Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 85

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч С.Батжаргал, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Иргэдийн төлөөлөгч Ю.Батцоож,     

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч Т.Очирбаатар, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг /ҮД:0324/,

Хэлмэрч И.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.1, 148 дугаар зүйлийн 148.2, 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аргалжин овогт Түмэнжаргалын Очирбаатарт холбогдох эрүүгийн 2015250002249 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо Бага наран 2 дугаар гудамж 1-17 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн дугаар 491 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Аргалжин овогт Түмэнжаргалын Очирбаатар /РД:УБ89101611/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.Очирбаатар нь 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Баярсайханы жолоодож явсан 20-08 УБӨ улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашинаас хохирогч Б.Жаргалсайханы 1.000.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Эс-6 маркийн гар утсыг хулгайлсан, яллагдагч Т.Очирбаатар нь давтан үйлдлээр 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 44-53 тоот хохирогч Дэ Груут Ламбертусын гэрээс 1250 евро, 1500 рубль, 1100 доллар, 1.300.000 төгрөгийг хулгайлсан,

2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Тэгшээгийн цүнхнээс бэлнээр 2.300.000 төгрөг хулгайлж бусдад нийт 9.516.693.5 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн яллагдагч Т.Очирбаатар нь хуурч мэхлэх аргаар, давтан үйлдлээр, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын авто зогсоолд хохирогч Б.Бадамцэцэгт автомашиныг нь худалдаж авна гэж уулзаж улмаар “эгчид мөнгө хэрэгтэй машины мөнгө дээр нэмээд өгье” гэж хуурч мэхлэн бэлнээр 150.000 төрөг, “өвөөтэй холбогдох хэрэгтэй байна” гэж 180.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне-4 эс маркийн гар утас зэргийг залилсан,

2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн орчим “гар утсаа түр өгч байгаач” гэж хуурч мэхлэн хохирогч Г.Бямбасүрэнгийн 300.000 төгрөгийн үнэ бүхий Ю-6 маркийн гар утсыг залилсан,

2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “утсаа өгч байгаач хүн дуудах гэсэн юм” гэж хуурч мэхлэн хохирогч Н.Баясгалангийн 450.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-4 маркийн гар утсыг залилсан,

2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “утсаа өгч байгаач хүн дуудах гэсэн юм” гэх хуурч мэхлэн хохирогч Д.Должинсүрэнгийн 800.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-5 маркийн гар утсыг залилсан,

2015 оны зун Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүннарангийн 9-21 тоотоос хохирогч Ж.Гандоржийн эзэмшлийн 50.000 төгрөгийн үнэтэй хард диск, 100,000 төгрөгийн үнэтэй принтер, 100,000 төгрөгийн үнэ бүхий “толь бичиг”, 100,000 төгрөгийн үнэ бүхий Епсум маркийн зөөврийн компьютерийг залилсан,

2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 141 дүгээр цэцэрлэгийн орчимд “шүүхийн зардлын мөнгө хэрэгтэй” гэж хохирогч Ж.Гандоржоос бэлнээр 220,000 төгрөг залилж бусдад нийт 2,360,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, 

Мөн яллагдагч Т.Очирбаатар нь давтан үйлдлээр 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо 141 дүгээр цэцэрлэгийн орчим хохирогч Ж.Гандоржийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн 30,000 төгрөгийн үнэ бүхий нокиа маркийн гар утсыг дээрэмдсэн,

2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро төвийн дэргэдэх автобусны буудлын орчимд хохирогч А.Мижиддоржид амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн Скай маркийн гар утсыг 80.000 төгрөгөөр барьцаанд тавиулж уг мөнгийг дээрэмдсэн,

 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Сарангуад хүч хэрэглэн заналхийлж 100.000 төгрөгийн үнэ бүхий МП5 тоглуулагч, бэлнээр 10.000 төгрөгийг дээрэмдсэн,

2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 9-21 тоотод хохирогч Ж.Гандорж, Ш.Ундраа нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн бэлнээр 150.000 төгрөг, 240.000 төгрөгийн үнэ бүхий самсунг эс-3 маркийн гар утас зэргийг дээрэмдсэн,

2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо зүүн нарангийн 9-21 тоотод хохирогч Ж.Гандоржийн 150.000 төгрөгийн үнэ бүхий скай маркийн гар утсыг дээрэмдсэн,

Мөн яллагдагч Т.Очирбаатар нь 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Худалдаа хөгжлийн банкны салбар дотор хохирогч Б.Энхтүвшингээс “найз охин Отгонбаярыг чинь зодно” хэмээн хүч хэрэглэхээр заналхийлж 600.000 төгрөг авсан гэмт хэргийг,

Мөн яллагдагч Т.Очирбаатар нь 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 9-21 тоотод хохирогч Ж.Гандорж, Ш.Ундраа нарын 100.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-2 маркийн гар утас, 50.000 төгрөгийн үнэ бүхий Скай маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр булаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Очирбаатараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг мэдүүлсэн. Нэмж мэдүүлэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Гандоржийг болон эхнэрийг нь дарамталсан зүйл байхгүй, өмнө нь барилга дээр хамтарч ажиллаж байхад цалин өгнө гэж хэлээд өгөөгүй. Тэгэхдээ Гандоржийн таньдаг хүний барилгын компанид ажилласан, бөгөөд бидний ажлын хөлсийг өгөөгүй. Бид 25-р эмийн сан, Зайсан гэх мэт олон барилга дээр ажиллаж байсан боловч цалин өгөөгүй. Барилгын сонсголгүй хүмүүсийн бригадыг би ахлаад ажиллаж байсан. Тэгээд Гандоржид чиний таньдаг хүний захиалгын дагуу барилга дээр ажил хийж байхад яагаад цалин өгөхгүй байна вэ, бригадын хүмүүс намайг буруутгаад мөнгө аваад идчихлээ гэж ойлгоод байна гэж хэлсэн. Үүнээс болж Гандорж санаанаасаа зохиож намайг гүтгэсэн байдалтай байгаа. Удахгүй мөнгийг чинь өгнө гэж худлаа хэлээд өдийг хүрсэн. Гар утасны хувьд өөрөө ломбарданд тавиад дараа мөнгийг чинь заавал өгнө, уучлаарай гээд надад архи авч өгөөд уусан. Өөр гэмт хэрэг болохуйц зүйл хийгээгүй гэж ойлгож байгаа. Цохисон, зодсон гэж намайг гүтгэсэн байна. Дээрэмдсэн гэж ярьдаг боловч өөрөө гар утсаа ломбарданд тавьсан. Ломбардны ойролцоо камер байгаа тул Гандорж өөрөө ороод ломбарданд тавьж байгаа бичлэг байх ёстой. Энэ талаар мөрдөн байцаагчид хэлсэн боловч шалгасан эсэх нь тодорхойгүй байгаа. Би жил гаран шоронд гүтгэлгээр сууж байна. Харин Сарангуа гэдэг хүний машинаас гараад уул руу зугтаасан үйлдлийг ганцаараа хийгээгүй, гурвуулаа хийсэн. Энэ талаар мөрдөн байцаагчид хэлсэн боловч огт олдохгүй, боломжгүй байна гэсэн хариу өгөөд байгаа. Тэр хамтарч үйлдсэн хоёр хүнийг барих ёстой боловч бариагүй. Ялыг ганцаараа үүрэхэд хүндрэлтэй байна. Хамтарч гэмт хэрэг үйлдсэн хүмүүс маань их дээрэлхүү, дандаа намайг дарамталдаг хүмүүс байгаа. Гандоржийн хувьд санаанаасаа зохиож гүтгэлгийн чанартай зүйл ярьсан гэж үзэж байна. Бусад хийсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Үүндээ их харамсаж байна. Өөр зүйлгүй…” гэв.

 

Хохирогч Б.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...20-08 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний машин байгаа юм. Хэрэг гарах өдрийн өмнөх өдөр нь би машинаа унаж явж байгаад өөрийн гар утсыг машины голын хайрцагт үлдээгээд ах Баярсайханд машинаа өгөөд явуулсан байсан юм. Тэгтэл хэрэг гардаг өдөр манай ах Очирбаатартай тааралдаад Очирбаатар гэх залуу нь машин сонирхож барьж үзье гээд гар утсаа мессэж бичээд байсан гэж байсан. Тэгээд манай ах Баярсайхан тухайн залууг дагуулж явж байхад нь Баярсайханы найз болох Дэ грүүт Ламбертус нь залгаад захаас бараа авна туслаач гээд дуудаад байсан гэсэн. Тэгээд ах Баярсайхан Очирбаатарыг дагуулаад Дэ грүүт Ламбертусыг гэрээс нь очиж аваад миний санаж байгаагаар Дэнжийн мянгын худалдааны төвөөс бараа авчихаад буцаж Дэ грүүт Ламбертусын гэрт ирсэн бөгөөд авсан бараагаа Баярсайхан, Дэ грүүт Ламбертус хоёр авч орсон бөгөөд Очирбаатарыг машинд үлдээгээд орсон гэж байсан тэгээд Дэ грүүт Ламбертус, Баярсайхан хоёр буцаж гарч ирээд машинд үлдсэн байсан бараагаа аваад тэр гурав хамт Дэ грүүт Ламбертусын гэрт орсон гэж байсан. Дэ грүүт Ламбертус нь Баярсайханд дахиж захаас юм авах хэрэгтэй байна бөмбөгөр ороод ир би найзтай чинь сууж байя гээд Очирбаатартай хамт гэрт нь үлдсэн гэж байсан. Тэгтэл Дэ грүүт Ламбертус нь Баярсайхантай утсаар холбогдоход хамт явж байсан найз чинь гэрээс гараад явсан байна ширээний орчим байсан миний мөнгө түрийвч байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд ах Баярсайхан Дэ грүүт Ламбертуст болсон хэргийн талаар тайлбарлаад надад хэлэхэд би ах Баярсайханд машины голд байгаа миний утас байна уу үздээ гэхэд байхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 2-3х/

Хохирогч Дэ Грүүт Ламбертусын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2015 оны 8 дугаар сарын өдөр өөрийн найз Баярсайхантай утсаар яриад жолоочтой машин хэрэгтэй байна гэж хэлсэн бөгөөд Баярсайхан нэг хүний хамтаар ирсэн юм. Тэгээд бид гурав хамтдаа хүчит шонхор зах дээр очоод мах худалдаж аваад бид гурав хамтдаа буцаад манай гэрт ирээд худалдаж авсан мах болон бусад зүйлсийг Баярсайхан болон хамт явсан залуу нь өргөж манай гэрт оруулж өгсөн. Тэгээд би Баярсайханыг Барс худалдааны төв орж ногоо аваад нэг жуулчин ирсэн байна тэр хүнийг аваад ирье гэсэн чинь Баярсайхан хамт явсан хүнээ дагуулж явна гэхээр нь би тэр хүнийг Баярсайханы найз юм байх гэж бодож байсан учир тэр найзтай нь хамт гэртээ үлдээд кофе ууж байя гээд Баярсайханыг ганцааранг нь явуулсан. Би тэр хүнтэй хамт гэртээ байж байгаад гал тогооны өрөө рүү ороод ус буцалгаж байхад нөгөө залуу гэрээс гараад явчихсан байхаар нь би ширээний доор байсан мөнгөө үзэхэд байхгүй болсон байсан. Тэгээд би шууд Баярсайхан руу залгаж танай найз чинь миний мөнгийг аваад манай гэрээс гараад явчихсан байна гэсэн чинь өөдөөс тэр чинь миний найз биш гэж хариулсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 4-6х/

 

Хохирогч Ч.Тэгшээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандах дээд сургуулийн спорт зааланд сагс тоглодог юм. Энэ сургууль дээр Есүсийн цуглаан болдог, энэ цуглаанд нь хэлгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ирдэг гэдгийг би мэддэг байсан. Биднийг өмнө энэ зааланд сагс тоглож байхад энэ цуглааны залуусаас зарим нэг нь гуйгаад бид нартай тоглодог байсан, тэдний нэг нь хэлгүй сонсголгүй 25 орчим насны залуу дажгүй сагс тоглодог манай багт 2-3 удаа орж тоглож байсан. 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр биднийг сагс тоглож байхад нөгөө залуу ирээд мөн л манай багт орж тоглосон. Тоглолт дуусаад хувцас сольж байхдаа дараа ирнэ бид нартай тоглоно биз дээ гээд утасны дугаараа өгчих гэхэд 88188729 гэсэн дугаар өгөөд нэр чинь хэн бэ гэхэд Бат гэж хэлсэн. Би өөрөө дохионы хэлээр ярьдаг тул түүнтэй харилцаж утасны дугаарыг нь авсан юм, ингээд явах гэж байхад бат хаашаа явах юм гэж асуусан, хотын төв рүү явна гэхэд би 13руу явна замдаа бууя гэхээр нь за тэг тэг гэсэн. Ингээд бид заалнаас гараад би жолоогоо бариад Бат машины урд талын суудалд миний хажууд суусан. Сургуулийн гаднаас хөдлөөд би хажуугийн Америк жимсний дэлгүүр эрж самар аваадхья гэж бодоод дэлгүүрийн гадаа зогссон хамт орох уу гэж асуухад байж байя гэсэн тэгээд намайг машинаас буухад хамт буугаад машины гадаа зогсчихоор нь би машиныхаа хаалгыг түгжилгүй дэлгүүр рүү ороод ойролцоогоор 2 минутын хугацаанд самар аваал гарч ирэхэд Бат машинд байгаагүй, мөн машины гадаа ч байхгүй болохоор нь гайхаад хамт явна гэж байсан хүн хаачсан юм бол гэж бодсоноо гэнэт машины арын суудал дээр цүнхтэй мөнгө байгаа гэдгээ санаад цүнхээ авч үзэхэд цүнхэнд байсан 2,3 сая төгрөг алга болсон байхаар нь самар авсан дэлгүүр рүү гүйж очоод дэлгүүрийн гадна камерыг нь үзсэн боловч бүрзийсэн нягтрал муутай байсан тул олигтой зүйл харагдаагүй, тэгэхээр нь Батын надад өгсөн 88188729 дугаар руу залгахад утсаа авахгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 54-185х/

 

Хохирогч Б.Бадамцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ингээд хэлгүй залуу нь хэлгүй хүмүүсийн дохио хэллэгээр надаас машинаа хэдэн төгрөгөөр зарах юм бэ цаас байна уу гэж асуусан би дохионы хэл мэддэг болохоор дохиогоор юу гэж байгааг нь ойлгож байсан. Тэгээд жолоочийн хариуцлагын даатгалын гэрээнийхээ цаасан дээр балаар 6 сая 500 гэж бичихэд надаас цаасыг маань аваад 5 сая 900 гэж бичихэд нь би тэг тэг гэхэд заза 6 саяар авъя гээд 6-ийн тоо бичсэн. Тэр залуу би 15 цагт Хэнтий аймаг явах ёстой Хэнтийнх гэж хэлээд байсан. Ингээд машиныг маань 6 саяар авахаар болоод залуу миний машиныг барьж үзье гээд машиныг маань бариад модны 2-т байдаг гэрээсээ мөнгө авч өгье гэж хэлээд явж байснаа вокзалаар дайраад явъя, хөдөө явж байгаа эгчийгээ гаргаж өгчихөөд модны 2 явъя гэсэн. Тэгээд Баянгол дүүргийн замын цагдаагийн тасгийн урд колонк дээр очиж бензин хийхдээ жолоогоо солиод би машинаа бариад вокзал дээр ирж машинаа вокзалын хойд талын машин зогсоол дээр байрлуулсан. Ингээд эгчтэйгээ уулзчихаад ирье гээд зал руу орчихоод гарч ирснээ эгчид 150.000 төгрөг хэрэгтэй байна гэнээ надад 150.000 төгрөг өгчих би 6 сая дээрээ нэмээд өгье гээд надаас 150.000 төгрөг авснаа вокзалын 2 давхрын цонхон дээр зогсож байсан эмэгтэй рүү заагаад тэр манай эгч зогсож байна манай эгч 30 настай энд ажилладаг юм би мөнгө оруулж өгчихөөд гараад ирье гээд ороод удалгүй гараад ирсэн. Тэндээсээ Гранд плазагаас хойшоо модны 2 луу явж байхад зүүн тал руу гандан руу заахаар нь гандангийн зам руу ороод яг төв гандангийн гадна хаалганы урд байдаг Шар ордон хийдийн өмнө ирж зогсоод өвөөгөөс мөнгө аваад гараад ирье манай өвөө лам байгаа юм энэ Шар ордонгийн 3 давхарт суудаг юм гэж хэлээд дотогш орчихоод буцаж гарч ирээд өвөө байхгүй байна би 15 цагт явна гэж хэлсэн болохоор удахгүй ирэх байх өвөөг ирэхээр мөнгө аваад нотариат оръё гэж хэлсэн. ...Ингээд 15 цаг орчим өнгөрөхөд нөгөө залуу өвөө рүүгээ залгая гээд миний айфон 4с загварын гар утсыг аваад машинаас буугаад машины ард талд зогсож байснаа алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 155-156х/

Хохирогч Г.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн 47-89 УНҮ улсын дугаартай автомашинтайгаа халтуур хийгээд явж байсан юм. Тэгтэл Ард кино театрын урд талын автобусны буудал дээрээс нэг эрэгтэй хүн авсан. Тэгээд тухайн залуу дохиогоор харьцсаар байгаад намайг 25аар эмийн сангийн хажууд байдаг нэг жижигхэн дэлгүүр рүү аваачсан. Тэгээд утсаа өгөөч гээд дохиогоор гуйгаад байхаар нь би өөрийн гар утсаа өгсөн тэгээд залуу тэр жижигхэн дэлгүүр рүү орсон. Тэгээд би араас нь тухайн дэлгүүр рүү ортол тэр залуу алга болсон байсан. Би бодохдоо арын хаалгаар нь гараад явсан гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /2хх-ийн 113-114х/

Хохирогч Э.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13 цаг 30 минут орчимд би модны орчимд байрлах Амуре рестораны хажууд талын Солонгос хоолны үүдний зогсоол дээр таксинд явах зорилготой зогсож байтал нэг залуу ирээд явах уу гэж асуусан тэгээд тэр залуу миний машинд орж ирээд хэлгүй бололтой гараараа зам заагаад Гандангийн гудамж руу орсон тэнд нэг хашааны энд зогсоод хашааны хаалга нүдээд байсан тэгж байгаад буцаж машин руу ирээд намайг гар утсаа өгч бай хүн дуудах гэсэн юм гэх мэтээр дохиогоор хэлээд байсан тэгээд би тэр хүнд утсаа өгсөн чинь миний гар утсыг аваад тэр айлын хашаагаар даваад зугтаасан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 87х/

 

Хохирогч Д.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн 05-17 ДГО улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн автомашинтай модны 2 орчим явж байтал нэг залуу гар өргөн суусан. Тэр залуу хэлгүй байсан. Бид 2 ойлголцохын тулд гар утсаар мессэж бичсэн. Тэр залуу ойрхон гэрээсээ эхнэр хүүхдээ аваад эмээлт хүргүүлнэ гэж бичсэн. Тэгээд гандангийн шинээр байгуулагдсан жишиг гудамжаар явж байгаад нэг айлын гадна зогссон. Тэнд очоод миний гар утсаар нэг дугаар руу залгаж байснаа хашаа даваад зугтаачихсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 70х/

 

Хохирогч Б.Сарангуагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгээд дүүрэн гэх газар модруу тулж очоод ийшээ машин чинь явахгүй ээ одоо эндээс манай дүү мөнгө бензин хоёр аваад гараад ирнэ гэж бичиж байснаа утасны батарей авч сим сугалаад дундуур нь хугалж цохингуутаа тольтой МР5-ыг шүүрч авахаар нь би боль гээд булаацалдахад нарны шил хаагчийн завсар байсан 10000 төгрөг унаж ирсэн бөгөөд нөгөө хэлгүй залуу миний гарыг ард очиж дарж байгаад машинаас буугаад уул руу зугтаагаад гүйгээд орсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 117-118х/

 

Хохирогч А.Мижиддоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сапорогийн автобусны буудлын хойд талд байрлах улаан тоосгон байрны хажууд явж байсан чинь манай тусгай сургуульд хамт сурдаг байсан Очирбаатар гэж хүү над руу ирээд намайг гар утсаа гаргаад ирээ намайг ална шүү гэж айлгаад одоо гар утсаа гаргаад ирээ чиний гар утсыг би авч ломбарданд тавина гээд булааж аваад миний гар утсыг ломбарданд тавьсан. Намайг нэг удаа нүүр рүү цохиод тэгээд заамдсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 220-222х/

 

Хохирогч Ж.Гандоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Зүүннарангийн 9 дүгээр гудамж 21 тоотод оршин суух гэртээ өөрийн эхнэр Ундраагийн хамт байж байтал гадна хашааны хаалга чанга нүдээд байсан. Эхнэр гараад харсан би байшингийнхаа цонхоор хартал хашааны үүдэн дээр Очирбаатар, Эрдэнэхүү нар ирчихсэн хаалга нүдэж байсан. Манай эхнэр намайг байхгүй гэж дохио зангаараа хэлэхэд Эрдэнэхүү, Очирбаатар мөн дохио зангаараа харьцаад намайг байгаа, орно, ална шүү гээд мөн салаавч гаргаад Очирбаатар манай эхнэрийг түлхээд хойш нь татаж унагаад хаалга татаж их ширүүн манай гэрт орж ирээд үгийн зөрүүгүй намайг дэгээдэж унагаад гэрт түрэмгийлж орж ирсэн. Араас эхнэр орж ирээд гар гар гэж хэлэхэд Очирбаатар эхнэрийг түлхэж унагаад дарж унасан. Очирбаатар дохио зангаагаар надтай харьцаад "надад 6 сая төгрөг өг, гар утсаа өг, мөнгө байгаа бол гаргаад ир, ална шүү, эхнэртэй чинь ална за" гэх зэргээр дарамталж гэр дотуур өөрийн дураар сэлгүүцэж гадаа гудамжинд байгаа юм шиг энхэр бид 2-ыг ихээр дарамталсан. Тэгснээ Ундраагийн цүнхэн дотор байсан миний гар утсыг Очирбаатар харснаа очоод цүнхийн шүүрч аваад ухаад тэр цүнхэн дотор байсан 150.000 төгрөг мөн самсунг эсЗ загварын хөх өнгийн шинэ гар утсыг нь авсан. Энэ гар утсыг 240.000 төгрөгөөр энэ зун наадмаар авсан. Надаас мөн айлгаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ахин гэрт ирээд 2014 оны скай гар утас авсан. Мөн ална шүү гэх зэргээр дарамталсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 30х/

 

Хохирогч Ж.Ундраагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 234-237х/, шүүгдэгч Т.Очирбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 146х/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 148х/, 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ¹491 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 147-207х/, Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1хх-ийн 223-225х/, Хохирогч А.Мижиддоржийн дээрэмдүүлсэн гар утасны үнэлгээ /1хх-ийн 235х/ Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх-ийн 120-122х/, Хохирогч Б.Сарангуагийн дээрэмдүүлсэн МП5 тоглуулагчийг үнэлсэн үнэлгээ /1хх-ийн 138х/, Хохирогч Д.Должинсүрэнгийн алдсан гар утасны үнэлгээ /2хх-ийн 72х/, Гэрэл зургаар таньж олуулсан тухай тэмдэглэл /2хх-ийн 77х/, Хохирогч Э.Баясгалангийн алдсан гар утасны  үнэлгээ /2хх-ийн 88х/, 3урагт таньж олуулсан тухай тэмдэглэл /2хх-ийн 93-96х/, Гэрэл зургаар таньж олуулсан тухай тэмдэглэл /2хх-ийн 107-108/, Хохирогч Г.Бямбасүрэнгийн алдсан гар утасны үнэлгээ /2хх-ийн 106х/, Хохирогч Ж.Гандорж болон Ш.Ундраа нараас дээрэмдсэн эд зүйлсийн үнэлгээ /2хх-ийн 32х/, Хохирогч Ш.Ундраагийн мэдүүлэг /2хх-ийн 225х/, Хохирогч Б.Энхтүвшингийн мэдүүлэг /2хх-ийн 56-58х/ болон хэрэгт авагдсан бусад  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу нотлогдон тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Т.Очирбаатарын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ж.Гандорж, Ш.Ундраа нараас 100.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-2 маркийн гар утас, 50.000 төгрөгийн үнэ бүхий Скай маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр булаасан гэх үйлдэлд эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлсэн боловч уг үйлдлийн улмаас учирсан хохирол нь хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул яллахаас татгалзах санал гаргасан болно.

 

Иймд шүүгдэгч  Т.Очирбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан, орон байранд нэвтэрч хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг давтан дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн давтан үйлдлээр залилж бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Т.Очирбаатарын үйлдсэн бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, зарим ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Очирбаатар нь 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдал дууссан байна.

 

Шүүгдэгч Т.Очирбаатарын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 533 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Т.Очирбаатар нь үйлдсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулаагүй тул түүнээс нийт 12.034.950 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Жаргалсайханд 900.000 төгрөг, хохирогч Дэ Груут Ламбертусд 5.014.950 төгрөг, хохирогч Ч.Тэгшээд 2.300.000 төгрөг, хохирогч Б.Бадамцэцэгт 330.000 төгрөг, хохирогч Г.Бямбасүрэнд 300.000 төгрөг, хохирогч Н.Баясгаланд 450.000 төгрөг, хохирогч Д.Должинсүрэнд 800.000 төгрөг, хохирогч Б.Сарангуад 110.000 төгрөг,  хохирогч Ж.Гандоржид 1.150.000 төгрөг, хохирогч, хохирогч Б.Энхтүвшинд 600.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Нарангэрэлд 80.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид ял шийтгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.3, 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Прокуророос шүүгдэгч Т.Очирбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Шүүгдэгч Аргалжин овогт Түмэнжаргалын Очирбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан буюу орон байранд нэвтэрч хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр дээрэмдсэн,

давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Очирбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Т.Очирбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 5 /тав/ сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Очирбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 5 /тав/ сар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялын зарим болох 6 /зургаа/ сар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар хорих ялын зарим болох 6 /зургаа/ сар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ жил 5 /тав/ сар хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Очирбаатарт оногдуулсан 6 /зургаа/ жил 5 /тав/ сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Очирбаатарын цагдан хоригдсон 533 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Очирбаатараас нийт 12.034.950 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Жаргалсайханд 900.000 төгрөг, хохирогч Дэ Груут Ламбертусд 5.014.950 төгрөг, хохирогч Ч.Тэгшээд 2.300.000 төгрөг, хохирогч Б.Бадамцэцэгт 330.000 төгрөг, хохирогч Г.Бямбасүрэнд 300.000 төгрөг, хохирогч Н.Баясгаланд 450.000 төгрөг, хохирогч Д.Должинсүрэнд 800.000 төгрөг, хохирогч Б.Сарангуад 110.000 төгрөг,  хохирогч Ж.Гандоржид 1.150.000 төгрөг, хохирогч Б.Энхтүвшинд 600.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Нарангэрэлд 80.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Очирбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАТГЭРЭЛ

           

                                           ШҮҮГЧИД                                    С.БАТЖАРГАЛ

 

              Б.ХАЛИУН