Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2018/00739

 

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2018/00739

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Уурхайчин багт байрлах******* ХХК-ийн /регистрийн дугаар: 2052288/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Уурхайчин багт байрлах, *******/ холбогдох

Махны хөргүүрийн үйлчилгээ явуулах зориулалттай баригдсан өргөтгөлийн хаалгыг урагш нь харуулж, ******* ХХК-ийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэх, гутал засварын цэг, хуушуурын повильон зэргийг албадан нүүлгүүлж, газар чөлөөлүүлэх, 1,540,000 төгрөг гаргуулах, ******* ХХК-ийн ******* тоот гэрчилгээний дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 сарын 13 өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах ******* хүнсний захыг ******* ХХК болон Эрдэнэт -Импекс ХХК 50:50 хурьцаатай хамтран эзэмшдэг . (2003 оны 11 сарын 27-ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 820-р тогтоол хавсаргав).

Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр Орхон аймгийн Засаг даргад захиргааны акт гаргахыг даалгасан билээ. Энэхүү захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Орхон аймгийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 303 тоот шийдвэрийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших ******* тоот гэрчилгээ гарсан. Иймд 2015.05.01-ний өдөр Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших гэрээг ******* ХХК, ******* ХХК-тай байгуулсан.

Уг газар эзэмших гэрээний гуравдугаар зүйлийн 3.7-д эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол Эрх бүхий Засаг даргаас зөвшөөрөл авч энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлнэ. 3.10-д Хамтран эзэмшигчид газрын харилцаанд тэгш эрхтэй оролцоно. гэсэн заалтыг зөрчиж тухайн дундын эзэмшлийн газарт хариуцагч Эрдэнэт -Импекс ХХК-нь 2017.05.23-24-нд шилжих шөнө хуушуурын повильон, 2011 онд гутал засварын үйлчилгээний цэг байршуулах зөвшөөрлийг хариуцагч компанийн захирал Д.Эрдэнэсайхан олгосон. ******* ХХК-ний захирал Н.Эрдэнэсайхан нь Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт 2017 оны 06 сарын 09-ны өдөр №19 тоот албан бичгийг өгсөн ба уг хуушуурын павилион тавигдсанаас хойш 15 хоногийн дараа өгсөн байна. Уг хуушуурын павилион тавигдсан өдрөөс эхэлж сар бүр 280000 төгрөг өнгөрсөн 10 сарын хугацаанд дангаараа 3,080,000 төгрөгийг аваад байна. (Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэдэгдэл №20 хавсаргав).

Махны хөргүүрийн үйлчилгээ явуулах зориулалттай баригдсан өргөтгөлийн хаалгыг урагш нь харуулж, ******* ХХК-ийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэх, гутал засварын цэг, хуушуурын повильон зэргийг албадан нүүлгүүлж, газар чөлөөлүүлэх, 1,540,000 төгрөг гаргуулах, ******* ХХК-ийн ******* тоот гэрчилгээний дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дундаа хамтран эзэмших газарт зөвшөөрөлгүй байрлуулсан махны хөргүүрийн үйлчилгээ явуулах зориулалттай баригдсан өргөтгөлийн хаалгыг ертөнцийн зүгээр урагш нь харуулж, талбай чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд манай компани нь 000310535 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр нэхэмжлэгч *******" ХХК-тай ******* худалдааны төвийг хамтран эзэмшдэг. Нэхэмжпэлд дурьдсан махны хөргүүр нь ******* худалдааны төвд байрладаг бөгөөд өөрийн 50 хувийн эзэмшлийн бүсд барьсан манай өмчлөлийн хөрөнгө юм. Манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар хамтран эзэмшигч болох *******" ХХК- ийн эзэмшлийн талбайд халдсан, газар эзэмших эрхийг нь зөрчсөн зүйл байхгүй болно.

Гутал засварын цэг, том хуушуурын павильон зэргийг албадан нүүлгэж газар чөлөөлүүлэх нэхэмжпэлийн шаардлагын хувьд ******* худалдааны төвийн ертөнцийн зүгээр урд байрлах ногооны захыг манай компани нь 000297210 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг. Гутал засварын цэг нь тус ногооны захын хажууд буюу манай эзэмшлийн талбайд байрладаг. Нэхэмжпэгчийн нэхэмжлэлд дурьдаж буй шиг дундын эзэмшлийн талбайд үйлчилгээний цэг байршуулсан зүйл байхгүй. Том хуушуурын павильоны хувьд ертөнцийн зүгээр ******* худалдааны төвийн урд, ногооны хажууд байрладаг Эрдэнэт импекс ХХК нь 000297210 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг газарт хамаарна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй юм.

1 540 000 төгрөг гаргуулах тухайд ******* ХХК-ийн эзэмшлийн газар болон бидний дундын эзэмшлийн газарт манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар халдсан үйлдэл гаргаагүй, гутал засварын цэг, том хуушуурын павильон зэрэг нь манай компанийн эзэмшлийн талбайд байрладаг. Нэхэмжлэгчийн эзэмшлийн талбайгаас манай компани ямар нэгэн байдлаар ашиг олоогүй юм.

******* өрөөнөөс газар эзэмших эрхийн гэрчилгээ авч зугтсан үйлдэл байхгүй. Тус газар эзэмших эрхийн гэрчилгээ дээр манай ******* ХХК-г хамтран эзэмшигчийн бүртгэл дээр бүртгэсэн байсныг солиулахаар Орхон аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт өгч гэрчилгээ солиулсан. Тус газрын гэрчилгээ нь хүчингүй болсон бөгөөд Орхон аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт байгаа болно.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Эрдэнэт импекс ХХК-нд холбогдуулан Махны хөргүүрийн үйлчилгээ явуулах зориулалттай баригдсан өргөтгөлийн хаалгыг урагш нь харуулж, ******* ХХК-ийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэх, гутал засварын цэг, хуушуурын повильон зэргийг албадан нүүлгүүлж, газар чөлөөлүүлэх, 1,540,000 төгрөг гаргуулах, ******* ХХК-ийн ******* тоот гэрчилгээний дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч эхний шаардлагаа буюу махны хөргүүрийн үйлчилгээ явуулах зориулалттай баригдсан өргөтгөлийн хаалгыг ертөнцийн зүгээр урагш нь харуулж эзэмших эрхэд нь саад учруулж байгаа үйл ажиллагааг зогсоолгох болгон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, талбайг чөлөөлүүлэх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах шаардлагаасаа татгалзаж, гутал засварын цэг, том хуушуурын павильон зэргийг албадан нүүлгэж газар чөлөөлүүлэх, олсон орлого болох 3,080,000 төгрөгний 50 хувь буюу 1,540,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн оролцсон.

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 11 сарын 27-ны өдрийн 820 дугаартай шийдвэрээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах ******* хүнсний захын худалдаа үйлчилгээний зориулалтай, 18430432413769 дугаар бүхий нэгж талбарын дугаартай, 2880 метр квадрат талбайтай, газрыг 15 жилийн хугацаатайгаар ******* ХХК болон Эрдэнэт -Импекс ХХК нь 50:50 харьцаатай хамтран эзэмшдэг байх бөгөөд хүнсний захыг хамтран өмчлөгч нараас үйл ажиллагааг хэвийн явуулах талаар 2005 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр Орхон аймгийн Засаг даргад захиргааны акт гаргахыг даалгаж, тус шийдвэрийн дагуу Орхон аймгийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 303 тоот шийдвэрийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших ******* тоот гэрчилгээг зохигчдод олгож, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших гэрээг ******* ХХК, ******* ХХК-тай байгуулсан байна. /хх-14/

Нэхэмжлэгч нь хариуцагчийг газар эзэмших гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д заасан ...эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх бүхий Засаг даргаас зөвшөөрөл авч энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн заалт мөн 3.10-д заасан Хамтран эзэмшигчид газрын харилцаанд тэгш эрхтэй оролцоно. гэсэн заалтуудыг зөрчиж тухайн дундын эзэмшлийн газарт 2017 оны 05 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хуушуурын повильон, 2011 онд гутал засварын үйлчилгээний цэг байршуулах зөвшөөрлийг олгосон. Улмаар уг хуушуурын павилион тавигдсан өдрөөс эхэлж сар бүр 280,000 төгрөг өнгөрсөн 10 сарын хугацаанд дангаараа 3,080,000 төгрөгийн ашиг олсон учраас энэхүү орлогын 50 хувийг авах ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан гутал засварын үйлчилгээний цэг, хуушуурын павильоныг зөвшөөрөл авалгүйгээр барйшуулж ашиг олсон гэх шаардлагын тухайд дээрх үйлчилгээний цэгүүдийг ажиллуулж байгаа гуравдагч этгээд ын хуушуурын павильон нь ******* ХХК-ний нэгж талбарын дугаар бүхий 427 м.кв, Эрдэнэт импекс ХХК-ны нэгж талбарын дугаар бүхий 459 м.кв газруудын хил хязгаар дотор ороогүй нийтийн эзэмшлийн зам талбайд байрлан газрын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа, хариуцагч Эрдэнэт импекс ХХК павильон тавихыг зөвшөөрсөн, гуравдагч этгээд д газар чөлөөлөх мэдэгдэл удаа дараа хүргүүлж байсан байна.

Харин гуравдагч этгээд ын гутал засварын цэг нь Эрдэнэт импекс ХХК-ний нэгж талбарын 18430432286952 дугаар бүхий 459 м.кв талбай дотор ороогүй нийтийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан болох нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын геодези, зураг зүйн мэргэжилтэн Г.Батгэрэлийн гаргасан шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь гуравдагч этгээд нараас газар чөлөөлөхийг шаардах эрхгүй байна. Харин нэхэмжлэгч нь холбогдох байгууллагад хандаж, газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна. Хариуцагч Эрдэнэт импекс ХХК нь өөрийн эзэмшил газраас тус газруудыг цахилгаанаар хангах, хог цэвэрлэгээ бусад ажиллагаа явуулсны хураамжийг авдаг байх бөгөөд хамтран эзэмших дундын эзэмшлийн газрыг бусдад ашиглуулж ашиг орлого олдог болох нь тогтоогдохгүй байна.

Дундаа хамтран эзэмших газарт зөвшөөрөлгүй байршуулсан махны хөргүүрийн үйлчилгээ явуулах зориулалттай баригдсан өргөтгөлийн хаалгыг ертөнцийн зүгээр урагш нь харуулж талбай чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч Эрдэнэт импекс ХХК нь 000310535 дугаар газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр нэхэмжлэгч ******* ХХК-тай хамтран эзэмшдэг байх бөгөөд махны хөргүүр нь хариуцагчийн эзэмшлийн бүсэд баригдсан түүний өмчлөлийн хөрөнгө байна. Хариуцагч нь энэхүү махны хөргүүрийг ажиллуулж байгаа нь нэхэмжлэгчийн эзэмших, ашиглах эрхэд саад учруулж байгаа тухай шаардлагаа нэхэмжлэгч нотлох баримтаар нотлож чадахгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2,108.5,106 дугаар зүйлийн 106.2-д заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрдэнэт импекс ХХК-д холбогдох Махны хөргүүрийн үйлчилгээ явуулах зориулалттай баригдсан өргөтгөлийн хаалгыг урагш нь харуулж, эзэмших эрхэд нь саад учруулж байгаа үйл ажиллагааг зогсоолгох, гутал засварын цэг, хуушуурын повильон зэргийг албадан нүүлгүүлж, газар чөлөөлүүлэх, 1,540,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК-ийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэх, ******* ХХК-ийн ******* тоот гэрчилгээний дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагасаа татгалзсаныг баталсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 250,190 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН