Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 92

 

Д.Г-д холбогдох хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 425 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр магадлалтай Д.Г-д холбогдох эрүүгийн 2034003560370 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1976 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, малчин, ял шийтгэлгүй  Б овогт Д-ын Г.

Д.Г нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын-Уул 1 дүгээр багийн нутаг “Хулхи” гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Т.Ө-ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэж 59 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.  

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан гомдолдоо: “Эрүүгийн хуүлийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд: Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй үндэслэлээр хэргийн зүйлчлэл, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай анхан шатны шүүх хуралд оролцож, яллагдагч Д.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн. Энэ байр суурийн хүрээнд гомдол /хэргийн 1 тал/, гомдол мэдээлэл /3 тал/, гомдол гар бичмэл /4 тал/, хохирогчоор тогтоосон тогтоол /5 тал/, хохирогчийн мэдүүлэг /6, 7 тал/, хохирогч Т.Ө-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /8 тал/, гэрч Г.П-ын мэдүүлэг /9 тал/, гэрч Д.У-ын мэдүүлэг /10 тал/, гэрч Ш.Т-ын мэдүүлэг /12 тал/, Д.Г-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /14, 32 тал/, шинжээч томилох тогтоол /16 тал/, шинжээчийн дүгнэлт /17 тал/, шинжээч томилох тогтоол /21 тал/, шинжээчийн дүгнэлт /22 тал/, шалгах хуудас /34 тал/, зураг /46 тал/, өргөдөл Д.Г /53 тал/ эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Үйл баримт 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр болсон. Хохирогч 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гомдол гаргасан. Тухайн өдөр Т.Ө, түүний нөхөр Г.П нараас гэрчийн мэдүүлэг авсан. Гэтэл холбогдогч Д.Г болон гэрч Д.У, Ш.Т нараас 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1 сар орчмын дараа мэдүүлэг авсан. Тэд нарт огт мэдэгдээгүй ялангуяа Д.Г-ын гомдол гаргах шүүх эмнэлэгт үзүүлэх эрхийг хязгаарласан гэж үзнэ. Мөрдөгч шинжээч томилуулах тогтоолоо 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үйлдэж Д.Г-аар гарын үсэг зуруулаагүй байж сүүлд нэрний тайлалгүй гарын үсэг зуруулсан /энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл/.  Хоёр хүн харилцан зодолдсон байх асуудлыг шалгахдаа нэгийг нь тэр дор нь гэмтлийн зэргийг нь тогтоолгоод нэгийг нь 1 сарын дараа мэдүүлэг аваад 1 сарын дараа шинжээч томилж дүгнэлт гаргахаар шийдвэрлэсэн. Тухайн үед хажууд нь байсан хохирогч түүний нөхрийг хүргэж өгсөн н.Н гэдэг гэрчээс яагаад ямар шалтгаанаар гэрчийн мэдүүлэг аваагүй гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь ойлгомжгүй. Мөн Д.Г өргөдөл өгсөн байхад түүнийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй хүсэлт гомдлыг хянан шийдвэрлээгүй болно. Эдгээр нөхцөл байдлуудаас мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн  1-д заасан хуулийн заалтыг чанд сахих, хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй гэж үзнэ. Энэ үүргээ биелүүлээгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлон тогтоогоогүй. Тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийн талаар яллах дүгнэлтэд бичигдээгүй болно. Мөн шүүхээс хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахаар өмнө нь шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаанд оролцуулалгүй хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Яллагдагч тал хохирогч, түүний нөхөр хоёрыг гэрчээр оролцуулж үнэн зөвийг олж дэнслэхийг шүүхэд хүссэн энэ хүсэлтийг шүүх хангасан байсан. Гэвч хурлын өдөр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэж гэрч Г.П-ыг торгож, хохирогч Т.Ө-ыг оролцуулах шаардлагагүй гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь мэтгэлцэх, асуулт тавьж хариулт авах, хэргийн бодит байдлын талаарх ач холбогдолтой үйл баримтыг тогтоох нөхцөл боломжийг хаасан. Өөрөөр хэлбэл Д.Г гэмт хэрэг үйлдсэн үү, нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь юу байв, түүний ямар буруутай үйлдлээс хөнгөн гэмтэл учрав, санаатай гэмт хэрэг үйлдсэн үү аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал байв уу, эсхүл гэм буруугүйгээр хор уршиг учруулав уу гэсэн асуултууд зүй ёсоор тавигдаж түүнийг мөрдөгч шалгах ёстой байсан гэж үзнэ. Гэрч нарын мэдүүлгээр хохирогчийн нөхөр Г.П нь согтуугаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаан эхлүүлээд хутга хүртэл гаргаж яллагдагчийн нөхөр лүү дайрсан байдаг /энэ зөрчлийн асуудал биш юм уу/. Хохирогч мөн л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааныг эхлүүлж яллагдагчийн үснээс эхэлж үстэж зулгаасан байдаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан байдаг, /энэ зөрчил биш үү? яагаад шалгасангүй вэ?/. Хэргийн үйл баримт буюу 2 биенээ үсдэж зодсон газар унасан хоёулаа гуя бусад газраа хөхөрсөн нь хоёр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоно. Тэгэхээр хэргийг хэн эхлүүлсэн гэдэг нь тодорхой байхад зөвхөн хөнгөн гэмтэл гарсан учир тэр хохирлыг Д.Г учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь эхэлж хэл амаар доромжилж байгаад үснээс нь зулгаадаг. Шүүгдэгч тавиулах гэж оролдсон тусламж дуудсан эгч нь очсон тавихгүй байхаар нь аргагүйн эрхэнд зөрүүлж үстсэн. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1-д заасан аргагүй хамгаалалт гэж үзэх дараах үндэслэл байсан. Үүнд: хуулинд “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн. Үйл баримтаас дүгнэлт хийхэд хохирогч түүнийг эхэлж үстсэн түүнийг тавиулах өөрийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс үснээс зулгаагаад тавихгүй байсан учир харилцан үстсэн. Довтолгоо эхэлсэн, эхэлсэн нь тодорхой болсон үед хийсэн. Тухайн хохирогчийн үйлдэл санаатай өдөөн хатгалтын шинжийг агуулж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн буюу үсдэж, хэл амаар доромжилсон нь энэ нөхцөлийг хангаж байна. Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон. Түүнчлэн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно гэж Дээд шүүхийн тогтоолд тайлбарласан. Тэгэхээр бодит нөхцөл байдалд болсон үйл явдал нь хөнгөн гэмтэл учруулсан хэдий ч аргагүй хамгаалалт байсан гэж үзнэ. Яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1-д заасан “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн хяналтын гомдол гаргаж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч, хохирогч хоёр бол харилцан барилцаж бие биенийхээ эсрэг идэвхтэй үйлдэл хийсний улмаас хохирогч Т.Ө-ын биед хөнгөн гэмтэл учирсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгчийг үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч аргагүй хамгаалалт хэрэглэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийдэг, довтолгоо төгссөнөөс хойш хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй гэсэн хуулийн зохицуулалттай байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хоёулаа харилцан зодолдож, үсдэлцсэний улмаас шүүгдэгч хохирогчийн бие рүү өшиглөх, хамар болон нүүр рүү нь цохисны улмаас хөнгөн гэмтэл учирсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байх тул үүнийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Аргагүй хамгаалалт нь Монгол улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1, 13 дахь хэсгүүдэд заасан амьд явах, халдашгүй байх эрхээ эдлэх, үүнд халдсан довтолгоог няцаах, түүнээс хамгаалахад чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл тул хүн бүрийн заяамал эрх болох аргагүй хамгаалалт хийсэн явдлыг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчлан тогтоожээ.

Аргагүй хамгаалалт нь тухайн үед довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд хийгддэг бол ийм бодит аюул тулгараагүй тохиолдолд аргагүй хамгаалалтын асуудал үүсэхгүй юм.

Өөрөөр хэлбэл, гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн тэр үед л аргагүй хамгаалалт хийгдсэн бол гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.

Аргагүй хамгаалалтын нөхцөлд халдагчийн эхлүүлсэн довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулдаг бөгөөд энэхүү шинж тогтоогдоогүй тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын 1 дүгээр багийн нутаг “Хулхи” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас шүүгдэгч Д.Г нь хохирогч Т.Ө-д хүч хэрэглэн халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Хохирогч, шүүгдэгчийн хооронд тухайн орон зай, цаг хугацаанд болсон үйл явдлын талаар гэрч Г.П, Д.У, Ш.Т нарын өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтанд тулгуурлан уг үйл баримтыг сэргээн тогтоосны үндсэн дээр хоёр шатны шүүх Д.Г-ын үйлдлийг өөрт учирсан бодит аюул, заналхийллийн эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй талаар тодорхой дүгнэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, түүний гэм буруу, ялын тохироо, гэмт хэргийн улмаас учирсан болон нөхөн төлүүлэх хохирлын хэмжээний талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн, мөн шүүхүүдээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 425 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН