Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 223/МА2021/00002

 

            

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 08-ны өдрийн 151/ШШ2020/01358 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Нэмүү боломж” ХХК-д холбогдох,

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 16.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Т.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр******* ХХК, түүнийг төлөөлж захирал Д.Батхуяг нь манай компанитай ЗГТ-1709 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 34.500.000 төгрөгийн үнэ бүхий СКП-2.1 маркийн үр тарианы үрлэгчийг 7 сарын хагацаатайгаар зээлээр худалдсан. Урьдчилгаа төлбөрт 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр 9.800.00 төгрөг, нийт 13.800.000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хуваарийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үлдэгдэл 20.700.000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон боловч худалдан авагч хугацаандаа төлөлт хийгээгүй ба гэрээний үүргийг ноцтой зөрчсөн. Ингээд манай компанийн зүгээс худалдан авагч болох******* ХХК-п зээлийн төлбөрийг барагдуулахаар удаа дараа мэдэгдэж 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 10.000.000 төгрөгийн төлөлт хийсэн, үүнээс хойш огт төлөлт хийгээгүй ба гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхгүй өнөөдрийг хүрч манай компанид санхүүгийн хохирол учруулаад байна. Тус зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.2.3-т худалдан авагч нь тохиролцсон хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд барааны нийт үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох эрхтэй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийг дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 20.700.000 төгрөгийг 0.5 хувь нь 103.500 төгрөг /1 хоногийн алданги/ байна. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар хугацаа хэтрүүлсэн 496 хоног буюу нийт 26.536.000 төгрөгийн алданги үүсээд байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 10.700.000 төгрөгийн 50 хувь буюу 5.350.000 төгрөгийн алданги, үндсэн зээлийн үлдэгдэл 10.700.000 төгрөг, нийт 16.050.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах, хангах зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГТ-17-09 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдан авагч талын Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны зүйлээр Төв аймгийн Угтаалцайдамд байрлах 000309347 гэрчилгээний дугаар бүхий 222 га газар эзэмших эрхийг барьцаалсан. Иймд******* ХХК-аас зээлийн үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 10.700.000 төгрөг, алданги 5.350.000 төгрөг нийт 16.050.000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* ХХК-ийн захирал Д.Батхуяг хариу тайлбартаа: “*******” ХХК-аас 34.000.000 төгрөгийн СЗС-2.1 үрлэгч авсан бөгөөд үлдэгдэл төлбөр 10.700.000 төгрөгийг төлөх хугацаанд төлж чадаагүй 2017, 2018, 2019 онуудад ургац алдаж төлбөрөө барагдуулах боломжгүй болсон. Иймд алданги болох 5.350.000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Үрлэгчийн үлдэгдэл болох 10.700.000 төгрөгийг 2020 оны ургацаас төлж барагдуулах нь үнэн болно. Манай компани нь 3 жил дараалан цаг агаарын байдлаас болж ургац ихээр алдсаны улмаас Нийгмийн даатгал, Татварт өр төлбөртэй байгаа учир алдангийг болох боломжгүй байна. Энэ байдлаа “*******” ХХК-ийн захирал Б.Энхтөртэй уулзаж учир байдлаа ярилцсан. Иймд миний байдлыг харгалзан үзэж ашигтайгаар шийдэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч******* ХХК-аас 16.050.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-л заасны дагуу хариуцагч “Нэмүү боломж” ХХК нь мөнгөн төлбөрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангаж,

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 151/ШЗ2020/04072 дугаар захирамж нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хүчинтэйг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлсөн 308.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 308.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Нэмүү боломж” ХХК-ийн захирал Д.Батхуяг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Манай улс дэлхийн хуурайшилттай бүс нутагт оршдог үүний улмаас газар тариалангийн аж ахуй үйл ажиллагаа нь цэвэр байгалиас шалтгаалдаг талаар бид бүхэн мэдэж байгаа билээ.

Нэхэмжлэгчээс үр тарианы үрлэгчийг худалдан авсан жил буюу 2017 оноос эхлэн цаг агаарын хувьд хуурайшилт дээд цэгтээ хүрч тухайн онд ургац алдсан хэдий ч манайх урьдчилгаа төлбөрийг төлсөөр ирсэн. Улмаар 2018. 2019 онд энэ байдал давтагдаж байсан боловч манайх 10 сая төгрөгийн төлбөрийг төлсөн. Ингээд төлбөрөөс 10 сая 700мянган төгрөгийн тегбөр үлдсэнийг зөвшөөрч байгаа бөгөөд үүнийгээ төлж барагдуулах болно.

Харин үлдэгдэл төлбөр 10 сая тегрөгт 50 хувийн алданги нэхэмжилснийг зөвшөөрөхгүй бөгөөд энэ талаар баримтыг гаргаж өгөхөд шүүгч хурал дээрээ шинжлэн судалж унших ч үгүйгээр чөлөөлөхгүй гэж хэлж шийдвэр гаргасан гомдолтой байна.

Иргэний хуулийн 232 8-д анзын хэмжээ хзт их байзал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж заасан байдаг.

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас 2020.06.09-ний өдөр 02/328 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргаж өгсөн.

Энэ гэрчилгээ нь Ус цаг уурын орчны төвийн холбогдох баримтыг үндэслэн Төв аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2017, 2018, 2019 онд цаг агаарын түвшин хэт хуурайшилтэй байснаар ургаи алдсан болохыг тодорхойлсон байгаа юм.

Төв аймгийн давж заалдах шатны шүүх нь 2017, 2018 онд дээрх гэрчилгээг үндэслэн аж ахуй нэгжүүдийн алданги чөлөөлж байсан кейс байдаг.

Иймд нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас үнэлж 5 350 000 төгрөгийн алдангиас чөлөөлж өгнө үү.

Мөн бидний хооронд худалдах худалдан авах гэрээ хийсэн байхад шүүгч зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж өөрөө ойлгож хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилсэн болохыг анхаарна уу.

Анхан шатны шүүх нь 2020.10.08-ны өдөр хурал хийсэн бөгөөд миний бие гомдол гаргана. шийдвэрээ авъя гэж туслах Бадамтай удаа дараа утсаар удаа дараалан ярихад шүүгч хөдөөгүүр ажилтай байгэа, шийдвэр гараагүй байна гэж хэлж байсан. Гэгээд 2020.1 I 24-ны өдөр сумын шуудангаас хүлээн авсан.

Иймд шүүх шийдвэрээ хугацаанд нь гаргаагүй, гарсан талаар надад мэдэгдээгүй буруутай үйл ажиллагаа байгаа тул миний бие шуудангаас хүлээн авсан өдрөөс хуульд заасан 14 хоногийн дотор гомдолоо гаргаж байгааг хүлээн авна уу.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, дүгнэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг  зөв тодорхойлж чадаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “*******” ХХКомпани нь зохигчдын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан “Зээлээр худалдах, худалдан авах” ЗГТ-17-09 тоот гэрээг үндэслэн хариуцагч******* ХХКомпаниас гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөрт 10 700 000 төгрөг, алданги 5 350 000 төгрөг нийт 16 050 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч гэрээний үндсэн үүрэг болох 10 700 000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, цаг агаарын байдлаас болж ургац ихээр алдсаны улмаас алдагдалд орсон гэх шалтгаанаар алданги 5 350 000 төгрөгийг төлөх боломжгүй гэсэн тайлбар гарган маргажээ.

Нэхэмжлэгч “*******” ХХКомпани нь “Нэмүү боломж” ХХКомпани хооронд бичгээр 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” ЗГТ-17-09 тоот гэрээгээр хөдөө аж ахуйн зориулалтын үр тарианы үрлэгчийг нэг бүрийг нь 11 500 000 төгрөг, 3 ширхгийг нийт 34 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, худалдагч нь биет байдлын доголдолгүй, үр тарианы үрлэгчийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хариуцагч “Нэмүү боломж” ХХКомпани барааны нийт үнийн дүнгийн урьдчилгаа 40 хувь болох 13 800 000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр төлөх, үлдэгдэл төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон байна.

Үүнээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл болох гэрээний зүйл, үнэ, төлбөр төлөх хугацаа зэргийг тохирсон   Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан ердийн худалдах-худалдан авах гэрээний  харилцаа үүссэн байна.

Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн  эрх зүйн харилцааг  гэрээний нэршлээр нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж  буруу тодорхойлж, дүгнэлт хийж шийдвэрлэсэн  нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, үр тарианы үрлэгч худалдан авагчийн өмчлөлд шилжсэн, гэрээний үнэ болох 34 500 000 төгрөгөөс хариуцагч  гэрээ бичгээр байгуулахаас өмнө 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдөр 4 000 000 төгрөг, гэрээ байгуулагдсан өдөр буюу 4 дүгээр сарын 27-ны өдөр 9 800 000 төгрөг, нийт 13 800 000 төгрөгийг урьдчилгаанд, 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 10 350 000 төгрөг нийт 24 150 000 төгрөг төлсөн тухайд маргаагүй байна.

Харин хариуцагчаас гэрээ байгуулж үүрэг хүлээснээс хойш 2017, 2018, 2019 онуудад цаг агаарын хуурайшилтын улмаас ургац алдаж, төлбөрөө төлөх гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж маргажээ.

 Хэргийн нөхцөл байдлаас үзвэл талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал буюу байгалийн  гамшиг ган гачиг, хуурайшилт Төв аймгийн газар нутгуудад 2017, 2019 онд болсон нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас олгосон “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-ээр нотлогдож байна.

Үүнээс үзвэл дээрх хүчин зүйлийн улмаас  хүнсний ногоо, үрслэг тариалалт зэрэг газар тариалангийн  үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг “Нэмүү боломж” ХХКомпани үйл  ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн байна. 

Хэдийгээр гэрээний талууд гэрээгээр үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон байх боловч гэрээ байгуулагдахаас 1 сарын өмнө   хариуцагчаас урьдчилгаанд 4 000 000  төгрөг төлсөн,  гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас шалтгаалсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно“ гэж зааснаар нэхэмжлэгчийн шаардсан алдангийн 5 350 000 төгрөгийн шаардлагыг багасгаж, 2 675 000 төгрөгөөр хангаж шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагад эрх зүйн ямар ч дүгнэлт хийлгүйгээр хангаж шийдвэрлэсэн нь  буруу байна.

Хариуцагч “Нэмүү боломж” ХХКомпани нь  Төв аймгийн Угтаалцайдамын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 39 тоот захирамжаар Төв аймгийн Угтаалцайдамд  байрлах 222 га газрыг 15 жилийн хугацаатай,  үр тариа, улаан буудайн зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, газар  эзэмших эрхээ үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Барьцааны ЗГТ-17-09 тоот гэрээ бичгээр байгуулж барьцаалжээ.

Гэтэл талууд дээрх газар эзэмших эрхээ барьцаалсан  барьцааны гэрээг сумын газрын даамалд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан талаар тэмдэглэл хийлгээгүй нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэснийг зөрчсөн байна.

Дээр тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан алдангийн хэмжээг багасгаж,   үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах, мөн хууль хэрэглээний асуудлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар  сарын 08-ны өдрийн 151/ШШ2020/01358 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.2, 232 дугаар зүйлийн 232.8, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг баримтлан хариуцагч “Нэмүү боломж” ХХКомпаниас 13 375 000 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч “*******” ХХКомпанид олгож, үлдэх 2 675 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “*******” ХХКомпанийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...хариуцагч “Нэмүү боломж” ХХКомпаниас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 308 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай” гэснийг “хариуцагч “Нэмүү боломж” ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид 224 825 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай”  гэж тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч “Нэмүү боломж” ХХКомпани давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн  болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

           

                          ШҮҮГЧИД                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                       Т.ЭНХМАА