Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 181/шш2017/00658

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 06-ны өдөр Дугаар 181/ШШ2017/00658 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.А нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Б-д холбогдох

Авто зогсоолын байрлал тогтоолгож, уг зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 09 сард Мэргэн Арцат ХХК-ний Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг 1-р баг 8-р хэсэгт баригдаж байсан багш нарын гэх 137-р байрны 2 давхарын 12 тоот 31м2 байр худалдан авах гэрээ байгуулан түүнээс хойш байр ашиглалтанд орох 2012 оны 06 сар хүртэлх хугацаанд гэрээний дагуу 24,8 сая төгрөгийг төлж барагдуулсан.

Гэтэл байр ашиглалтанд орох болсон үед Ж.Б болон түүний эхнэр 2 захиалсан байрыг маань аргагүйн эрхэнд өөр хүнд зарах болоод байна, танд 4 давхарт ижил талбайтай байраар солих мөн дээрээс нь хамгийн сайн байрлалтай зогсоолын үл хөдлөхийн гэрчилгээг гаргаад өгье гэж удаа дараа утсаар болон биеэр уулзаж гуйсаар байгаад анх захиалсан байрны байрлалыг өөрчилсөн. Тэгээд грашийг хамгийн сайн байрлалтайг нь байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хамтад нь өгнө гэсэн боловч байрны үл хөдлөхийн гэрчилгээг 2012 оны 09 сард өгөөд грашийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг одоог хүртэл өгсөнгүй.

Байр ашиглалтанд орсноос хойш байрны доор байрлах грашид миний бие өөрийн автомашинаа тавьж байна. Гэтэл Ж.Б байрны доорх грашийг өөр хүнд зарах гэж байна гэж сураг сонслоо. Иймээс залилан мэхэлж буй Мэргэн Арцат ХХК-ний захирал Ж.Баас Монгол Улсын хуулийн дагуу иргэн Б.А надад грашийн байрлалыг тодруулан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү.

Би 4 жилийн турш байнга гэрчилгээг гаргаж өгөхийг шаардаж байсан. Удахгүй гаргаж өгнө гэж худлаа хэлсээр байгаад сүүлдээ утсаа авахгүй болсон. Тухайн үед бичиг баримтаар баримтжуулж аваагүй нь миний буруу, бичиг баримт бичүүлж аваагүй учраас энэ хүмүүс тийм зүйл болоогүй гээд байна. Иймд би заавал 3 тоот зогсоол гэхгүйгээр зогсоолын байршил тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь гаргуулах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч /итгэмжлэл хүчин төгөлдөр байхдаа/ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Зогсоол өгөх талаар хэлэлцэн тохиролцсон зүйлгүй.

Тухайн оршин суугчдыг ашиглахгүй байгаа хугацаанд л тээврийн хэрэгслийг тавиулж байсан нь түүний эзэмшлийн гэж үзэх үндэслэл боллоо гэж байдаг тул бусдын эзэмшилд байдаг хөрөнгийг уг хариуцагч дур мэдэн захиран зарцуулах эрхгүй. Анх энэ байрыг барьж дуусгасны дараа халаалт болон бусад асуудлууд гарч ирсэн. Тэгээд энэ бүх асуудлаас болж төвийн халаалтанд хамрагдаагүй учир тогтвортой оршин суугч нартаа ашиглахгүй байхаар гээд машинаа тавьж болно гэж хэлсэн. Үүний дагуу Б.А нь машинаа тавьж байсан. Б.А-тэй ярьж байсан үнэхээр граш авах хүсэлтэй байгаа бол мөнгөөр нь авах боломжтой. Гэрээ хэлцлийн асуудал Ж.Б-д хамааралгүй.

Худалдан авах талаар санал тавихад Амартүвшин татгалзсан хариу өгдөг. Б.А-тэй гэрээг Мэргэн Арцат ХХК-иар хийсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан зогсоолын байрлал тогтоолгож, уг зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчид авто зогсоол ашиглуулж байсан болохоос шилжүүлж өгөх талаар тохиролцсон зүйл байхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Б.А нь Мэргэн Арцат ХХК-тай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг 1-р баг 8-р хэсэгт 137-р байрны 2 давхарын 12 тоот 31м2 байрыг худалдан авахаар захиалж гэрээ байгуулсан. Байр ашиглалтанд ороход гэрээний дагуу 2 давхарын 12 тоот 31м2 байрыг Б.Агийн өмчлөлд шилжүүлэх байсан боловч 4 давхарын 24 тоот 31м2 байраар сольсон үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ анх захиалсан 2 давхарын 12 тоот орон сууцыг 4 давхарын 24 тоот орон сууцаар солихоор тохиролцсоны төлөө надад Мэргэн Арцат ХХК-ийн захирал Ж.Б нь авто зогсоол өгсөн гэжээ.

Үйл баримтыг дүгнэвэл Б.А нь Мэргэн Арцат ХХК-тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулж, энэ гэрээний хүрээнд анх захиалсан орон сууцны давхарыг өөр давхарт шилжүүлж, ийнхүү давхар сольсонтой холбогдуулан авто зогсоолын 2012 оноос одоог хүртэл ашиглаж байсан байна. Энэ тохиролцооны үр дагавар болгож нэхэмжлэгч нь авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, түүнд холбогдох бусад шаардлагыг гаргасан.

Хариуцагч болох Ж.Б нь Мэргэн Арцат ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч болох тал дээр зохигчид маргаагүй, гэхдээ Б.А-Мэргэн Арцат ХХК-ийн хооронд байгуулан худалдах, худалдан авах гэрээний харилцааны улмаас үүсэж буй үр дагаврын асуудлыг иргэнийхээ хувьд Ж.Б хариуцах учиргүй гэж дүгнэж байна.

Өөрөөр хэлбэл Мэргэн Арцат ХХК нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцна.

Иймд нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний дагуу захиалсан орон сууцны давхар өөрчлөгдсөнтэй холбогдуулж иргэн Ж.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь шалтгаант холбоогүй, Ж.Б нь тухайн гэрээний хүрээнд захиалсан орон сууцны давхар сольсны үр дагаврыг иргэнийхээ хувьд хариуцахгүй гэж үзлээ. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг болно.

Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэх зохицуулалтыг тусгасан байх боловч үүний урьдач нөхцөл нь компанийн гэм буруу тогтоогдсон байх ёстой.

Ж.Б нь Б.А-Мэргэн Арцат ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний харилцааны улмаас үндэслэлгүйгээр хөрөнгө, орлого, үр шим хүртсэн үйл баримт тогтоогдсонгүй.

Дээр дурдсан дүгнэлтийн хүрээнд Ж.Б-д холбогдуулан гаргасан зогсоолын байрлал тогтоолгож, уг зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг хүссэн Б.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлсэн бөгөөд Б.А нь авто зогсоол өмчлөх эрхтэй эсэхэд дүгнэлт өгөөгүй учир гэрч Б.Гантөмөр, Я.Оюун нарын мэдүүлгийг үнэлээгүй болно.

Б.А-гийн хариуцагчаар оролцвол зохих буруутай этгээдэд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нээлттэй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1, 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар хариуцагч Ж.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.А-гийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 8-р хэсэг 137 дугаар байрны В-1 давхарт байрлах авто зогсоолын нэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, авто зогсоолын байршлыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ