Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2020/02173

 

 

 

 

 

 

 

 

2020оны 08сарын 31дөр

 

181/ШШ2020/02173

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.Б ХХК /РД/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Б нь Х.Банд Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын албан тушаалд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад ажлаас халсан талаар мэдэгдэж, ажлаас халсан тогтоолыг надад албан ёсоор танилцуулаагүй. 2020 оны 05 сарын 08-ны өдөр тогтоолыг гардуулж өгсөн. Х.Бны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 19 тоот тогтоолын үндэслэх хэсэгт Х.Бны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Х.Бны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1.5, Засгийн газрын 2020 оны 122 дугаар тогтоол, 129 дүгээр тогтоол, Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн 2020 оны 8-1/2714 тоот чиглэл, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ажлаас халсан болно. Х.Б нь орон тоо хасагдсан, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар өөрчлөгдөн зохион байгуулагдсан тул О.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан байдаг. Х.Бны бүтцээс нэхэмжлэгч миний эрхэлж байсан ажлын байр бодитойгоор байхгүй болсон буюу Хөгжлийн банканд уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар нь зөвхөн нэршил өөрчлөгдөж Эрсдэлийн газар нэртэй болсон байна. Иймд орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй болно. Нөгөө талаар Хөгжлийн банк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан үүргээ гүйцэтгээгүй, Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдэлгүйгээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг нэхэмжилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж байна. гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.Бын нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч Х.Бны зүгээс хариу тайлбар гаргаж байна. Засгийн газрын 2020 оны 129 дүгээр тогтоолоор Х.Бны дүрмийг шинэчлэн батлахдаа уг дүрмийн 9.6 дахь заалт буюу Банкны бодлогын газар болох актив, пассив хөрөнгийн удирдлага болон зээл, хяналт шалгалт, эрсдэлийн асуудал хариуцсан газрын захирал нь дэд захирлын статустай байж болох бөгөөд уг асуудлыг төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ. гэсэн заалтыг хассан. Засгийн газар (Х.Бны хувьцаа эзэмшигч)-ын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 122 дугаартай тогтоолоор тус банкан дахь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг Сангийн яам гэж тогтоосон. Энэ тогтоолыг үндэслэн Сангийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8-1/2714 дугаартай албан бичгээр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад чиглэл хүргүүлсэн. Чиглэлийн үндсэн агуулга нь Банкны үйл ажиллагааг сайжруулах, зохистой удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, үйл ажиллагааны үр дүнг сайжруулж, банкны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор орон тооны дээд хязгаарыг 110 хүнээр тогтоож, банкны зохион байгуулалтын бүтцийг хавсралтын дагуу баталж, газрын захирлуудыг сонгон шалгаруулж, томилогдох хүртэлх хугацаанд газрын захирлын үүрэг гүйцэтгэгчдэд нэр дэвшүүлж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шуурхай шийдвэрлэнэ үү гэдэг. Хувьцаа эзэмшигчээс өгсөн дээрх чиглэлийн дагуу тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн Х.Бны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаартай тогтоол гарч орон тоог 149-өөс 110 болгосон. Дээрх тогтоол, чиглэлийг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 19 дүгээр тогтоол гарч О.Быг ажлаас чөлөөлсөн. Чөлөөлсөн үндэслэл нь: 1. Дэд захирал гэдэг албан тушаал байхгүй болсон. Засгийн газрын 2020 оны 129 дүгээр тогтоолоор дэд захирал гэдэг албан тушаалыг хасаж, газрын захирал гэдэг албан тушаал бий болсон. 2. Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газар гэдэг нэгж байхгүй болж Эрсдэлийн газар болж өөрчлөн байгуулагдсан. Үүнтэй холбогдуулан Эрсдэлийн газар нь комплайнсын асуудал буюу мөнгө угаах, терроризмтой тэмцэх, хууль тогтоомжийн нийцэл, авилга, залилан, ашиг сонирхлын зөрчлийн асуудал, шилэн дансанд мэдээлэл байршуулах, нууц мэдээллийн асуудал, мөн дотоод хяналтын чиг үүргийг давхар хариуцахаар болсон. Дотоод хяналтын хэлтэс гэж байсныг татан буулгасан. Өмнө нь байсан газар нь зөвхөн эрсдэлтэй холбоотой чиг үүрэг хариуцдаг байсан бол шинэ байгуулагдсан газар нь дотоод хяналт, комплайнс зэрэг чиг үүргийг хариуцах болсон. Мөн өмнөх газар нь 2 хэлтэстэй байсан бол шинэ газар нь хэлтэсгүй болсон. Дэд захирлын орон тоо хасагдаж, Эрсдэлийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан газрын захирлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт мөн өөрчлөгдсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Х.Б ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба өөрийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулан хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дахь заалтад нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан, нэхэмжлэгч өөрийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулан хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

О.Б нь Х.Б ХХК-ийн Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын ажлын байранд 2018 оны 08 сарын 09-ны өдөр ХГ/18/07 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-5-8 тал/ байгуулан ажиллаж байгаад Х.Бны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 19 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоол /хх-48 тал/-аар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлыг 2020 оны 05 сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.

Х.Бны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 19 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь заалтыг баримталсан байх ба Хөгжлийн банкны орон тоо цөөрч, дотоод зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсны улмаас дэд захирлын орон тоо хасагдаж, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан О.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар тушаалд дурдсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь заалтад заасан орон тоо хасагдах гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох бөгөөд энэ зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн эсэх нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Х.Бны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 35 дугаартай Х.Бны зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар шинэчлэн батлах тухай тогтоолоор Х.Бны орон тооны дээд хязгаарыг 149 хүнээр тогтоож, Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба 2, Дотоод аудитын алба 6, Гүйцэтгэх захирал 1, банкны ажилтнууд 140 байхаар тогтоож, О.Бын ажиллаж байсан Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар нь Тэргүүн дэд захирлын шууд удирдлагад Байгууллагын эрсдэлийн удирдлагын хэлтэс, Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтэс гэсэн 2 хэлтэстэй ажиллаж байсан байна.

Х.Бны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 16 дугаартай Х.Бны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоол /хх-51,52 тал/-оор Х.Бны орон тооны дээд хязгаарыг 110 хүнээр тогтоож, Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба 1, Дотоод аудитын алба 5, Гүйцэтгэх захирал 1, банкны ажилтнууд 103 байхаар тогтоож, Эрсдэлийн газар нь Гүйцэтгэх захирлын шууд удирдлагад ажиллахаар болж, өмнө байсан Байгууллагын эрсдэлийн удирдлагын хэлтэс, Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтэс гэсэн 2 хэлтэс байхгүй болсон байна.

Х.Бны гүйцэтгэх захирлын 2019 оны 07 сарын 24-ний өдрийн А-184 дугаартай Чиг үүрэг, орон тоо батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан Х.Бны гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал, газар, хэлтсийн чиг үүрэг-ийн Тав дахь хэсэгт заасан Эрсдэлийн удирдлагын газрын чиг үүрэг болон Х.Бны гүйцэтгэх захирлын 2020 оны 04 сарын 27-ны өдрийн А-99 дугаартай Чиг үүрэг, орон тоо батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан Х.Бны гүйцэтгэх захирал, газар, хэлтсийн чиг үүрэг-ийн Тав дахь хэсэгт заасан Эрсдэлийн газрын чиг үүрэг-ийг харьцуулан үзэхэд Х.Бны гүйцэтгэх захирлын 2019 оны 07 сарын 24-ний өдрийн А-184 дугаартай Чиг үүрэг, орон тоо батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан Х.Бны гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал, газар, хэлтсийн чиг үүрэг-ийн Тав дахь хэсэгт заасан Эрсдэлийн удирдлагын газрын чиг үүрэг-т тусгагдсан чиг үүргүүд хэвээр хадгалагдаж байх ба өмнө байсан чиг үүрэг дээр банканд учирч болзошгүй комплайнсийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжилтийг хангаж ажиллахтай холбоотой, Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой, хөндлөнгийн байгууллага, дотоод аудит, дотоод хяналтын үйл ажиллагаатай холбоотой, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн аюулгүй байдалтай холбоотой зэрэг зарим чиг үүргүүд нэмэгдсэн байх боловч эдгээр чиг үүргүүд нь тус газрын үндсэн чиг үүрэг буюу эрсдэлийн асуудал хариуцсан чиг үүргийн хүрээнд хамаарах чиг үүргүүд байна.

Дээрх бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс харахад Х.Бны зохион байгуулалтын бүтцэд эрсдэлийн асуудал хариуцсан газрын чиг үүрэг хэвээр байгаа бөгөөд харин уг газрын дотоод зохион байгуулалт, зарим чиг үүрэгт өөрчлөлт орсон байна.

Эрсдэлийн асуудал хариуцсан чиг үүргийг хэрэгжүүлж буй газрын нэр Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар байж байгаад Эрсдэлийн газар болж өөрчлөгдөн, тус газрыг удирдах албан тушаалтын ажлын байрны нэр Дэд захирал бөгөөд Эрсдэлийн удирдлагын газрын захирал байсан нь Эрсдэлийн газрын захирал болж өөрчлөгдсөнийг Эрсдэлийн асуудал хариуцсан чиг үүргийг хэрэгжүүлж буй газрын удирдах албан тушаалтны ажлын байрны орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь орон тоо хасагдах гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар нэртэй байх үед байсан тус газрын захирал буюу Дэд захирал бөгөөд Эрсдэлийн удирдлагын газрын захирал гэсэн нэртэй ажлын байр байхгүй болоогүй, харин Эрсдэлийн газрын захирал нэртэй болсон, Дэд захирал бөгөөд Эрсдэлийн удирдлагын газрын захирал болон Эрсдэлийн газрын захирал нэртэй ажлын байрны тодорхойлолтуудад заасан чиг үүрэг нь ижил буюу тухайн байгууллагын Эрсдэлийн асуудал хариуцсан чиг үүргийг хэрэгжүүлж буй газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй байх тул хариуцагчийн гаргасан О.Бын эрхэлж байсан ажлын байрны орон тоо хасагдсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ажил олгогч энэ хуулийн 40.1.1.-д ... заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ... гэж, 42 дугаар зүйлийн 42.1.-д Ажил олгогч нь энэ хуулийн ...40.1.1...-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж зохицуулсан байна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтад зааснаар энэ талаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх, ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох үүргийг хуулиар хүлээх бөгөөд Х.Б ХХК-ийн зүгээс О.Бт ажлаас чөлөөлөх тухай нэг сарын өмнө мэдэгдсэн болон хуульд заасан хэмжээгээр тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул О.Быг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн О.Быг урьд эрхэлж байсан ажилд буюу Х.Бны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад зааснаар ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу О.Бт бүрэн олгосон сүүлийн гурван сарын цалин хөлс буюу 2020 оны 01 сарын цалин хөлс 13,522,642 төгрөг, 2020 оны 02 сарын цалин хөлс болох 7,791,766 төгрөг, 2020 оны 03 сарын цалин хөлс болох 10,807,326 төгрөг, нийт 32,121,734 төгрөгөөс тооцож үзэхэд нэг сарын дундаж цалин хөлс нь 10,707,244.66 төгрөг болж байна.

Үүнийг сарын ажлын дундаж 21.5 өдөрт хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс нь 498,011.37 төгрөг болж байна.

Нэг өдрийн дундаж цалин хөлс болох 498,011.37 төгрөгийг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2020 оны 04 сарын 24-ний өдрөөс шүүх хуралдаан болсон 2020 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын 88 хоногоор тооцож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 43,825,000 төгрөгийг хариуцагч Х.Б ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч О.Бт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч О.Бын ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч Х.Б ХХК-д даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч О.Быг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн урьд эрхэлж байсан ажил буюу Х.Бны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Х.Б ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 43,825,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч О.Бт олгосугай.

 

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч О.Бын ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч Х.Б ХХК-д даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Х.Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 377,075 гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР