Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 730

 

 

Ч.Анхбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор П.Нямцэцэг,

          ялтан Ч.Анхбаяр /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

          нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ч.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Анхбаярт холбогдох эрүүгийн 2016 2503 0298 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Чулуунхүүгийн Анхбаяр, 1988 оны 2 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн, хамт Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр баг, Цагаан Уулд оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 4-60 тоотод оршин суух,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 231 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө нь тэнсэн суллагдсан /РД:ШУ88020431/,

Ч.Анхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, мөн 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө нь тэнсэн суллагдсан буюу ялтай байх хугацаандаа 2016 оны 2 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цаг 25 минутын орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо “Хөхийн дуулга” караоке паб буюу олон нийтийн газар, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, олон нийтийг үл хүндэтгэн, Ж.Пүрэвжавтай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж танхайрах явцдаа тус пабын 2 давхрын шатан дээрээс Ж.Пүрэвжавыг шидэж танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ч.Анхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Анхбаярыг давтан үйлдлээр, танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Анхбаярыг 21 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Ч.Анхбаярт Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн ялын зарим болох 3 сарыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 21 жил 3 сарын хугацаагаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Ч.Анхбаярыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон нийт 214 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Анхбаяраас 4.180.789 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмаржавд олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан Ч.Анхбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Миний бие 2007 онд санамсар болгоомжгүй үйлдлээсээ болж гэмт хэрэгт холбогдон 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан.

Хэрэг гардаг өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр миний төрсөн дүү Ч.Оюунцэцэгийг үл таних хүн гудамжинд татаж, чангаан, айлган сүрдүүлсэн гэдгийг сонссон. Мөн талийгаачийг олны ярианаас “энэ хүн эмэгтэй хүн рүү гаж үйлдэл үзүүлдэг” гэдгийг сонссоны улмаас дүүгээ үл таних хүний гарт өртөн янз бүр болчихвий гэсэн дээ гэрээсээ гаран тухайн залууг олж энэ үйлдлээ таслан зогсоохыг анхааруулах зорилгоор явж байгаад тус хүнтэй караоке дотор тааран ярилцаж байгаад сүүлдээ маргалдан муудалцаж сөрөг үйлдлээр шатнаас унаган санамсаргүй байдлаар амь насыг нь хохироосон үйлдэлдээ талийгаачийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Ар гэрийн амьдрал тааруу учраас хохирол төлж чадаагүй.

Мөн өнгөрсөн хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сард миний төрсөн эгч Ч.Оюунтуяа нь өвчний улмаас таалал төгссөн. Энэ байдлаас болж ээжийн минь сэтгэл санаа, биеийн эрүүл мэндийн хувьд тааруухан байгаа. Миний бие ээжийгээ амьд сэрүүнд нь холбоотой байж, хорих ангид ажил хийж хохирол төлбөрөө төлж барагдуулахыг хүсч байна. Иймд дээрх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж шүүхээс оногдуулсан ял эдлэх дэглэмийг өөрчилж өгөхийг чин сэтгэлээсээ гуйж байна...” гэв.

Ялтан Ч.Анхбаярын өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь танхайн сэдэлтээр бус хувийн сэдэлт байгаа болох нь Ч.Анхбаяр болон гэрч нарын мэдүүлгээс харагддаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэх боломжтой байна. Мөн Ч.Анхбаярыг анхан шатны шүүхээс онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлд “…урьд нь хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар хоёр удаа шийтгүүлж…” гэж заасныг ойлгохдоо 2 дахь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж байж онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох ёстой гэж үзэж байна. Үүнийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Иймд Ч.Анхбаярын давж заалдах гомдлыг дэмжиж байна…” гэв.

Прокурор П.Нямцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ч.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

            Ч.Анхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, мөн 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө нь тэнсэн суллагдсан буюу ялтай байх хугацаандаа 2016 оны 2 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цаг 25 минутын орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо “Хөхийн дуулга” караоке паб буюу олон нийтийн газар, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, олон нийтийг үл хүндэтгэн, Ж.Пүрэвжавтай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж танхайрах явцдаа тус пабын 2 давхрын шатан дээрээс Ж.Пүрэвжавыг шидэж танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлагч Б.Батдоржийн бичсэн илтгэх хуудас /1-р хх-3/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-18, 19-20/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-21, 22-23/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-24-26/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-28-29, 30-31/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-32/, талийгаач Ж.Пүрэвжавын Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /1-р хх-76-99/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмаржавын “…маш их гомдолтой байна. …Талийгаач дүүгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал болон бусад зардлыг холбогдох хүмүүсээс нь нэхэмжилж байна. Буруутай этгээдэд хуулийн дагуу зохих хариуцлагыг нь оногдуулж өгнө үү…” /1-р хх-34-36/,

            Гэрч З.Мягмарын “…2016 оны 2 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би өөрийн ажил буюу Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, “Хөхийн Дуулга” нэртэй диско, караоке пабын текний хэсэгт байрлах хяналтын камерыг хараад сууж байсан. Манай караокед үйлчлүүлдэг зүс таних Ч.Анхбаяр гэх залуу үл таних нэг залуугийн хамт гарч яваад шатны ойр орчимд зогсож байсан залууг шатан дээрээс өргөөд доошоо нэг давхрын шат руу унагаасан. …Цуг явсан залуу нь Ч.Анхбаярыг татаад дийлээгүй. Уг дүрс хяналтын камерт  бичигдэж үлдсэн байсан…” /1-р хх-37/,

            Гэрч Ч.Оюунтөгсийн “…22 цагийн үед манай эгч Ч.Оюунцэцэг гарч, орж ирээд “намайг сургуулиас дээш өгсөх үед үл таних залуу айлгаад, хөөгөөд байсан” гэж хэлсэн …Манай ах Ч.Анхбаяр “ямар залуу байдаг юм, түүнийг хайя” гэж хэлээд ах Ч.Анхбаяр, түүний найз Б.Мөнхбаясгалан, манай найз Г.Ууганцэцэг бид 4 гэрээс гарж яваад “Макс” супер маркетийн урдаас найз Г.Ууганцэцэгийн хамт ээмэгээ ломбарданд тавих гээд салаад явсан. Ах Ч.Анхбаяр найз болох Б.Мөнхбаясгалангийн хамт яваад “Хөхийн Дуулга” гэх бааранд орох гээд явсан. Салж яваад 2 цагийн дараа ахын найз Б.Мөнхбаясгалан над руу залгаж ах чинь “хүн зодчихлоо” гэж утсаар хэлсэн…” /1-р хх-38, 2-р хх-5/,

            Гэрч Г.Ууганцэцэгийн “…Манай найз Ч.Оюунтөгс урьд нь надад “манай гудамжинд нэг гаж донтой залуу өөдөөс өмдөө шувталчихаад нааш ир” гэж дуудаад байдаг талаар надад хэлж байсан. Тухайн өдрийн орой нь манай найзын эгч Ч.Оюунцэцэгтэй мөн адил таараад гэж хэлж байсан. Энэ тухайгаа ах Ч.Анхбаяртаа хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд ах нь тэр залууг шатан дээрээс унагаасан гэж хэлж байсан…” /1-р хх-42-43/,

            Гэрч М.Пүрэвдоржийн “…дуудлага ирсний дагуу “Хөхийн Дуулга” бааранд шалгахаар 23 цаг 35 минутын орчим ороход баарны нэг давхрын шатны хажууд үл таних хар бараан өнгийн хамгаалалтын хувцастай 30-35 насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Юу болсон талаар баарны зохион байгуулагч З.Мягмар гэгчээс асуухад “манай бааранд үйлчлүүлж байсан Ч.Анхбаяр энэ хүнийг 2 давхрын шатнаас түлхээд унагачихлаа” гээд байж байсан…” /1-р хх-54/,

            Гэрч Ч.Билэгсайханы “…З.Мягмараас асуухад “манай бааранд үйлчлүүлж байсан Ч.Анхбаяр энэ хүнийг 2 давхрын шатнаас түлхээд унагачихлаа” гээд байж байсан…” /1-р хх-55/,

           

            Гэрч Ч.Оюунцэцэгийн “…Автобусны буудлын эсрэг талд байх Соёл үйлчилгээний төвийн зогсоол дээр буучихаад ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн урд талаар чигээрээ яваад нарийн гудамжаар ороод цаашаагаа гэрлүүгээ зүүн эргэхэд миний өөдөөс үл таних, хар бараан өнгийн хувцастай, 30 орчим насны залуу өмдөө шувтлаад, бэлэг эрхтнээ гаргачихаад өөдөөс дайрахаар нь би цаашаагаа гэрлүүгээ гүйхээгээрээ орсон. …Гэрт ороод болсон асуудлын талаар өөрийн ах, эмэгтэй дүү нартаа хэлсэн…” /2-р хх-3/,

Гэрч Б.Мөнхбаясгалангийн “...“Хөхийн Дуулга” караокед сууж байхад Ч.Анхбаяр нь нь 2-3 удаа орж, гарч явж байгаад сүүлд орж ирэхдээ “гадаа манай 2 эмэгтэй дүүг оролдоод, гудамжинд боовоо гаргаад байдаг гаж донтон байна. Би гарч учраа олно” гэж хэлэхээр нь би “хэрэггүй, харанхуй шөнө хүнтэй муудалцаад дэмий, саяхан шоронгоос гарч ирчихээд дахин хэрэгт орвол яах юм бэ” гэхэд Ч.Анхбаяр караокенаас гараад гүйхээр нь би араас нь гарч очоод түүний ташаа хэсгээс татахад миний гар мултраад дахин мөр хэсгээс нь татах гэхэд доошоо суугаад, талийгаачийг хөлнөөс нь өргөж аваад доошоо унагаачихсан...” /2-р хх-75/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ж.Пүрэвжав нь баруун чамархай яснаас дээш зулайн титэм заадас дайрсан шугаман хугарал, баруун чамархай ясны хугарлаас доош баруун чамархайн суурийн дунд хонхор луу чиглэсэн шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дарагдал, тархины баруун тал бөмбөлгийн дух, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун чамархай, зулай хэсгийн хуйхан доор тархмал цус хуралт, баруун, зүүн ташаа, ахар сүүлний хэсэгт шарх /холголт/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ГССҮТ-ийн өвчний түүхэнд В/III/ бүлгийн харьяалалтай байна. Талийгаач нь ГССҮТ-д эмчлэгдэж байсан тул спиртийн зүйл тогтоох боломжгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн 401 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-64-67/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Ч.Анхбаяр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Ч.Анхбаяр нь болж буй үйл явдлын талаар ухамсарлан ойлгох чадвартай. Архи мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй. Хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн 291 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-72-73/, Ч.Анхбаярын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Ялтан Ч.Анхбаярын гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт зааснаар Ч.Анхбаярыг 21 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Ч.Анхбаярт Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн ялын зарим болох 3 сарыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 21 жил 3 сарын хугацаагаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Ч.Анхбаярыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь ялтны гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

Ялтан О.Нармандах нь давж заалдах шатны шүүхэд “…ял эдлэх дэглэмийг өөрчилж өгнө үү...” гэх давж заалдах гомдол гаргаж байгаа боловч Ч.Анхбаяр нь 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацааны өмнө нь тэнсэн суллагдсан буюу ялтай байх хугацаандаа дахин онц хүнд гэмт үйлдсэн бөгөөд хоёр ба түүнээс дээш удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцүүлэн түүнд оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул ялтан Ч.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ч.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ГАНСҮХ

 

                                 ШҮҮГЧИД                                              Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ