Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2020/02137

 

 

 

 

 

 

 

 

 

2020оны 08сарын 25дөр

 

181/ШШ2020/02137

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Ө ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НМ ХХК /РД:/-д холбогдох,

 

120,546,481 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ө ХХК нь гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр 2009 онд байгуулагдсан бөгөөд улмаар мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэх үйл ажиллагааг явуулдаг. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд хариуцагч НМ ХХК-тай 2019 оноос хамтран ажиллаж ирсэн буюу 2020 оны 01 сарын 20-ны өдөр 20/01 дугаар Хамтран ажиллах гэрээг байгуулсан байна. Энэхүү гэрээний зорилго нь нэг талаас нэхэмжлэгч нь хариуцагчийн шаардлагын дагуу, хонь цуглуулж, махыг бэлтгэн нийлүүлэх ажлыг гэрээнд заасан хугацаанд, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарын шаардлагыг бүрэн хангасан, өөрийн үйлдвэрт нядлан, ангилж, хайрцаглан хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас хариуцагч нь экспортод гаргахад бэлэн болгож, стандарт шаардлагыг хангасан мах буюу бүтээгдэхүүний төлбөр тооцоог өөрийн дансаар дамжуулан нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэх, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулахад оршино. Талуудын хооронд ажил хэргийн итгэлцэл буй болсон, нэгэнт гэрээ байгуулагдсан тул дээрх гэрээ болон хариуцагчийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгч нь 2020 оны 01 сарын 06-ны өдрөөс эхлэн өөрийн хөрөнгөөр хонь худалдан авч 2020 оны 01 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 19,163.34 кг хонины махыг 5 ангилан тээвэрлэлт хийхэд бэлэн болгож, хариуцагчийн томилсон төлөөлөгчид хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарын шаардлагыг бүрэн хангасан, стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг холбогдох бичиг баримтын хамт актаар хүлээлгэн өгсөн атал хариуцагч нь одоог хүртэл төлбөр тооцоог бүрэн барагдуулахгүй байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж, түүний санхүүгийн байдлыг хүндрүүлж байгаа болно. Түүнчлэн нэхэмжлэгч нь нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг 2020 оны 01 сарын 20-ны өдөр 20/0101 болон 20/01/02 дугаар нэхэмжлэхээр тус тус нэхэмжилсэн төдийгүй дээр үүссэн төлбөр тооцоотой холбоотой асуудлыг гэрээнд заасны дагуу зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзсэн, улмаар 2020 оны 03 сарын 26-ны өдөр 01/74 дугаар мэдэгдлийг хүргүүлж шаардсан боловч үр дүнд хүрээгүй байна. Хариуцагч нь 2020 оны 03 сарын 26-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчид 2019 оны гэрээний үлдэгдэл төлбөр 10,638.13 ам.доллар, 2020 оны гэрээний үлдэгдэл төлбөр 28,155,36 ам.доллар, гүйцэтгээгүй төлбөрийн алданги 3,550 ам.доллар, нийт 43,343.49 ам.доллар буюу 120,546,481 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч НМ ХХК-аас 120,546,481 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар шүүх хуралдаан дээр тайлбар хийх болно. гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Ө ХХК нь хариуцагч НМ ХХК-д холбогдуулан 2019 оны гэрээний үлдэгдэл төлбөр 10,638.13 ам.доллар, 2020 оны гэрээний үлдэгдэл төлбөр 28,155.36 ам.доллар, гүйцэтгээгүй төлбөрийн алданги 3,550 ам.доллар, нийт 43,343.49 ам.доллар буюу 120,546,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар шүүх хуралдаан дээр тайлбар хийх болно гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалтад Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2020 оны 01 сарын 04-ний өдөр НМ ХХК болон Д.Ө ХХК нарын хооронд 20/01 дугаартай Хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээ /хх-5-8 тал/ байгуулагдаж, Д.Ө ХХК нь НМ ХХК-ийн шаардлагын дагуу хонь цуглуулж, махыг бэлтгэн нийлүүлэх, НМ ХХК нь махыг экспортод гаргахад бэлэн болгож, төлбөр тооцоог өөрийн дансаар дамжуулан Д.Ө ХХК-ийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээ нь Хамтран ажиллах гэрээ нэртэй байх боловч уг гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулаагүй, талуудын хамтын ажиллагааны үр дүнд ашиг алдагдал хуваарилах агуулгагүй, мөн гэрээнд НМ ХХК-ийг зуучлагч гэж нэрлэсэн байх боловч Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээний шинжийг агуулаагүй, зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх агуулгагүй байх ба харин Д.Ө ХХК нь НМ ХХК-ийн тавьсан шаардлагад нийцсэн мах бэлтгэн нийлүүлэх, НМ ХХК нь махны үнийг Д.Ө ХХК-д төлөх агуулгатай байх тул дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Д.Ө ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт болгож 2020 оны 01 сарын 04-ний өдрийн 20/01 дугаартай Хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээ, 2020 оны 01 сарын 20-ны өдрийн огноо бүхий 20/0101 дугаартай 10,638.13 ам.доллар нэхэмжилсэн нэхэмжлэх /хх-10 тал/, мөн өдрийн огноо бүхий 20/0102 дугаартай 46,300 ам.доллар нэхэмжилсэн нэхэмжлэх /хх-11 тал/, 2020 оны 03 сарын 26-ны өдрийн огноо бүхий 01/74 дугаартай НМ ХХК-д хандсан 2019 оны гэрээний үлдэгдэл төлбөр 10,638.13 ам.доллар, 2020 оны гэрээний үлдэгдэл төлбөр 28,155.36 ам.доллар, алданги 3,550 ам.доллар, нийт 43,343.49 ам.долларыг 2020 оны 03 сарын 30-ны дотор төлөхийг шаардсан агуулга бүхий албан бичиг /хх-12,13 тал/, Мах хүлээлцэх хуудас нэртэй баримтууд /хх-14,15 тал/, НМ ХХК-ийн 2020 оны 01 сарын 02 дугаартай Д.Ө ХХК-д хандсан 19,831.31 кг махны урьдчилгаа төлбөрт 30,000 ам.долларыг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийн тээвэрлэлтийн машинд махыг бүрэн ачуулж экспортод гаргахад бэлэн болсныг талууд харилцан хүлээн зөвшөөрснөөс хойш ажлын 3 хоногт шилжүүлэх болно гэсэн агуулга бүхий албан бичиг /хх-16 тал/, НМ ХХК-ийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 07 дугаартай Д.Ө ХХК-д хандсан Танай үйлдвэрт үйлдвэрлэсэн 5 ангилсан махыг Исламын бүгд найрамдах улсын иргэн манай компанийг төлөөлж ажиллахыг зөвшөөрч байна гэсэн агуулга бүхий албан бичиг /хх-17 тал/-ийг шүүхэд гаргаж өгсөн байна.

Дээрх баримтуудаас үзэхэд талуудын хооронд мах бэлтгэн нийлүүлэх харилцаа бодитой байсан бөгөөд Д.Ө ХХК нь 2019 онд нийт 20,031.3 кг махыг НМ ХХК-д бэлтгэн нийлүүлсэн болох нь хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан мах хүлээлцэх хуудсаар, 2020 онд нийт 19,163.34 кг махыг НМ ХХК-д бэлтгэн нийлүүлсэн болох нь хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан мах хүлээлцэх хуудсаар тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх баримтуудад НМ ХХК-ийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 07 дугаартай Д.Ө ХХК-д хандсан Танай үйлдвэрт үйлдвэрлэсэн 5 ангилсан махыг Исламын бүгд найрамдах улсын иргэн манай компанийг төлөөлж ажиллахыг зөвшөөрч байна гэсэн агуулга бүхий албан бичигт нэр дурдагдсан гадаад улсын иргэн гарын үсэг зурсан байна.

Иймд нэхэмжлэгч Д.Ө ХХК-ийг худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн мах бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч НМ ХХК нь дээрх махны үнийг нэхэмжлэгч Д.Ө ХХК-д бүрэн төлж барагдуулсан байдлаа шүүхэд баримтаар нотлоогүй, шүүхэд ямар нэгэн үндэслэл бүхий тайлбар болон баримт гаргаж өгөөгүй байна.

Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тулд нэхэмжлэгчийн гаргасан баримт болон тооцооллыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 3,550 ам.долларыг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт нотлох баримтаар талуудын хооронд 2020 оны 01 сарын 04-ний өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээ авагдсан, уг гэрээний 10 дугаар зүйлийн 10.3 болон 10.4 дахь заалтаар төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд тухайн тохиолдлоос хамааран төлөөгүй төлбөрийн үлдэгдэлд хоног тутамд 0.5 хувийн болон 0.15 хувийн алданги тооцохоор тохиролцсон, ийнхүү тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн, анзын хэмжээ нь мөн зүйлийн 232.6 дахь заалтад заасан хэмжээнээс хэтрээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 01 сарын 04-ний өдрийн гэрээний дагуу алданги шаардах эрхтэй байна.

Харин 2019 оны гэх гэрээ бичгэн хэлбэрээр хэрэгт авагдаагүй тул 2019 оны төлбөрөөс алданги шаардахгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2020 оны гэрээний төлбөрийн алдангид 3,550 ам.долларыг хариуцагчаас шаардсаныг хариуцагч үгүйсгэж, баримтаар няцаагаагүй тул нэхэмжлэгчийн алдангийн талаарх тооцооллыг мөн үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч НМ ХХК-аас 43,343.49 ам.доллар буюу 120,546,418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ө ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ам.долларын Монгол банкнаас зарласан ханш 2,781.94 төгрөг байсан /www.mongolbank.mn/dblistofficialdailyrate.aspx?vYear=2020&vMonth=4&vDay=10/ бөгөөд уг ханшаар 43,343.49 ам.долларыг тооцож үзэхэд 120,578,988.57 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч 120,546,418 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 120,546,418 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч НМ ХХК-аас 120,546,418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ө ХХК-д олгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 757,950 төгрөг, 2020 оны 04 сарын 10-ны өдөр төлсөн 2,735 төгрөг, нийт 760,685 төгрөгийн 760,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч НМ ХХК-аас 760,682 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Ө ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР