Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2018/01353

 

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2018/01353

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй нийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ХНХЯ-нд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,326,744 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Увс аймаг дахь Улаангом Политехник коллежийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны 01 сарын 05-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын Б/30 дугаар тушаалаар халагдсан.

Улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/30 тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэл гаргасан. Улмаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 сарын 21-ний өдөр хуралдаж 128/ШШ2017/0865 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүрэн хангасан билээ.

Хариуцагч тал захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 221/МА2018/0091 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин 9,995,890 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Миний бие 2017 оны 11 сарын 22-ны өдрөөс эхлүүлэн 2018 оны 04 сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэл гаргаж байна. Д.Б миний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин 944,093+944,093+1,214,093=3,102,279 төгрөг бөгөөд эдгээр 3 сарын ажлын өдөр нь 65 өдөр, нэг өдрийн цалин 3,102,279/65=47,727 төгрөг болно. 2017 оны 11 сарын 22-ны өдрөөс 2018 оны 4 сарын 30-ны өдрийг дуустал ажлын 114 өдөр байгаа бөгөөд нийт 47727*114=5,440,878 төгрөг болно.

Мөн анхан шатны шүүхээр 2017 оны 01 сарын 06-аас 2017 оны 11 сарын 21-ний өдөр хүртэлх цалинг зөрүүтэй бодсон байдаг. Энэ хугацаанд нийтдээ 228 ажлын өдөр байдаг бөгөөд нийт цалин 47,727*228=10,881,756 төгрөг байхад анхан шатны шүүхээс 9,995,890 төгрөг байхаар гаргасан нь 885,866 төгрөгийн зөрүүтэй байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,440,878+885,866=6,326,744 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Б нь Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлд хариуцагчаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдыг татсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байдаг.

Иймд нэхэмжлэгч Д.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б хариуцагч ХНХЯ-дхолбогдуулан түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 6,326,744 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 сарын 05-ны өдрөөс 2017 оны 11 сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг эцэслэн шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дээрх хугацаанд хамаарах зөрүү 885,866 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хариу маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлд суурилан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Д.Быг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/00865 тоот шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байх бөгөөд тус шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0865 тоот шийдвэр, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0091 тоот магадлалаар тус тус тогтоогдож байна /хх-ийн 6-13 дугаар тал/.

 

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/00865 тоот шийдвэрт нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг 9,955,890 төгрөгөөр тогтоон дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс хуульд нийцсэн хэмээн тус тус дүгнэж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт ажлын 114 хоног байх бөгөөд энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нь нийт 5,440,878 төгрөг /47,727*114=5,440,878/ байхаар тооцоологдож байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 5,440,878 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 885,866 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,178 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 102,004 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бод олгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасны дагуу хариуцагч ХНХЯнаас 5,440,878 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 885,866 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,178 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХНХЯнаас 102,004 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бод олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА