Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 53

 

,

Б.Агийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Н.Батчимэг, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 137/ШШ2016/00282 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б,

Хариуцагч: У нарт холбогдох

Гараашийн байрлалыг тодруулан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөг О.Үын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нарийн бичгийн дарга Б.Баярмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2011 оны 9 сард “М” ХХК-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг 1 дүгээр баг ***т баригдаж байсан багш нарын гэх *** тоот 31м2 байр худалдан авах гэрээ байгуулан түүнээс хойш байр ашиглалтанд орох 2012 оны 6 сар хүртэлх хугацаанд гэрээний дагуу 24.8 сая төгрөгийг төлж барагдуулсан.

Гэтэл байр ашиглалтанд орох үед Ж.Б болон түүний эхнэр Э.У нар захиалсан байрыг маань аргагүй эрхэнд өөр хүнд зарах болоод байна, таньд 4 давхарт ижил талбайтай байраар солих мөн дээрээс нь хамгийн сайн байрлалтай зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаад өгье гэж удаа дараа утсаар болон биеэр уулзаж гуйсаар байгаад анх захиалсан байрны байрлалыг өөрчилсөн. Тэгээд гараашийг хамгийн сайн байрлалтайг нь байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хамтад нь өгнө гэсэн боловч байрны үл хөдлөхийн гэрчилгээг 2012 оны 9 сард өгөөд, гараашийн гэрчилгээг одоог хүртэл өгөөгүй. Ж.Бтай уулзаж гараашийн байрлалаа тодруулах, гараашийн гэрчилгээг авахаар удаа дараа утсаар холбогдох үед удахгүй өгнө гэж хэлдэг боловч удаа дараа худлаа хэлж алга болоод байна.

Миний бие түүний амаар өгсөн зөвшөөрлийн дагуу машинаа тухайн гражид тавьсаар ирсэн. Гэтэл одоо Ж.Б нь огт граж өгөх тухай хэлээгүй, машин тавих зөвшөөрөл өгөөгүй мэтээр хэлж байгаа нь үнэнд огт нийцэхгүй байна. Миний хувьд гараашийн тухай бичгээр баталгаажуулж аваагүй нь буруу болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд түүний хэлсэн үгэнд итгэж найдаж явсаар одоог хүрсэн. Тухайн байр нь чанарын хувьд тааруу, айл хоорондын хана нимгэн, дуу, яриа чимээ сонсогддог, муу барилгын материалаар барьсан. Одоо хүртэл дээврээс ус гоождог гэх мэт айл болгон гомдол санал ихтэй амьдарч байна. Байр ашиглалтанд орсноос хойш байрны доор байрлах гараашид миний бие өөрийн авто машинаа тавьж байна. Гэтэл Ж.Б байрны доорх гараашийг өөр хүнд зарах гэж байна гэж сураг сонслоо. Иймээс залилан мэхэлж буй “М” ХХК-ийн захирал Ж.Баас иргэн Б.А надад гараашийн байрлалыг тодруулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.У, Ж.Б нар нь Б.Атэй байрны доод талын зогсоол худалдах, худалдан авах талаар тохиролцсон ямар нэгэн гэрээ, тохиролцоо хийгээгүй. Тухайн байрны оршин суугчдыг ашиглагдахгүй байгаа хугацаанд тээврийн хэрэгслийг тавиулж байсан нь түүний эзэмшлийн гэж үзэх үндэслэл болсон. Бусдын эзэмшлийн хөрөнгийг иргэн А дур мэдэн захиран зарцуулах эрхгүй. Гараашийн зураг дээрээс яг энэ зогсоол гэж хэлээд авах юм бол бусад этгээдийн эзэмших эрх хөндөгдөж байна. Урьд нь гэрчилгээ олгох ажиллагаа хийгдээд явсан учир бусдын эзэмшилд байгаа зүйлийг “М” компани өмнөөс нь шийдвэрлэх боломжгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Анхан шатны шүүх:  Монгол Улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1, 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, ***, *** байрлах авто зогсоолоос нэхэмжлэгч Б.Аг нэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож, авто зогсоолын байршлыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагч “М” ХХК-ийн захирал Ж.Б, Э.У нарт даалгаж,

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-ийн захирал Ж.Б, Э.У нараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож,

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д засан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү давж заалдсан гомдолдоо: ... Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт баригдсан 137 дугаар байрны барилга угсралтын ажил, түүнтэй холбоотой үүсэж буй гэрээ хэлцлийн асуудлыг “М” ХХК хариуцан гүйцэтгэсэн нь иргэний хэргийн материалаар тодорхойлогдож, энэ талаар талууд маргаагүй байдаг. Иргэн Ж.Б, Э.У нарт хамааралгүй болно. Тиймээс хариуцагч нар гэрээ байгуулагдсан асуудалд ямар нэгэн маргааныг үүсгээгүй бөгөөд Б.Агийн асуудал нь зөвхөн “М” ХХК-тай хамаарал бүхий байх тул Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016.10.21-ний өдрийн №...282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ж.Б, Э.У нарт холбогдуулан  гараашийн байрлал тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Ж.Б, Э.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, иргэн Б.А хариуцагч Ж.Б, Э.У нарын хооронд авто машины зогсоол худалдах, худалдан авах талаар тохиролцсон зүйлгүй, тухайн зогсоолыг бусад оршин суугчид ашиглахгүй байх хугацаанд түр эзэмшүүлсэн гэж маргажээ.   

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1, 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, ***, *** байрлах авто зогсоолоос нэхэмжлэгч Б.Аг нэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож, авто зогсоолын байршлыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагч “М” ХХК-ийн захирал Ж.Б, Э.У нарт даалгаж шийдвэрлэснийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Гомдлыг үндэслэн хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь анхан шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үын хүсэлтээр шүүх хуралдаанд  2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 698 дугаартай хэргийн материалаас нотлох баримт шинжлэн судалж /хх-39/, улмаар үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх боловч тухайн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ нь шүүх хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр хэрэгт авагдаагүй, нотолгооны хэрэгслээр тогтоогдоогүй, хуульд заасан журмын дагуу үзлэг хийх зэргээр бэхжүүлж аваагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах” зарчимд нийцээгүйн гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд шүүх  нотлох баримтыг  үнэлэх ажиллагааг  хэрэгжүүлэх  боломжийг алдагдуулсан гэж үзнэ. 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримт нь “баримтат мэдээлэл”-ийн хувьд хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл хэлбэрээр гаргасан, цуглуулсан, бүрдсэн тохиолдолд тэдгээрийг шийдвэрийн үндэслэл болгох бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчжээ.

Мөн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 698 дугаартай хэргийн материалаас нотлох баримт шинжлэн судалсан ажиллагаа нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.5, 51.7-д нийцээгүй байна.

Тодруулбал нотлох баримтыг бэхжүүлэх ажиллагаа нь шүүхэд хамааралтай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д үзлэгийг шүүх хуралдааны үед хэрхэн явуулахыг тодорхой заагаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан журмаар үзлэг хийх ажиллагааг явуулах, мөн тухайн ажиллагааны тэмдэглэл нь хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5, 51.7-д нийцсэн байна гэж ойлгогдоно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг буцааж  давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үын давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 137/ШШ2016/00282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БОЛОРМАА

                   ШҮҮГЧИД                                              Х.БАЙГАЛМАА

                                                                                     Н.БАТЧИМЭГ