Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0483

 

“ Э т с” ХМБ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 117 дугаар бүхий албан бичиг, мөн аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, өмгөөлөгч У.Б, Э.Х

Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 119/2022/0034/З

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “ Э т с” ХМБ-аас Орхон аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 117 дугаар бүхий албан бичиг, мөн аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

            2. Орхон аймаг дахь дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.3, 49 дүгээр зүйлийн 49.3.3, 49.3.5, Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3.2, 32.4, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг тус тус баримтлан “ Э т с” ХМБ-ын Орхон аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 117 дугаар бүхий албан бичиг, мөн аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх нь хэргийг хянан хэлэлцээд гаргасан шүүхийн шийдвэрийн 23-д нэхэмжлэгчээс “газрын байршлыг Цагаанчулуут баг 7 хороололд шилжүүлэх санал гаргаахгүй” гэх тайлбарыг үндэслэн, 28-д “ Э т с” ХМБ-аас газраа шилжүүлэн эзэмших хүсэлт гаргаагүй байхад аймгийн Засаг дарга газрын байршил шилжүүлэх тухай захирамж гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна” хэмээн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасан. Иймд анхан шатны шүүх тайлбарыг нь нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байгаа тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 89 дүгээр тогтоолд “...нэхэмжлэгчийн зүгээс газраа ямар байршилд шилжүүлэхийг хүссэн хүсэлт гаргасан эсэх талаарх баримт цуглуулахгүйгээр” анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Энэхүү шүүхийн тогтоолд дурдсан зөрчил засагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх шаардлагатай ажиллагаа дутуу, бүрэн хийгдсэн гэж үзэхээргүй байна. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна.

3.2. Анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүхийн шийдвэр гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн буюу 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгосон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж хуульчилсан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй, хуулийг буруу хэрэглэсэн учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдахгүй, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:     

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч “ Э т с” ХМБ-аас “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 117 дугаар бүхий албан бичиг, мөн аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх Орхон аймгийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 247 дугаар захирамжаар “Нийтийн мэдээллийн төв”-д Хүрэнбулаг баг, Монголбанкны урд байрлах 300мкв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд мөн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Шийдвэр хүчингүй болгох, газар эзэмшүүлэх тухай” А/457 дугаар захирамжаар 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 247 дугаар захирамжийн хавсралтын 1 дэх мөрийг[1] хүчингүй болгож, “Э т” ХХК-д /хуучнаар Нийтийн Мэдээллийн төв/-нд Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордны хойд талд байрлах 300 м.кв газрыг телевизийн студийн /LM2 программд газрын зориулалт нь урлаг, соёлын байгууллага гэж бүртгэгдэнэ/ зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Улмаар аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/907 дугаар захирамжаар “Э т” ХХК-ийн эзэмшиж буй урлаг соёлын байгууллагын зориулалттай газрын хэмжээг 400 м.кв болгон өөрчилж, 4 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлсэн байна.

2.3. Нэхэмжлэгчээс өөрийн эзэмшлийн газартаа 9 давхар “Соёл урлагийн барилга” барихаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн БЭЗ-61-02/22 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан бөгөөд маргаан бүхий Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 дугаар сарын 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаар мэдэгдлээр “танай компанийн барьж буй барилгын ажлыг эсэргүүцсэн санал, гомдлыг удаа дараа гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн БЭЗ-61-02/22 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлж, аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар захирамжаар “ Э т с” ХМБ-ын ... эзэмшиж буй 400 м.кв газрын байршлыг шилжүүлэн Цагаанчулуут баг, орон сууцны 7 дугаар хороолол руу шилжүүлж 5 жигийн хугацаатайгаар эзэмшүүлж, аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/907 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хүчингүй болгожээ.

2.4. Нэхэмжлэгчээс Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаар мэдэгдэл нь “Орхон аймгийн Засаг даргад 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 160 иргэнээс хандсан хүсэлтийг үндэслэж гарсан гэх боловч цаг хугацааны хувьд маргаан бүхий захиргааны актаас өмнө буюу 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гарсан, захиргааны байгууллага нитийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөн талаар шалгаж тогтоолгүйгээр барилгын үйл ажиллагааг зогсоосон, ... аймгийн Засаг дарга 2022 оны А/350 дугаар захирамжийг гаргахдаа “ Э т с” ХМБ-аас газрын байршлыг шилжүүлэх санал гаргаагүй байхад газрын байршлыг шилжүүлсэн” гэж тус тус тайлбарлан маргадаг бөгөөд хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “...Орхон аймгийн иргэд барилгын ажлыг эсэргүүцсэн санал гомдлыг удаа дараа гаргаж, тухайн газарт ногоон байгууламж байгуулахыг шаардах болсон. Иргэдийн санал, гомдлыг аймгийн Засаг даргын зүгээс судлан үзээд холбогдох хуульд заасны дагуу барилга угсралтын ажлыг зогсоох үүргийг манайд өгсөн, өнөөдрийн байдлаар иргэдээс ирсэн гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй...” гэж, хариуцагч Орхон аймгийн Засаг даргаас “ Э т с” ХМБ-аас “...Засаг даргын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж газраа сольж барилгын ажлаа хэвийн явуулах шийдэлд хүрсэн” гэж газраас солих хүсэлтийг аймгийн Засаг даргад гаргасан, ...хүсэлтийг аймгийн Засаг дарга хангаж шийдсэн” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс хэрэг маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим баримтуудыг цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

2.6. Тодруулбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;” гэж тус тус хуульчилсан байна.

2.7. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын байршлыг шилжүүлж буй Цагаанчулуут баг, орон сууцны 7 дугаар хорооллын газар нь иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, мөн аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч компанийн эзэмшил газрын байршлыг ийнхүү шилжүүлж эзэмшүүлэхдээ тухайн сумын Засаг даргын саналыг авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй байна.

2.8. Мөн түүнчлэн нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх анх ямар арга замаар үүссэн, тухайн үед уг газар нь бусдад эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан эсэх талаарх баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна. Учир нь хууль ёсоор үүссэн эрх хуулиар хамгаалагдах тул энэ талаарх баримтыг цуглуулсны эцэст маргааны үйл баримтад дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

2.9. Нөгөөтээгүүр хэрэгт авагдсан Орхон аймгийн Засаг даргын захирамжуудаас үзвэл, “Э т” ХХК нь “Нийтийн мэдээллийн төв” гэх этгээдийн эрхийг залгамжлан авсан мэтээр бичигдсэн байх боловч энэ талаар баримтгүй байх төдийгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй гэж үзэж, нэхэмжлэл гаргасан этгээд нь “Э т” ХХК, “Э т” ХМБ-ын аль нь болох, өөр хоорондоо ямар хамааралтай болохыг зайлшгүй тодруулах шаардлагатай.

 

Нэгэнт дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                             Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

 

 

 

 

 

 

 

 

[1] 1хх-247 тал /Нийтийн мэдээллийн төвд холбогдох хэсэг/