Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2022/00752

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2022/00752

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Үйлдвэр ХД, 58Б байр 13 тоотод оршин суух Мэндсайхан овогтой Ариус /РД:УШ89122050/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, 10-45 тоотод түр оршин суух Жадик баян овогтой Кулмесханы Серикжан /РД:БЭ86041859/-д холбогдох

орон сууц хөлслөх гэрээний төлбөр болон ашиглалтын зардал 13,500,000 төгрөг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндсайхан, хариуцагч К.Серикжан, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон:

 

М.Ариус миний аавын төрсөн эгч М.Ариунаагийн хүсэж зөвшөөрснөөр түүний эзэмшлийн Улсын Бүртгэлийн дугаар Ү-2203019306 бүхий СБД 7-р хороо, 11-р хороолол, 10-45 тоот 3 өрөө орон сууцыг Кулмесханы Серикжантай 2020 оны 8 сарын 25ны өдөр нэг жилийн хугацаатай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан.

Үүнээс өмнө К. Серикжаны ээж болох С.Бейнегүл гэгчтэй тохирч 2019 оноос дээр дурьдсан байрыг хөлслүүлж байгаад улмаар 2020 оны 8 сарын 25-ны өдөр түүний хүү болох К.Серикжаны нэр дээр гэрээ хийсэн.

Гэрээний хугацаанд түрээслэгч К.Серикжан нь түрээсийн гэрээний 2.2 заалтыг зөрчин түрээс болон орон сууц ашиглалтын төлбөрүүдээ төлөөгүйн улмаас их хэмжээний өр хохирол үүсгэсэн. Энэ байдлыг шийдвэрлэхийн тулд орон сууцны түрээс, ус, дулаан, цахилгаан, СӨХ-ийн өр төлбөрийг К.Серикжанаар төлүүлж барагдуулах баталгааг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр үйлдэж гарын үсэг зуралцан баталгаажуулсан. К.Серикжан нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний дотор 9,000,000 төгрөг төлсөн байхаар тохиролцож баталгаажуулсан боловч зөвхөн 2,200,000 төгрөг төлсөн.

Гэрээний хугацаа дуусч цаашид гэрээг сунгах боломжгүй болсныг түрээслэгч талд мэдэгдэж үүсгэсэн өр хохирлоо төлж, байр чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч аль алиныг нь биелүүлээгүйгээс гадна шаардлага тавих бүхэнд хэл амаар доромжилж, харааж зүхэж хутга мэс хүртэл үзүүлж эсэргүүцдэг болсон.

Дээр нь үл таних хүмүүсийг хөлсөлж буй орон сууцанд байнга байлгаж байгаа нь удаа дараа анзаарагдсан тул тэдгээр хүмүүстэй уулзаж учир байдлыг тодруулахад гэрээний 3.2.5 хэсэгт заасан заалтыг зөрчин давхар хөлсөлж байгаа нь тодорхой болсон. Тэдний хэлсэнээр орон сууцны хоёр жижиг өрөөг Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 6 хүн 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 7 дугаар сар дуустал 10 сарын хугацаатай нэг хүний сарын 100,000 төгрөгөөр тооцож нийт 6,000,000 төгрөг К.Серикжанд төлсөн авсан тул байрнаас гарах боломжгүй гэж мэдэгдсэн.

Иймд К.Серикжанаас учруулсан хохирлын үлдэгдэл болох 6,800,000 төгрөг, 2021 оны ,8 дугаар сараас 11 дүгээр сарыг дуусталх түрээсийн төлбөр 2,999,960 төгрөг, бусад бичиг баримтын зардал 200,040 төгрөг, нийт 10,000,000 /арван сая/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөг, орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулан өгч орон сууцнаас албадан гаргаж чөлөөлүүлж өгнө үү, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 12 дугаар сараас 2022 оны 1 сараас 4 сарыг дуустал түрээсийн төлбөр сарын 700,000 төгрөгөөр бодож 3,500,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 13,500,000 төгрөгийг нэхэмжилж байна, мөн хариуцагчийг байрнаас албадан гаргаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

М.Ариус нь 2019 оны 08 дугаар сараас эхлээд манай ээжтэй гэрээ байгуулсан. Би нэхэмжилж байгаа 13,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй 6,750,000 төгрөгийг М.Ариусын данс руу шилжүүлж байсан, одоо нэхэмжлэлийн шаардлагаас 6,150,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би байрнаас нүүхэд болно.

Талуудын хооронд тохиролцоо бий болж орон сууцанд амьдарч үнийн дүнгээ тодорхой хэмжээгээр тохироод явж байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчид тодорхой хэмжээний мөнгийг төлсөн. Нэхэмжлэгчийн 13,500,000 төгрөг үндэслэлгүй. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 7 сарын мөнгийг 700,000 төгрөгөөр тооцвол 4,900,000 төгрөг, өмнөх 8,000,000 төгрөгийг нэмбэл нийт 12,900,000 төгрөг болж байгаа юм. Үүнээс хариуцагч 7,150,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч 5 сая төгрөгийн үлдэгдэлтэй харагдаж байна. Бусад гарсан зардлыг нэмбэл хариуцагч 6,500,000 гаруй орчим төгрөгийг л төлөх үндэслэлтэй гэв

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, М.Ариусын ХААН банкны дансны хуулга, мэдэгдэл, К. Серикжаны баталгаа гаргах нь бичиг, төлбөрийн нэхэмжлэх, ашиглалтын зардал төлсөн баримт,

4. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: өмгөөлөгчөөр Ц.Энхбаярыг оролцуулах хүсэлт зэрэг баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М.Ариус нь хариуцагч К.Серикжанд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний төлбөр 2,999,960 төгрөг, бичиг баримтын зардал 200,040 төгрөг, учруулсан хохирол 6,800,000 төгрөг, нийт 10,000,000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц хөлслөх гэрээний үүргийн төлбөрөө 2022 оны 12 дугаар сараас 2022 оны 1 сараас 4 сарыг дуустал сарын 700,000 төгрөгөөр бодож 3,500,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 13,500,000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

3. Хариуцагч К.Серикжан нь орон сууцыг чөлөөлж өгнө гэхдээ 13,500,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, одоо 6,150,000 төгрөг л төлнө гэж маргасан.

4. М.Ариунаа нь М.Мэндсайханд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Шинэ Зеланд улсын Палмерстон Норд хотын консулын газрын Итгэмжлэл-ээр Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11 хороолол, 10 дугаар байр 45 тоот орон сууцтай холбоотой бусдаас түрээсийн төлбөр авах, орон сууцны ашиглалтын зардал гаргуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдэд нэхэмжлэл гаргах... зэрэг эрхийг 3 жилийн хугацаатай олгосон. /х.х-ийн 10 хуу/

5. М.Ариус нь М.Мэндсайханд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээхээр 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгожээ. /х.х-ийн 4 хуу/

6. М.Ариунаа нь М.Ариусад 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Шинэ Зеланд улсын Палмерстон Норд хотын консулын газрын Итгэмжлэл-ээр Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11 хороолол, 10-р байр 45 тоот, 40 мкв, 3 өрөө орон сууцыг бусдад хөлслүүлэх, төлбөр тооцоо бодох, хүлээн авах, төлөөлж гэрээ хэлцэл хийх, гарын үсэг зурах эрхийг 1,5 жилийн хугацаатай олгосон байна./х.х-ийн 13 хуу/

7. Нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ-г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон энэ талаар хариуцагч маргаагүй. /х.х-ийн 6,7 хуу/

8. Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11 хороолол, 10-р байр 45 тоот, 40 мкв, 3 өрөө улсын бүртгэлийн Ү-2203019306 дугаартай орон сууцны өмчлөгч нь М.Ариунаа болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдоно./х.х-ийн 15 хуу/

9. Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11 хороолол, 10-р байр 45 тоот, 40 мкв, 3 өрөө орон сууцыг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ-гээр 2020 оны 08 дугаар арын 25-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар, нэг сарын 700,000 төгрөг байх, 6,7 сард 500,000 төгрөгөөр тооцож, нийт 8,000,000 төгрөгөөр хөлслөхөөр тохирч, хөлслөгч К.Серикжан, хөлслүүлэгч М.Ариус нар гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсон.

Орон сууц хөлслөх гэрээ хийх эрх олгосон итгэмжлэлийг М.Ариунаа 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Шинэ Зеланд улсын Палмерстон Норд хотын консулын газраар дамжуулан олгосон боловч Орон сууц хөлслөх гэрээг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр М.Ариус К.Серикжан нар нь бичгээр хийсэн. К.Серикжаны ээж болох С.Бейнегүль нь дээрхи орон сууцыг 2019 оноос хойш хөлслөн амьдарч байсан нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

Хариуцагч К.Серикжан нь дээрхи орон сууцанд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс одоог хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, К.Серикжан нь орон сууцыг суллаж өгөхөд татгалзахгүй харин 13,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй, одоо 6 сая гаруй төгрөг л төлөх ёстой гэж маргасан.

М.Ариусын ХААН банкны 5163366973 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаар К.Серикжан нь 13 удаагийн мөнгөн шилжүүлгээр нийт 7,050,000 төгрөгийг түрээс Сэкү гэсэн утгаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11 хороолол, 10-р байр 45 тоот, 40 мкв, 3 өрөө орон сууцанд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 5 сар хүртэлхи хугацаанд орон сууц хөлслөх гэрээний үүргийн төлбөрт /16 сар 15 хоног*700,000 төгрөг=11,549,500 төгрөг, 6,7 сарын 1,000,000 төгрөг/ нийт 12,549,500 төгрөг төлөхөөс хариуцагч К.Серикжан нь 7,050,000 төгрөг төлсөн тул /12,549,500-7,050,000=5,499,500/ хасаж тооцон 5,499,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдэв.

10. К.Серикжан нь дээрхи орон сууцанд амьдрах хугацаандаа орон сууц ашиглалтын зардал болон орон сууцны дундын өмчлөлийн төлбөр төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч нь Харш-10 Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 508,200 төгрөг, орон сууц ашиглалтын зардалд 802,700 төгрөг, нийт 1,310,900 төгрөг төлсөн болох нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын нэхэмжлэх, Капитрон банкны баримт, Төрийн банкны баримтуудаар нотлогдсон тул хариуцагч К.Серикжанаас СӨХ болон ашиглалтын зардалд 1,310,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.

Иймд хариуцагч К.Серикжанаас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 5,499,500 төгрөг, орон сууц ашиглалт болон СӨХ-ийн төлбөрт 1,310,900 төгрөг, нийт 6,810,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ариусад олгож шийдэв.

Хариуцагч К.Серикжан нь Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11 хороолол, 10-р байр 45 тоот, 40 мкв, 3 өрөө орон сууцыг суллан чөлөөлж өгөхийг зөвшөөрснийг дурдах нь зүйтэй байна.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1,7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 316,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 123,916 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн тул улсын тэмдэгтийн хураамжийг /70,200:2=35100/ хуваан хариуцуулахаар шийдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч К.Серикжанаас 6,810,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ариусад олгож, 6,689,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ариусын Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11 хороолол, 10-р байр 45 тоот, 40 мкв, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч К.Серикжан хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ариусын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 316,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Серикжанаас 159,016 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ариусад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ