Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 215/МА2022/00026

 

  

 

 

 

 

 

 

 

 

                                    Хаан банкны Говь-Алтай салбарын

                                  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 133/ШШ2022/00227 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар баг, Хантайширын гудамж, 1-1 тоотод оршин байрлах, Хаан банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багт оршин суух, ........ регистрийн дугаартай, О овгийн Ж-гийн Т,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн ............ тоотод оршин суух, ........... регистрийн дугаартай, Х. овгийн Б-ийн Б. нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 18,384,841.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч,  шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч М.Энхзаяа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбадорж нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/201844099462 дугаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 18,384,841.11 төгрөг гаргуулах тухай

 Нэхэмжлэлийн үндэслэл: Зээлдэгч Ж.Т, Б.Б нар нь Хаан банкны Говь-Алтай салбарын Есөнбулаг тооцооны төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/201844099462 дугаартай зээлийн гэрээ, БГХ201844099462 дугаартай барьцааны гэрээ байгуулан 18,000,000 /арван найман сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,171,265.87 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүд 1,127.18 төгрөг, зээлийн хүүнд 5,417,831.07 төгрөг, нийт 8,590,224.12 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Зээлдэгч Ж.Т, Б.Б нар нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүйгээс хугацаа хэтрүүлж 463 хоног гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, хуваарьт зээлээ төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна.

Банк 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон дор дурдсан нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Үүнд:

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/201844099462 дугаартай цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэгт 18,384,841.11 төгрөг гаргуулах.

Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 14,828,734.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,534,193 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,913.98 төгрөг, нийт 18,384,841.11 төгрөг болно гэжээ.

Хариуцагч Ж.Тын тайлбарын агуулга: Миний бие Хаан банкинд 18,384,841.11 төгрөгийн зээлтэй байгаа. Уг зээлийг 05 дугаар сарын 01-ний өдрөөс хугацаа бүрт нь төлж, барагдуулахыг зөвшөөрч байна.  Энэ сар туршилтын сар учир 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрт төлөлт хийхийг зөвшөөрч байна. Хаан банкнаас авсан 18,384,841.11 төгрөгийг миний бие ганцаараа хариуцан төлнө гэжээ.

Хариуцагч Б.Бийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Т нь намайг гуйж, цалингийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Бид хоёр 2020 оны 12 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан. 2 жил тусдаа амьдарч байна. Одоо хаана байгаа нь сураггүй. Хаан банк нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээл эргэн төлөөгүй хугацаа хэтрүүлсэн 463 хоногийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг надаас нэхэмжилж байгаа нь  үндэслэлгүй.  Хаан банк 2 жилийн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүл гэж залгаагүй. Энэ үед би Ж.Т зээлээ төлөөд дуусгасан гэж ойлгосон. Одоо би өрх толгойлсон. Уг зээлийг Ж.Т авч ашигласан тул дээрх нөхцөл байдлаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/201844099462 дугаар Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч О овгийн Ж-ийн Т, Х овгийн Б-ийн Б нараас зээлийн төлбөрт 18,384,841 /арван найман сая гурван зуун наян дөрвөн мянга найман зуун дөчин нэг/ төгрөг 11 /арван нэг/ мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,874 /хоёр зуун дөчин есөн мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т, Б.Б нараас 249,874 /хоёр зуун дөчин есөн мянга найман зуун далан дөрөв/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарт олгож ..... шийдвэрлэжээ.

 Хариуцагч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Ж.Т нь намайг гуйж, зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан ба бид хоёр 2020 оны 12 сард шүүхээр албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж тусдаа амьдарч байгаа болно.  Ж.Т нь банкнаас авсан зээлээ өөрөө ашиглаж зарцуулсан ба өөрөө зээлээ бие дааж төлнө гэж шүүхэд тайлбарласаар байтал анхан шатны шүүх Хаан банк зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр надаас уг мөнгийг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байх тул шийдвэрийг дахин магадлаж надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээн дээр үндсэн зээлдэгч хоёр зээлдэгч нар хамтран гарын үсэг зурж гэрээг хүчин төгөлдөр болсон байгаа. Тухайн үед гэр бүлийн хүмүүс байсан учраас энэ зээлийг хэрэглээгүй гуйж гарын үсэг зуруулсан  гэж хэлж байгааг  үндэслэлгүй гэж үзэж байна. Үндсэн зээлдэгч дээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргахгүй хоёр зээлдэгч дээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргана. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

             Хариуцагч Б.Бийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ж.Т энэ зээлээ өөрөө төлнө гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр хэлсэн. Анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэсэн боловч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хоёр хариуцагчаас гаргуулсан байгаа. Хоёр жилийн өмнө гэр бүлээ цуцлуулсан зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан боловч төлөх шийдвэр гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

   Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

  Анхан шатны шүүх талуудын гаргасан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар нь хариуцагч Ж.Т, Б.Б нарт холбогдуулан зээлийг хуваарийн дагуу эргэн төлөөгүй үндэслэлээр 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 14,828,734.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,534,193 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,913.98 төгрөг, нийт 18,384,841.11 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. /Хавтаст хэргийн 1-2 хуудас/  Уг нэхэмжлэлийг хариуцагч Ж.Т нь хүлээн зөвшөөрч, дангаар 18,384,841.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрчээ. /Хавтаст хэргийн 98 хуудас/

Харин хариуцагч Б.Б нь Зээлийн гэрээнд намайг гуйж гарын үсэг зуруулсан, Ж.Таас гэрлэлтээ цуцлуулсан, 2 жилийн хугацаанд гэрээний үүргээ биелүүл гэж шаардаагүй, зээлийг Ж.Т ашигласан тул түүнийг төлж байгаа гэж ойлгосон гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ./Хавтаст хэргийн 49 хуудас/

Зохигчдийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.

          Зохигчид 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/201844099462-1 дүгээр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-г бичгээр байгуулж, урьд байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаагаар сунгажээ.  /Хавтаст хэргийн 3-5 хуудас/

Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр зээлдэгч нь зээл 15,177,734.13 төгрөг, хүү 7,573,174.93 төгрөг, нийт 22,750,909.06 төгрөгийг зээлдүүлэгчид 2020 оны 04 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэг хүлээжээ.

Дээрх зээлийн гэрээ болон гэрээний нэмэлт, өөрчлөлтийг талууд бичгээр үйлдэж, гарын үсгээр албажуулсан тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байна.

Иймд нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар нь хариуцагч Ж.Т, Б.Б нараас зээл, хүүг гаргуулахаар шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан... бол гэрээ байгуулагдсанд тооцно. 

Хариуцагч Б.Б нь дээрх зээлийн гэрээ болон нэмэлт, өөрчлөлтөд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан, уг үйл баримттай маргаагүй тул гэрээний үүргээс чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэлгүй.

Зээлийн гэрээнд намайг гуйж гарын үсэг зуруулсан, Ж.Таас гэрлэлтээ цуцлуулсан, 2 жилийн хугацаанд гэрээний үүргээ биелүүл гэж шаардаагүй, зээлийг Ж.Т ашигласан тул түүнийг төлж байгаа гэж ойлгосон гэх тайлбарлажээ.

Иргэний хуулийн 15  дугаар зүйлийн 15.1-д зааснаар Б.Б нь 18 насанд хүрснээр өөрийн үйлдлээр өөртөө эрх, үүрэг бий болгох  иргэний эрх зүйн  бүрэн чадамжтай байна.  Б.Б нь хамтран зээлдэгч болсноор өөрийн үйлдлээр өөртөө зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээж, сайн дурын үндсэн дээр талууд буюу Нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарын Есөнбулаг сумын тооцооны төв нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/201844099462 дугаар зээлийн гэрээг хариуцагч  Ж.Т, Б.Б нартай бичгээр байгуулжээ./Хавтаст хэргийн 6-11 хуудас/

Б.Б хамтран зээлдэгч болсноор өөрийн үйлдлээр өөртөө зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээжээ. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 1-д зааснаар “ Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ. “ гэж заажээ.

Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д зааснаар “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно.“ гэжээ. Зээлдэгч нар хоёр талын гэрээнд гэрээний нэг тал болон оролцож үүрэг хүлээсэн атлаа, өөрсдийн үүргийг хамтран гүйцэтгэхээс татгалзах нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэх зарчимтай харшилж байна.   

Хариуцагч Ж.Т, Б.Б нар нь зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, уг үйл баримттай маргаагүй тул нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар нь хууль, гэрээний дээрх заалтын дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар шаардах эрхтэй байна.

 Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэжээ.

Зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч нь нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй гэж зээлийн гэрээний 5.1.10 дахь хэсэгт тусгажээ.

Хариуцагч Ж.Т, Б.Б нар нь зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тул нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар нь нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардах эрхтэй.

 Нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон тооцсон үндсэн зээлийн үлдэгдэл 14,828,734.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,534,193 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,913.98 төгрөг, нийт 18,384,841.11 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үнийн дүнтэй хариуцагч Ж.Т, Б.Б нар нь хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Говь-Алтай  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 133/ШШ2022/00227 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249874 /хоёр зуун дөчин есөн мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.ЭНХТӨР

 

              ШҮҮГЧИД                           Т.ЖАРГАЛСАЙХАН

 

                                                                               Ш.БАТТОГТОХ