Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2020/02256

 

 

 

 

 

 

2020 оны 09сарын 08 өдөр

181/ШШ2020/02256

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.Г /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.Д ХХК /РД:/

 

Хариуцагч: Д.Н /РД:/

 

Хариуцагч: Б.М/РД:/ нарт холбогдох

 

5,590,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч ******* төлөөлөгч *******, гэрч *******, иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Г нь 2019 оны 09 сарын 25-ны өдөр 08 цагийн үед өөрийн эзэмшлийн 6798 УНТ улсын дугаартай Тоёота Хариер маркын хар саарал өнгийн автомашинаа унаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр чулуун овоонд байрлах Номин их дэлгүүрийн хойд талын замаас тус дэлгүүрийн зогсоол руу орох хөдөлгөөн хийх үед Тоёота приус маркын 0 БРА улсын дугаартай машин хурдтай ирээд хажуу талаас маш хүчтэй мөргөж Ч.Ггийн машиныг онхолдуулж хажуу талаараа унасан. Тухайн үед Ч.Г юу болоод байгааг ойлгоогүй, ухаан балартсан байсан тул түргэний машинаар гэмтлийн эмнэлэг хүргэгдсэн. Энэ хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, улмаар Тээврийн прокурорын газраас хэргийг хянаж шалгаад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед гэмтэл учраагүй, мөн хохирлын хэмжээ хүрээгүй тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм. Жолооч Б.Мнь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын, нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ч.Ггийн эд хөрөнгө болох автомашинд 5,590,800 төгрөгийн хохирол учруулсан. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан тул нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн юм. Жолооч Б.Мнь жолоочийн хариуцлагын албан журмаар даатгалд хамрагдсан ба жолоочийн хариуцлагын даатгалаа Х.Д ХХК-д даатгуулсан байсан. Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д хохирогч гэж даатгалын тохиолдлын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учирсан этгээд, эсхүл даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрх бүхий этгээдийг мөн хуулийн 15 дугаар зүйл 15.3-д Даатгагч нь энэ хуулийн 19.2-т зааснаас бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ, даатгуулагчийн гэм бурууг тогтоосны дараа гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгалын гэрээнд заасан хэмжээгээр даатгуулагчийг чөлөөлнө, 19 дүгээр зүйлийн 19.3-д Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно гэж тус тус хуульд заасан байдаг. Гэтэл Х.Д ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, даатгалын нөхөн төлбөрийг хохирогч Ч.Гд олголгүй, хэрэг зөрчил гарснаас хойш маш удаан хугацаанд чирэгдэл учруулж удаа дараа амаар, бичгээр хандсаар байтал албан ёсоор хариу өгөхгүй байсан тул Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл өгч, санхүүгийн зохицуулах хорооноос төлбөрийг нөхөн барагдуулах талаар үүрэг өгсөн албан бичгийг тус даатгалд хүргүүлсэн. Хуулийн байгууллагын дүгнэлт, удирдах байгууллагынхаа үүргийг биелүүлдэггүй, даатгалын үндсэн зарчмаа зөрчдөг байгууллагаас хохирлоо авахын тулд 5 сар хөөцөлдсөний улмаас чадахгүйн эрхэнд шүүхэд хандаж Х.Д ХХК-аас нөхөн төлбөр болох 5,590,800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн хамтран хариуцагчаар осол болох үед тээврийн хэрэгслийг жолоодож байсан *******, тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.******* нарыг хамтран хариуцагчаар татсан. Улмаар хариуцагч Х.Д ХХК, Б.Мнарт холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцагч Б.*******эс учирсан хохирол 5,590,800 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Иймд хариуцагч Б.*******эс 5,590,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.*******, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09 сарын 25-ны өдрийн өглөө 07.50 цагт Б.Мнь ажилдаа 0 БРА улсын дугаартай Тоёота приус маркын автомашинаар хамт ажилладаг *******, Хаш-Эрдэнэ гэх 2 хүнтэй хамт явж байх үед Баянзүрх дүүргийн Номин агуулах худалдааны төвийн хойд замд баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байхад эсрэг талын урсгалаас 6798 УНТ улсын дугаартай хар өнгийн Тоёота хариер маркын автомашин буцаж эргэх үйлдэл хийх гэж зогсож байгаад гэнэт урдуур орж ирэн мөргүүлсэн.Тухайн үед Хариер машины жолооч Гантуяа нь шоконд орсон байдалтай суудлынхаа ард уйлаад сууж байсан.Б.Марын хаалгыг нь онгойлгоод нэг танихгүй хүнтэй хамт орж гаргаж ирээд газар юм дэвсэн хэвтүүлсэн.Хэн нэгэн цагдаа болон түргэн тусламж дуудсан байсан. Түргэн тусламжийн машин удалгүй ирж эмч бууж ирээд Ч.Ггийн биеийн байдлыг нь асууж, даралтыг нь үзээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан. Тээврийн цагдаагийн албанаас ослын газар үзлэг хэмжилт хийж драгер үлээлгэж согтуурлын зэрэг үзэж зураг авсан. Хэмжилт хийсэн цагдаа Тээврийн цагдаагийн газрын 102 тоот өрөөнд ирж уулзаарай гээд явсан. Б.Мхамт явж байсан 2 хүний хамт Тээврийн цагдаагийн газар очтол маргааш ирээрэй гэсэн. Маргааш нь очтол камерын бичлэг байвал олоод ир гэсэн ба тэр хавийн газруудаар ороход бичлэг олдоогүй бөгөөд автобусны буудлын хажууд байсан дэлгүүрээс эсрэг тал руу харсан камерын бичлэг олж хуулж байцаагчид өгсөн. Байцаагч камерын бичлэгээр Б.Мөнгөн-Эрдэнийн машины хурдыг тогтоолгохоор шинжилгээнд өгсөн боловч тогтоох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Байцаагч та хоёр тавь тавин хувийн буруутай болохоор даатгалаас хохирлоо барагдуулж ав гэсэн. Хэрвээ тэгж болох юм бол даатгалдаа хандаад хохирлыг барагдуулж өгье гэснээс бус Б.Мөнгөн-Эрдэнийн буруу байсан учраас даатгалд хандсан юм байхгүй. Сүүлд Б.*******эс тээврийн цагдаа болон тээврийн прокуророос утсаар залгаж санал асуусан. Б.******* нь осол болсон үндсэн шалтгааныг Б.Мгаргасан гэдгээр биш хохиролгүй л гэсэн санаагаар хариу өгөхөд Б.Мөнгөн-Эрдэнийг буруугаа хүлээсэн мэтээр тайлбар бичсэн байсан. Тухайн өдрийн зам тээврийн осол нь Ч.Ггийн буруугаас үүссэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Г нь Х.Д ХХК-д холбогдуулан 5,590,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн хамтран хариуцагчаар осол болох үед тээврийн хэрэгслийг жолоодож байсан *******, тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.******* нарыг татаж, улмаар хариуцагч Х.Д ХХК, Б.Мнарт холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, тээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцагч Б.*******эс учирсан хохирол 5,590,800 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь гэрч ******* гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсан тул гэрч Б.*******г шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Ггийн хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Х.Д ХХК, Б.Мнарт холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 08 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Номин агуулах худалдааны төвийн хойд замд ******* эзэмшлийн Тоёота приус маркийн 0 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Мнь жолоодон явахдаа Ч.Ггийн жолоодож явсан Тоёота хариер маркийн 6798 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан үйл баримтад зохигч талууд маргахгүй байна.

Хариуцагч ******* төлөөлөгч нь зам тээврийн осол гарсан үйл баримтад маргахгүй байх боловч уг зам тээврийн осолд тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Мбуруугүй, Ч.Г буруутай тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Тээврийн прокурорын газрын прокурорын 2019 оны 11 сарын 14-ний өдрийн 860 дугаартай тогтоол /хх-28,29 тал/-оор Б.Мнь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 08 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Номин агуулах худалдааны төвийн хойд замд ******* эзэмшлийн Тоёота приус маркийн 0 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Ч.Ггийн жолоодож явсан Тоёота хариер маркийн 6798 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан, хэрэг бүртгэлтийн явцад цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураглал болон гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ч.Г, *******, Б.Эрхэмбаяр нарын мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтуудаар жолооч Б.Мнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг, жолооч Ч.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс тухайн осол гарсан, жолооч *******, Ч.Г нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, *******, Ч.Г нарын зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар тус тус арга хэмжээ авахыг ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Бямбадоржид даалгасан байна.

Прокурорын тогтоолын дагуу Ч.Г болон Б.Мнарт тус тус 100,000 төгрөгийн торгууль ногдуулж, жолоочийн зөрчлийн оноог хассан гэдэгт зохигч маргаагүй.

Жолооч Б.Мнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг, жолооч Ч.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс тухайн осол гарсан гэж дүгнэсэн Тээврийн прокурорын газрын прокурорын 2019 оны 11 сарын 14-ний өдрийн 860 дугаартай тогтоолд уг хэргийн оролцогч болох Б.*******, *******, Ч.Г нарын хэн аль нь гомдол гаргаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигч нарын тайлбараар тогтоогдсон.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, уг ажиллагааг хянасан Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоолоор жолооч Б.Мнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн, уг хэргийн оролцогч болох Б.*******, *******, Ч.Г нарын хэн аль нь уг тогтоолд хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй зөвшөөрсөн атлаа жолооч Б.Муг зам тээврийн осолд буруугүй, осолд жолооч Ч.Г буруутай гэх хариуцагч ******* төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Ч.Ггийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас 5,590,800 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Вендо ХХК-ийн 2019 оны 09 сарын 27-ны өдрийн №15073545 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-18-22 тал/-гаар тогтоогдож байх ба хариуцагч хохирлын хэмжээнд маргахгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг зам тээврийн осол гаргасан жолоочоос бус тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс шаардсан хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дахь заалтад Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул 0 БРА улсын дугаартай Тоёота приус Маркын тээврийн хэрэгслийн өмчлөгч болох Б.*******эс шаардсан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь заалтад Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дахь заалтад Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Б.*******эс гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар зам тээврийн осол гарахад Б.Мөнгөн-Эрдэнийн 12.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нөлөөлсөн, Б.Мнь 0 БРА улсын дугаартай Тоёота приус маркын тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийн өмчлөгч болох ******* зөвшөөрлөөр жолоодож явсан болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон тул хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Ч.Ггийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд хариуцан арилгах үүрэгтэй.

Ч.Ггийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын хэмжээ нь 5,590,800 төгрөг болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх боловч зам тээврийн осол гарахад Ч.Ггийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл мөн нөлөөлсөн байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дахь заалтыг баримтлан гэм хорын хохирлын хэмжээг 50 хувиар бууруулан тогтоож, хариуцагч Б.*******эс 2,795,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2,795,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Х.Д ХХК, Б.Мнарт холбогдох нэхэмжлэлээс татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Х.Д ХХК, Б.Мнарт холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 514 дүгээр зүйлийн 514.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Б.*******эс 2,795,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2,795,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Х.Д ХХК, Б.Мнарт холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс 2020 оны 03 сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 104,403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******эс 59,676 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гд олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

 

 

ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ