Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2017/02631

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 баатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч:

 

           Хариуцагч:

           Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 8.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагч ... ХХК-ийн захирал С., гэрч Д.Хишигсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Э.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Э. нь 2016 оны 03 сарын 25-ны өдөр ... ХХК-ийн захирал С.тэй 2004 онд БНСУ-д үйлдвэрлэсэн Аеrо Spess маркын 38-10 УНХ улсын дугаартай, 45 хүний суудалтай, том оврын автобусыг 20.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулан хүлээлгэн өгсөн. Автобусыг гэрээний дагуу ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй, эдэлгээ чанар, байдал, урьд нь явсан километрт нь нийцэж байгаа эсэх, гадаад өнгө үзэмж болон доторх эд анги /заалны бүрэн бүтэн байдал/, моторын хөдөлгүүрийн багтаамж, чанар үзүүлэлт, хропны чанар байдлыг С.эд харуулан шалгуулж хүлээлгэн өгсөн. Гэтэл ... ХХК-ийн захирал С. тухайн тээврийн хэрэгсэл нь байнга эвдэрч байснаас засуулж байсан, тэгээд ч би аваагүй Б.Нарантуяа, н.Нэмэхбаяр нар авсан гэж тайлбар өгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй юм. Худалдах худалдан авах гэрээг Э. нь ... ХХК-тай хийж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар "... худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...” үүргийг хүлээсэн байна. Э.аас худалдаж авсан автобусаа С. цааш нь өөр хүнд зарсаныг Э. хэнд ямар үнэ ханшаар зарсныг мэдэхгүй, мэдэх боломж ч байхгүй. Тэгээд ч ... ХХК-ийн захирал С. нь 9.000.000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 25-нд, 2.400.000 төгрөгийг 2016 оны 08 сарын 22-нд Э.ын Хаан банкны дансаар шилжүүлсэн. Иймд үлдэгдэл 8.600.000 төгрөгийг хариуцагч ... ХХК-иас гаргуулж өгнө үү. Тус компанийн захирал С. шүүх хуралдаан дээр Э.тай ярьж үнийн дүнгээс 4.000.000 төгрөг хасахаар тохирсон гэж байгаа нь үндэслэлгүй, Э. ямар ч тийм яриа болоогүй гэж хэлдэг. С. мөнгө шилжүүлэхдээ өөрөө л 5.000.000 төгрөгнөөс гэж бичсэн байгаа боловч үнийн дүнг бууруулсан талаар ямар ч баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

   Хариуцагч ... ХХК-ийн захирал С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. 2016 оны 03 сарын 25-ны өдөр Э.тай гэрээ байгуулж, Аеrо Spess маркийн 45 хүний суудалтай, 2004 онд БНСУ-д үйлдвэрлэсэн улаан хүрэн өнгийн автобусыг худалдаж авсан нь үнэн. Уг автобусыг банкнаас зээл авч мөнгийг нь төлөх байсан ба автобусыг зээлийн барьцаанд тавих гэтэл 10 жилээс дээш насжилттай байна, барьцаанд авахгүй гээд зээл бүтээгүй. Гэтэл манай компанид ажилд орох гэж байсан н.Нэмэхбаяр гэдэг хүн уг автобусыг авъя гэж байна гэхээр нь Э.т хэлэхэд зөвшөөрсөн. н.Нэмэхбаяр, Б.Нарантуяа нар /гэр бүл/ хот хооронд хүн тээвэрлэх албан ёсны зөвшөөрөл байхгүй гэдгээр манай компанийн нэр дээр автобусыг авч байсан боловч автобусыг эзэмшиж байгаа эзэмшигч нар нь н.Нэмэхбаяр, Б.Нарантуяа нар юм. Тиймээс ч Э. нь н.Нэмэхбаяр, Б.Нарантуяа нараас мөнгөө байнга нэхдэг байсан. Гэтэл цааш нь хэнд зарсныг мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. н.Нэмэхбаяр, Б.Нарантуяа нар автобусны мотор, кроп зэрэг нь эвдэрч, байнга засвар үйлчилгээнд орж байсан учир буцаая гэж Э.т хэлдэг байсан. Дээрх автобусыг н.Нэмэхбаяр, Б.Нарантуяа нар эзэмшиж ашиглаж байгаа ба надад өгсөн мөнгийг би Э.т дансаар нь шилжүүлсэн талаар хэрэгт бүх баримт авагдсан байгаа. Анх Э.тай автобусыг 20.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон боловч он нь хуучин, дээр нь маш их эвдрэлтэй юм байна, үнийн талаар эргэж яриач гэхэд 4.000.000 төгрөг хасаж өгье гэсэн. Тийм ч учраас би дансаар мөнгө шилжүүлэхдээ 5.000.000 төгрөгийн эхний 2.400.000 төгрөг явууллаа гэж бичсэн нь баримттай байгаа. Энэ мөнгийг шилжүүлэхэд маргаан огт болоогүй байсан учир тухайн баримт нь 4.000.000 төгрөгөөр үнийг нь багасгасныг нотлож байгаа юм. Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон нотариатч Хишигсүрэн ч бас 4.000.000 төгрөгөөр үнийг нь бууруулсаны нотлож байна. Э. тухайн үед үнийн дүнгээс хасахыг зөвшөөрсөн тул бичгийн баримт үйлдээгүй. Гэтэл одоо тийм яриа болоогүй гэж худал хэлж байна. Тохирсон ёсоор /8.600.000-4.000.000/=4.600.000 төгрөг төлөх ёстой бөгөөд н.Нэмэхбаяр, Б.Нарантуяа нар төлөх ёстой би энэ хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                         

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э. нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 8.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудад тулгуурлан дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

     Э. нь 2016 оны 03 сарын 25-ны өдөр ... ХХК-д 2004 онд БНСУ-д үйлдвэрлэсэн, Аеrо Spess маркын 38-10 УНХ улсын дугаартай, 45 хүний суудалтай, том оврын автобусыг 20.000.000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний дотор төлөх үүрэг хүлээж, мөн өдрөө тус компанийн захирал С.тэй “төлбөр барагдуулах тухай хэлцэл” нэртэй гэрээ байгуулжээ /хх-ийн 4 дүгээр хуудас/.

 

     Нэхэмжлэгч нь ... ХХК-ийн захирал С. нь худалдан авсан үнийн дүнгээс 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 9.000.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2.400.000 төгрөгийг тус тус төлсөн, үлдэгдэл 8.600.000 төгрөгийг төлөөгүй гэж хариуцагчаас нэхэмжилж байна.

 

Харин хариуцагч ... ХХК-ийн захирал С. 2016 оны 03 сарын 25-ны өдөр Э.тай төлбөр барагдуулах гэрээ байгуулж автобусыг худалдан авахаар тохирсон боловч банкны зээл бүтээгүйгээс н.Нэмэхбаяр, Б.Нарантуяа нарт худалдсан тул манай компани энэ хэргийн хариуцагч биш, Э. үнийн дүнгээс 4.000.000 төгрөг бууруулсан, нөгөө талаар дээрх автобус нь техникийн доголдолтой, мотор, кроп зэрэг олон эд анги нь эвдэрч засвар их орсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар Э. төлбөр барагдуулах гэрээ байгуулсан өдрөө /2016 оны 03 дугаар сарын 25/ автобусыг ... ХХК-д хүлээлгэн өгч, улмаар тус компанийн захирал С. нэхэмжлэгч Э.т автобусны үнэнд хоёр удаа нийт 11.400.000 төгрөг төлсөн болох нь мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаангүй байна.

 

... ХХК-ийн захирал С. нь компани энэ хэргийн хариуцагч биш, автобусны үлдэгдэл мөнгийг авах ёстой гэж үзвэл н.Нэмэхбаяр, Б.Нарантуяа нар төлнө гэж маргаж байх боловч худалдах, худалдан авах гэрээг Э.тай байгуулж, автобусыг хүлээж авсан, төлбөрөөс 11.400.000 төгрөг төлсөн байх тул Э. нь ... ХХК-иас гэрээний үүргийн биелэлт /автобусны үлдэгдэл мөнгийг/-ийг шаардах эрхтэй.

 

 Хариуцагч ... ХХК-ийн захирал уг автобусыг банкнаас зээл авч, худалдан авах хүсэлтэй байсан боловч зээл бүтээгүйгээс тус компанийн нэр дээр ажил үйлчилгээ явуулахаар н.Нэмэхбаяр, Б.Нарантуяа нарт автобусыг худалдаж тэд эзэмшиж ашиглаж байгаа болох нь хэрэгт цугларсан бичгийн баримт, хариуцагч болон гэрчүүдийн тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч тал Э.аас автобусыг 20.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон нь үнэн боловч он нь хуучин, дээр нь маш их эвдрэлтэй байна гэдгийг хэлж, үнийн талаар эргэж яриач гэхэд 4.000.000 төгрөг хасахаар тохирсон болох нь хариуцагч С.ийн шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, гэрчээр асуугдсан Д.Хишигсүрэнгийн мэдүүлэг, хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд авагдсан Э.ын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад  2016.08.22-ны өдөр 14 цаг 31 минутад ЕВ-5 sayiin ehniih ...-аас 2.400.000 төгрөгийг орлогод шилжүүлсэн талаар тэмдэглэгдсэн бичгийн нотлох баримтаар хөтөлбөргүй тогтоогдож байх тул үнийн дүнгээс 4.000.000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иймд ... ХХК-иас 4.600.000 төгрөг гаргуулж, Э.т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 4.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч ... ХХК Аеrо Spess маркын 38-10 УНХ улсын дугаартай, 45 хүний суудалтай том оврын автобус нь эрхийн доголдолтой байснаас засвар үйлчилгээ их хийсэн гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасны дагуу нотлох баримтаар нотлоогүй, энэ талаар шаардлага гаргаагүй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон       

  ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... ХХК-иас 4.600.000 төгрөг гаргуулж, Э.т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 4.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.аас улсын тэмдгийн хураамжид төлсөн 152.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... ХХК-иас хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 88.550 төгрөгийг гаргуулж Э.т олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ТҮМЭНЦЭЦЭГ