Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2020/01413

 

 

 

 

 

 

 

 

 

2020 05 26 181/ШШ2020/01413

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ҮШС ХМБ -д холбогдох,

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан хэлбэр, аргаар няцаалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч У.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г түүний өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн төлөөлөгч Э.Х, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Батлут шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганхүү, түүний өмгөөлөгч Л.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б миний бие 2016 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Орхон аймгийн Засаг даргаар ажиллахдаа орон нутаг, иргэдэд чиглэсэн иргэдийг ажилтай орлоготой, эрүүл, эрдэм мэдлэгтэй болгох, амьдрах орчныг аюулгүй тав тухтай байлгахад чиглэсэн олон ажлуудыг санаачилж хэрэглүүлэн үр дүнтэй ажиллаж байгаа.

Гэтэл ҮШӨТС 2019 оны 12 сарын 06 өдрийн №239(3450) дугаарын 1 нүүрт ХЭДС-г ЦӨЛМӨСӨН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ ЭХЭЛСЭН ТӨРИЙН САЙД, УИХ-ЫН ГИШҮҮД, ДАРГА НАРТАЙ ТАНИЛЦ гарчигтайгаар тодорхой хүмүүсийн зураг оруулсан мэдээний 10-т нь нэхэмжлэгч миний гэрэл зургийг зөвшөөрөлгүй оруулан үндэслэлгүй худал мэдээлэл нийтэлж, олон нийтэд тараасан байна. Тус сонины 3-р нүүрт дээрх худал мэдээллээ үргэлжлүүлэн бичихдээ ХЭДС-гаас зээл авахад холбогдох албан тушаалтнуудад нөлөөлсөн байх магадлалтай, 2016-2017 онд Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан албан тушаалтнууд гэх дэд гарчигийн доор 3 дугаарт Орхон аймгийн засаг дарга Д.Батлут нь хөнгөн блокны үйлдвэр барих нэрээр иргэн Б.Цэцэгмээд 50 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгүй мэдээлэл бий гэж худал мэдээллийг нийтэлж, тараасан байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хадсан мэдээллийг гаргахдаа сонины 3-р нүүрт Орхон аймгийн засаг дарга Д.Батлут нь хөнгөн блокны уйлдвэр барих нэрээр иргэн Б.Цэцэгмаад 50 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгуй мэдээлэл бий гэж нийтэлсэн байдаг ба энд дурдаад байгаа Мэдээлэл-ээ өнөөдрийг хүртэл хугацаанд шуухэд гарган өгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээрх мэдээллийг нийтлэхдээ нэхэмжлэгчийн талаар албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгуй мэдээлэл бий гэсэн агуулгаар нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж, үүгээрээ олон нийтэд Тийм мэдээлэл байгаа мэтээр ойлгуулан төөрөгдүүлж бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан ба Олон нийт нь Тийм мэдээлэл байгаа юм байна гэсэн ойлголттой болоод байна.

Түүнчлэн хариуцагч нь өөрийн ҮШӨТС 2019 оны 12 сарын 06 өдрийн №239(3450) дугаарын 1-р нүүр хэсэгт оруулсан тодорхой хүмүүсийн зурагнуудын төгсгөлд нь нэхэмжлэгчийн гэрэл зургийг зөвшөөрөлгүй оруулсан байдаг ба хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс уг зургийг оруулах зөвшөөрөл авсан талаар баримтаа гаргаж өгөөгүй байсаар байна.

Гэтэл бодит байдал дээр миний бие Үндэсний шуудан сонин дээр мэдээлж байгаа шиг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд Б.Цэцэгмаа гэх хүний төслийг дэмжиж 50 сая төгрөг олгоход албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн зүйл огт байхгүй, Б.Цэцэгмаа гэх хүнийг миний бие огт танихгүй юм.

Хариуцагч нь Юуг албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгуй мэдээлэл бий гэж нийтлээд байгааг хариуцагчийн ирүүлсэн тайлбараас ойлгож хүлээн авах боломжгүй байгаа. Аливаа этгээд нь тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллага нь олон нийтэд мэдээлэл тараахдаа хянуур хандаж, мэдээллийн үнэн зөв бүрэн гүйцэт эсэхийг заавал нягтлах ёстой.

Үндэсний шуудан сонины 2019 оны 12 сарын 06 өдрийн №239(3450) дугаар нь олон ширхэг хэвлэгдэж орон даяар тараагдсан бөгөөд энэхүү худал мэдээллийг нийтэд тарааснаас болоод миний нэр төр, алдар хүнд унаж хохироод зогсохгүй иргэд олон нийтэд танил талдаа зээл өгөхөд нөлөөлөх байдлаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг цөлмөсөн гэмт хэрэгт шалгагдаж байгаа мэтээр ташаа таамаг ойлголт тархаж ажил хэргийн нэр хүнд тэр хэмжээгээр унаад байна. Үндэсний шуудан сонин бол интернет байхгүй орон нутагт ч хүрдэг сонин юм.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж заасан бөгөөд тус сонины байгууллага, сэтгүүлчид нь улс төрийн зорилгоор худал мэдээллээр бусдын нэр хүндэд халдахгүй байх, мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах, иргэдийг төөрөгдөлд оруулахгүй байх үндсэн зарчим, үүргээ хэрэгжүүлээгүйгээс ийм үр дагавар үүсгээд байна. Миний бие олон нийт, Орхон аймгийн иргэдэд бодит үнэнийг тайлбарлаж, худал мэдээллийг залруулахад хүлээж авах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул зайлшгүй шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэх шаардлага тулгараад байгаа тул ийнхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ гэж, мөн зүйлийн 21.5-д Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан байдаг тул нэхэмжлэгч Д.Б нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нийтлэлийг тараасан хэлбэр, аргаар няцаалт хийхийг хариуцагч ҮШС ХМБ-д даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч ҮШС ХМБ-ын эрхлэгч Э.Хүрэлбаатар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганцэцэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний шуудан сонины 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг цөлмөсөн хэрэгт шалгагдаж эхэлсэн сайд, Улсын Их Хурлын гишүүн, дарга нартай танилц гэсэн гарчигтай нийтлэл гаргасан нь бүхэлдээ шинэ мэдээлэл биш юм. Зарим мэдээллийг нь урьд өмнө нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2 дарга болон 27 аж ахуйн нэгжид ХЭДС-гаас зээл олгохдоо албан тушаалтнууд эрх мэдлээ ашигласан эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа талаар хэвлэл мэдээллээр дурдагдаж байсан мэдээллүүдийг нэгтгэсэн байдлаар гаргасан. Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нь хөнгөн блокны үйлдвэр барих нэрээр иргэн Б.Цэцэгмаад 50 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгүй мэдээлэл бий гэж нийтэлсэн бөгөөд уг мэдээллийг Авилгатай тэмцэх газарт шалгаж байгаа болох нь Автлгатай тэмцэх газрын албан бичгээр тогтоогдож байгаа. Болзошгүй мэдээлэл бий гэж бичсэн нь уг мэдээлэл тогтоогдсон гэсэн агуулгаар бичигдээгүй. Хууль хяналтын байгууллагад байгаа мэдээллийг эх сурвалжаас нь авч, үнэн зөв, хариуцлагатай байдлаар хандаж бичсэн.

Гэрэл зургийн хувьд Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын сайтад байсан зураг бөгөөд бид энэ нийтлэлд зориулж түүний зургийг анх удаа авч тавиагүй. Интернэт орчинд Орхон аймгийн Засаг дарга Д.Б зураг зөндөө байдаг бөгөөд хэвлэлийнхэний зургийн фондонд ч түүний зураг байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Батлут нь хариуцагч ҮШС ХМБ-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан хэлбэр, аргаар няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсныг гардан авсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар өгөхөд тусгайлсан хугацаа шаардлагагагүй гэснээр шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг дурдах нь зүйтэй байна.

 

Үндэсний шуудан сонины 2019 оны 12 сарын 06 өдрийн №239(3450) дугаарын 1-р нүүрт ХЭДС-г ЦӨЛМӨСӨН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ ЭХЭЛСЭН ТӨРИЙН САЙД, УИХ-ЫН ГИШҮҮД, ДАРГА НАРТАЙ ТАНИЛЦ гарчигтай нийтлэл гарсан бөгөөд тодорхой хүмүүсийн зураг оруулсаны 10-т нь нэхэмжлэгч Д.Б гэрэл зургийг оруулсан, 3-р нүүрт ХЭДС-гаас зээл авахад холбогдох албан тушаалтнуудад нөлөөлсөн байх магадлалтай, 2016-2017 онд Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан албан тушаалтнууд: гэх дэд гарчигийн доор 3. Орхон аймгийн засаг дарга Д.Батлут нь хөнгөн блокны үйлдвэр барих нэрээр иргэн Б.Цэцэгмээд 50 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгүй мэдээлэл бий гэж бичсэн болох нь зохигчдын тайлбар, мөн сонины эх дугаараар /хх-26, 27х/ нотлогдож байна. Энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

Тус нийтлэлд хариуцагч 3. Орхон аймгийн засаг дарга Д.Б нь хөнгөн блокны үйлдвэр барих нэрээр иргэн Б.Ц 50 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгүй мэдээлэл бий гэсэн нь бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүй, мөн 1-р нүүр хэсэгт оруулсан тодорхой хүмүүсийн зурагнуудын төгсгөлд нь нэхэмжлэгчийн гэрэл зургийг зөвшөөрөлгүй оруулсан зэргээс нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон мэдээ тараасан аргаар няцаалт хийлгэх шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбараас үзэхэд, нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д бодит баримтыг бүрэн гүйцэт мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, мөн зүйлийн 21.5Иргэний дүрсийг гэрэл зурагыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлснээс гэм хор учирсан үндэслэлээр гаргасан байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар шаардах эрх эдлэх хуулийн урьдчилсан нөхцөл нь, 1. Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйл баримт, 2. Уг мэдээ тараасан этгээд нь түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй байх үйл баримт бүхий байхаар зохицуулагджээ.

Хариуцагч Үндэсний шуудан сонин нь дээрхи нийтлэлд ганцхан Д.Б талаар мэдээлээгүй, нийтлэлд дурдсан Д.Батлуттай холбоотой мэдээллийг Авилгатай тэмцэх газар шалгаж байгаа, гэрэл зургийг олон нийтийн сүлжээ болох сайтаас авсан гэж тайлбарлаж байна.

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан мэдээ тараах үйлдэл нь, зорилгын хувьд, гутаах шинжтэй байх бөгөөд гутаагдсан нь тодорхой ямар нэг сөрөг үр дагавраар илэрхийлэгдэх хууль зүйн ойлголт юм. Энэ агуулгаар тараагдаж буй мэдээллийн гарчиг, агуулга, өгүүлэмж, илэрхийлэл зэрэг олон талаас нь уг нийтлэлийн зорилгыг тодорхойлно.

ХЭДС-г цөлмөсөн хэрэгт шалгагдаж эхэлсэн төрийн сайд, уих-ын гишүүд, дарга нартай танилц гарчиг нь нийтлэлийн бүхий л мэдээлэлд хамаарах тул зөвхөн нэхэмжлэгчид хамааралтай гэж үзэх боломжгүй, Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2020.04.08-ны өдрийн 06/4183 дугаар албан бичигт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ...иргэн, хуулийн этгээдээс 2017 онд ирүүлсэн зарим төслийг холбогдох албан тушаалтнууд сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шалгаруулж, санхүүжилт олгон давуу байдал бий болгосон үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. гэж тодорхойлсон тул гарчигийн хэрэгт шалгагдаж эхэлсэн гэх хэсгийг худал мэдээлэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2020.04.08-ны өдрийн 06/4183 дугаар албан бичиг, 2020.05.21-ны өдрийн 06/6224 дугаар албан бичигт ...Уг хэрэгт иргэн Б.Цэцэгмаагийн Орхон аймагт байршилтай Сийрэг бетон блок үйлдвэрлэх төслийг шалгаруулж санхүүжилт олгоход Орхон аймгийн засаг даргаар ажиллаж байгаа Д.Батлутыг нөлөөлсөн гэх баримт авагдан шалгагдсан... гэж тодорхойлсон тул нийтлэлийн 3-р нүүрний 3. Орхон аймгийн засаг дарга Д.Батлут нь хөнгөн блокны үйлдвэр барих нэрээр иргэн Б.Цэцэгмээд 50 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгүй мэдээлэл бий гэх мэдээллийг худал, бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Д.Б гэрэл зургийг нийтэлсэн нь буруу гэж нэхэмжлэгч тал үзэх боловч тухайн зургийг нийтэлсний улмаас нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд гэм хор учирсан гэж үзэх үндэслэлгүй байна. Нийтлэлийн гарчиг, зураг нь нийтлэлд дурдагдсан үйл баримтын нэг хэсэг байх бөгөөд зөвхөн гэрэл зургийг зөвшөөрөлгүй нийтэлснээс иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах эрхийг зөрчсөн бие даасан зөрчилд /Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасан/ хамаарахгүй байна.

Нэхэмжлэгч Д.Бнь Орхон аймгийн Засаг даргаар ажилладаг улс төрийн албан тушаалтан тул түүний гэрэл зураг олон нийтийн цахим сүлжээнд байршиж байдаг талаар нэхэмжлэгч тал маргаагүй. Харин гэрэл зургийг зөвшөөрөлгүйгээр сөрөг мэдээлэлд ашигласан гэж тайлбарлаж байна. Иргэн Д.Б нийгэмд эзлэх байр суурьтай холбогдуулан түүнийг сурталчлах зорилгоор цахим сайтад байршуулсан гэрэл зургийг хариуцагч нийтлэлдээ ашигласныг Иргэний хуулийн 21.6-д заасан зохицуулалтад хамаарна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд Д.Б ҮШС-д холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гутаасан хэлбэр, аргаар няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэргийн 6-11 дэх талд байх баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талд мэдэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.5, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар Д.Б ҮШС ХМБ-д холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гутаасан хэлбэр, аргаар няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

 

Б.ТҮМЭНЦЭЦЭГ