Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2017/00617

 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2017/00617

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр ХХК-нд холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 39,547,670 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ниы өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-07-07-ны өдрийн 142/ШШ2016/00979 дүгээр шийдвэрээр Шаравын Мөнгөнбат намайг ‘'Эрдэнэт медикал" төв эмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас надад 2015-08-19-ний өдрөөс 2016-07-07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хуганааны цалинтай тэнцэх олговорт 40,772,594 төгрөг гаргуулж олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган авч, миний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж 2016-09-12-ны өдрийн 146 дугаар магадлал, мөн Улсын дээд шүүхээс хянаж 2016-12-16-ны өдөр 001/ХТ2016/01412 дугаар тогтоол тус тус гаргаж уг шийдвэр хэвээр үлдсэн.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь одоо болтол шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, намайг ажилд авахгүй, цалин хөлс олгохгүй байна. Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-07-07-ны өдрийн 142/ШШ2016/00979 дугаартай шийдвэрээр миний ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг 174.990 төгрөгөөр, нэг сарын дундаж цалин хөлсийг 3,762,278 төгрөгөөр тооцсон. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь миний 2016-07-08-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг надад олгож, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэнд. нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх ёстой.

Иймд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас ******* надад 2016-07-08-ны өдрөөс 2017-05-31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 39.547.670 төгрөг гаргуулж, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж. миний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн *******ын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцлаа.

******* нь нэхэмжлэлдээ нэг өдрийн цалин хөлсийг 174,990 төгрөг гэж нэхэмжилжээ. Ажилтны цалин хөлсөд ажилтанд олгосон үндсэн цалин,бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал хамаарна. Харин нэмэгдэл хөлс гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй буюу зааснаас илүү ажил үүрэг гүйцэтгэсэн, эсвэл үндсэн ажил, үүргээ ердийн бус горимоор гүйцэтгэсэн тохиолдолд ажил олгогчоос нэмэгдүүлэн олгож буй хөлсийг хэлнэ. Гэтэл нэхэмжлэгч нь 2016.07.07-ны өдрөөс одоог хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй хууль, журамд заасны дагуу өөрийн биеэр ажиллаагүй байх тул түүний нэхэмжилсэн нэг өдрийн дундаж цалинд цалин хөлсийг хамтатган тооцон олгох үндэслэлгүй байна. Иргэн *******ын нэхэмжилсэн нэг өдрийн цалингийн үнийн дүн нь цалин хөлсийг нэгтгэн бодсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХнь:

Нэхэмжлэгч ******* нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговор гэж нийт 39,547,670 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1,049,958 төгрөгөөр бууруулж, 38,497,712 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* нь “Эрдэнэт үйлдвэр” Эрдэнэт медикал төв эмнэлэгийн захирлын ажлыг 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл гүйцэтгэж байгаад, үйлдвэрийн Ерөнхий захирлын Б/952 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан байх ба ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2016/00979 дүгээр шийдвэрээр ‘'Эрдэнэт медикал" төв эмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 40,772,594 төгрөг гаргуулж олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

             Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 146 дугаар магадлал, мөн Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2016/01412 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн  шийдвэрийг  хэвээр үлдээсэн байна.

Гэвч хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, нэхэмжлэгчийг ажилд авахгүй, цалин хөлс олгохгүй байгаа нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас шаардах эрхтэй гэж үзнэ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбар татгалзалаа баримтаар нотлоогүй, Хэргийн 68 хуудас дахь *******ад нөхөн олгогдох шимтгэлийн тооцооны баримт нь нэхэмжлэлийн татгалзалын үндэс болохгүй, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй баримтууд байгааг дурьдах нь зүйтэй.

             Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2016/00979 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн  ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг 174.990 төгрөгөөр, нэг сарын дундаж цалин хөлсийг 3,762,278 төгрөгөөр тооцсон байх бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон, цалин хөлсний хэмжээг дахин тооцох, нотлох шаардлагагүй нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул шүүх  шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

             Иймд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас нэхэмжлэгч *******ын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 38,497,712 төгрөг гаргуулж, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-наас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 38,497,712 төгрөг гаргуулан *******ад олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар *******ын цалинтай тэнцэх олговор 38,497,712 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Төрийн сангаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,700 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 350,439 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Б.БЯМБАСҮРЭН