Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2017/00782

 

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2017/00782

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Б

Хариуцагч: Ц_Г

2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Э , гэрч Ж.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Ц овогтой Г 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 05-ныг хүртэл 2 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай /гэрээг бичгээр хийсэн болно/ зээлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа болно. Гэрт нь очихоор хаалгаа тайлж өгөхгүй, утсаар ярихаар утсаа авахгүй зугтаад байгаа учраас Ц.Г 2 000 000 төгрөгийг хүүгийн хамт гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан байсан. Уг 2 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлдүүлсэн ба энэ нь миний дэвтэр дээр зурсан Ц.Г гарын үсгээр нотлогдно. Мөнгөө нэхэхээр өгөхгүй байсан тул 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэг сарын хугацаатай, хүү тооцохоор гэрээ байгуулж, дүү нь гарын үсэг зурсан. Иймд анх өгсөн баримтаа үндэслэн 2 000 000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Ц.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Г миний бие нь Н.Б аас 2 000 000 төгрөгийг зээлж аваагүй болно. Н.Б ийн эхнэр Ж.Т нь Жи тайм сүлжээнд орохыг сэнхрүүлэн удаа дараа ятгаж чи итгэхгүй бол миний Жи тайм сүлжээнээс авсан 20 000 000 төгрөг энэ байна гэж бармтыг үзүүлж, найр хүртэл хийж уг сүлжээнд шинээр элсүүлэн оруулахаар хүмүүсийг найрандаа урьсан байсан. 2 000 000 төгрөгийг надаас зээлж аваад ор, үүн шиг ашигтай сүлжээ байхгүй, ийм сайхан боломжийг алдаж болохгүй, манайхан дандаа сайн юмнаас зугтаж явдаг гэж ятгаж байсан. Ингээд 2 000 000 төгрөгийг миний өмнөөс төлөөд намайг уг сүлжээндээ оруулсан. 2017 оны 01 дүгээр сарын эхээр Жи тайм сүлжээндээ оруулсанаас хойш сүлжээндээ ороод 7 хоногийн хугацаанд Жи тайм сүлжээнээс мөнгөө авчихаад буцааж өгөхөд болно гэж ярилцан тохиролцсон ХХБанк --- данснаас 2 000 000 төгрөгийг Жи таймын дансанд хийсэн. Энэ бүхэн миний оролцоогүй хийгдсэн учир энэ компаний үйл ажиллагааг сайн мэдэхгүй ээ. Ц.Г би Ж.Т аас авсан гэх мөнгийг өөрийн эзэмшил ашиглалтанд авч захиран зарцуулаагүй болно. Иргэний хуулийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. Иргэний хуулийн 56.1.4-т үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл нь тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Ц.Г миний бие Н.Б , Ж.Т нараас зээлж авсан юм байхгүй ээ. Учир нь Ж.Т нь гэнэт нэг өдөр нөхөр Н.Б гэх хүн мөнгөний хүү нэхэж ээлжийн ажилтай хойгуур манай гэрийн үүд хаалга өшигчөн нялх хүүхдийг эхнэрийн хамт айлган сүрдүүлж, хүний мөнгө авчихаар өгдөггүй луйварчин мэтээр орцонд орилж, хашигчин миний нэр төрд халдсан. Миний төрсөн дүү Намбаржилмааг элдвээр доромжлон дарамталж хэрүүл маргаан хийгээд байхаар нь манай дүү шуналтай юмнууд та нартай нэг баг болж ажиллахгүй хүү авах гээд байгаа юм бол та нарын хүсээд байгаа бичүүлж авах гээд байгаа наад цаасан дээр чинь зурчихъя гэж уурлан дүү гарын үсэгээ зурсан байсан. Ингээд миний бие зээлүүлсэн гэх 2 000 000 төгрөгний хүү болох 160 000 төгрөгийг нэг удаа өгсөн. Ж.Т 2 000 000 төгрөгний 4 сарын хүү гэх нийт 2 640 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо Улаанбаатар хот болон Орхон аймгийн Цагдаагийн газарт Жи тайм сүлжээний хэрэг шалгагдаж байгаа болно гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ц.Г холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2 000 000 төгрөг, хүүгийн хамтаар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж үндсэн зээл 2 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч Ц.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар ирүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Ц.Г 2 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээллүүлсэн, мөнгийг бэлнээр өгсөн хариуцагч мөнгөө буцааж өгөхгүй өдийг хүрсэн тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Ц.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: 2017 оны 01 дүгээр сарын эхээр Худалдаа Хөгжлийн Банкны """ данснаас 2 000 000 төгрөгийг Жи таймын дансанд хийсэн. Энэ бүхэнд миний оролцоо байгаагүй. Авсан гэх мөнгийг өөрийн эзэмшил ашиглалтанд авч захиран зарцуулаагүй. Иргэний хуулийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. Иргэний хуулийн 56.1.4-т үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл нь тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл. Шүүхэд ирүүлсэн баримт нь миний дүүг элдвээр хэлж байгаад бичүүлж авсан, иймд хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Н.Б хариуцагч Ц.Г 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг 7 хоногийн хугацаатай зээлдүүлсэн бөгөөд мөнгөө хугацаанд нь өгөхгүй болохоор 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 0.8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэв, хүү нь 160 000 төгрөг гэсэн зээлийн гэрээ 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан. Нөхөж байгуулсан гэрээ ёсоор үндсэн мөнгө 2 000 000 төгрөг, дөрвөн сарын хүүгийн хамтаар хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж үндсэн 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Н.Б 2 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Г өгсөн болох нь гэрч Ж.Т ийн ...надаар 2 000 000 төгрөг тоолуулаад өгсөн гэх мэдүүлэг, нотлох баримтаар судалсан бор өнгийн гар дэвтрийн 51 дүгээр хуудсанд байгаа 2016 оны 12 дугаар сарын 30-нд Ганзоригтод 2 000 000 төгрөг 7 хоногийн хугацаатай зээллэв. Хүлээж авсан, хүлээлгэн өгсөн гээд гарын үсэг зурсан баримтаар нотлогдож байна.

Хариуцагчийн энэ мөнгийг би ашиглаагүй, миний эзэмшилд шилжиж ирээгүй, Худалдаа хөгжлийн банкны """ данснаас 2 000 000 төгрөгийг Жи таймын дансанд хийсэн, миний оролцоо байгаагүй гэсэн тайлбар нь Ж.Т ийн дээрхи данснаас хариуцагчийн тайлбарласан нэгдүгээр сард 2 000 000 төгрөг шилжсэн болох нь нотлогдохгүй байна.

Хариуцагч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч Ц.Г нь өмгөөлөгч авахаар шүүх хуралдааныг хойшлуулан товыг хүлээн авсан боловч товлосон өдөр ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, өмгөөлөгч аван хэргийн материалтай танилцуулах тухай хүсэлт гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн түүний эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг хангаж, хариуцагчийн эзгүйд хэргийн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд хариуцагч Ц.Ганзоригтоос 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б ид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 57 190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ганзоригтоос 46 950 төгрөг гаргуулан Н.Б ид олгохоор заалаа.

Хэрэгт нотлох баримтаар судлуулахаар ирүүлсэн бор өнгийн тэмдэглэлийн дэвтрийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч Н.Б ид буцаан олгохыг шүүгчийн туслах Ө.Э даалгах нь зүйтэй.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Г 2 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б ид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 57 190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ