Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2020/01358

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ...... , өөрийн байранд байрлах, ..... А ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ................ тоотод байрлах, . НБ ХХК-д холбогдох,

 

зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 16.050.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах, , хариуцагч НБ ХХК-ийн захирал Д.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр НБ ХХК, түүнийг төлөөлж захирал Д.Батхуяг нь манай комданитай ЗГТ-1709 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 34.500.000 төгрөгийн үнэ бүхий СКП-2.1 маркийн үр тарианы үрлэгчийг 7 сарын хагуаатайгаар зээлээр худалдсан. Урьдчилгээ төлбөрт 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 27-ниы өдөр 9.800.00 төгрөг ийт 13.800.000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хуваарийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үлдэгдэл 20.700.000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон боловч худалдан авагч хугацаандаа төлөлт хийгээгий ба гэрээний үүргийг ноцтой зөрчсөн. Ингээд манай компаний зүгээс худалдан авагч болох НБ ХХК-п зээлийн төлбөрийг барагдуулахаар удаа дараа мэдэгдэж 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 10.000.000 төгрөгийн төлөлт хийсэн, үүнээс хойш огт төлөлт хийгээгүй ба гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхгүй өнөөдрийг хүрч манай компанид санхүүгийн хохирол учруулаад байна. Тус зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.2.3-т худалдан авагч нь тохиролцсон хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд барааны нийт үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох эрхтэй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийг дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүрхгийн үнийн дүн болох 20.700.000 төгрөгийг 0.5 хувь нь 103.500 төгрөг /1 хоногийн алданги/ байна. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар хугацаа хэтрүүлсэн 496 хоног буюу нийт 26.536.000 төгрөгийн алданги үүсээд байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 10.700.000 төгрөгийн 50 хувь буюу 5.350.000 төгрөгийн алданги, үндсэн зээлийн үлдэгдэл 10.700.000 төгрөг, нийт 16.050.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах, хангах зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГТ-17-09 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдан авагч талын Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны зүйлээр Төв аймгийн Угтаалцайдамд байрлах 000309347 гэрчилгээний дугаар бүхий 222 га газар эзэмших эрхийг барьцаалсан. Иймд НБ ХХК-аас зээлийн үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 10.700.000 төгрөг, алданги 5.350.000 төгрөг нийт 16.050.000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НБ ХХК-ийн захирал Д.Батхуяг хариу тайлбартаа: А ХХК ХХК-аас 34.000.000 төгрөгийн СЗС-2.1 үрлэгч авсан бөгөөд үлдэгдэл төлбөр 10.700.000 төгрөгийг төлөх хугацаанд төлж чадаагүй 2017, 2018, 2019 онуудад ургац алдаж төлбөрөө барагдуулах боломжгүй болсон. Иймд алданги болох 5.350.000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Үрлэгчийн үлдэгдэл болох 10.700.000 төгрөгийг 2020 оны ургацаас төлж барагдуулах нь үнэн болно. Манай компони нь 3 жил дараалан цаг агаарын байдлаас болж ургац ихээр алдасны улмаас Нийгмийн даатгал, Татварт өр төлбөртэй байгаа учир алдангийг болох боломжгүй байна. Энэ байдлаа А ХХК ХХК-ийн захирал Б.Энхтөртэй уулзаж учир байдлаа ярилцсан. Иймд миний байдлыг харгалзан үзэж ашигтайгаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

Нэхэмжлэгч А ХХК ХХК нь хариуцагч НБ ХХК-д холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 16.050.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. /хх-1-2/

 

Хариуцагч НБ ХХК нь үлдэгдэл төлбөр 10.700.000 төгрөгийг төлнө. Харин алданги болох 5.350.000 төгрөгийг 2017, 2018, 2019 онуудад ургац алдсан, Нийгмийн даатгал болон Татварын газарт өртэй тул төлөх боломжгүй гэж тайлбарлаж, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас 2020 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн 02/328 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгч байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбараар нэхэмжлэгч А ХХК ХХК, хариуцагч НБ ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хөдөө аж ахуйн зориулалтын техник болох СКП-2,1 маркийн Үр тарианы үрлэгч 3 ширхэгийг нэг бүрийн үнэ 11.500.000 төгрөгөөр нийт 34.500.000 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдож байна. /хх 7-10/,

 

Зохигч хэн аль нь дээрх үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүртэй, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч А ХХК ХХК нь зээлийн гэрээний үүрэг, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний хавсралтад зааснаар төлбөрийн үлдэгдэл 20.700.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон байх ба 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 10.350.000 төгрөгийг хариуцагч төлсөн үүнийг үндсэн төлбөрөөс хассан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх бөгөөд төлбөрийн үлдэгдэл дээр талууд маргахгүй байна.

 

Харин хариуцагч тал алданги төлөх боломжгүй гэж тайлбарлаж, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг шүүхэд гаргаж өгч байгаа хэдий ч тухайн баримтыг үндэслэн алдангаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Учир нь: Хариуцагч тал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсний улмаас орлого олоогүй эсхүл төлбөрийн чадваргүй болсон гэх нөхцөл байдал нь өөр бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Иймд зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10.700.000 төгрөг, алданги 5.350.000 төгрөг нийт 16.050.000 төгрөгийг хариуцагч НБ ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Агромаштек ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч НБ ХХК-аас 16.050.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Агромаштек ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-л заасны дагуу хариуцагч НБ ХХК нь мөнгөн төлбөрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 151/ШЗ2020/04072 дугаар захирамж нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хүчинтэйг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК ХХК-ийн төлсөн 308.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НБ ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 308.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэррлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Д.АЛТАНТУУЛ