал гаргаж үүнээс болж байгууллага тодорхой хэмжээний акт тавиулсан баримт нь тодорхой байхад үүнийг шүүх харгалзан үзэх боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар *******ыг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 2.158.022 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл,хүүхэд,залуучуудын хөгжлийн газраас гаргуулан *******д олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын нягтлан бодогчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 5/10 дугаар тушаалаар ажлаасаа халагджээ.

Тус тушаалд : Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Төсвийн тухай хуулийн 6.4.8, 8.9.1 дэх заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3, 10.2 дугаар зүйлийн 10.2.7, Хөдөлмөрийн гэрээний 6.4, 6.6, 6.6.9, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 11 ний өдрийн 51 дугаар актыг үндэслэн Тушаах нь ... төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх заалтыг зөрчиж 2.990.800 төгрөгийг авлагаар бүртгэсэн боловч барагдуулаагүй, жилийн эцсийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд хүргүүлээгүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан нь тогтоогдсон тул гэж үзэн түүнд холбогдох хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Тушаалын үндэслэл болсон 51 дугаар акт нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж арга хэмжээ авсан гэж үзэхээр байна.

Хариуцагч нь *******ыг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үздэг боловч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч *******ыг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 2.158.022 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл,хүүхэд,залуучуудын хөгжлийн газраас гаргуулан *******д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд нийцжээ.

Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 5/10 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх ба хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Баянзулын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь нотлогдохгүй байх тул түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00738 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзулын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР