Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1312

 

Э.Анхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00810 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Анхбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Бумбан хайрхан” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 8 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч С.Сүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Анхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Анхбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Бумбан Хайрхан” ХХК-ийн захирал С.Сүхтэй 2004 онд БНСУ-д үйлдвэрлэсэн Aero Spess маркын 38-10 УНХ улсын дугаартай, 45 хүний суудалтай, том оврын автобусыг 20 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулан хүлээлгэн өгсөн. Автобусыг гэрээний дагуу ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй, эдэлгээ чанар, байдал, урьд нь явсан километрт нь нийцэж байгаа эсэх, гадаад өнгө үзэмж болон доторх эд анги /заалны бүрэн бүтэн байдал/, моторын хөдөлгүүрийн багтаамж, чанар үзүүлэлт, хропны чанар байдлыг С.Сүхэд харуулан шалгуулж хүлээлгэн өгсөн. Гэтэл “Бумбан Хайрхан” ХХК-ийн захирал С.Сүх тухайн тээврийн хэрэгсэл нь байнга эвдэрч байснаас засуулж байсан, тэгээд ч би аваагүй Б.Нарантуяа, н.Нэмэхбаяр нар авсан гэж тайлбар өгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй юм. Худалдах худалдан авах гэрээг Э.Анхбаяр нь “Бумбан Хайрхан” ХХК-тай хийж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар “...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...” үүргийг хүлээсэн байна. Э.Анхбаяраас худалдаж авсан автобусаа С.Сүх цааш нь өөр хүнд зарсаныг Э.Анхбаяр хэнд ямар үнэ ханшаар зарсныг мэдэхгүй, мэдэх боломж ч байхгүй. Тэгээд ч “Бумбан Хайрхан” ХХК-ийн захирал С.Сүх нь 9 000 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 25-нд, 2 400 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 22-нд Э.Анхбаярын Хаан банкны дансаар шилжүүлсэн. Иймд үлдэгдэл 8 600 000 төгрөгийг хариуцагч “Бумбан Хайрхан” ХХК-иас гаргуулж өгнө үү. Тус компанийн захирал С.Сүх шүүх хуралдаан дээр Э.Анхбаяртай ярьж үнийн дүнгээс 4 000 000 төгрөг хасахаар тохирсон гэж байгаа нь үндэслэлгүй, Э.Анхбаяр ямар ч тийм яриа болоогүй гэж хэлдэг. С.Сүх мөнгө шилжүүлэхдээ өөрөө л 5 000 000 төгрөгнөөс гэж бичсэн байгаа боловч үнийн дүнг бууруулсан талаар ямар ч баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Бумбан Хайрхан” ХХК-ийн төлөөлөгч С.Сүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Э.Анхбаяртай гэрээ байгуулж, Aero Spess маркийн 45 хүний суудалтай, 2004 онд БНСУ-д үйлдвэрлэсэн улаан хүрэн өнгийн автобусыг худалдаж авсан нь үнэн. Уг автобусыг банкнаас зээл авч мөнгийг нь төлөх байсан ба автобусыг зээлийн барьцаанд тавих гэтэл 10 жилээс дээш насжилттай байна, барьцаанд авахгүй гээд зээл бүтээгүй. Гэтэл манай компанид ажилд орох гэж байсан н.Нэмэхбаяр гэдэг хүн уг автобусыг авъя гэж байна гэхээр нь Э.Анхбаярт хэлэхэд зөвшөөрсөн. н.Нэмэхбаяр, Б.Нарантуяа нар /гэр бүл/ хот хооронд хүн тээвэрлэх албан ёсны зөвшөөрөл байхгүй гэдгээр манай компанийн нэр дээр автобусыг авч байсан боловч автобусыг эзэмшиж байгаа эзэмшигч нар нь н.Нэмэхбаяр, Б.Нарантуяа нар юм. Тиймээс ч Э.Анхбаяр нь н.Нэмэхбаяр, Б.Нарантуяа нараас мөнгөө байнга нэхдэг байсан. Гэтэл цааш нь хэнд зарсныг мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. н.Нэмэхбаяр, Б.Нарантуяа нар автобусны мотор, кроп зэрэг нь эвдэрч, байнга засвар үйлчилгээнд орж байсан учир буцаая гэж Э.Анхбаярт хэлдэг байсан. Дээрх автобусыг н.Нэмэхбаяр, Б.Нарантуяа нар эзэмшиж ашиглаж байгаа ба надад өгсөн мөнгийг би Э.Анхбаярт дансаар шилжүүлсэн. Анх Э.Анхбаяртай автобусыг 20 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон боловч он нь хуучин, дээр нь маш их эвдрэлтэй юм байна, үнийн талаар эргэж яриач гэхэд 4 000 000 төгрөг хасаж өгье гэсэн. Тийм ч учраас би дансаар мөнгө шилжүүлэхдээ 5 000 000 төгрөгийн эхний 2 400 000 төгрөг явуллаа гэж бичсэн. Э.Анхбаяр тухайн үед үнийн дүнгээс хасахыг зөвшөөрсөн тул бичгийн баримт үйлдэж аваагүй. Гэтэл одоо тийм яриа болоогүй гэж худал хэлж байна. Тохирсон ёсоор /8 600 000 - 4 000 000/ = 4 600 000 төгрөг төлөх ба н.Нэмэхбаяр, Б.Нарантуяа нар эвдэрсэн эд ангид маш их зардал гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Бумбан Хайрхан” ХХК-иас 8 600 000 төгрөг гаргуулж, Э.Анхбаярт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Анхбаяраас улсын тэмдгийн хураамжид төлсөн 152 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бумбан Хайрхан” ХХК-иас 152 550 төгрөгийг гаргуулж Э.Анхбаярт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Сүх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/00810 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэргийн бодит байдалд үнэлэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Э.Анхбаяр нь 4 000 000 төгрөг бууруулж автобусны үнийн үлдэгдэл 4 600 000 төгрөг болгож харилцан тохиролцсон. Энэ талаар мэдэх гэрчүүд байсан ч шүүх ач холбогдол өгөөгүйд хариуцагчийн зүгээс гомдолттой байна.

Шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч “Бумбан хайрхан” ХХК -ийн захирал уг автобусыг банкнаас зээл ав, худалдан авах хүсэлтэй байсан боловч зээл бүтээгүйгээс тус компанийн нэр дээр ажил үйлчилгээ явуүулахаар н.Нэмэхбаяр, н.Нарантуяа нарт автобусыг худалдаж тэд эзэмшиж, ашиглаж байгаа нь хэрэгт цугларсан бичгийн баримт, хариуцагч, гэрчүүдийн тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна” гэсэн ч нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь мөн ойлгомжгүй байна. Үнэн бодит үйл баримтыг маргаж байгаа талууд /нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтаар/ тогтоогдож байхад хэт нэг талыг барьж анх байгуулсан гэрээг үндэслэн нэхэмжлэлийг хангасан. Э.Анхбаяр нь автобусыг дамжуулан худалдаж н.Нэмэхбаяр, н.Нарантуяа нарт өгсөн талаар мэдэж байсан бөгөөд энэ үйлдлийг зөвшөөрөхгүй гэсэн ямар ч хариу үйлдэл хийгээгүй байж төлбөр мөнгөний үлдэгдэлийг манай компаниас нэхэмжилж байгааг буруу гэж үзэж байна. Гэрч н.Нарантуяа “Би энэ автобусыг худалдаж авсан би мөнгө төлөх ёстой ....” гээд өр төлбөрийг хариуцах хүн нь сууж байхад шүүх яагаад ийм шийдвэр гаргасныг буруу гэж үзэж байна. Иймд хэргийг бүх талаас нь дахин хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчжээ.

 

Нэхэмжлэгч Э.Анхбаяр нь хариуцагч “Бумбан хайрхан” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 8 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Сүх нь давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  “сая хуралд орохын өмнө хэргийн материалтай танилцахад миний анх бичгээр гаргаж өгсөн тайлбар, шинжээч томилуулах хүсэлт хэргийн материалаас алга болсон байна” гэсэн тайлбарыг гаргаж байх бөгөөд хэргийн 21 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт хариу бичсэн агуулгатай байна. Эдгээр байдлыг харьцуулан дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан, уг тайлбартай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, улмаар түүнд тайлбар гаргаж байжээ.

/хэргийн 21 дүгээр тал/

 

Гэтэл хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотлох баримт болдог тул хариуцагчийн тайлбар хэрэгт авагдаагүй байгаа нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэргийн оролцогчийг эрх тэгш, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх зөрчлийг арилгаж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Бумбан Хайрхан” ХХК-иас төлсөн 78 950 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Э.ЗОЛЗАЯА                                                

                                          ШҮҮГЧИД                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                      С.ЭНХТӨР