Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/02305

 

 

2020 09 14 181/ШШ2020/02305

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Д-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 2,940,810 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 5,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Т ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.Д-тай 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээгээр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т ХХК-ийн өөрийн эзэмшлийн Алтан төгрөг үйлчилгээний төвийн нэг хэсэг болох 2 давхрын худалдааны зааланд байрлах талбайг Эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас-ны худалдааны зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцож, түрээсийн төлбөр 902,000 төгрөг байхаар талууд тохиролцсон. Үүгээр хариуцагч Б.Д нь өөрийн нөхөр болох У.Гантулгатай хамтран үйл ажиллагаа явуулж байсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт ...түрээсийн төлбөрт цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, газрын төлбөр, хог хаягдлын хураамж, хариуул хамгаалалт, гал хулгайн дохиоллын системээр үйлчилсний төлбөр, НӨАТ 10 хувийн төлбөр зэрэг зардлууд багтсан болно гэж заасны дагуу нэг сарын түрээсийн төлбөрт дээрх төлбөрүүд багтаж байгаа болно.

Б.Д нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д ...Түрээслэгч нь түрээсийн төлбөрийн тухайн сарын 01-ээс 05-ны өдрүүдийн дотор бэлнээр болон дансаар төлж барагдуулна..., гэж тус тус заасны дагуу түрээсийн төлбөр төлөх үүргээ шударгаар, хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй юм.

Үүгээр хариуцагч түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй явсаар 2 давхрын талбайг ашигласны төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 2,732,320 төгрөг болон талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасны дагуу алданги тооцож, 208.490 төгрөг, нийт 2,940,810 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөхгүй манай байгууллагыг хохироосоор байгаа юм.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу түрээсийн төлбөр, өмнөх сарын үлдэгдэл төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч чаддаг юм бол аваарай гэх зэргээр хэлж, үлдэгдэл төлбөрөө төлөх талаар ямар нэгэн бодитой үйлдэл хийхгүй, манай байгууллагыг хохироосоор байсан тул арга буюу манай зүгээс Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.3, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3, 8 дугаар зүйлийн 8.8-д заасныг тус тус үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр тус гэрээг дуусгавар болгосон байдаг.

Иймд Б.Д-аас Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,732,320 төгрөг, алданги 208.490 төгрөг, нийт 2,940,810 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр надтай хийсэн хэлцэл нь анхнаасаа хууль зөрчин тулган хийсэн. Надаас урьдчилан ямар ч санал аваагүй бэлэн гэрээнд гарын үсэг зуруулсан. Гарын үсэг зурмагц гэрээнд заагдаагүй олон зүйлийн нэмэлт нөхцлүүд дурдан анхнаасаа л гэрээ хууль зөрчин хийгдсэн.

Гэрээт хугацаанд хууль бус нэмэлт шаардлага олон удаа гарган, алданги, төлбөр хураамж аваад байсан тул гэрээ хийгдснээс хойш 2 сар өнгөрөөд байхад Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ-г Улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан тул бид хууль бус гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй талаар А ХХК-ийн захирал М.Б-д биечлэн 2 удаа шаардсан боловч тэд манай саналыг хүлээн аваагүй, татвараас нуугдан хууль зөрчиж байсан тул бид түрээсийн төлбөрөө 2020 оны 02 дугаар сарын 13-аас эхлэн зогсоосон.

Үүнээс болж биднээс гэрээний үүрэгт 2,940,810 төгрөгийг нэхэмжилсэн тул үүнтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлийг гаргасан болно.

Иймд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Т ХХК болон иргэн Б.Д нарын хооронд хийсэн үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлээр Т ХХК-д тушаасан 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Д-д холбогдох Иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Иргэний хуулийн 56.5-д заасны дагуу Т ХХК-с 5.500.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Бидний зүгээс тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Тус Т ХХК-ийн Алтан төгрөг худалдааны төвд байрлах барилгыг бүхэлд нь Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг бөгөөд тус дэлгүүр 3590 м2 талбайтай болно. Харин тухайн үл хөдлөх хөрөнгийн дотор байх үйлчилгээний талбай нь уул барилгын тодорхой нэг хэсэг нь юм. Өөрөөр хэлбэл, энэ талбайг тусгайлан улсын бүртгэлд бүртгүүлсэн улсын бүртгэл байхгүй, Алтантөгрөг гэх барилгыг бүхэлд нь Улсын бүртгэлд бүртгүүлсэн тул барилгын тодорхой нэг хэсэг буюу талбайг заавал бүртгүүлэх шаардлагагүй юм.

2. Мөн ийнхүү барилгын талбайг хэсэгчлэн хөлслүүлж байгаа тохиолдолд иргэд, байгууллага гэрээгээ Түрээсийн гэж нэрлэж байгаа хэдий ч гэрээний агуулга нь Эд хөрөнгө хөлслөх гэрээ байдаг. Иймд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр угаас хүчин төгөлдөр байх гэрээний үүргийг биелүүлэхгүй, хүчин төгөлдөр бус гэж байгаа явдал нь хууль болон бодит байдал, шударга ёсны хэм хэмжээнд нийцэхгүй байна.

Нэгд, гэрээг нэрээр нь бус агуулгаар нь тайлбарладаг /Иргэний хуулийн 198 дугаар зүйл/ хоёрт, шүүхийн практик ч дээрх чиглэлээр явж байгаа. Гуравт, Эд хөрөнгө хөлслөх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага байдаггүй.

Тиймээс бидний зүгээс талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага байгаагүй, мөн Б.Д-ын зүгээс ч тийм шаардлага болон гэрээг дуусгах талаар мэдэгдэж байсан удаа байхгүй.

Тус гэрээг манай зүгээс хугацаанаас нь өмнө цуцлах санал гарган цуцалсан байдаг. Мөн бид бэлэн гэрээнд гарын үсэг зуруулаагүй, гэрээ байгуулах бүрэн чадвар чадамжтай хүнийг бид тулган гэрээ хийлгэх ямар ч боломжгүй, бидэнд тийм шаардлага ч байхгүй гэдэг нь тодорхой харагдаж байна.

Мөн манай зүгээс төлөх ёстой татвар хураамжаа бүгдийг нь төлдөг бөгөөд түрээслэгч Д түрээсийн төлбөрөө өгөхгүй бидэнд хохиролтой байсан ч бид татвараа төлсөөр ирсэн, түүнчлэн Д-аас бид авах ёстой талбай ашигласны мөнгийг сар бүр нэхэмжилдэг бөгөөд ямар нэгэн нэмэлт нөхцөлөөр илүү төлбөр нэхэж байсан удаагүй байхад худал зүйлсийг сөрөг нэхэмжлэл дээрээ бичсэн байна.

Гагцхүү тус гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бусад тооцуулан, ямар үндэслэлээр, яаж гаргаж ирсэн нь тодорхойгүй 5.500.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилж байгаа явдал нь Б.Д-ыг бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих мөн гэрээ болон хуульд заасан үүрэг, хариуцлагаас зугатах боломжийг хайж байна гэж үзэхээр байна.

Иймд иргэн Б.Д-тай 2019 онд байгуулсан гэрээ нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээ байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Дд холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,940,810 төгрөг гаргуулах тухай, Б.Д нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлээр Т ХХК-д төлсөн 5,500,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талууд 2019 оны 8 дугаар сарын 27-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Алтан төгрөг үйлчилгээний төвийн 2 давхрын худалдааны зааланд байрлах талбайг Эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцасны худалдаа үйлчилгээний зориулалтаар 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай, нэг сарын 902,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1заасан түрээсийн гэрээний харилцаа байх ба 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний зүйл болох Алтан төгрөг үйлчилгээний төвийн 2-7 дугаар талбайг буюу гэрээний зүйлийг нэхэмжлэлд дурдсан хугацаанд ашигласан эсэх талаар зохигч маргаагүй, харин дээрх гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний дагуу төлөгдөх төлбөрийн талаар маргаж байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрийг үүрэгтэй байна.

Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д ...үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ., 318.4-д Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

Хариуцагч тал Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ-г Улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээ-ний зүйл нь бие даасан үл хөдлөх хөрөнгө бус, харин түүний 1 хэсэг болох Алтан төгрөг үйлчилгээний төвийн 2 давхрын худалдааны зааланд байрлах 2-7 дугаар талбай байх тул үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдэх, ийнхүү бүртгүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байх талаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан зохицуулалт талуудын хооронд үүссэн дээрх харилцаанд хамаарахгүй юм.

Иймд шүүх талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэв.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ түрээслэгч, түрээслүүлэгч биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн санаачилгаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дээрх гэрээ цуцлагдаж, түрээсийн зүйлийг мөн оны 4 дүгээр сарын 01-ний өдөр буцаан хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Талууд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг тооцохоор тохиролцсон хугацаанаас түрээсийн төлбөрийг тооцож үзэхэд 2019 оны 09 дүгээр сарын 01-ээс 2020 оны 04 дүгээр сарын 01-ийг дуустал хугацааны түрээсийн төлбөр 6,314,000 төгрөг болж байна.

Хариуцагч Б.Д нь түрээсийн төлбөрт 2,752,350 төгрөг төлсөн, мөн барьцаа 900,000 төгрөгийг оруулан тооцоход нийт 3,652,350 төгрөг төлсөн болох нь талуудын маргаагүй тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

Иймд хариуцагч Б.Д нь түрээсийн төлбөрт 2,688,650 /6,314,000-3,625,350/ төгрөг төлөх үүрэгтэй байна.

Талууд гэрээний 3.6 дахь заалтаар төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.5%-ийн алданги тооцно гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан анзын гэрээг бичгээр хийх, алдангийн хэмжээ хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-аас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хариуцагч нь түрээсийн төлбөр болох 2,688,650 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 01ий өдөр төлж барагдуулах талаар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч тохирсон хэмжээгээр хэтэрсэн хугацааны алданги шаардах эрхтэй. Гэрээ дуусгавар болсон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 56 хоног байх бөгөөд гэрээнд заасны дагуу алдангийг тооцож үзэхэд 752,822 төгрөг /2,688,650/0,5х56/, нийт 4,405,172 /2,688,650+752,822/ төгрөг болох боловч нэхэмжлэгч нийт 2,940,810 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хариуцагч Б.Д нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэгт цугларсан баримтуудаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох үндэслэл тогтоогдоогүй.

Нөгөө талаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээний төлбөрт 2,940,810 төгрөгийг хариуцагч Б.Д-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Д-аас 2,940,810 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т заасан үндэслэлгүй тул 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 5,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,450 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 62,010 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ЭНХЦЭЦЭГ