Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 119/ШШ2022/0038

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн  107 дугаар  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Э” ХМБ захирал Б.М

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Х

            Хариуцагч: ОАЗД

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

            Хариуцагч: ОА-ийн ГХБХБГ

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М нарын хоорондын     

          ОАЗД-д холбогдох “АЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”,

            ОА-ийн ГХБХБГ-т холбогдох “ГХБХБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х, хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч ОА-ийн ГХБХБГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.        

 ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “Э” ХМБ захирал Б.М “ОАЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар “Газрын байршил шилжүүлэх тухай” захирамжийг, ОА-ийн ГХБХБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

            2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

ОАЗД-ын 2022 оны А/350 дугаар “Газрын байршил шилжүүлэх тухай” захирамж нь “Э” ХМБ-ын гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлээгүй, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцээгүй, 2.6 дахь хэсэгт заасан  “... урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах “ зарчмыг хангаагүй гэж, 

            ОА-ийн ГХБХБГ-ын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн 117 дугаар мэдэгдэл нь хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тайлбарлажээ.

            Нэхэмжлэгч “Э” ХМБ-ын захирал Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өөрсдийнхөө төслийг эхлүүлэх газрыг албан ёсны бичиг баримт бүрдүүлж, хүсэлт гаргасны дагуу ОАЗД захирамж гаргаж газар өгсөн. Ажлаа эхлүүлэхэд Ковид цар тахал гарч 2-3 жил мэргэжлийн байгууллагаас дүгнэлт авах гээд цаг хугацаа алдсан. Ингээд Ковидын нөхцөл байдал буурч, ажлаа эхлүүлэх, дуусгах зөвшөөрлийг албан ёсны дагуу  хөөцөлдөж авсан. Аймгийн ГХБХБГ-аас барилга эхлүүлэх, дуусгах зөвшөөрлийг албан ёсоор олгосон учраас бид нарыг төслийг эхлүүл гэдэг зөвшөөрлийг олгож байна гэж ойлгосон. Ингээд хөрөнгө оруулагч компанитай хамтраад 2022 оны 03 дугаар сард ажлаа эхлүүлээд 7 хонож  байхад ОАЗД учир битүүлгээр зогсоо гэсэн шийдвэрийг олон нийтийн сүлжээн дээр тавьсан. Тэгээд Засаг даргатай холбогдож яагаад зогсоож байгаа юм бэ гэж асуух гэхээр утсаа авдаггүй, 4-5 хоног утсаа хаагаад хариу тайлбар өгөөгүй. Орой ажил тарсны дараа аймгийн ГХБХБГ-аас мэдэгдэл гаргасан байсан. Би Улаанбаатараас ирсний дараа мэдэгдлээ гардаж авсан. Барилгаа эхлүүл гэж  зөвшөөрөл өгчихөөд  ажил эхлээд 7 хоногийн дараа ажлаа зогсоо гэж шаардсан мэдэгдэл өгсөн нь хууль зөрчиж байна гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

            Хоёрдугаарт манай газрын захирамжийг цуцлаагүй явж байсан. Засаг дарга газраа соль гэсэн хүсэлтийг бидэнд амаараа тавьсан. Бид нар солих боломжгүй гэж Засаг даргад амаар уламжилсан. Тэгээд яагаад төслийг зогсоосон бэ гэхэд ард түмэн эсэргүүцэж байна гэсэн зүйл ярьсан. Ард түмэн эсэргүүцсэн зүйл харагдаагүй. Бидний үйл ажиллагаа явуулж байхад албан хүчээр цагдаа авчирч бид нар техник хэрэгслээ авчирч чадаагүй хоёр хоносон. Дээрээс манай аймгийн удирдлагууд бүгд эдийн засгийн форум уулзалтанд явсан. Ингээд бид нар ямар ч эзэнгүй нэг мэдэгдэлтэй үлдсэн. Гэхдээ би мэдэгдлээ Улаанбаатар хотоос ирээд авсан. Гуравдугаарт бидний газар эзэмших Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон. Яагаад хүчингүй болгож байгаа вэ гэхэд газраа соль гэсэн шаардлага тавьсан. Бид өчнөөн хөрөнгө гаргаж, хөрөнгө оруулагчийг татаад аваад ирсэн, офисс түрээслээд ажил явж байхад газраа соль гэхээр нь шууд сольё гэсэн байдлаар хандаагүй. Тэгээд манай захирамжийг хүчингүй болгосон. Би өөрөө захирамжаа хүчингүй болсныг мэдээгүй явж байсан. Манай сэтгүүлч та газраа сольсон юм байна шүү дээ гэсэн зүйл ярихаар нь хартал 7 дугаар хороолол руу шилжүүлсүгэй гэсэн захирамж гарсан байсан. Маргааш нь ажлын өдөр очоод тодруултал Эрдэнэт.мн дээр тэр захирамж маань байхгүй болсон байсан. Тэгээд хуулийн хэлтсийн дарга дээр ороход ийм асуудал болчихлоо, Засаг дарга шахаад байна, танай захирамжийг хүчингүй болго гэсэн зүйлийг хэлсэн гэдгийг албан ёсоор надад ярьсан. Тэр нотлох баримтууд надад байгаа. Тэгэхээр би 7 дугаар хорооллын хаана байрлалтай, хэдэн мкв газар вэ гэдгийг тодруулсан. Гэтэл захирамжийг яваандаа л гаргаад өгнө, ийм захирамж гардаг гэж хэлсэн. Тэгээд миний захирамж хүчингүй болоод шилжүүлсэн захирамж нь мөн хууль зөрчсөн. Эхлээд аймгийн Захиргааны хэргийн шүүхэд мэдэгдлийг хүчингүй болгоё гэсэн. Одоо захирамж хүчингүй болгож хууль зөрчиж байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Э” ХМБ-ын нэхэмжлэлтэй ОАЗД, ОА-ийн ГХБХБГ-т холбогдох захиргааны хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад талуудаас гаргасан тайлбар, мөн асуулт хариултанд хариулж байгаа байдал, нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой хууль зүйн дүгнэлт буюу нотлох баримт судалсантай холбоотой нэмэлт тайлбар хэлье. Өнөөдөр 2 захиргааны акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь ГХБХБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаар мэдэгдэл нь илт хууль бус учраас хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт захиргааны акт утга агуулгын хувьд ойлгомжтой, тодорхой байхыг хуульчилсан байгаа. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 тоот мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжүүдийг хангаж эрх олгосон шийдвэрийг түдгэлзүүлж байгаа захиргааны акт юм. Энэ захиргааны акт нь Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг үндэслэж, 36.2 дахь хэсэгт заасны хүрээнд гэж байна. Хуулийн энэ зохицуулалтын хүрээнд шийдвэр гаргасан гэж ойлгож байгаа. Гэтэл түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж байгаа этгээдийн ажиллагаа маань өөрөө сонсох ажиллагаа хийгдээгүй. Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол, холбогдох ном журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагуудаас авсан зөвшөөрлийг түдгэлзүүлж байгаа. Зөвшөөрөл нь нэг сар нэг хоногийн өмнө өгөгдсөн буюу хариуцагч байгууллагаас өгсөн зөвшөөрөл юм. Ингээд Захиргааны байгууллага манай үйлчлүүлэгчээр тоглоом тоглож байгаа  юм шиг шийдвэр гаргасан. Хөрөнгө мөнгө гаргаж, мод бут сөөгийг шилжүүлээд, барилгын ажил эхлээд хашаа татсан байхад шийдвэр гаргаж байгаа. Энэ шийдвэрт Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас өөр үндэслэл бариагүй. 36.2 дахь хэсэгт заасан харилцаа юуг зохицуулж байна вэ гэхээр барилгын үйл ажиллагаанд хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлага болон иргэний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа талаар хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад санал, хүсэлт, гомдол гаргах эрхтэй гэсэн заалт байгаа. Энэ заалтыг барьсан нь буруу. Илт үндэслэл муутай шийдвэр гаргасан. Шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт иргэдээс гомдол ирсэн гэж байна. Иргэдээс санал гомдол гаргаж болно. Гэхдээ тэр гомдол нь үндэслэлтэй юу. Гэтэл өнөөдөр гаргасан гомдол нь хэн гаргасан нь тодорхойгүй байна. Захиргааны актыг хэрхэн мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх зэрэг нь бүгдээрээ хуульчлагдсан. Шийдвэр гаргасан хугацаанаас нь хойш 24 хоногийн дараа ирсэн иргэдийн гомдол санал гэсэн нотлох баримтыг хэлээд суугаад байна. Эрдэнэтийн захиргааны байгууллага шийдвэрийг ингэж гаргадаг юм уу? эсвэл энэ тохиолдолд ингэж ялгавартай хандаж байгаа юм уу? Ийм шийдвэр гаргах эрх хэмжээг хууль тогтоогч олгоогүй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага, иргэн хоёр ижил эрх хэмжээтэй оролцдог харилцаа биш учраас төрийн болон захиргааны эрх мэдлийг хязгаарлахын тулд Захиргааны ерөнхий хуульд тусгайлан хуульчилсан. Гэтэл эдгээр чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хуулийн зүйл заалт ч үндэслэхгүйгээр өөрийнхөө тушаал шийдвэрийг зогсоогоод хөрөнгө оруулагч нарт учирсан хохирол бол энэ мэдэгдэлтэй холбоотой. Тийм учраас 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаартай мэдэгдэл нь илт хууль бус учраас хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байна.

Хоёр дахь шаардлагын хувьд АЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаартай захирамжийн тухай. Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах үүргийг Үндсэн хуулиар төрийн байгууллагад оногдуулсан. Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан нөхцлөөр хязгаарлаж болно гэж байгаа. 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах. Уг газрыг хүн амын эрх ашиг сонирхолд харшаар нөлөөлбөл өөрөөр хэлбэл ашиглаж байгаа үйл ажиллагаа нь нийгэмд харш байгаа тохиолдолд хураан авч болох тухай зохицуулалт байна. Энэ зохицуулалтыг Газрын тухай хуулиар мөн зохицуулсан байгаа. Газрын тухай хууль болон Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх, эзэмших, ашиглах эрхээр хамгаалагдсан энэ газрыг төр буцааж авах гэж байгаа тохиолдолд хэрхэн ямар процессоор ажиллах вэ гэдгийг Захиргааны ерөнхий хуульд мөн хуульчилсан. Гэтэл хариуцагч ОАЗД-ын зүгээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хоёр үзүүртэй зүү шиг юм ярьж байна. Эхний асуудал нь нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ өөр газарт шилжүүлэх хүсэлт гаргасан гэж тайлбарлаад 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүсэлтээс АЗД-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрч дараах саналыг гаргаж байна гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх санал гаргасан мэтээр тайлбарлаж байна. Тэгсэн мөртлөө гаргасан шийдвэрийнх нь үндэслэл болгож байгаа хууль зүйн үндэслэл нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 66 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3, 49.3.5, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д заасан үндэслэлүүд нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон буюу нэхэмжлэгчийн хүсэлтээр газрыг шилжүүлэх тухай хууль зүйн үндэслэлийг баримтлаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акттай холбоотой эрх олгосон шийдвэр гэсэн байдлаар тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж юу вэ гэдгийг хуульчилж өгсөн. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт нь эрх зүйн үйлчлэлд чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсвэл ашигтай нөхцөл байдал бий болгосон захиргааны актыг ойлгоно гэж байгаа. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт дээр хэн гомдол гаргах вэ гэхээр эрх буюу ашиг сонирхол олж авч байгаа этгээд гаргадаггүй. Гуравдагч этгээдээс гаргах ёстой. А/350 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны үйлчлэл. Өөрөөр хэлбэл үүрэг болгоогүй боловч манай үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны акт байна. Ямар утга санаагаар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан гэхээр хууль ёсны дагуу эзэмшиж байсан буюу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар эзэмшиж байсан газрын эрхийг нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй 7 дугаар хороолол руу шилжүүлж захирамж гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өнөөдрийн шүүх хуралдаанд хэлж байгаа тайлбар нь 7 дугаар хороололд 20 га газартай, байршлын хувьд маргаан бүхий жишиж харьцуулах боломжгүй газар. Өөрөөр хэлбэл 04 дүгээр сарын 26-ны өдрийн манай үйлчлүүлэгчийн хүргүүлсэн саналыг хэлэлцүүлэлгүйгээр шууд түүний эрх ашгийг хязгаарлаж хаана газар авах нь тодорхойгүй, үр дагавар нь тодорхойгүй шийдсэн. Эерэг нөлөөлөл байсан уу эсвэл эрх ашгийг нь хязгаарлаад байна уу? гэдэг асуудал. Хэрвээ хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг 49 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн бол талууд харилцан тохиролцож, энэ газрыг ямар нөхцөл боломжтойгоор авах, хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хэрхэн яаж хамгаалж байгаа талаар тохиролцоо байх ёстой. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд сонгох боломжтой захиргааны байгууллага тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг нь хэрэглэх эсвэл хэрэглэхгүй байхыг хэлнэ гээд заачихсан. Хэрвээ нэхэмжлэгчтэй сонгох боломжийнхоо хүрээнд аль газрыг хэрхэн яаж эзэмшүүлэх вэ гэж ярьсан бол энэ талаар тодорхой шийдвэр байх ёстой. Хоёрдугаарт нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэсэн үндэслэл яригдаж байгаа. Нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг сонсох ажиллагааны хүрээнд урьдчилсан байдлаар хийгдээгүй. Сая анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр буюу өргөдөл гомдлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд 5 дахь өдөр хүлээж аваад 1 дэх өдөр захирамжийн төслийг хүргүүлсэн. 2000 онд уг газар дээр ерөнхий төлөвлөгөөний хүрээнд барилга байгууламж барина гэсэн төлөвлөгөө гарч байсан хавтаст хэргийг шинжлэн судлахад байна. Энэ талаар ард иргэдэд таниулан сурталчлах үүрэг нь төрийн захиргааны байгууллагад оногдож байгаа. Иргэний эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тохиолдолд холбогдох эрхийн дүгнэлтээр тогтоогдох ёстой. Яахаараа орон нутгийн захиргааны барилгын хойно ойрхон барилга баригдсан гэдгээр иргэнийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөөд байгаа юм. Тэнд байгаа нэр төрөл бүхий моднуудыг төрийн байгууллагын өгсөн чиг үүргийн хүрээнд шилжүүлэн суурилуулсан. Заавал тэнд очиж мод харах ёстой гэх эрх байх юм уу. 400 метрын радиус дотор мод байх ёстой тэнд мод байхгүйгээс болж хүчилтөрөгчгүй, агааргүй болоод байна гэх ийм эрх байхгүй. Хавтас хэргийн 132-р хуудсанд Ц 954627.., Б 954313.., хавтас хэргийн 136-р хуудсанд С 953590.., Х 993414.. гээд 160 хүний мэдээлэл дотроос сонгож залгахад тийм хүмүүс байхгүй, утасны дугаар байхгүй гэсэн. Өнөөдөр нэхэмжлэгч тухайн хоёр хүн өөр газар дээр санал хураагаад явж байсан гэж шүүх хуралдаанд мэтгэлцэж байна. Тийм учраас яг нийтийн эрх ашиг хөндөгдсөн үү гэдэг дээр захиргааны байгууллага олж тогтоосны үндсэн дээр тэр шийдвэрийг гаргах ёстой. Зардал чирэгдэл болж барилгын ажил эхэлж байхад одоо та нар өөрсдөө кадастрын зургаа хийлгэх ёстой, кадастрын зургийг хувийн компани хийдэг ч гэх шиг тайлбар өгөөд сууж байна. 160 иргэнээс ирсэн гомдол мэдээллийг хэзээ хүлээж аваад, гомдлын агуулга дүгнэлт хийсэн ажиллагааг огт хийгээгүй байгаа.

Иргэнээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргах өргөдөл гомдол гаргах тухай хуульд заасан иргэний эрх ашиг сонирхол хөндөгдсөн байна гэж үзэх юм бол тухайн өргөдөл гомдлыг хүлээж авсан этгээд зөрчигдсөн эрх нь хөндөгдсөн байгаа дээр ажиллагаа хийгдэхээр хуульчилсан байгаа. Өргөдөл гомдлыг хүлээж аваад хийх ёстой хамгийн эхний ажиллагааг хийгээгүй. Сошиалаар төрийн байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргах, сошиалтай холбоотой бусдыг эрхийг хөндөх шийдвэр гаргах эрх хуулиар төрийн байгууллага болон АЗД-д олгогдоогүй.

Эдгээр нөхцөл байдлуудыг Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх хуулийн шаардлагыг хангаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан төлөвлөлт, гомдол гаргах журам, гомдол хохирлыг хэрхэн яаж барагдуулах, хүлээж авсан этгээд ямар шийдвэр гаргах, хэн нэгний эрх ашигтай холбоотой шийдвэр гаргах гэж байвал сонсох ажиллагаа зохион байгуулах, оролцох боломжоор хангах, оролцогч баримт бичиг гаргах, түүнтэй холбоотой тайлбар хийх эрхийг нь хангах зэрэг ажиллагаануудыг ерөөсөө хийгээгүй. Орхон аймгийн захиргаа ийм байдлаар иргэний болон хуулийн этгээдийн эрхэд халдаж байгаа бол үүнийг засах байгууллага нь аймгийн захиргааны хэргийн шүүх гэж бодож байгаа учраас нэхэмжлэл гаргасан. Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаанууд зохих ёсоор хийгдээгүй, захиргааны акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хангаж шийдсэн гэсэн хууль зүйн үндэслэлтэй бол өнөөдөр нэхэмжлэгч гомдол гаргахгүй. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

3. Хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “ОАЗД-ын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/907 дугаартай захирамжаар “Э” ХМБ-ын 4 жилийн хугацаатай газрыг эзэмшүүлсэн. Үүнтэй холбоотой “Э” ХМБ 2022 онд тухайн газар дээр барилгын ажил эхлүүлсэн. Тэгээд хашаа хатгаад энэ ажлаа эхлүүлсэн. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б, Ц гэсэн хүмүүсийн төлөөлөлтэй  нийт 160 иргэний гарын үсэг зурсан гомдлыг АЗД-д гаргасан байдаг. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна, энд байшин барилга барих нь зохимжгүй, ногоон байгууламж хэвээр нь үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг АЗД-д тавьсан. Нэхэмжлэгч АЗД-тай уулзаад захирал Б.М гэсэн гарын үсэгтэй 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 022/95 дугаартай хүсэлтийг албан ёсоор АЗД-д гаргадаг. Уг хүсэлт дээр АЗД-д асуудлаа танилцуулсан, нөхцөл байдалтай холбоотой албан бичиг хүргэсэн боловч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Иймд шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх эс бөгөөс хамтын шийдэлд хүрч газраа солиулах санал тавьсан. Иймд газрыг эзэмшүүлж “Э” ХМБ-д хөрөнгө оруулалт хийж байгаа “Есөн цагаан туг” ХХК-тай зөвшилцөн ОАЗД-ын шийдвэрт хүндэтгэлтэй хандан газраа солих ажиллагааг хэвийн явуулах шийдэлд хүрсэн гэсэн хүсэлтийг гаргаж байгаа. Хүсэлтийн дагуу АЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаартай захирамж гарч байгаа. Уг захирамжид “Э” ХМХ-ийн гаргасан хүсэлтийн дагуу Уртбулаг баг нутгийн удирдлагын ордны хойно байрлах 400 м.кв газрыг 7 дугаар хороолол руу шилжүүлж 5 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй гэсэн захирамж гарсан. Энэ захирамж нь иргэний хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа захирамж юм. Захирамж гарсантай холбогдуулаад нэхэмжлэгч захирамжийг олж харсан, тэгээд шүүхэд гомдол гаргасан гэж байна. “Э” ХМБ-ын өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу газрыг шилжүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

4. Хариуцагч Орхон аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “ ...ОАЗД-ын 2019 оны А/907 дугаар захирамжаар “Э” ХМБ-д Баян-Өндөр сумын Уртбулаг баг, Нутгийн удирдлагын ордны хойд талд байрлах 400 м.кв газрыг урлаг соёлын байгууллагын зориулалтаар 4 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Газар эзэмшигч нь өөрийн эзэмшил газар дээрээ барих барилгын зургийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, холбогдох бусад баримтыг бүрдүүлэн өгснийг судлан үзээд манай байгууллагаас “Э” ХМБ-д №БЭЗ-61-02/22 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр олгосон.

“Э” ХМБ нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний дагуу барилга, угсралтын ажлаа эхлүүлэн хашаа барьж, газар шорооны ажил хийгдэж эхлэх үеэс Орхон аймгийн иргэд АЗД-д хандан барилгын ажлыг эсэргүүцсэн санал гомдлыг олон нийтийн цахим сүлжээгээр болон 70355311 дугаарын утсанд удаа дараа гаргаж, тухайн газарт ногоон байгууламж байгуулахыг шаардах болсон

Иргэдийн санал, гомдлыг АЗД-ын зүгээс судлан үзээд холбогдох хуульд заасны дагуу барилга угсралтын ажлыг зогсоох үүргийг манай байгууллагад өгсөн. Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу иргэн гомдол, санал, хүсэлт гаргах эрхтэй байдаг тул иргэдийн гомдол, саналд эцэслэн хариу өгөх хүртэл хугацаанд “Э” ХМБ-д олгосон БЭЗ-61-02/22 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаартай албан бичгээр хүргүүлсэн болно.

Өнөөдрийн байдлаар иргэдээс ирсэн гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн 117 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах тухай “Э” ХМБ-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч ОА-ийн ГХБХБГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “ГХБХБГ-аас Монгол улсын барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу иргэд хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад хандаж санал хүсэлт, гомдол гаргах эрх нь нээлттэй. Энэ эрхийнхээ хүрээнд иргэд барилгыг эсэргүүцсэн санал гомдол удаа дараа гаргаж байсан тул мэдэгдэл гаргасан. Тэр гомдол саналын хүрээнд Засаг даргын өгсөн үүргийн дагуу бид нар ажлаа хийсэн. Зогсоох биш түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг өгсөн. Мэдэгдлийн хүрээнд тухайн барилгын ажлыг эхлүүлж байсан компанид мэдэгдлийг хүргүүлээд “Э” ХМБ-д олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай 117 тоот албан мэдэгдлийг гаргаж хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар манайх иргэдээс ирүүлсэн гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 70351111 дугаартай төвд мөн иргэдээс гомдол ирсэн байна. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг нэн даруй хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн утгатай албан бичиг ирж байгаа. Мэдэгдлээ хуульд нийцсэн гэж үзэж байна.” гэв.

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч “Э” ХМБ “ОА-ийн ГХБХБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаар мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

            2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “ОАЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар захирамж”-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн ОАЗД-д холбогдуулан гаргасан  хэрэгт ОА-ийн ГХБХБГ-т холбогдуулан гаргасан хэргийг нэгтгэсэн болно. 

            3. ОАЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар “Газрын байршил шилжүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

            3.1. Нэхэмжлэгч “Э” ХМБ-ын захирал Б.М-гаас ОАЗД-д холбогдуулан гаргасан “ОАЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар “Газрын байршил шилжүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            3.2. Анх ОАЗД-ын 2005 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 386 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” захирамжаар Нийтийн мэдээллийн төвд телевизийн студийн зориулалтаар 0.03 га газрыг Хүрэнбулаг багийн нутагт хуучин шүүхийн урьд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 247 дугаар “Газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох тухай” Засаг даргын захирамжаар газраа зориулалтын дагуу эзэмшээгүй гэдэг үндэслэлээр Нийтийн мэдээллийн төвд Хүрэнбулаг баг Монгол банкны урд байрлах 300 м.кв эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

            3.3. ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/347 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “Э” сонинд 350 мкв газрыг оффисын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр,

            -ОАЗД-ын 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/457 дугаар “Шийдвэр хүчингүй болгох, газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “Э” ХХК /хуучнаар Нийтийн мэдээллийн төвд/ Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Нутгийн удирдлагын ордны хойд талд байрлах 300 мкв газрыг телевизийн студийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгосон,

            -ОАЗД-ын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/907 дугаар “Эдэлбэр газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамжаар “Э” ХХК-ийн эзэмшиж буй урлаг соёлын байгууллагын зориулалтай газрын хэмжээг өөрчлөн 400 мкв болгон газрыг 4 жилийн хугацаатай эзэмшүүлэх”-ээр тус тус шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, эзэмших эрхийн 000013713 дугаар гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

            3.4. Нэхэмжлэгч “Э” ХМБ нь эзэмшил газартаа барилга барих ажлын зөвшөөрлийн №БЭЗ-61-02/22 дугаар гэрчилгээг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр авч эзэмшлийн газартаа барилгын ажлаа эхлүүлсэн боловч ОА-ийн ГХБХБГ-аас 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 тоот “Мэдэгдэл” гаргаж /ХХ-85 хуудас/, “Э” ХМБ-ын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн.

            3.5. ОАЗД-ын Тамгын газарт 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэр бүхий 160 иргэнээс “..хотын “А” зэрэглэлийн бүс буюу нутгийн удирдлагын ордны баруун хойно байрлах жимсний бут сөөг бүхий нийтийн эзэмшлийн ногоон байгууламжтай талбайг сүйтгэн Соёл урлагийн барилга барих..” ажлыг эсэргүүцэж, 2018 онд гарсан Засаг даргын захирамжийг цуцлах, ногоон байгууламжийг нөхөн сэргээх хүсэлтийг ирүүлсэн болох нь бүртгэлийн: 22-00394, картын: 22/00393 гэсэн дугаар бүхий “Өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын картын дэлгэрэнгүй”-ээр /ХХ-140 хуудас/ нотлогдож байна.

            3.6. Иргэдийн гаргасан хүсэлтийг судалж хариу өгөхийг Орхон аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Ц-д даалгасан ба нэхэмжлэгч “Э” ХМБ-ийн захирал Б.М нь ОАЗД-д 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 022/95 дугаар албан бичгээр хүсэлт гаргасны дагуу ОАЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар захирамжаар “Э” ХМБ-ын эзэмшлийн газрын байршлыг Цагаанчулуут баг, орон сууцны 7-р хороолол руу шилжүүлэн шийдвэрлэжээ. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11,  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасантай нийцсэн байна.

            3.7. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь АЗД-ын А/350 дугаар захирамж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж тайлбарладаг боловч

            -Захиргааны Ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “...оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ.”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.” 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ.” гэж заажээ.

            3.8. Дээрх хуулийн заалтын дагуу АЗД “Э” ХМБ-д олгосон газар эзэмших эрхтэй холбоотой иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн газрын байршлыг шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу А/350 дугаар захирамжийг гаргасныг буруутгах үндэслэлгүй.

            3.9. Нэхэмжлэгч нь шүүхэд газар шилжүүлэх тухай хүсэлт гаргаагүй, хамтын шийдэлд хүрээгүй байхад А/350 дугаар захирамж гаргасан нь эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэх боловч шүүх хуралдаанд “... 7 дугаар хороололд газрыг шилжүүлэхийг хүсээгүй би Хөх Монгол цогцолборын хажууд газар сонгосон заасан боловч Засаг дарга 7 хороололд  шилжүүлнэ гээд шийдвэрлэсэн ...” гэсэн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн хувьд газар шилжүүлэх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн болох нь нотлогдож байна. Харин АЗД өөрийн эрх хэмжээний хүрээнд газрын байршлыг тогтоож  шилжүүлж  шийдвэрлсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзлээ.

            3.10. Газар эзэмшигч этгээд эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж байгаа хэдий ч нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд газар эзэмшигчийн хүсэлтээр газрын байршлыг шилжүүлж  шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “Газар төрийн хяналт, хамгаалалтад байх” зарчимд нийцнэ.

            3.11.  Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байх бөгөөд төрийн хяналт, хамгаалалтанд байх ба хуульд заасан болзол, нөхцөлөөр тодорхой хугацаанд төрийн өмчийн газрыг иргэн, хуулийн этгээдэд түр эзэмшүүлэхийг “газар эзэмших эрх” гэнэ. Иймд хуульд заасан тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд хуулийн дагуу газар эзэмшигч этгээдийн эрхийг төрийн захиргааны байгууллага өөрчлөх, дуусгавар болгох эрхтэй.

            3.12. Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д “иргэн, хуулийн этгээдийн өргөөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” сонсох ажиллагааг хийхгүй байж болохыг хуульчилжээ. Нэгэнт нэхэмжлэгч байгууллага нь газар шилжүүлэх тухай хүсэлт ирүүлсэн, хүсэлтийг нь хангаж шийдвэрлэсэн учраас сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэх боломжгүй. 

            4. ОА-ийн ГХБХБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаар “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

            4.1. Нэхэмжлэгч “Э” ХМБ нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг, Нутгийн удирдлагын ордны хойд талд 9 давхар “Соёл урлагын барилга” барих барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан. 

            4.2. ОА-ийн ГХБХБГ 117 дугаар “Мэдэгдэл”-ээр “Э” ХМБ-ын “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г түдгэлзүүлсэн.

             4.3. Шүүх ОАЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар “Газрын байршил шилжүүлэх тухай” захирамжийг хууль бус болох нь нотлогдсонгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг, Нутгийн удирдлагын ордны хойд талд барилга барих “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г түдгэлзүүлсэн “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

            Хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  А/350 дугаар захирамжийг “erdenet.mn” сайтад 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байршуулсан тул нэхэмжлэгч Б.М-г тухайн үед захирамж гарсныг мэдсэн гэж тайлбарлан нотлох баримтыг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.” 43.6-д “Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно.” гэж заажээ.

            АЗД-д маргаан бүхий газартаа холбоотой 160 гаран иргэд гомдол, санал гаргасан учраас дээрхи хуулийн заалтын дагуу А/350 дугаар захирамжийг мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Харин нэхэмжлэгчийн тухайд А/350 дугаар захирамжийг хариуцагч захиргааны байгууллага хуульд заасны дагуу мэдэгдэх байсан ба мэдэгдсэн болохоо нотолж чадаагүй учраас нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан гэж шүүх үзсэн болно.   

            Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Л.О нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тэдгээрийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Э.Х нар зөвшөөрсөн болохыг, нэхэмжлэгч байгууллага нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0001338.. дугаар гэрчилгээнд “Э” хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн нэршилтэйгээр бүртгүүлсэн болохыг тус тус дурдлаа.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11, 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХМБ-ын “ОАЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар “Газрын байршил шилжүүлэх тухай” захирамж, ОА-ийн ГХБХБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгч “Э” ХМБ-д буцаан олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА