Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00034

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00782 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 151 дугаар магадлалтай,

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

Ц.Гт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Гт 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 2.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай /гэрээг бичгээр хийсэн болно/ зээлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа болно. Гэрт нь очихоор хаалгаа тайлж өгөхгүй, утсаар ярихаар утсаа авахгүй зугтаад байгаа учраас Ц.Гтоос 2.000.000 төгрөгийг хүүгийн хамт гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан. Уг 2.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлдүүлсэн ба энэ нь миний дэвтэр дээр зурсан Ц.Гтын гарын үсгээр нотлогдно. Мөнгөө нэхэхээр өгөхгүй байсан тул 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэг сарын хугацаатай, хүү тооцохоор гэрээ байгуулж, дүү нь гарын үсэг зурсан. Иймд анх өгсөн баримтаа үндэслэн 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Гт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Гт миний бие нь Н.Баас 2.000.000 төгрөгийг зээлж аваагүй болно. Н.Б-ийн эхнэр Ж.Тунгалаг нь Жи тайм сүлжээнд орохыг сэнхрүүлэн удаа дараа ятгаж чи итгэхгүй бол миний Жи тайм сүлжээнээс авсан 20.000.000 төгрөг энэ байна гэж бармтыг үзүүлж, найр хүртэл хийж уг сүлжээнд шинээр элсүүлэн оруулахаар хүмүүсийг найрандаа урьсан байсан. 2.000.000 төгрөгийг надаас зээлж аваад ор, үүн шиг ашигтай сүлжээ байхгүй, ийм сайхан боломжийг алдаж болохгүй, манайхан дандаа сайн юмнаас зугтаж явдаг гэж ятгаж байсан. Ингээд 2.000.000 төгрөгийг миний өмнөөс төлөөд намайг уг сүлжээндээ оруулсан. 2017 оны 01 дүгээр сарын эхээр Жи тайм сүлжээндээ оруулсанаас хойш сүлжээндээ ороод 7 хоногийн хугацаанд Жи тайм сүлжээнээс мөнгөө авчихаад буцааж өгөхөд болно гэж ярилцан тохиролцсон ХХБанк 407261671 данснаас 2.000.000 төгрөгийг Жи таймын дансанд хийсэн. Энэ бүхэн миний оролцоогүй хийгдсэн учир энэ компаний үйл ажиллагааг сайн мэдэхгүй ээ. Ц.Гт би Ж.Тунгалагаас авсан гэх мөнгийг өөрийн эзэмшил ашиглалтанд авч захиран зарцуулаагүй болно. Иргэний хуулийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. Иргэний хуулийн 56.1.4-т үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл нь тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Ц.Гт миний бие Н.Б, Ж.Тунгалаг нараас зээлж авсан юм байхгүй ээ. Учир нь Ж.Тунгалаг нь гэнэт нэг өдөр нөхөр Н.Б гэх хүн мөнгөний хүү нэхэж ээлжийн ажилтай хойгуур манай гэрийн үүд хаалга өшигчөн нялх хүүхдийг эхнэрийн хамт айлган сүрдүүлж, хүний мөнгө авчихаад өгдөггүй луйварчин мэтээр орцонд орилж, хашигчин миний нэр төрд халдсан. Миний төрсөн дүү Намбаржилмааг элдвээр доромжлон дарамталж хэрүүл маргаан хийгээд байхаар нь манай дүү шуналтай юмнууд та нартай нэг баг болж ажиллахгүй хүү авах гээд байгаа юм бол та нарын хүсээд байгаа бичүүлж авах гээд байгаа наад цаасан дээр чинь зурчихъя гэж уурлан дүү гарын үсгээ зурсан байсан. Ингээд миний бие зээлүүлсэн гэх 2.000.000 төгрөгний хүү болох 160.000 төгрөгийг нэг удаа өгсөн. Ж.Тунгалаг 2.000.000 төгрөгний 4 сарын хүү гэх нийт 2.640.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо Улаанбаатар хот болон Орхон аймгийн Цагдаагийн газарт Жи тайм сүлжээний хэрэг шалгагдаж байгаа болно гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00782 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Гтоос 2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 57.190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гтоос 46.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 151 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00782 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Гтоос 2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бид олгосугай...”, гэснийг “... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч Ц.Гтоос 1.840.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дугаар заалтыг “ ...хариуцагч Ц.Гтоос 46.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бид олгосугай...” гэснийг “ ...хариуцагч Ц.Гтоос 44.390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бид олгосугай...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Ц.Гтын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар хяналтын гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-07-06 ны өдрийн 142/ШШ2017/00782 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-09-05 ны өдрийн 151 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл нь зээлийн гэрээ хийх байсан эсэхэд бодит дүгнэлт хийгээгүй, хэтэрхий нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэрлэсэн тул дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх "...нэхэмжлэгч Н.Б хариуцагч Ц.Гтод 2016 оны 12 дугаар сарын 30 ны өдөр 2.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлсэн болох нь гэрч Ж.Тунгалаг, зохигчдын тайлбар, зэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна..." гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1.Хариуцагч Ц.Гтын хувьд нэхэмжлэгч Н.Баас 2.000.000 төгрөг зээлэх шаардлага, хүсэл зориг анхнаасаа байгаагүй. ИХ-ийн 41 дүгээр зүйлийн 41.2-т "...хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхгүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана..." гэсний дагуу Н.Баас 2.000.000 төгрөг зээлж авах хүсэл зориг Ц.Гтод байсан эсэхэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. 2. "...нэхэмжлэгч Н.Б 2.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Гтод өгсөн болох нь гэрч Ж.Тунгалагийн ...надаар 2.000.000 төгрөг тоолуулаад өгсөн гэх мэдүүлэг, нотлох баримтаар судалсан бор өнгийн гар дэвтрийн 51 дүгээр хуудсанд байгаа 2016 оны 12 дугаар сарын 30 нд Ц.Гтод 2.000.000 төгрөг 7 хоногийн хугацаатай зээлэв... баримтаар нотлогдож байна..." гэж шүүх үнэлээд байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт болжээ. Шүүх нэхэмжлэгчийн ажлын дэвтэр гэх 51 дүгээр хуудсыг үнэлж байгаа хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байгаа. Энэ дэвтэр дээр Ц.Гтоос өөр мөнгө зээлсэн тухай баримт байхгүй. Сүлжээнд ажиллах хүмүүсийн мөнгө төлсөн тухай тэмдэглэл байх бөгөөд сүүлийн хуудсуудыг урж авсан байх ба энэ талаар шүүх хуралдаанд дээр асуухад Нэхэмжлэгч: "би өөрийнхөө дэвтрийг яаж ашиглах нь миний дур..." гэсэн байдлаар хариулна. Дэвтэрт байгаа гарын үсэг тайлал бүхий бичилт өөр бал, бичиглэлээр бичигдсэн байгаа нь нэг цаг хугацаанд мөнгө зээлсэн, Бадарч мөнгө зээлсэн баримт гэж үзэхэд эргэлзээтэй. Энэ маргаан нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоогүй бөгөөд улмаар Жи таймын сүлжээнд хийсэн мөнгө байхад "...хариуцагч Ц.Г Н.Баас 2.000.000 төгрөг зээлжээ..." гэж үзэх үндэслэлгүй түл хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-07-06-ны өдрийн 142/ШШ2017/00782 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-09-05-ны өдрийн 151 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Н.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ц.Гтоос зээлийн гэрээний үүрэгт 2.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, “...нэхэмжлэгчийн эхнэр Ж.Тунгалаг Жи тайм сүлжээнд намайг хүчээр элсүүлж, уг мөнгийг оруулсан, мөнгө зээлээгүй...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 2 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 1 840 000 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагч, түүний өмгөөлөгч хяналтын гомдол гаргаж, “...Ц.Гтод зээл авах хүсэл зориг байгаагүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй, шүүх нотлох баримтыг үнэлж чадаагүй...” тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ц.Гтод 2 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч Ц.Гт нь “2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлэв. Хүлээлгэн өгсөн Н.Б, Хүлээн авсан Ц.Гт....” гэж бичгийн баримт үйлдэж, гарын үсгээ зурсан, уг баримтыг үгүйсгэх өөр баримт хэрэгт байхгүй байна. Жи тайм сүлжээнд хариуцагчийн дүү Намбаржилмаа элссэн, түүний доор Ц.Гт элссэн гэх баримт нь мөнгө зээлсэн дээрх баримтыг үгүйсгэхгүй.

Мөнгө зээлснээ хүлээн зөвшөөрч, хариуцагч гарын үсгээ зурсан, гэрээний дээрх тохиролцоо хууль зөрчөөгүй тул зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээг бичгээр байгуулахдаа хүү тохироогүй тул хариуцагчийн төлсөн 160.000 төгрөгийг зээлийн үүргээс хасч, нэхэмжлэлээс 1 840 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасан зохицуулалтад нийцжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 151 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 44 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР                                   

              ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА