Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01815

 

Б.Б, Ж.Б, Н.Г, Х.Д

С.Н, Б.Ц, Б.Э, Б.У,

Ж.Э, Д.Н, Ц.Б, Ж.Н,

Б.Д, Ц.М, А.Б, Н.Х,

Б.Б, Ш.Б, Д.Б, Я.Г

 нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00903 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1517 дугаар магадлалтай,

Б.Б, Ж.Б, Н.Г, Х.Д С.Н, Б.Ц, Б.Э, Б.У, Ж.Э, Д.Н, Ц.Б, Ж.Н, Б.Д, Ц.М, А.Б, Н.Х, Б.Б, Ш.Б, Д.Б, Я.Гнарын нэхэмжлэлтэй

“АТҮТ”ТӨААТҮГ-т холбогдох

767 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “АТҮТ”нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 02224 дугаартай шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйн улмаар бид шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд урьдчилгаа 80 000 төгрөг шүүхийн шийдвэрээр гарсан 7 560 000 төгрөгний дүнгээс 7,5%-ийг суутгуулж 540 000 төгрөг төлсөн, Н.Төрбат би У.Болдсайханаас бусад 20 хүнээс итгэмжлэл авахын тулд нотариатаар батлуулахад 140 000 төгрөг төлсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас холбогдох баримтуудыг авахад 7000 төгрөг төлсөн тул нийт 767 000 төгрөгийг төлж хохирсон Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч “АТҮТ”ТӨҮГ-аас 7 560 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б, Ж.Байрсайхан, Н.Ганболд, Х.Доржпүрэв, С.Нямдавааа, Б.Цолмонбаатар, Б.Эрдэнэбаатар, Б.Уранбат, Ж.Э, Д.Н, Ц.Б, Ж.Н, Э.Болдсайхан, Б.Д, Ц.М, А.Б, Н.Х, Б.Б, Ш.Б, Д.Б, Я.Гнарт тус бүр 360 000 төгрөг олгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гүйцэтгүүлэхэд төлбөр авагч тус бүрээс 27 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 21 хүний нийт 567000 төгрөгийг төлсөн. Би У.Болдсайханаас итгэмжлэл авч чадаагүй тул 20 хүний нийт 540 000 төгрөгийг итгэмжлэл авахдаа нотариатад төлсөн 140 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх газраас баримт авахдаа төлсөн 7000 төгрөг нийт 767 000 төгрөгөөр хохирсон.Иймд шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын урьдчилгаа 80 000, шийдвэр гүйцэтгэсний дараа урамшуулалд төлсөн 540 000, итгэмжлэл авахдаа нотариатад төлсөн 140 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх газраас баримт авахдаа төлсөн 7000 төгрөг нийт 767 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 онд зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр ажилласан Б.Б нарын 21 жолоочийн нэхэмжлэлтэй Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 02224 тоот шийдвэрийг гаргасан. Тус үйлдвэрийн газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдэл 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд бид тус мэдэгдэлд заагдсан 7 775 910 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Улаанбаатар хотын 2617001560 тоот дансанд шилжүүлсэн. Уг төлбөрт шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны зардал болох 215 910 төгрөг нэмэгдэн орсон болно. Хууль зүйн сайдын 2013 оны А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын 1.2 дахь заалтад Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн биелүүлсэн болон хуульд заасны дагуу дуусгавар болгосны дараа төлбөр авагчид олгох мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2, 83.1 дэх хэсэгт заасны дагуу энэ журмын 3.1-т заасан хувь хэмжээгээр суутгал хийнэ гэж зааж өгсөн. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83.2.-т Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна гэж тусгасан. Иймд нэр бүхий нэхэмжлэгч нар нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газартай байгуулсан Урамшууллын гэрээ нь 2 талын хүсэл зоригын дагуу хийгдсэн гэрээ бөгөөд тус гэрээгээр манай байгууллага ямар нэгэн эрх, үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00903 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “АТҮТ”ТӨҮГ-аас гэм хорын хохиролд 767 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б, Ж.Б, Н.Г, Х.ДС.Н, Б.Ц, Б.Э, Б.У, Ж.Э, Д.Н, Ц.Б, Ж.Н, Э.Болдсайхан, Б.Д, Ц.М, А.Б, Н.Х, Б.Б, Ш.Б, Д.Б, Я.Гнарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1517 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00903 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 23 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэлийн тооцооллын алдааг шийдвэрлээгүйд гомдолтой байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 02224 шийдвэрээр “АТҮТ”ТӨҮГ-аас 7560000 төгрөг гаргуулан Б.Бнарын 21 иргэн тус бүрт 360 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас 2017-12-07нд 7 208 910 төгрөгийг шилжүүлж 351 090 төгрөг дутуу шилжүүлсэн. Авто тээврийн үндэсний төвөөс шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны зардал болох 215 910 төгрөг нэмэгдэн төлсөн боловч урамшуулалд 351 090 төгрөг дутуу төлснийг шүүх анхаарч дүгнээгүй. Нотариатын зардал 140 000 төгрөг баримт цуглуулахад 7000 төгрөг гүйцэтгэгчийн урамшуулалд 80 000 төгрөгийг төлсөн, нийт- 578 090 төгрөг нэхэмжилж байна. Тус “АТҮТ”нь 02224 тоот шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар болон итгэмжилсэн төлөөлөгч Н.Төрбат нарын хооронд шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Б, Ж.Б, Н.Г, Х.ДС.Н, Б.Ц, Б.Э, Б.У, Ж.Э, Д.Н, Ц.Б, Ж.Н, Б.Д, Ц.М, А.Б, Н.Х, Б.Б, Ш.Б, Д.Б, Я.Гнар нь хариуцагч “АТҮТ”ТӨААТҮГ-т холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн 620 000 төгрөг, итгэмжлэл олгоход гаргасан нотариатын зардал 140 000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас баримт авахад төлсөн 7000 төгрөг нийт хохирол 767 000 төгрөгийн хохирлыг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд хариуцагч “АТҮТ”ТӨААТҮГ нь  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02224 дүгээр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлсэн байдал тогтоогдож байгаа боловч шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын мөнгө 540 000 төгрөгийг төлбөр төлөгч буюу “АТҮТ”ТӨААТҮГ хариуцагч өөрөө төлсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн зардал, нотариатын үйлчилгээ хийлгэхэд гарсан зардал 140 000 төгрөг, шүүхийн шийдвэрээс баримт авахад 7 000 төгрөгийн зардал гаргасан гэх шаардлага нотлогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахад гэм хорын хэмжээ эргэлзээгүй нотлогдсон байх ёстой тул нотлогдоогүй тохиолдолд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч бус этгээдийг бичсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу байна. Энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 1517 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр  сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00903 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Э.Бгэснийг хасч...” гэж өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА