Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/00903

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/00903

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр

Нэхэмжлэгч:Б.Б

Нэхэмжлэгч:Ж.Б

Нэхэмжлэгч:Н.Г

Нэхэмжлэгч:Х.Д

Нэхэмжлэгч:С.Н

Нэхэмжлэгч:Б.Ц 

Нэхэмжлэгч: Б.Э

Нэхэмжлэгч: Б.У

Нэхэмжлэгч:Ж.Э

Нэхэмжлэгч:Д.Э

Нэхэмжлэгч: Ц.Б

Нэхэмжлэгч: Ж.Н 

Нэхэмжлэгч: Б.Н

Нэхэмжлэгч:Ц.М

Нэхэмжлэгч:А.Б

Нэхэмжлэгч:Н.Х

Нэхэмжлэгч: Б.Б

Нэхэмжлэгч: Ш.Б

Нэхэмжлэгч: Д.Б

Нэхэмжлэгч:Н.Т нарын нэхэмжлэлтэй ,

Хариуцагч: АТҮТ ТӨААТҮГ-т холбогдох 767000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Ц.Э, нарийн бичгийн даргад Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Авто тээврийн үндэсний төв нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 02224 дугаартай шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйн улмаар бид шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд урьдчилгаа 80.000 төгрөг шүүхийн шийдвэрээр гарсан 7.560.000 төгрөгний дүнгээс 7,5%-ийг суутгуулж 540.000 төгрөг төлсөн, Н.Төрбат би У.Болдсайханаас бусад 20 хүнээс итгэмжлэл авахын тулд нотариатаар батлуулахад 140.000 төгрөг төлсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас холбогдох баримтуудыг авахад 7000 төгрөг төлсөн тул нийт 767000 төгрөгийг төлж хохирсон.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 7.560.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б , Ж.Б , Э.Г , Х.Д, С.Н , Б.Цолмонбаатар, Б.Э , Б.У , Ж.Э, Д.Н Ц.Б, Ж.Н, Э.Б, Б.Д, Ц.М, А.Б, Н.Х, Б.Б, Ш.Б, Д.Б, Я.Г нарт тус бүр 360.000 төгрөг олгож шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гүйцэтгүүлэхэд төлбөр авагч тус бүрээс 27000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 21 хүний нийт 567000 төгрөгийг төлсөн. Би У.Болдсайханаас итгэмжлэл авч чадаагүй тул 20 хүний нийт 540.000 төгрөгийг итгэмжлэл авахдаа нотариатад төлсөн 140000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх газраас баримт авахдаа төлсөн 7000 төгрөг нийт 767000 төгрөгөөр хохирсон.

Иймд шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын урьдчилгаа 80.000, шийдвэр гүйцэтгэсний дараа урамшуулалд төлсөн 540000, итгэмжлэл авахдаа нотариатад төлсөн 140000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх газраас баримт авахдаа төлсөн 7000 төгрөг нийт 767000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол улсад 2016 онд зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр ажилласан Б.Б нарын 21 жолоочийн нэхэмжлэлтэй Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 02224 тоот шийдвэрийг гаргасан.

Тус үйлдвэрийн газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдэл 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд бид тус мэдэгдэлд заагдсан 7 775 910 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Улаанбаатар хотын 2617001560 тоот дансанд шилжүүлсэн.

Уг төлбөрт шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны зардал болох 215 910 төгрөг нэмэгдэн орсон болно.

Хууль зүйн сайдын 2013 оны А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын 1.2 дах заалтанд Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн биелүүлсэн болон хуульд заасны дагуу дуусгавар болгосны дараа төлбөр авагчид олгох мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2, 83.1-т заасны дагуу энэ журмын 3.1-т заасан хувь хэмжээгээр суутгал хийнэ гэж зааж өгсөн.

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83.2.-т Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна. гэж тусгасан.

Иймд нэр бүхий нэхэмжпэгч нар нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газартай байгуулсан Урамшууллын гэрээ нь 2 талын хүсэл зоригын дагуу хийгдсэн гэрээ бөгөөд тус гэрээгээр манай байгууллага ямар нэгэн эрх, үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Б.Б нар нь хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс учирсан хохиролд 767000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 02224 шийдвэрээр Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 7.560.000 төгрөгийг гаргуулан, Б.Б нарын 21 иргэн тус бүрт 360.000 төгрөгийг олгож шийдвэрлэсэн байна./хх-ийн 34-36-р хуудас/

Тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 01175 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас-ыг төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн олгожээ. /хх-ийн 29 дүгээр тал/

Төлбөр авагч нарын төлөөлөгч Н.Төрбат нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 17/9353 дугаартай гэрээг байгуулж, урамшууллын төлбөрт шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрийн үнийн дүнгийн 7,5 хувиар тооцон урамшуулал төлөх үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 28 дугаар тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т хүргүүлэхэд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 7.775.910 төгрөгийг шүүхийн шийдвэр биелүүлэх газрын 2617001560 тоот дансанд шилжүүлжээ./хх-ийн 44,45-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгчөөс шилжүүлсэн 7.775.910 төгрөгнөөс 567000 төгрөгийг Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээнд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд өгч, үлдэх 7.208.910 төгрөгийг төлбөр авагч нарын төлөөлөгч Н.Төрбатын 5030137772 тоот дансанд шилжүүлэн өгчээ./хх-ийн 31-р хуудас/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх нөхцөлийг бий болгож 767000 төгрөгийн хохирол учруулсан гэж тодорхойлж байна.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээний дагуу төлсөн нэр бүхий 20 иргэний 540.0000 төгрөгийг, итгэмжлэл авахдаа нотариатад төлсөн 140000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх газраас баримт авахдаа төлсөн 7000 төгрөг, нийт 767000 төгрөгийг хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол гэж тодорхойлж нэхэмжилсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 82 дугаар зүйлийн 82.4-т шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, төлбөр авагчид олгоно гэж, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртлэх хувиар урамшуулана, 83.2-т энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелэсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгө болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна гэж хууль тогтоогчоос хуульчилсан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлыг төлөх үүргийг төлбөр төлөгчид, урамшуулалын төлбөрийг төлөх үүргийг төлбөр авагчаар төлүүлэхээр хуулиар үүрэгжүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ 2017 оны хууль нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн боловч 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2 дахь хэсэг, 83 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалтай холбогдох заалтыг 2017 оны төсвийн жил дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө гэж хуульчилсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг төлбөр төлөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр авагчид шилжүүлсэн 7.560.000 төгрөгний 7,5% болох 540.000 төгрөгийг хууль бусаар суутгаж авсан гэж үзэх үндэсгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэл/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгчийн гэм буруутай гэж тодорхойлсон дээрхи тайлбар, үндэслэлүүдээр хариуцагчийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр 767.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Мөнгөнтулгад шүүх хуралдааны товыг мэдэгдсээр байтал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.д заасныг баримтлан хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас гэм хорын хохиролд 767.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б , Ж.Б, Э.Г , ХХ.Д, С.Н, Б.Ц, Б.Э , Б.У , Ж.Э, Д.Н, Ц.Б, Ж.Н, Э.Б, Б.Д, Ц.М, А.Б, Н.Хр, Б.Б, Ш.Б, Д.Б, Я.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                         

ДАРГАЛАГЧ   Ч.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Б.ТҮМЭНЦЭЦЭГ