Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 02202

 

Ч.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/02256 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Ггийн хариуцагч “Х” ХХК, Б.Н, Б.М нарт холбогдох 5 590 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал, хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмаржаргал, хариуцагч Б.Номин-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 08 цагийн үед өөрийн эзэмшлийн 6798 УНТ улсын дугаартай Тоёота Хариер маркын хар саарал өнгийн автомашинаа унаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр чулуун овоонд байрлах Номин их дэлгүүрийн хойд талын замаас тус дэлгүүрийн зогсоол руу орох хөдөлгөөн хийх үед Тоёота приус маркын 0705 БРА улсын дугаартай машин хурдтай ирээд хажуу талаас маш хүчтэй мөргөж Ч.Ггийн машиныг онхолдуулж хажуу талаараа унасан. Тухайн үед Ч.Г ухаан балартсан байсан тул түргэний машинаар гэмтлийн эмнэлэг хүргэгдсэн. Жолооч Б.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас Ч.Ггийн эд хөрөнгө болох автомашинд 5 590 800 төгрөгийн хохирол учруулсан. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан тул нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн юм. Жолооч Б.М нь жолоочийн хариуцлагын албан журмаар даатгалд хамрагдсан ба жолоочийн хариуцлагын даатгалаа Х ХХК-д даатгуулсан байсан. Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д хохирогч гэж даатгалын тохиолдлын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учирсан этгээд, эсхүл даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрх бүхий этгээдийг мөн хуулийн 15 дугаар зүйл 15.3-д Даатгагч нь энэ хуулийн 19.2-т зааснаас бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ, даатгуулагчийн гэм бурууг тогтоосны дараа гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгалын гэрээнд заасан хэмжээгээр даатгуулагчийг чөлөөлнө, 19 дүгээр зүйлийн 19.3-д Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно гэж тус тус хуульд заасан байдаг. Гэтэл Х ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, даатгалын нөхөн төлбөрийг хохирогч Ч.Гд олголгүй, хэрэг зөрчил гарснаас хойш маш удаан хугацаанд чирэгдэл учруулж удаа дараа амаар, бичгээр хандсаар байтал албан ёсоор хариу өгөхгүй байсан тул Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл өгч, санхүүгийн зохицуулах хорооноос төлбөрийг нөхөн барагдуулах талаар үүрэг өгсөн албан бичгийг тус даатгалд хүргүүлсэн. Хуулийн байгууллагын дүгнэлт, удирдах байгууллагынхаа үүргийг биелүүлдэггүй, даатгалын үндсэн зарчмаа зөрчдөг байгууллагаас хохирлоо авахын тулд 5 сар хөөцөлдсөний улмаас чадахгүйн эрхэнд шүүхэд хандаж “Х” ХХК-аас нөхөн төлбөр болох 5 590 800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн хамтран хариуцагчаар осол болох үед тээврийн хэрэгслийг жолоодож байсан Б.М, тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Н нарыг хамтран хариуцагчаар татсан. Улмаар хариуцагч “Х” ХХК, Б.М нарт холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцагч Б.Нэс учирсан хохирол 5,590,800 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Иймд хариуцагч Б.Нэс 5,590,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө 07.50 цагт Б.М нь ажилдаа 0705 БРА улсын дугаартай Тоёота приус маркын автомашинаар хамт ажилладаг Хоролсүрэн, Хаш-Эрдэнэ гэх 2 хүнтэй хамт явж байх үед Баянзүрх дүүргийн Номин агуулах худалдааны төвийн хойд замд баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байхад эсрэг талын урсгалаас 6798 УНТ улсын дугаартай хар өнгийн Тоёота хариер маркын автомашин буцаж эргэх үйлдэл хийх гэж зогсож байгаад гэнэт урдуур орж ирэн мөргүүлсэн. Түргэн тусламжийн машин удалгүй ирж эмч бууж ирээд Ч.Ггийн биеийн байдлыг нь асууж, даралтыг нь үзээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан. Тээврийн цагдаагийн албанаас ослын газар үзлэг хэмжилт хийж драгер үлээлгэж согтуурлын зэрэг үзэж зураг авсан. Тээврийн цагдаагийн газар камерын бичлэг байвал олоод ир гэсэн ба тэр хавийн газруудаар ороход бичлэг олдоогүй бөгөөд автобусны буудлын хажууд байсан дэлгүүрээс эсрэг тал руу харсан камерын бичлэг олж хуулж байцаагчид өгсөн. Байцаагч камерын бичлэгээр Б.Мөнгөн-Эрдэнийн машины хурдыг тогтоолгохоор шинжилгээнд өгсөн боловч тогтоох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Байцаагч та хоёр тавь тавин хувийн буруутай болохоор даатгалаас хохирлоо барагдуулж ав гэсэн. Хэрвээ тэгж болох юм бол даатгалдаа хандаад хохирлыг барагдуулж өгье гэснээс бус Б.Мөнгөн-Эрдэнийн буруу байсан учраас даатгалд хандсан юм байхгүй. Сүүлд Б.Нэс тээврийн цагдаа болон тээврийн прокуророос утсаар залгаж санал асуусан. Б.Н нь осол болсон үндсэн шалтгааныг Б.М гаргасан гэдгээр биш хохиролгүй л гэсэн санаагаар хариу өгөхөд Б.Мөнгөн-Эрдэнийг буруугаа хүлээсэн мэтээр тайлбар бичсэн байсан. Тухайн өдрийн зам тээврийн осол нь Ч.Ггийн буруугаас үүссэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 514 дүгээр зүйлийн 514.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Б.Нэс 2 795 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2 795 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Х ХХК, Б.М нарт холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс 2020 оны 03 сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 104 403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нэс 59 676 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гд олгож шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нь 5 590 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг 50 хувиар бууруулан 2 795 400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх “...зам тээврийн осол гарахад Ч.Ггийн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл мөн нөлөөлсөн байдлыг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалтыг баримтлан гэм хорын хохирлын хэмжээг 50 хувиар бууруулан тогтоож...” гэж үндэслэсэн байдаг. Дээрх үндэслэл нь хэргийн бодит нөхцөл байдал нийцээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан нөхөр Б.М болон нэхэмжлэгч нарыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн талаар Тээврийн прокурорын газраас тогтоож, холбогдох хариуцлагыг хүлээлгэсэн байдаг. Жолооч Б.М нь замын хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүйгээр тохируулан явах үүрэгтэй. Осол 07:50 минутын орчим болсон бөгөөд Б.Мөнгөн-Эрдэнийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд 100 килограмм замаск, жолоочоос гадна 2 зорчигч хамт явж байсан нь автомашины жинд нөлөө үзүүлсэн, түүнчлэн Б.М нь ажил руугаа явж байсан ажил нь 08:00 цагаас цуглаад дасгал хийгээд 08:30 цагт эхэлдэг талаар гэрч мэдүүлсэн нь осол гарах үед жолооч ажилдаа яаран хурд хэтрүүлэн, бусад нөхцөл байдлыг харгалзахгүйгээр явж байсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Мөн Б.Мөнгөн-Эрдэнийн нь хурдтай явж байсан талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлэхгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг 50 хувиар бууруулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Б.Н тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Мөнгөн-Эрдэнийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн зохицуулалтыг зөрчсөнөөр осолд 50 хувийн буруутай гэж дүгнэх үндэс болохгүй гэж үзэж байна.  Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан бөгөөд Б.М нь осол гардаг өдөр чигээрээ зорчин явж байхад нэхэмжлэгч Ч.Г нь эсрэг урсгалаас буцаж эргэхдээ миний машиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Энэхүү осолд гэм буруугийн хувь хэмжээг 50 хувиар тогтоох нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул энэхүү гомдлыг тул шүүхэд хандан гаргаж байна. Иймд хэрэгт авагдсан баримт, материалд үндэслэн ослын нөхцөл байдлыг шинжлэн судлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч “Х” ХХК, Б.Н, Б.М нарт холбогдуулан автомашинд учирсан хохиролд 5 590 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж,  хариуцагчаар татсан “Х” ХХК, Б.М нараас татгалзсан бөгөөд хариуцагч Б.Н эс зөвшөөрч осол гарахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байсан гэж маргажээ. /хх1-2, 39/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Номин” агуулах бөөний худалдааны төвийн хойд замд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 07 цаг 55 минутын орчимд 07-05 БРА улсын дугаартай Тоёота приус маркийн автомашин, 67-98 улсын дугаартай Тоёота хариер маркийн автомашинтай мөргөдөлдөж зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас нэхэмжлэгч Ч.Ггийн жолоодон явж байсан 67-98 улсын дугаартай Тоёота хариер маркийн автомашины баруун урд хойд хаалга, зүүн хойд хэсэг ихээр эвдэрч, жолооч Ч.Г, хамт зорчиж байсан Б.Хоролсүрэн, Б.Хаш-Эрдэнэ нарын эрүүл мэндэд  хохирол учирсан, хариуцагч Б.Номин-Эрдэнийн эзэмшлийн 07-05 БРА улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины урд хэсэг их хэмжээгээр эвдрэл гарсан болох нь зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, автомашин техникийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна. /хх.8-14, 18-25/

Дээрх осол гаргахад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг 67-98 улсын дугаартай Тоёота хариер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч.Г, мөн дүрмийн 12.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг 07-05 БРА улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.М тус тус зөрчсөн болох нь Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дугаартай мөрдөгчийн магадлагаа, Тээврийн прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 810 дугаар тогтоолоор нотлогджээ. /хх26-29/

Тээврийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор Б.М, Ч.Г нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан арга хэмжээ авахыг тус тус даалгасан байна. Дээрх тогтоолд талуудын хэн аль нь гомдол гаргаагүй байна. /хх.28-29/

“Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч Ч.Ггийн өмчлөлийн автомашинд 5 590 800 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон, уг үнэлгээний талаар зохигчид маргаагүй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж осол гаргахдаа хариуцагч Б.Номин-Эрдэнийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Хэдийгээр хариуцагч Б.Н тухайн үед тээврийн хэрэгслийг өөрөө жолоодож яваагүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй буюу гэм буруугүй боловч түүний өмчлөлийн тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад гэм хор учирсан учраас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хохирлыг арилгах үүрэг хүлээдэг.

Зам тээврийн осол гарч гэм хорын хохирол учирахад нэхэмжлэгч Ч.Ггийн гэм буруутай байдал тогтоогдсон. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болохоор заасан. Иймд анхан шатны шүүх хохирлын хэмжээг тал хувиар бууруулан, хариуцагч Б.Нэс гэм хорын хохиролд 2 795 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Учир нь осол гаргахад зохигчдын хэн алины буруутай үйлдэл нөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгч Ч.Г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан уулзавараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх заалтыг зөрчсөн байна. Энэ нөхцөл байдал мөрдөгчийн магадлагаа, Б.М, Ч.Г нарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэг, осол гарсан газар дээр хийсэн хэмжилт, гэрэл зургууд, тээврийн хэрэгсэл, жолоочийн даатгалын нөхөн төлбөрийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Номин-Эрдэнийг нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд хариуцан арилгах үүрэгтэй гэж үзсэн атлаа тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг нөхөн төлөх этгээдийг тодорхойлсон хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй алдааг залруулсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.