Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 02095

 

 

 

 

 

 

 

 

 

О.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/02173 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “М-” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: О.Б-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ч, Б.Э

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.Б- нь М-инд дэд захирал бөгөөд эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын албан тушаалд 2018 оны 7 сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2020 оны 4 сарын 24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад ажлаас халсан талаар мэдэгдэж, ажлаас халсан тогтоолыг надад албан ёсоор танилцуулаагүй. 2020 оны 5 сарын 08-ны өдөр тогтоолыг гардуулж өгсөн. М-ны төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 4 сарын 24-ний өдрийн 19 тоот тогтоолын үндэслэх хэсэгт М-ны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, М-ны дүрмийн 8.1.5, Засгийн газрын 2020 оны 122, 129 дүгээр тогтоол, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн 2020 оны 8-1/2714 тоот чиглэл, төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ажлаас халсан болно. М- нь орон тоо хасагдсан, эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар өөрчлөгдөн зохион байгуулагдсан тул О.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар орон тоо хасагдсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан байдаг. М-ны бүтцээс нэхэмжлэгч миний эрхэлж байсан ажлын байр бодитойгоор байхгүй болсон буюу Хөгжлийн банканд уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар нь зөвхөн нэршил өөрчлөгдөж, эрсдэлийн газар нэртэй болсон байна. Иймд орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй болно. Нөгөө талаар Хөгжлийн банк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан үүргээ гүйцэтгээгүй, Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдэлгүйгээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг нэхэмжилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 129 дүгээр тогтоолоор М-ны дүрмийг шинэчлэн батлахдаа уг дүрмийн 9.6 дахь заалт буюу банкны бодлогын газар болох актив, пассив хөрөнгийн удирдлага болон зээл, хяналт шалгалт, эрсдэлийн асуудал хариуцсан газрын захирал нь дэд захирлын статустай байж болох бөгөөд уг асуудлыг төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ гэсэн заалтыг хассан. Засгийн газар (М-ны хувьцаа эзэмшигч)-ын 2020 оны 4 сарын 08-ны өдрийн 122 дугаартай тогтоолоор тус банк дахь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг Сангийн яам гэж тогтоосон. Энэ тогтоолыг үндэслэн Сангийн Сайдын 2020 оны 4 сарын 24-ний өдрийн 8-1/2714 дугаартай албан бичгээр тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргад чиглэл хүргүүлсэн. Чиглэлийн үндсэн агуулга нь банкны үйл ажиллагааг сайжруулах, зохистой удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, үйл ажиллагааны үр дүнг сайжруулж, банкны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор орон тооны дээд хязгаарыг 110 хүнээр тогтоож, банкны зохион байгуулалтын бүтцийг хавсралтын дагуу баталж, газрын захирлуудыг сонгон шалгаруулж, томилогдох хүртэлх хугацаанд газрын захирлын үүрэг гүйцэтгэгчдэд нэр дэвшүүлж, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шуурхай шийдвэрлэнэ үү гэсэн байдаг. Хувьцаа эзэмшигчээс өгсөн дээрх чиглэлийн дагуу тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн М-ны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай 2020 оны 4 сарын 24-ний өдрийн 16 дугаартай тогтоол гарч, орон тоог 149-өөс 110 болгосон. Дээрх тогтоол, чиглэлийг үндэслэн, төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 19 дүгээр тогтоол гарч О.Б-ыг ажлаас чөлөөлсөн. Чөлөөлсөн үндэслэл нь: дэд захирал гэдэг албан тушаал байхгүй болсон. Засгийн газрын 2020 оны 129 дүгээр тогтоолоор дэд захирал гэдэг албан тушаалыг хасаж, газрын захирал гэдэг албан тушаал бий болсон. Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газар гэдэг нэгж байхгүй болж, эрсдэлийн газар болж өөрчлөн байгуулагдсан. Үүнтэй холбогдуулан эрсдэлийн газар нь комплайнсын асуудал буюу мөнгө угаах, терроризмтой тэмцэх, хууль тогтоомжийн нийцэл, авилга, залилан, ашиг сонирхлын зөрчлийн асуудал, шилэн дансанд мэдээлэл байршуулах, нууц мэдээллийн асуудал, мөн дотоод хяналтын чиг үүргийг давхар хариуцахаар болсон. Дотоод хяналтын хэлтэс гэж байсныг татан буулгасан. Өмнө нь байсан газар нь зөвхөн эрсдэлтэй холбоотой чиг үүрэг хариуцдаг байсан бол шинэ байгуулагдсан газар нь дотоод хяналт, комплайнс зэрэг чиг үүргийг хариуцах болсон. Мөн өмнөх газар нь 2 хэлтэстэй байсан бол шинэ газар нь хэлтэсгүй болсон. Дэд захирлын орон тоо хасагдаж, эрсдэлийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан газрын захирлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт мөн өөрчлөгдсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан, нэхэмжлэгч О.Б-ыг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн урьд эрхэлж байсан ажил буюу М-ны дэд захирал бөгөөд эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “М-” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 43 825 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч О.Б-т олгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах заалтад заасны дагуу  нэхэмжлэгч О.Б-ын ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч М- ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “М-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 377 075 гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. М-ны төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 4 сарын 24-ний өдрийн тогтоолоор эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрыг /дотоод хяналтын хэлтэстэй нэгтгэж эрсдэлийн газрыг шинээр бий болгосон. Ийнхүү шинэчлэн байгуулахдаа эрсдэлийн газар нь эрсдэлтэй холбоотой чиг уүргээс гаднаг банкинд учирч болзошгүй комплайнсийн эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай туулийн хэрэгжилтэд хяналт тавих, хөндлөнгийн байгууллага, дотоод аудит, дотоод хяналтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн аюулгүй байдалтай холбоотой зэрэг 5 чиг үүргийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан бөгөөд энэ нь хуучин эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газраас хэрэгжүүлж байсан чиг үүргээс илүү нэмэгдсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ч мөн “... бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс харахад зохион байгуулалтын бүтцэд эрсдэлийн асуудал хариуцсан газрын чиг үүрэг хэвээр байгаа бөгөөд харин уг газрын дотоод зохион байгуулалт, зарим чиг үүрэгт өөрчлөлт орсон байна хэмээн эрсдэлийн газрын чиг үүрэгт өөрчлөлт орсон тухай дүгнэсэн. Иймд О.Б-ын ажлын байр буюу эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар нь чиг үүргийн хувьд ихэнх өөрчлөлт орсон. Хуучин эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар нь 2020 онд хасагдсан ажлын байр болох тэргүүн дэд захирлын удирдлагын дор дотоод хяналтын хэлтэс нь гүйцэтгэх захирлын удирдлагын дор тус тус ажилладаг байсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 4 сарын 24-ний өдрийн тогтоолоор шинээр байгуулагдсан эрсдэлийн газар нь гүйцэтгэх захирлын удирдлагын дор ажиллахаар болсон. Эрсдэлтэй холбоотой чиг үүрэгт зарим чиг үүргүүд нэмэгдсэн тул ажлын байр хасагдаагүй гэсэн анхан шатны шүүхийн үндэслэлээс үзэхэд эсрэгээр дотоод хяналтын хэлтсийн чиг үүрэгт эрсдэлтэй холбоотой чиг үүрэг нь нэмэгдэж тус хэлтсийн захирлын ажлын байр хасагдаагүй, эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын ажлын байр хасагдсан гэж мөн үзэж болохоор байна. Иймд шүүхээс 2020 оны бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан ажлын байруудаас эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын ажлын байр хэвээр үлдэж байгаа талаар дутуу дүгнэлт өгсөн гэж үзэж байна. Мөн 2020 оны 4 сарын 24-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор нийт 4 дэд захирлын орон тоо бүрэн хасагдсан бөгөөд үүний нэг нь нэхэмжлэгч О.Б-ын дэд захирал бөгөөд эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаал тул “М-" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 4 сарын 24-ний өдрийн 19 дугаартай тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, уг заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолын 15.1.1-д “... орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, ббайгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр угүй болсныг ойлговол зохино” гэсэнтэй нийцэж байна. “М-” ХХК-ийн дотоод журмын 3.2-т “... Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан нөхцөл бий болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасны дагуу нэхэмжлэгч О.Б-ыг ажлаас чөлөөлсөн. Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл анхан шатны шүүх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, тайлбарыг хэрэгт ач, холбогдолтой, үнэн зөв талаас үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч О.Б- нь “М-” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “М-” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 7 сарын 30-ны өдрийн 61 дугаар тогтоолоор нэхэмжлэгч О.Б- нь “М-” ХХК-ийн дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 4 сарын 24-ний өдрийн 19 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх-ийн 48, 58-р тал/

Нэхэмжлэгч О.Б-ын ажиллаж байсан Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар нь хуучин бүтцээр 2 хэлтэстэй, тэргүүн дэд захирлын шууд удирдлагад харъяалагдаж байжээ. /хх-ийн 162-163-р тал/ Хариуцагч банкны Төлөөлөн удирдах зөвлөл нь 2020 оны 4 сарын 24-ний өдөр банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, уг бүтцээр Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрыг Дотоод хяналтын хэлтэстэй нэгтгэн, “Эрсдэлийн газар” нэртэй болсон байна. /хх-ийн 51-52-р тал/

 

Шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын дээрх бүтцээр Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар нь дотоод хяналтын хэлтэстэй нэгдсэн хэдий ч өмнөх чиг үүргүүд нь хэвээр хадгалагдаж, зарим чиг үүрэг нэмэгдсэн үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Тодруулбал, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын чиг үүргийг Эрсдэлийн газрын чиг үүрэгтэй харьцуулан үзвэл өмнөх чиг үүргүүд дээр “ ... дотоод хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр журам, заавар боловсруулан батлуулах, хөдлөнгийн байгууллага, дотоод аудитын албанаас банкны үйл ажиллагаанд аудитын болон бусад хяналт, шалгалтын хүрээнд хийгдэх ажилд дэмжлэг үзүүлэх, Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ит тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах” зэрэг дотоод хяналтын хэлтсийн чиг үүргүүд нэмэгдсэн байна. /хх-ийн 121-123-р тал/

 

Ажлын чиг үүрэг нэмэгдэж, нэршил өөрчлөгдсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “... орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэх нөхцөл байдалд хамаарахгүй тул нэхэмжлэгч О.Б-ыг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол дээрх хуульд нийцээгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй болно.

 

Түүнчлэн, хариуцагч 2020 оны 4 сарын 24-ний өдөр нэхэмжлэгч О.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас чөлөөлөхдөө нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу урьдчилан мэдэгдээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар орон тоо, бүтцийн өөрчлөлт, ур чадвар зэрэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах бол ажилтанд нэг сарын өмнө  мэдэгдэх тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

 

Харин хариуцагч байгууллагын 2020 оны 4 сарын 24-ний өдрийн тогтоолоор банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар нь Эрсдэлийн газар нэртэй болсныг анхан шатны шүүх анхааралгүйгээр нэхэмжлэгч О.Б-ыг албан тушаалын хуучин нэршлээр нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

 

Иймд уг алдааг залруулж, нэхэмжлэгчийг Эрсдэлийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/02173 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “ ... урьд эрхэлж байсан ажил буюу М-ны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын захирлын ...” гэснийг ““М-” ХХК-ийн Эрсдэлийн газрын захирлын” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                     ШҮҮГЧИД                              Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                 

                                                                                    Г.ДАВААДОРЖ