Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2181

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02305 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн  хариуцагч Дд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 2 940 810 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар 5 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.М,

Хариуцагч: Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр иргэн Дтай 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “Т” ХХК-ийн өөрийн эзэмшлийн Алтан төгрөг үйлчилгээний төвийн нэг хэсэг болох 2 давхрыг худалдааны зориулалтаар түрээсийн төлбөр 902 000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т заасны дагуу нэг сарын түрээсийн төлбөрт цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, газрын төлбөр, хог хаягдлын хураамж, цэвэрлэгээ, харуул хамгаалалт, гал, хулгайн дохиоллын системээр үйлчилгээний төлбөр, НӨАТ 10 хувийн төлбөрүүд багтсан. Д нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг болон гэрээний 3.5-д заасны дагуу түрээсийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Хариуцагч түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй явсаар 2 давхрын талбайг ашигласны төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 2 732 320 төгрөг болон гэрээний 3.6-т заасны дагуу алданги 208 490 төгрөг, нийт 2 940 810 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөхгүй, манай байгууллагыг хохироосоор байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу түрээсийн төлбөр, өмнөх сарын үлдэгдэл төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч төлөөгүй учраас 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр тус гэрээг дуусгавар болгосон. Иймд Даас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 732 320 төгрөг, алданги 208 490 төгрөг, нийт 2 940 810 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тус “Т”ХХК-ийн Алтан төгрөг худалдааны төвд байрлах барилгыг бүхэлд нь Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг бөгөөд тус дэлгүүр 3590 м.кв талбайтай болно. Харин тухайн үл хөдлөх хөрөнгийн дотор байх үйлчилгээний талбай нь уг барилгын тодорхой нэг хэсэг нь юм. Өөрөөр хэлбэл, энэ талбайг тусгайлан улсын бүртгэлд бүртгүүлсэн улсын бүртгэл байхгүй, Алтан төгрөг гэх барилгыг бүхэлд нь Улсын бүртгэлд бүртгүүлсэн тул барилгын тодорхой нэг хэсэг буюу талбайг заавал бүртгүүлэх шаардлагагүй юм. Иймд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр угаас хүчин төгөлдөр байх гэрээний үүргийг биелүүлэхгүй, хүчин төгөлдөр бус гэж байгаа явдал нь хууль болон бодит байдал, шударга ёсны хэм хэмжээнд нийцэхгүй байна. Нэгд, гэрээг нэрээр нь бус агуулгаар нь тайлбарладаг. Түрээсийн гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага байгаагүй. Тус гэрээг манай зүгээс хугацаанаас нь өмнө цуцлах санал гарган цуцалсан байдаг. Мөн бид бэлэн гэрээнд гарын үсэг зуруулаагүй, гэрээ байгуулах бүрэн чадвар чадамжтай хүнийг бид тулган гэрээ хийлгэх ямар ч боломжгүй, бидэнд тийм шаардлага ч байхгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Дыг бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих мөн гэрээ болон хуульд заасан үүрэг, хариуцлагаас зугтах боломжийг хайж байна гэж үзэхээр байна. Иймд иргэн Дтай 2019 онд байгуулсан гэрээ нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээ байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр надтай хийсэн хэлцэл нь анхнаасаа хууль зөрчин тулган хийсэн. Надаас урьдчилан ямар ч санал аваагүй бэлэн гэрээнд гарын үсэг зуруулсан. Гарын үсэг зурмагц гэрээнд заагдаагүй олон зүйлийн нэмэлт нөхцлүүд дурдан анхнаасаа л гэрээ хууль зөрчин хийгдсэн. Гэрээт хугацаанд хууль бус нэмэлт шаардлага олон удаа гарган, алданги, төлбөр хураамж аваад байсан тул гэрээ хийгдснээс хойш 2 сар өнгөрөөд байхад Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ-г Улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан тул бид хууль бус гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй талаар “А”ХХК-ийн захирал М.Батсайханд биечлэн 2 удаа шаардсан боловч тэд манай саналыг хүлээн аваагүй, татвараас нуугдан хууль зөрчиж байсан тул бид түрээсийн төлбөрөө 2020 оны 02 дугаар сарын 13-аас эхлэн зогсоосон. Үүнээс болж биднээс гэрээний үүрэгт 2 940 810 төгрөгийг нэхэмжилсэн тул үүнтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлийг гаргасан болно. Иймд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Т” ХХК болон иргэн Д нарын хооронд хийсэн үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлээр “Т” ХХК-д тушаасан 5 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Даас 2 940 810 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар 5 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 450 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 62 010 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг үл ойшоон хангахгүй орхиж, шүүх хуралд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан мэтгэлцсэн үг өгүүлбэрийг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдалгүй хасч нотолгооны баримт болгон мэтгэлцсэн, хуулийн үндэслэлүүд тухайлбал Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4 дэх хэсэгт заалтуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ буюу “Алтан төгрөг” 3-н давхар дэлгүүрийн 2-р давхрыг түрээслэсэн гэрээг орон сууц хөслөх гэрээ мэтээр тайлбарласныг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль болон Мөнгө угаах терроризмтай тэмцэх тухай хуулийн зүйл заалттай холбон няцааж “үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг” Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан гэж мэтгэлцсэнийг зориуд хасаж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулав.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ мөн байна гэж дүгнэчихээд яагаад тухайн дэлгүүрийн 2-р давхрын түрээслэсэн түрээсийн гэрээ нь байсаар байхад талууд энэ гэрээгээ Үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртүүлсэн эсэх талаар маргаж нэхэмжлэгч “Орон сууц хөлслөх гэрээ тул” Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж нэхэмжлэлээ дэмжин маргаж хариуцагч үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх, түрээсийн гэрээ... Иргэний хуулийн 56.1.1, 56.5, 318.3, 318.4 дэх хэсэг болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн байна. Алтан төгрөг 3-н давхар байшинг бүхэлд нь улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан явдалтай өнөөдрийн шүүхээр маргаж буй хэрэг хамаарал багатай харин үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлийн бүртгэгдсэн тухай объектын 2-р давхрын түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заалтыг зөрчсөн тул гэрээ хүчин төгөлдөр бус байна. Энэ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж маргасан. Мөн шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт... Нөгөө талаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ... гэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гаргаснаа зөвтгөх гэсэн оролдлого байна. Хэдийгээр нэхэмжлэгч гэрээгээ орон сууц хөлслөх гэрээ гэж тайлбарлаж шүүх нэхэмжлэгч Алтан төгрөг 3-н давхар дэлгүүрийн 2-р давхрын түрээслэснийг тухайн объектын зөвхөн нэг хэсэг гэж үзсэн ч гэсэн талууд үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай, шаардлагагүй гэж тодорхой нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцэн үүнийгээ баталгаажуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нотолгоог холбогдох байгууллагаас гаргуулах хүсэлт гаргасан ч хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй тул дээрх нотлох баримт хангалттай цуглуулж чадаагүй гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож цаашид шүүхээс гарах шийдвэр үндэслэл бүхий болгохын тулд шүүх хурлын тэмдэглэл, хурлын бичлэг зэрэг нотолгооны бусад зүйлд үндэслэн шүүхийн шийдвэр үндэслэлд хариуцагчийн гаргасан үндэслэл татгалзлын утга агуулагыг зориуд хассаныг тогтоож шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Т”ХХК нь хариуцагч Дд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 2 940 810 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар 5 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Хэргийн 50 дугаар тал дах баримтаар нэхэмжлэгч “Т”ХХК нь Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Энэбишийн өргөн чөлөөний гудамж дах 44/5 хаягт байршилтай 3 590 м.кв талбай бүхий Худалдаа үйлчилгээний барилга зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.

 

“Т”ХХК, Д нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Дын нэхэмжлэгчийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “А” үйлчилгээний төвийн 2 давхарын худалдааны зааланд байрлах талбайн нэг хэсгийг “Эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцасны худалдаа” үйлчилгээний зориулалтаар 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай түрээслэх, түрээсийн нэг сарын 902 000 төгрөгийн төлбөрийг түрээслүүлэгчид төлөх үүргийг хүлээжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь хуулиар тогтоосон шаардлагыг зөрчөөгүй, гэрээний талууд хэн аль нь хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх ба түрээсийн гэрээний үүргийг хэн аль нь биелүүлэх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн зүйлийг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлэн өгч, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр цуцалж, түрээсийн зүйлийг нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаан авсан, хариуцагчийн 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөрт 6 314 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөс 2 752 350 төгрөг төлсөн, барьцаанд 900 000 төгрөг байршуулсан талаар талуудын хэн аль маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчийг түрээсийн төлбөрт 3 652 350 төгрөг төлсөнд тооцож түрээсийн төлбөр 6 314 000 төгрөгөөс хасч нэхэмжлэгчид 2 688 650 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Талууд түрээсийн гэрээгээр түрээслэгч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүлйийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Нэхэмжлэгчид хариуцагч нь түрээсийн төлбөр 2 688 650 төгрөгийг хугацаандаа төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үүрэг зөрчсөн буруутай тул шүүх түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээсийн төлбөр, алдангийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж, алдангид нэхэмжилсэн 208 490 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй болно. Учир нь түрээсийн гэрээний зүйл нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бус харин түүний нэг хэсэг байх тул үл хөдлөх эд хөрөнгийн түрэээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02305 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА                                                                          

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ