Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2083

 

 

 

 

 

 

 

 

 

Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02153 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д-ийн хариуцагч НШШГГ холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00141 дугаар захирамжаар Д миний бие Аад 12 790 000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцон эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон захирамжилсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д миний эзэмшлийн 35-88 УБП улсын дугаартай 2000 онд үйлдвэрлэсэн, 2006 онд Монгол Улсад орж ирсэн, цэнхэр өнгийн, бага оврын ачааны Киа бонго фронтиер /Kia bongo frontier/ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх, хураах, үнэлэх зэрэг ажиллагааг явуулсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гүйцэтгээгүй. Тодруулбал, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 157/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, захиран зарцуулах эрх болон нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг хориглон, тээврийн хэрэгслийг хураан авч явсан. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 157/01 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж, гарын үсэг зуруулан авсан. 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэлд хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоож 6 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 4/8400 дугаар мэдэгдлээр үнэлгээг мэдэгдсэн. Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас намайг дахин дуудан тээврийн хэрэгсэлд хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоосон хэмээж, улмаар үнэлгээг 5 650 000 төгрөгөөр үнэлсэн гэж хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь хэлсэн бөгөөд надад ямар нэгэн мэдэгдэл, тогтоол огт гардуулж өгөөгүй. Миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тээврийн хэрэгслийг 5 650 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр анх мэдсэн даруйдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу дээрх хугацааны дотор буюу 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 181/Ш32020/07660 дугаар захирамжаар ...хэн хэзээ ямар тогтоолоор хэнийг шинжээчээр томилсон болон уг шинжээч нь ямар эд хөрөнгийг хэрхэн үнэлсэн дүгнэлт гаргасныг тодорхой болгосны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж захирамжилсан. Шүүгчийн захирамжийг хүлээн авмагц миний бие 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр НШШГГ хандан үнэлгээ тогтоосон мэдэгдэл, шинжээч томилсон тогтоол, шинжээчийн гаргасан дүгнэлт, үнэлгээ зэргийг яагаад гардуулж өгөхгүй байгааг тодруулах, ийм мэдэгдэл тогтоол дүгнэлт байдаг эсэх талаар мэдэх, танилцах, гардан авах эрхтэй бол танилцан улмаар гардан авах хүсэлтэй байгаа талаараа хэлж очиход Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 4/17161 дугаар тээврийн хэрэгслийг 5,650,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдэл, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 5/23 дугаар шинжээч томилох тухай тогтоолыг надад гардууллаа. Ингэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд надаас огт үнийн санал аваагүй, шинжээч томилох талаар мэдэгдээгүй, шинжээч томилох тухай тогтоол болон үнэлгээний талаарх мэдэгдлийг гардуулаагүй, шинжээчийн дүгнэлттэй танилцуулаагүй. Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний эзэмшлийн 35-88 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5 650 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зах зээлийн үнэ ханшаас доогуур үнэлсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тээврийн хэрэгслийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжлэх тогтоол үйлдэхдээ хураан авч явсан, өөрийн байгууллагын хамгаалалтад 3 жил байлгасан, хураан авч явснаас хойш 3 жилийн дараа 5 650 000 төгрөгөөр шинжээч томилон үндэслэлгүй үнэлгээ тогтоосон. Мөн миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл өнөөдрийн зах зээлийн ханшаар 8 000 000-9 000 000 төгрөгийн үнэтэй, харин 2017 онд тээврийн хэрэгслийг хураан авч явах үед 10 000 000-12 000 000 төгрөгийн үнэ ханштай байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тээврийн хэрэгслийг хураан авч, харуул хамгаалалтдаа авсан 2017 оны үеийн зах зээлийн үнэ ханшаас бага буюу 5 650 000 төгрөгөөр үнэлж, миний хөрөнгийг үнэгүйдүүлэн үндэслэлгүйгээр үнэлгээ тогтоосон. Түүнчлэн тээврийн хэрэгслийг өнөөгийн зах зээлийн үнэ ханшаас хэтэрхий доогуур үнэлж, бусад адил төрлийн тээврийн хэрэгслийн үнэ ханштай адилтгаж жишиж, харьцуулж үзэлгүй, зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэхгүйгээр тээврийн хэрэгслийн чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар миний саналыг харгалзан үзэлгүй үнэлсэн бөгөөд 2017 оноос хойш миний тээврийн хэрэгслийг надад огт харуулаагүй. Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг 5 650 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр анх мэдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн шүүгчийн 181/Ш32020/07660 захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул дахин 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д миний эзэмшлийн 35-88 УБП улсын дугаартай, бага оврын ачааны Киа бонго фронтер маркийн тээврийн хэрэгслийг 5 650 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Д т 2017 оны 01, 02, 2018 оны 01, 2020 оны 17280354/10 дугаар мэдэгдлүүдээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул төлбөр төлөгчийн эзэмшлийн хөрөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 157/01 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 17280354/09 дугаар хураах тогтоолоор хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 5 650 000 төгрөгөөр тогтоож, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 4/17161, 4/17160 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талуудад эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байсан боловч 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэл хүлээн авснаас хойш 32 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д-ийн хариуцагч НШШГГ холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2020/08566 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч миний гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хүлээн аваагүй хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн ганцаараа үйлдсэн тэмдэглэлд надтай утсаар ярьж машиныг үнэлсэн үнэлгээг мэдэгдэн, 4/1761 дугаар мэдэгдлийн 1 хувийг нэхэмжлэгч миний гэрийн хаяг руу шууданд хүргүүлсэн тухай тэмдэглэсэн байдаг. Гэтэл миний бие машиныг үнэлсэн үнэлгээг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр анх танилцан, гардан авч, гарын үсэг зурсан, шуудангаар ямар нэгэн мэдэгдэл хүлээн аваагүй, харин 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр НШШГГ хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ийм учраас хариуцагч талын хариу тайлбар болон шүүхэд гарган өгсөн нотлох баримтыг үгүйсгэх зорилгоор шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг дотроос шуудангаар буцаан илгээгдсэн тэмдэглэгээ бүхий дугтуй, хавсралт бичгийг гаргуулах тухай хүсэлт гаргасан. Мөн хариуцагч тал 2017 оны 11 сарын 14-ний өдөр 157/01 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”, 2018 оны 3 сарын 30-ны өдөр 157/01 дугаар “Эд хөрөнгө хураах тухай” тогтоол тус тус үйлдэн нэхэмжлэгч миний эзэмшлийн 35-88 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч захиран зарцуулах эрх болон нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг хориглон, өөрийн авто гараашдаа байрлуулсан боловч хариу тайлбартаа 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 17280354/09 дугаар хураах тогтоолоор тээврийн хэрэгслийг дахин хураасан тухай бичиж нотлох баримтаар 17280354/09 дугаар хураах тогтоолыг хэрэгт гарган өгсөн. Миний бие хариуцагч талаас 2017 онд битүүмжлэх, 2018 онд хураах ажиллагааг явуулахад нь өөрийн биеэр ажиллагаанд оролцож, тогтоолуудад гарын үсгээ зурсан боловч 2020 онд явагдсан гэх хураах ажиллагаанд өөрийн биеэр огт оролцоогүй, энэ талаар мэдээгүй, хөндлөнгийн гэрчүүдийг хараагүй, тогтоол болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд гарын үсэг зураагүй, энэ талаар шүүхэд хэрэгт цугларсан нотлох баримттай танилцахдаа анх мэдсэн тул хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон гэж бичсэн байсан А.А, К.Р нарыг шүүхэд дуудан ирүүлж, гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 17280354/09 дугаар хураах тогтоолоор тээврийн хэрэгслийг хураасан хариуцагч талын ажиллагааг тодруулаагүй, тодруулах тухай гаргасан нэхэмжлэгч миний хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй байж шийдвэрийн үндэслэх нь хэсэгтээ “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 17280354/09 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол"-оор хураасан байна” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2, 38.6 зөрчсөн, нэхэмжлэгч миний хуульд заасан эрхийг эдлүүлээгүй гэж үзэж байна. Миний тээврийн хэрэгслийг хураасан гэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн, хууль зөрчиж хураасан хөрөнгөнд хариуцагч тал хууль зөрчин шинжээч томилсон бөгөөд хууль зөрчиж томилогдсон шинжээч үнэдэслэлгүй үнэлгээ тогтоосон учраас тодруулах, хэрэгт нотлох баримтыг шүүхийн журмаар цуглуулах шаардлагатай гэж үзсэн. Хүсэлтийг хангаж нэхэмжлэгч миний хуульд заасан эрхийг эдлүүлсэн бол миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хасуулах зэрэг хүсэлтийг гаргаж өөрийн эрх ашгаа хуульд заасны дагуу хамгаалж оролцох байсан.

Хариуцагч талын явуулсан ажиллагааг огт мэдээгүй учраас хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлж чадаагүй нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх шийдвэртээ “...нэхэмжлэгч тал хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлж байгаагүй, тухайн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан эд хөрөнгө хураах ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн гэрч бодитойгоор оролцуулсан эсэх нь эргэпзээтэй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч миний бие энэ талаар шүүхэд тайлбар гаргаагүй харин энэхүү нөхцөл байдлыг тодруулж, эрх ашгаа хамгаалах үүднээс шүүхэд холбогдох хүсэлтийг гаргасан боловч шүүх тайлбар гэж хүлээн авсан байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч талын дээрх хууль бусаар явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг огт мэдээгүй учраас хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлж чадаагүй нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Дээрх ажиллагааны дагуу хууль бусаар үнэлэгдсэн үнэлгээг эс зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг шүүх үнэлж үзээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д нь хариуцагч НШШГГ холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл зааж маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00141 дугаар захирамжаар Д, Л.Билгүүн нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 790 000 төгрөгийг гаргуулж Аад олгохоор шийдвэрлэжээ. /хх-11/

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр захирамжийг үндэслэж 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 00293 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 17280354 дугаар бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 157/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Д-ийн өмчлөлийн 3588 УБП улсын дугаартай Киа бонго фронтер маркийн бага оврын ачааны цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 17280354/09 дүгээр эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх хөдлөх эд хөрөнгийг хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул уг ажиллагааг хүчинтэй гэж үзнэ. /хх-48-55, 59-62 дахь тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/16179, 4/16180 тоот албан бичгүүдээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор дээрх эд хөрөнгийн үнийг тогтоох үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд, тэдгээр нь үнийн санал ирүүлээгүй байх тул хариуцагч байгууллага нь 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилжээ. /хх-66, 67, 68/

 

Шинжээчээр томилогдсон “М” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Олон улсын үнэлгээний стандартыг баримтлан зах зээлийн жишиг үнийн аргаар үнийг тодорхойлсон болох нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтийг зах зээлийн ханшнаас бага үнэлсэн, үнэлгээг хууль бус гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй болно.

 

Хариуцагч байгууллага нь дээрх үнэлгээний талаар 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 4/17161 дугаар албан бичгийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дт мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг хүлээн авч, тэмдэглэл хөтөлнө”, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “талууд үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгчид хариуцагч байгууллагын зүгээс үнэлгээний тайланг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн байх бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хугацаанд гомдол гаргасан гэж үзэх үндэслэлтэй. /хх-1-2, 101/

 

Нэхэмжлэгч нь 2020 онд эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцоогүй, эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон гэж бичсэн А, Р нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх хангаагүй, хууль зөрчиж хураасан эд хөрөнгөд шинжээч томилж хууль бус үнэлгээ хийлгэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Учир нь хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа эд хөрөнгө хураасан ажиллагаанд оролцуулсан хөндлөнгийн гэрчүүд нь хөрөнгийн үнэлгээг тогтооход шууд хамааралтай нотлох баримт бүрдүүлэх этгээд биш бөгөөд эд хөрөнгө хураасан ажиллагааны талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул шүүх гэрч асуулгах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар дав ж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                      ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ