Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00210

 

 Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01353 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1990 дүгээр магадлалтай,

Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Увс аймаг дахь Улаангом Политехник коллежийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын Б/30 дугаар тушаалаар халагдсан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж 128/ШШ2017/0865 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүрэн хангасан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин 9.995.890 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажлын 114 өдөр байгаа бөгөөд нийт 47.727*114=5.440.878 төгрөг болно. Мөн анхан шатны шүүх 2017 оны 1 дүгээр сарын 6-аас 2017 оны 11 сарын 21-ний өдөр хүртэлх цалинг зөрүүтэй бодсон байна. Энэ хугацаанд нийтдээ 228 ажлын өдөр байгаа, нийт цалин 47.727*228=10.881.756 төгрөг байхад шүүхээс 9.995.890 төгрөг гаргасан, зөрүү 885.866 төгрөг байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5.440.878+885.866=6.326.744 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01353 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасны дагуу хариуцагч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 5.440.878 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Батогтоход олгож, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 885.866 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.178 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 102.004 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-од олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1990 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/шш2018/01353 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1990 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Д.Б-ын ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотой нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдрөөс нэхэмжлэгч эрхээ зөрчсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдөр гэж үзнэ. Нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан хугацааг өөрөөр тогтоохтой холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байсан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байсан болно. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг нэмж шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч Д.Б-ыг Увс аймгийн Политехник коллежийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 865 дүгээр шийдвэр хуулийн хүчинтэй байна /хэргийн 6-13 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцна.

Түүнчлэн ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан өдрөөс хойш хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 114 хоногоор тооцож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, нэхэмжлэгч 2018 оны 05 дугаар сарын 03-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01353 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1990 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ