Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 133/ШШ2022/00227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар баг, Хантайширын гудамж, 1-1 тоотод оршин байрлах, Хаан банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Т

Хариуцагч: Б.Б нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 18,384,841.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч Ж.Т, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/201844099462 дугаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 18,384,841.11 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл:

Зээлдэгч Ж.Т,  Б.Б нар нь Хаан банкны Говь-Алтай салбарын Есөнбулаг тооцооны төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/201844099462 дугаартай зээлийн гэрээ, БГХ201844099462 дугаартай барьцааны гэрээ байгуулан 18,000,000/арван найман сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,171,265.87 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүд 1,127.18 төгрөг, зээлийн хүүнд 5,417,831.07 төгрөг, нийт 8,590,224.12 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Зээлдэгч Ж.Т,  Б.Б нар нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүйгээс хугацаа хэтрүүлж 463 хоног гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, хуваарьт зээлээ төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна.

Иймд банк шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон дор дурдсан нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/201844099462 дугаартай цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт 18,384,841.11 төгрөг гаргуулах.

Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 14,828,734.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,534,193 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,913.98 төгрөг, нийт 18,384,841.11 төгрөг болно.

3. Хариуцагч Ж.Т-н тайлбарын агуулга:

Миний бие Хаан банкинд 18,384,841.11 төгрөгийн зээлтэй байгаа. Уг зээлийг 05 дугаар сарын 01-ний өдрөөс хугацаа бүрт нь төлж, барагдуулахыг зөвшөөрч байна.

Одоогоор Улаанбаатар хотод Хаад хурд ХХК-д гагнуурчин ажилд орсонх. Энэ сар туршилтын сар учир 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрт төлөлт хийхийг зөвшөөрч байна. Хаан банкнаас авсан 18,384,841.11 төгрөгийг миний бие ганцаараа хариуцан төлнө.

4. Хариуцагч Б.Б-н тайлбарын агуулга:

Хаан банкны Говь-Алтай салбарын зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 18,384,841.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Ж.Т нь намайг гуйж, цалингийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Бид хоёр 2020 оны 12 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан. 2 жил тусдаа амьдарч байна. Одоо хаана байгаа нь сураггүй.

Хаан банк нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээл эргэн төлөөгүй хугацаа хэтрүүлсэн 463 хоногийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг надаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь Хаан банк 2 жилийн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүл гэж залгаагүй. Энэ үед би Ж.Т зээлээ төлөөд дуусгасан гэж ойлгосон. Одоо би өрх толгойлсон.

Төрийн банкинд 11 сая төгрөгийн цалингийн зээлтэй. Ж.Т нь хүүхдийн тэтгэлэг төлдөггүй. Уг зээлийг Ж.Т авч ашигласан тул дээрх нөхцөл байдлаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй

5. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь эх хувь

- Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь эх хувь

- Барьцааны гэрээ эх хувь

- Зээлдэгчийн өргөдлийн хуулбар

- Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга эх хувь

- Зээлдэгчтэй уулзалт хийсэн тэмдэглэлийн хуулбар

- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

6. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Депозит дансны дэлгэрэнгүй хуулга эх хувь

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар нь хариуцагч Ж.Т,  Б.Б нарт холбогдуулан зээлийг хуваарийн дагуу эргэн төлөөгүй үндэслэлээр 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 14,828,734.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,534,193 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,913.98 төгрөг, нийт 18,384,841.11 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ./Хавтаст хэргийн 1-2 хуудас/

Уг нэхэмжлэлийг хариуцагч Ж.Т нь хүлээн зөвшөөрч, дангаар 18,384,841.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрчээ./Хавтаст хэргийн 98 хуудас/

Харин хариуцагч Б.Б нь ”Зээлийн гэрээнд намайг гуйж гарын үсэг зуруулсан, Ж.Таас гэрлэлтээ цуцлуулсан, 2 жилийн хугацаанд гэрээний үүргээ биелүүл гэж шаардаагүй, зээлийг Ж.Т ашигласан тул түүнийг төлж байгаа гэж ойлгосон” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ./Хавтаст хэргийн 49 хуудас/

Нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар нь хариуцагч нарын дээрх хариу тайлбартай танилцаад зээлдэгч нараас хамтад нь нэхэмжлэх хүсэлтэй тул шүүх хуралдааныг зарлуулах хүсэлтийг гаргажээ./Хавтаст хэргийн 101 хуудас/

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй. Иймээс нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч байхаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заажээ.

Нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар нь нэхэмжлэлд дурьдсан Ж.Т,  Б.Б гэсэн хоёр хариуцагчаас нэг хариуцагч Ж.Тт холбогдуулан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүсээгүй тул хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

3. Нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарын Есөнбулаг сумын тооцооны төв нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/201844099462 дугаар зээлийн гэрээг хариуцагч Ж.Т,  Б.Б нартай бичгээр байгуулжээ./Хавтаст хэргийн 6-11 хуудас/

 Уг зээлийн гэрээнд зээлдүүлэгч нь 18,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн  хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тусгажээ.

Үүнээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.

Учир нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд  нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

4. Зохигч 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/201844099462-1 дүгээр “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г бичгээр байгуулж, урьд байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаагаар сунгажээ./Хавтаст хэргийн 3-5 хуудас/

Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр зээлдэгч нь зээл 15,177,734.13 төгрөг, хүү 7,573,174.93 төгрөг, нийт 22,750,909.06 төгрөгийг зээлдүүлэгчид 2020 оны 04 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэг хүлээжээ.

Дээрх зээлийн гэрээ болон гэрээний нэмэлт, өөрчлөлтийг талууд бичгээр үйлдэж, гарын үсгээр албажуулсан тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байна.

Иймд нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар нь хариуцагч Ж.Т,  Б.Б нараас зээл, хүүг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

5. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан...” бол гэрээ байгуулагдсанд тооцно.

Хариуцагч Б.Б нь дээрх зээлийн гэрээ болон нэмэлт, өөрчлөлтөд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан, уг үйл баримттай маргаагүй тул гэрээний үүргээс чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэлгүй.

”Зээлийн гэрээнд намайг гуйж гарын үсэг зуруулсан, Ж.Т-аас гэрлэлтээ цуцлуулсан, 2 жилийн хугацаанд гэрээний үүргээ биелүүл гэж шаардаагүй, зээлийг Ж.Т ашигласан тул түүнийг төлж байгаа гэж ойлгосон” гэх тайлбар нь хариуцагч Б.Буяннэмэхээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарын шаардах эрхийг үгүйсгэхгүй.

Учир нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хариуцагч Б.Б нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зуржээ.    

6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж, төлбөрийн хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана гэж зээлийн гэрээний 6.1.1 дэх хэсэгт заажээ.

Хариуцагч Ж.Т,  Б.Б нар нь зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, уг үйл баримттай маргаагүй тул нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар нь хууль, гэрээний дээрх заалтын дагуу зээлийг гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар шаардах эрхтэй.

7. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэжээ.

Зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч нь нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй гэж зээлийн гэрээний 5.1.10 дахь хэсэгт тусгажээ.

Хариуцагч Ж.Т,  Б.Б нар нь зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тул нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар нь нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардах эрхтэй.

8. Нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон тооцсон үндсэн зээлийн үлдэгдэл 14,828,734.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,534,193 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,913.98 төгрөг, нийт 18,384,841.11 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үнийн дүнтэй хариуцагч Ж.Т,  Б.Б нар нь хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Мөн түүнчлэн зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 3,171,265.87 төгрөг, зээлийн хүүнд 5,417,831.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,127.18 төгрөг, нийт 8,590,224.12 төгрөг төлсөн гэж нэхэмжлэлд дурьдсныг хариуцагч нар үгүйсгэж, мэтгэлцсэнгүй.

9. Дээрх үндэслэлээр зохигчийн хоорондын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/201844099462 дугаар “Зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч Ж.Т,  Б.Б нараас зээлийн төлбөрт 18,384,841.11 гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарт олгов.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т,  Б.Б нараас 249,874 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарт олгох эрх зүйн үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/201844099462 дугаар “Зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч Ж.Т, Б.Б нараас зээлийн төлбөрт 18,384,841/арван найман сая гурван зуун наян дөрвөн мянга найман зуун дөчин нэг/ төгрөг 11/арван нэг/ мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарт олгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,874/хоёр зуун дөчин есөн мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т,  Б.Б нараас 249,874/хоёр зуун дөчин есөн мянга найман зуун далан дөрөв/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАТ