Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2020/02153

 

 

 

 

 

 

2020оны 08сарын 27дөр

 

181/ШШ2020/02153

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Л.Д /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  НШт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00141 дугаар захирамжаар Л.Д миний бие Ж.Алтансувдад 12,790,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцон эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон захирамжилсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Л.Д миний эзэмшлийн 35-88 УБП улсын дугаартай 2000 онд үйлдвэрлэсэн, 2006 онд Монгол Улсад орж ирсэн, цэнхэр өнгийн, бага оврын ачааны Киа бонго фронтиер /Kia bongo frontier/ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх, хураах, үнэлэх зэрэг ажиллагааг явуулсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гүйцэтгээгүй. Тодруулбал: 2017 оны 11 сарын 14-ний өдөр 157/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, захиран зарцуулах эрх болон нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг хориглон, тээврийн хэрэгслийг хураан авч явсан. 2018 оны 03 сарын 30-ны өдөр 157/01 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж, гарын үсэг зуруулан авсан. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэлд хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоож 6,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 4/8400 дугаар мэдэгдлээр үнэлгээг мэдэгдсэн. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас намайг дахин дуудан тээврийн хэрэгсэлд хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоосон хэмээж, улмаар үнэлгээг 5,650,000 төгрөгөөр үнэлсэн гэж хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь хэлсэн бөгөөд надад ямар нэгэн мэдэгдэл, тогтоол огт гардуулж өгөөгүй. Миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тээврийн хэрэгслийг 5,650,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр анх мэдсэн даруйдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу дээрх хугацааны дотор буюу 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/Ш32020/07660 дугаар захирамжаар ...хэн хэзээ ямар тогтоолоор хэнийг шинжээчээр томилсон болон уг шинжээч нь ямар эд хөрөнгийг хэрхэн үнэлсэн дүгнэлт гаргасныг тодорхой болгосны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж захирамжилсан. Шүүгчийн захирамжийг хүлээн авмагц миний бие 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр НШт хандан үнэлгээ тогтоосон мэдэгдэл, шинжээч томилсон тогтоол, шинжээчийн гаргасан дүгнэлт, үнэлгээ зэргийг яагаад гардуулж өгөхгүй байгааг тодруулах, ийм мэдэгдэл тогтоол дүгнэлт байдаг эсэх талаар мэдэх, танилцах, гардан авах эрхтэй бол танилцан улмаар гардан авах хүсэлтэй байгаа талаараа хэлж очиход Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 05 дугаар сарын 7-ны өдрийн 4/17161 дугаар тээврийн хэрэгслийг 5,650,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдэл, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/23 дугаар шинжээч томилох тухай тогтоолыг надад гардууллаа. Ингэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 06 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд надаас огт үнийн санал аваагүй, шинжээч томилох талаар мэдэгдээгүй, шинжээч томилох тухай тогтоол болон үнэлгээний талаарх мэдэгдлийг гардуулаагүй, шинжээчийн дүгнэлттэй танилцуулаагүй. Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний эзэмшлийн 35-88 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5,650,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зах зээлийн үнэ ханшаас доогуур үнэлсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл НШ тээврийн хэрэгслийг 2017 оны 11 сарын 14-ний өдөр битүүмжлэх тогтоол үйлдэхдээ хураан авч явсан, өөрийн байгууллагын хамгаалалтад 3 жил байлгасан, хураан авч явснаас хойш 3 жилийн дараа 5,650,000 төгрөгөөр шинжээч томилон үндэслэлгүй үнэлгээ тогтоосон. Мөн миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл өнөөдрийн зах зээлийн ханшаар 8,000,000-9,000,000 төгрөгийн үнэтэй, харин 2017 онд тээврийн хэрэгслийг хураан авч явах үед 10,000,000-12,000,000 төгрөгийн үнэ ханштай байсан. НШ тээврийн хэрэгслийг хураан авч, харуул хамгаалалтдаа авсан 2017 оны үеийн зах зээлийн үнэ ханшаас бага буюу 5,650,000 төгрөгөөр үнэлж, миний хөрөнгийг үнэгүйдүүлэн үндэслэлгүйгээр үнэлгээ тогтоосон. Түүнчлэн тээврийн хэрэгслийг өнөөгийн зах зээлийн үнэ ханшаас хэтэрхий доогуур үнэлж, бусад адил төрлийн тээврийн хэрэгслийн үнэ ханштай адилтгаж жишиж, харьцуулж үзэлгүй, зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэхгүйгээр тээврийн хэрэгслийн чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар миний саналыг харгалзан үзэлгүй үнэлсэн бөгөөд 2017 оноос хойш миний тээврийн хэрэгслийг надад огт харуулаагүй. Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг 5,650,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр анх мэдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7- д заасан хугацааны дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн шүүгчийн 181/Ш32020/07660 захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул дахин 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Л.Д миний эзэмшлийн УБП улсын дугаартай, бага оврын ачааны Киа бонго фронтиер /Kia bongo frontier/ маркийн тээврийн хэрэгслийг 5,650,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Дийн нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00141 дүгээр захирамжаар Л.Дээс 13,009,590 төгрөгийг гаргуулж Ж.Аптансувдад олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Л.Дт 2017 оны 01, 02, 2018 оны 01, 2020 оны 17280354/10 дугаар мэдэгдлүүдээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул төлбөр төлөгчийн эзэмшлийн хөрөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 157/01 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 17280354/09 дугаар хураах тогтоолоор хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 5,650,000 төгрөгөөр тогтоож, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 4/17161, 4/17160 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талуудад эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байсан боловч 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэл хүлээн авснаас хойш 32 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч НШт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/Ш2017/00141 дүгээр захирамж /хх-33,34 тал/-аар Л.Дээс 12,790,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 219,590 төгрөгийн хамт гаргуулж Ж.Алтансувдад олгож шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 181/ШЗ2017/03526 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх-31 тал/ гарч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 03 сарын 21-ний өдрийн 17280354 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-35 тал/-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь 2017 оны 03 сарын 29-ний өдөр Л.Дээс хөрөнгийн талаар мэдээлэл авч тэмдэглэл үйлдсэн /хх-36 тал/, улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 сарын 17-ны өдрийн 1/14548 дугаартай албан бичиг /хх-38 тал/-ээр арилжааны банкуудад хандан төлбөр төлөгчийн дансанд байгаа мөнгөн хөрөнгийн талаарх мэдээллийг авч, арилжааны банкуудад данс эзэмшдэг болон шинээр данс нээсэн тохиолдолд төлбөрийн дүнгээр дансны зарлагын гүйлгээг зогсоож, дансны хасалт хийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлэх талаар мэдэгдсэн байгаа нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан төлбөр төлөгч-иргэний мөнгөн болон бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулах журамд нийцсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 157/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-48 тал/-оор 3 УБП улсын дугаартай Киа бонго фронтиер /Kia bongo frontier/ маркын бага оврын ачааны тээврийн хэрэгслийг битүүмжилж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 17280354/09 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-59,60 тал/-оор хураасан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 4/16179, 4/16180 дугаартай мэдэгдлүүд /хх-66,67 тал/-ээр төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт битүүмжлэн хураасан тээврийн хэрэгслийн үнийг харилцан тохиролцож тогтоон ирүүлэх, харилцан тохиролцож тогтоогоогүй тохиолдолд үнэлгээчнээр зах зээлийн үнийг тогтоолгох талаар мэдэгдсэн байна.

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 5/23 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх-68 тал/-оор ******* трейд ХХК-ийг 3 УБП улсын дугаартай Киа бонго фронтиер /Kia bongo frontier/ маркын бага оврын ачааны тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр томилж, мөн өдөр шинжээчид эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулж, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулсан /хх-69-73 тал/ байна.

НШ дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

******* трейд ХХК нь 2020 оны 05 сарын 06-ны өдрийн огноо бүхий Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-75-97 тал/-гаар 3 УБП улсын дугаартай Киа бонго фронтиер /Kia bongo frontier/ маркын бага оврын ачааны тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 5,650,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг гаргасан байна.

Нэхэмжлэгч Л.Д нь үнэлгээний тайлантай 2020 оны 05 сарын 25-ны өдөр танилцсан болох нь ******* трейд ХХК-ийн 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 61/Ш дугаартай Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай албан бичиг /хх-76 тал/ дахь 2020 он 05 сар 25 Дэлгэр үзэж танилцав гэсэн гараар бичсэн тэмдэглэгээгээр тогтоогдож байна.

Л.Д нь хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг шүүхэд 2020 оны 05 сарын 25-ны өдөр гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 181/ШЗ2020/07660 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-15 тал/-аар хүлээн авахаас татгалзсан, улмаар нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилган шүүхэд нэхэмжлэлийг 2020 оны 06 сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан байх тул нэхэмжлэгч Л.Дийг хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтад заасан хугацааны дотор шүүхэд гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэж маргаж байх боловч тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул тээврийн хэрэгслийн үнэлгээ зах зээлийн ханшаас доогуур үнэлэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ тээврийн хэрэгслийг өмнө нь 2018 оны 05 сарын 15-ны өдөр шинжээч томилон үнэлгээ тогтоолгож байсан бөгөөд тэр үед 6,000,000 төгрөгөөр үнэлж байсан боловч 2020 оны 05 сарын 25-ны өдөр дахин дуудан тээврийн хэрэгсэлд дахин үнэлгээ тогтоосон хэмээн 5,650,000 төгрөгөөр үнэлсэн гэж мэдэгдсэн гэх тайлбарыг гаргасан бөгөөд энэ талаар хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тодруулахад өмнө нь хураах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй байсан тул өмнө гарсан эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож, эд хөрөнгө хураах ажиллагааг дахин явуулж, шинжээч томилон үнэлгээ тогтоолгосон гэсэн тайлбарыг гаргасан.

Дээрх үйл баримтын талаар нэхэмжлэгч маргахгүй байх боловч 2020 оны 04 сарын 09-ний өдөр эд хөрөнгө хураах ажиллагаа явуулахдаа хөдлөнгийн гэрч бодитойгоор оролцуулсан эсэх нь эргэлзээтэй гэсэн тайлбарыг гаргаж, хөндлөнгийн гэрчээр оролцсон гэх 2 этгээдийг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан эд хөрөнгө хураах тухай тогтоолд хөндлөнгийн гэрчээр А.Алийма, К.Раушанкүл нар оролцсон талаар тэмдэглэж тухайн этгээдүүд гарын үсэг зурсан, нөгөө талаар уг ажиллагааны талаар нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлж байгаагүй, тухайн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан эд хөрөнгө хураах ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрч бодитойгоор оролцуулсан эсэх нь эргэлзээтэй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.Дийн хариуцагч НШт холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Л.Дийн хариуцагч НШт холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 181/ШЗ2020/08566 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР