Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2017/00139

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00617 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 39.547.670 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьдийн гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-07-07-ны өдрийн 142/ШШ2016/00979 дүгээр шийдвэрээр Шаравын Мөнгөнбат намайг 'Эрдэнэт медикал" төв эмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, *******-аас надад 2015-08-19-ний өдрөөс 2016-07-07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хуганааны цалинтай тэнцэх олговорт 40,772,594 төгрөг гаргуулж олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган авч, миний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг *******-д даалгаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж 2016-09-12-ны өдрийн 146 дугаар магадлал, мөн Улсын дээд шүүхээс хянаж 2016-12-16-ны өдөр 001/ХТ2016/01412 дугаар тогтоол тус тус гаргаж уг шийдвэр хэвээр үлдсэн.

******* нь одоо болтол шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, намайг ажилд авахгүй, цалин хөлс олгохгүй байна. Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-07-07-ны өдрийн 142/ШШ2016/00979 дугаартай шийдвэрээр миний ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг 174.990 төгрөгөөр, нэг сарын дундаж цалин хөлсийг 3,762,278 төгрөгөөр тооцсон. Иймд ******* нь миний 2016-07-08-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг надад олгож, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэнд. нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх ёстой.

Иймд *******-аас ******* надад 2016-07-08-ны өдрөөс 2017-05-31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 39.547.670 төгрөг гаргуулж, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж. миний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг *******-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

******* нь нэхэмжлэлдээ нэг өдрийн цалин хөлсийг 174,990 төгрөг гэж нэхэмжилжээ. Ажилтны цалин хөлсөд ажилтанд олгосон үндсэн цалин,бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал хамаарна. Харин нэмэгдэл хөлс гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй буюу зааснаас илүү ажил үүрэг гүйцэтгэсэн, эсвэл үндсэн ажил, үүргээ ердийн бус горимоор гүйцэтгэсэн тохиолдолд ажил олгогчоос нэмэгдүүлэн олгож буй хөлсийг хэлнэ. Гэтэл нэхэмжлэгч нь 2016.07.07-ны өдрөөс одоог хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй хууль, журамд заасны дагуу өөрийн биеэр ажиллаагүй байх тул түүний нэхэмжилсэн нэг өдрийн дундаж цалинд цалин хөлсийг хамтатган тооцон олгох үндэслэлгүй байна. Иргэн *******ын нэхэмжилсэн нэг өдрийн цалингийн үнийн дүн нь цалин хөлсийг нэгтгэн бодсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00617 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан *******-наас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 38,497,712 төгрөг гаргуулан *******ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар *******ын цалинтай тэнцэх олговор 38,497,712 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг *******-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Төрийн сангаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,700 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, хариуцагч *******-иас 350,439 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтыг нэхэмжлэлийн татгалзлыг нотлох баримт болохгүй, шаардлага хангаагүй гэж үзэн хэргийг шийдвэрлэлээ.

*******ын нэхэмжлэлийн гол агуулга бол цалин хөлсийг гаргуулах буюу өөрөө хэлбэл үндсэн цалин хөлсийг ажилгүй байсан хугацаандаа тооцуулан нэхэмжлэх. Гэтэл цалин хөлс нэхэмжилсэн маргаанд цалин хөлсний тооцооллын баримтыг нотлох баримтаар өгсөн байтал хариуцагчийн татгалзлын үндэслэл болохгүй гэж үзэж өөрөөр хэлбэл цалин хөлстэй холбоотой маргаанд цалингийн тодорхойлолт, тооцооллын баримтыг гаргаж өгөхөөс өөр ямар нотлох баримт гаргаж өгвөл үндэслэлтэй байх байсан талаар ойлгомжгүй нөхцөл байдалд үүсгэсэн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтад үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нөгөө талаас ажилтны цалин хөлсөд ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал хамаарна. Харин нэмэгдэл хөлс гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй буюу зааснаас илүү ажил үүрэг гүйцэтгэсэн, эсвэл үндсэн ажил, үүргээ ердийн бус горимоор гүйцэтгэсэн тохиолдолд ажил олгогчоос нэмэгдүүлэн олгож буй хөлсийг хэлнэ. Гэтэл нэхэмжлэгч нь 2016.07.07-ны өдрөөс одоог хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй хууль, журамд заасны дагуу өөрийн биеээр ажиллаагүй байх тул түүний нэхэмжилсэн нэг өдрийн дундаж цалинд цалин хөлсийг хамтатган тооцон олгох үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал нь *******-ийн бүтцээс гарсан буюу түүнийг өмнө эрхэлж байсан ажилд нь томилж ажиллуулах бүтцийн нэгж нь бие даасан байгууллага болсон.

Нэгэнт байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр тухайн албан тушаал байхгүй болсон ийм нөхцөл байдалд ******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэл гаргаж шүүхээр тогтоолгох үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв нэхэмжлэгчийг өөр ажил албан тушаал ажиллуулах талаар ямар нэг тохиролцоонд хүрч чадахгүй, эсвэл бүтцийн өөрчлөлтөөр тухайн албан тушаалыг дахин шинэр бий болгоогүй гэх мэт тохиолдолд нэхэмжлэгч нь ажилгйү байсан хугацааны цалин хөлсийг удаа дараалан нэхэмжилсээр байж болох нөхцөл байдал үүсээд байна. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуульд ямар нэг эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд нэг талаас эрх зүйн хийдлийг ашиглах боломжийг хэргийн оролцогчид олгохоор байна. Энэ мэтээр цалин гаргуулах тухай нэхэмжлэлүүдийг удаа дараа гаргах нөхцөл боломж гарсаар байвал ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд их хэмжээний эдийн засгийн хохирол амсахаар байна.

Иймд дээрх үндэслэл нөхцөл байдлыг харгалзан үзэж Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.29-ний өдрийн 142/ШШ2017/00617 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шааардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* нь *******-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 39.547.670 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 38.497.712 төгрөг болгон бууруулжээ.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хуулийн хүчин төгөлдөр болсон 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2016/00979 дугаар шийдвэрт үндэслэн тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч *******-иас аижлгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 38.497.712 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь *******-ийн харьяа Эрдэнэт медикал төв эмнэлгийн захирлын ажлын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл гүйцэтгэж байгаад *******-ийн ерөнхий захирлын Б/952 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2016/00979 дугаар шийдвэрээр Эрдэнэт Медикал төв эмнэлгийн захирлын ажилд эргүүлэн тогтоож хариуцагч *******-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 40.772.594 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн энэ шийдвэр давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр хэвээр батлагдаж хуулийн хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, ажилд авахгүй, цалин хөлс олгохгүй байгаа нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2016/00979 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ажлын 1 өдрийн дундаж цалин хөлсийг 3.762.278 төгрөгөөр тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцсон нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч ******* нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ажилд авахгүй цалин хөлсөөр хохироож байгаа нь нотлох баримтаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч ажилгүй байгаа нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа тул зөвхөн үндсэн цалингаас тооцож нөхөн олговор олгох ёстой гэж маргаж буй хариуцагч байгууллагын тайлбар үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00617 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350.439 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

 

С.УРАНЧИМЭГ