Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/59

 

 

*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Азжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 10 сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/425 дугаар шийтгэх тогтоолтой *******д холбогдох 2034003560370 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 11 сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон Дамбын Ганзам, 1976 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, xүүхдийн хамт Төв аймаг Угтаалцайдам сумын 1 дүгээр баг Талын-Уул гэх газар мал маллан амьдрах, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НТ76091606,

Шүүгдэгч ******* нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын-Уул 1 дүгээр багийн нутаг “Хулхи” гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Т.Өсөхжаргалыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.             

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/425 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон Дамбын Ганзамыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 232 750 /хоёр зуун гучин хоёр мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж Төв аймаг Угтаалцайдам сумын Талын-Уул 1-р багт оршин суух Өвгөн билэг Төмөрбатын Өсөхжаргал /РД:ВЗ81030106/-д олгохоор,

Эрүүгийн 2034003560370 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга давж заалдах гомдолдоо: “...Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй үндэслэлээр хэргийн зүйлчлэл, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай анхан шатны шүүх хуралд оролцож, яллагдагч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн. Энэ байр суурийн хүрээнд гомдол /хх-ийн 1 тал/, гомдол мэдээлэл /хх-ийн 3 тал/, гомдол гар бичмэл /хх-ийн 4 тал/, хохирогчоор тогтоосон тогтоол /хх-ийн 5 тал/, хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 6, 7 тал/, хохирогч Т.Өсөхжаргалын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 8 тал/, гэрч Г.Пүрэвжавын мэдүүлэг /хх-ийн 9 тал/, гэрч Д.Уламбаярын мэдүүлэг /хх-ийн 10 тал/, гэрч Ш.Түмэнжаргалын мэдүүлэг /хх-ийн 12 тал/, *******ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 14, 32 тал/, шинжээч томилох тогтоол /хх-ийн 16 тал/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17 тал/, шинжээч томилох тогтоол /хх-ийн 21 тал/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22 тал/, шалгах хуудас /хх-ийн 34 тал/, зураг /хх-ийн 46 тал/, өргөдөл ******* /хх-ийн 53 тал/ эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Үйл баримт 2020.04.20-ны өдөр болсон. Хохирогч 2020.04.26-ны өдөр гомдол гаргасан. Тухайн өдөр Т.Өсөхжаргал, түүний нөхөр Г.Пүрэвжав нараас гэрчийн мэдүүлэг авсан. Гэтэл холбогдогч ******* болон гэрч Д.Уламбаяр, Ш.Түмэнжаргал нараас 2020.05.23-ны өдөр сар орчмын дараа мэдүүлэг авсан. Тэд нарт огт мэдэгдээгүй ялангуяа *******ын гомдол гаргах шүүх эмнэлэгт үзүүлэх эрхийг хязгаарласан гэж үзнэ. Мөрдөгч шинжээч томилуулах тогтоолоо 2020.04.26-ны өдөр үйлдэж *******аар гарын үсэг зуруулаагүй байж сүүлд нэрний тайлалгүй гарын үсэг зуруулсан. /энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл/ Хоёр хүн харилцан зодолдсон байх асуудлыг шалгахдаа нэгийг нь тэр дор нь гэмтлийн зэргийг нь тогтоолгоод нэгийг нь сарын дараа мэдүүлэг аваад сарын дараа шинжээч томилж дүгнэлт гаргахаар шийдвэрлэсэн. Тухайн үед хажууд нь байсан хохирогч түүний нөхрийг хүргэж өгсөн н.Нямаа гэдэг гэрчээс яагаад ямар шалтгаанаар гэрчийн мэдүүлэг аваагүй гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь ойлгомжгүй. Мөн ******* өргөдөл өгсөн байхад түүнийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй хүсэлт гомдлыг шийдвэрлээгүй болно.

Эдгээр нөхцөл байдлуудаас мөрдөн шалгах ажиллагаа нь ЭХХШТХ-ийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг чанд сахих, хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй гэж үзнэ. Энэ үүргээ биелүүлээгүй учраас ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлон тогтоогоогүй. Тухайлбал гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийн талаар яллах дүгнэлтэд бичигдээгүй болно. Мөн шүүхээс хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахаар өмнө нь шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаанд оролцуулалгүй хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Яллагдагч тал хохирогч, түүний нөхөр хоёрыг гэрчээр оролцуулж үнэн зөвийг олж дэнслэхийг шүүхэд хүссэн энэ хүсэлтийг шүүх хангасан байсан. Гэвч хурлын өдөр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэж гэрч Г.Пүрэвжавыг торгож, хохирогч Т.Өсөхжаргалыг оролцуулах шаардлагагүй гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь мэтгэлцэх, асуулт тавьж хариулт авах, хэргийн бодит байдлын талаарх ач холбогдолтой үйл баримтыг бий болгох нөхцөл боломжийг хаасан.

Өөрөөр хэлбэл ******* гэмт хэрэг үйлдсэн үү, нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь юу байв, түүний ямар буруутай үйлдлээс хөнгөн гэмтэл учрав, санаатай гэмт хэрэг үйлдсэн үү аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал байв уу, эсхүл гэм буруугүйгээр хор уршиг учруулав уу гэсэн асуултууд зүй ёсоор тавигдаж түүнийг мөрдөгч шалгах ёстой байсан гэж үзнэ.

Гэрч нарын мэдүүлгээр хохирогчийн нөхөр Г.Пүрэвжав нь согтуугаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаан эхлүүлээд хутга хүртэл гаргаж яллагдагчийн нөхөр лүү дайрсан байдаг. /Энэ зөрчлийн асуудал биш юм уу/ Хохирогч мөн л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааныг эхлүүлж яллагдагчийн үснээс эхэлж үстэж зулгаасан байдаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан байдаг, /энэ зөрчил биш үү? яагаад шалгасангүй вэ?/. Хэргийн үйл баримт буюу 2 биенээ үсдэж зодсон газар унасан хоёулаа гуя бусад газраа хөхөрсөн нь хоёр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоно. Тэгэхээр хэргийг хэн эхлүүлсэн гэдэг нь тодорхой байхад зөвхөн хөнгөн гэмтэл гарсан учир тэр хохирлыг ******* учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь эхэлж хэл амаар дорожилж байгаад үснээс нь зулгаадаг. Шүүгдэгч тавиулах гэж оролдсон тусламж дуудсан эгч нь очсон тавихгүй байхаар нь аргагүйн эрхэнд зөрүүлж үстсэн. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт гэж үзэх дараах үндэслэл байсан. Үүнд: хуулинд "өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй" гэсэн. Үйл баримтаас дүгнэлт хийхэд хохирогч түүнийг эхэлж үстсэн түүнийг тавиулах өөрийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс үснээс зулгаагаад тавихгүй байсан учир харилцан үстсэн. Довтолгоо эхэлсэн, эхэлсэн нь тодорхой болсон үед хийсэн. Тухайн хохирогчийн үйлдэл санаатай өдөөн хатгалтын шинжийг агуулж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн буюу үсдэж, хэл амаар доромжилсон нь энэ нөхцөлийг хангаж байна. Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй, эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон. Түүнчлэн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно гэж УДШ-ийн тогтоолд тайлбарласан. Тэгэхээр бодит нөхцөл байдалд болсон үйл явдал нь хөнгөн гэмтэл учруулсан хэдий ч аргагүй хамгаалалт байсан гэж үзнэ Иймд ЭХХШТХ-ийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д "гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон", Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1 дэх хэсэгт заасан хуулинд "өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй" гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг өмгөөлөгч анхан шатны шүүх хуралд танилцуулсан. Яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй болно.

Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 2020/ШЦТ/425 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Азжаргал гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Ял шийтгэл тохирсон. Иймд шийтгэх тогтолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй. Зөвхөн нэг талыг барьж асуудлыг шийдсэн. Хохирогч нь Ганзамын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан. Нөхцөл байдлын хувьд үүнийг хийхээс өөр аргагүй байсан. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2034003560370 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч ******* нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын Уул 1 дүгээр багийн нутаг “Хулхи” гэх газар 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Т.Өсөхжаргалыг эрх чөлөөнд халдаж баруун чамархай, дагзны хуйхны халзрал, цус хуралт, хамар, зүүн чихний зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн тавхайн цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

Хохирогч Т.Өсөхжаргал /хх-ийн 6, 7/, гэрч Г.Пүрэвжав /хх-ийн 9/, гэрч Д.Уламбаяр /хх-ийн 10-11/, гэрч Ш.Түмэнжаргал /хх-ийн 12-13/ нарын өгсөн мэдүүлгүүд,

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн 233 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.2.Т.Өсөхжаргалын биед баруун чамархай, дагзны хуйхны халзрал, цус хуралт, хамар, зүүн чихний зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн тавхайн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэжээ /хх-ийн 17-18/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хохирогч Т.Өсөхжаргалын: “...Эхлээд намайг Ганзам намайг барьж аваад үснээс зулгаагаад сэгсрээд байж байхад эгч Уламбаяр нь араас намайг тэврээд дарж газар сөхрүүлж суулгасан. Намайг Уламбаяр тэвэрчхээд тавихгүй газар сөхрөөд суусан байхад Ган зам миний гуя руу 3-4 удаа хөлөөрөө өшиглөөд хэл, амаар янз бүрээр доромжлоод байсан.” /хх-ийн 8 дугаар хуудас/,

Гэрч Г.Пүрэвжавын: “...Уламбаяр, Ганзам 2 нийлээд зодож байсан. Яг хаана нь хэдэн удаа цохисныг бол хараагүй. Намайг Бумаатай зууралдаж байхад л Ганзам, Уламбаяр хоёр манай эхнэртэй зууралдаад л Ганзам үснээс зулгаагаад толгойг нь доош нь дараад байсан. Уламбаяр араас нь тэвэрчихсэн байх шиг байсан.” /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Гэрч Д.Уламбаярын: “...Тэгсэн чинь Пүүжээгийн эхнэр машинаа буугаад ирснээ манай Ганзам руу хэл амаар доромжлоод байснаа бие биенийхээ үснээс зулгаагаад хоорондоо ноцолдоод дийлдэхгүй байсан. ...Тэгээд арайхийж салгахаар л байсгээд гүйж очоод Ганзамтай үснээсээ зулгаалдаад, маажилцаад байсан.” /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Ш.Түмэнжаргалын: “...Бие биенийгээ цохьсон юм харагдаагүй, хоёр биенийхээ үснээс зулгаагаад, зууралдаад дээр доороо ороод ноцолдоод байсан.” /хх-ийн 13 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн 233 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг дүгнэж үзвэл шүүгдэгч *******ын хохирогч Т.Өсөхжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтын шинжтэй хийсэн үйлдэл гэж үзэх боломжгүй байна. Шүүгдэгч *******ын үйлдэл нь довтолгооны эсрэг хамгаалалт хийсэн шинжгүй хохирогчтой харилцан үснээс зулгаалцсан, газар унаж дээр доороо орж ноцолдсон, энэ нь цаг хугацааны хувьд хэд хэдэн удаагийн, үргэлжилсэн шинжтэй байсан нь аргагүй хамгаалалтын шинжийг агуулаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/425 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

 

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ