Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2020/0527/З |
Дугаар | 128/ШШ2022/0763 |
Огноо | 2022-10-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2022/0763
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мө******* даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б**** ХХК
Хариуцагч: Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс
Гуравдагч этгээд: П**** ХХК /РД: /,
Гуравдагч этгээд: Монгол Улсын Хөгжлийн банк /РД:***/-д холбогдох 2019 оны 08 сарын 19-ний өдрийн 2019/310 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгохтой холбогдох захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа, нэхэмжлэгч Д.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, гуравдагч этгээд Монгол Улсын Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, О.Буянжаргал, өмгөөлөгч Ж.У*******, гуравдагч этгээд П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, М.С*******, өмгөөлөгч Э.Т*******, иргэдийн төлөөлөгч Ц.Са /онлайн/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь тус шүүхэд хандан “Б-ын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр[1] нэхэмжлэлийн шаардлагаа “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаартай дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоох тухай” болгож өөрчилсөн.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “П” ХХК-ийн захиалгаар баригдсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 3 давхар үйлчилгээний барилга болон өндөр төвөгшилтэй ангиллын доороо үйлчилгээний төв, зоорьтой 16 давхар 201, 202 тоот орон сууцны барилгыг 8-16 давхрын цутгалтыг гүйцэтгэсэн.
2.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын маргаж буй 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаартай дүгнэлтээр хүлээн авсан барилга байгууламж нь 3 давхар үйлчилгээний барилга болон доороо үйлчилгээний төв, зоорьтой 16 давхар 203, 204 тоот орон сууцны барилга байгууламж.
2.3. Харин нэхэмжлэгчийн 8-16 давхрын цутгалт хийсэн гэх 201, 202 тоот орон сууцны барилгыг энэхүү шүүхийн шийдвэр гарах мөчид Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн аваагүй байгаа болно.
2.4. Нэхэмжлэгч компани дээрх барилгын ажлыг гүйцэтгэхдээ “П” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр VI/11 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.[2]
2.5. Түүний дараа “П” ХХК-иас 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 7 тоот “Гэрээг цуцалж, шинээр гэрээ байгуулах тухай” мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн бөгөөд тус мэдэгдэлд дээрх “Ажил гүйцэтгэх гэрээ”-г захиалагчийн санаачлагаар цуцалж, харин дээрх төслийн 201, 202 дугаар блокын 11-16 дугаар давхрын болон техникийн давхрын цутгалт, үйлчилгээний төвийн суурь, зоорийн давхар, 1-2 давхрын цутгалтын ажлыг хийж гүйцэтгэх тухай гэрээний төсөлд яаралтай санал ирүүлж, гэрээгээ байгуулахыг мэдэгдсэн.[3]
2.6. Улмаар захиалагч “П" ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч “Б” ХХК-тай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр 16 давхар 4 блок орон сууцны барилгын хоёр давхар “үйлчилгээний төвийн” барилга угсралтын ажлыг /барилгын суурь, зоорийн 2589 м.кв талбайн ажлын үнэлгээг 1 м.кв-ийг 300 000 төгрөг, 1-2 дугаар давхрын нийт 4896 м.кв талбайн ажлыг 1 м.кв-ийг 170 000 төгрөгөөр тус тус тооцон/ хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.[4]
2.7. Мөн захиалагч “П” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Д” ХХК-тай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр 16 давхар 4 блок орон сууцны барилгын 203 блокын 11-16 дугаар, 204 блокын 12-16 дугаар давхар болон техникийн давхрын барилга /нийт 4425.8 м.кв/ угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон.[5]
2.8. Нэхэмжлэгч “Б” ХХК болон гуравдагч этгээд “П” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн VI/11 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, П ХХК-д холбогдох иргэний хэрэг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүссэн бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2020/06304 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь заалтыг баримтлан “эрүүгийн өөр хэрэг шийдвэрлэгдэж байгаа” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.[6]
2.9. Нэхэмжлэгчийн зүгээс “... Б ХХК-ийг комиссын бүрэлдэхүүнд оролцуулаагүй. 2019/310 комиссын ерөнхий мэдээлэл дээр Б ХХК туслан гүйцэтгэгч гэсэн боловч хамгийн ард талын хэсэгт энэ компанийн төлөөллийг оруулаагүй. Нэр нь ч байхгүй, гарын үсэг зуруулаагүй. Б ХХК иж бүрэн барилга барих тусгай зөвшөөрөлтэй байсан. 2017 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад 201, 202 байрны 9-16 давхар хүртэл бүрэн цутгалтыг хийж гүйцэтгэсэн. Энэ нь улаан дэвтэр, далд ажлын актуудаас харагдана. Б ХХК-ийг оролцуулаагүй нь эрх ашгийг хөндсөн, зөрчсөн зүйл гэж харж байна. Энэ бол улсын комиссын буруутай үйл ажиллагаа. Энэ барилгын ерөнхий гүйцэтгэгч П ХХК гээд бичсэн. Энэ компани 2018 оны 04 сарын 11-ний өдөр 1-16 давхар хүртэл иж бүрэн цутгамал, угсармал барилгын угсралт өргөтгөл шинэчлэлийн ажил хийх тусгай зөвшөөрөл авсан. Үүнээс өмнө энэ тусгай зөвшөөрөл байгаагүй. Хэрэгт авагдсан баримтыг харахад барилгын ажил 2015 онд эхэлсэн байсан. Б ХХК 2017 оны 04 сараас 2017 оны 11 сар хүртэл 9-10 давхрын цутгалт 2018 оны 3 сараас 2018 оны 9 сар хүртэл 11-16 давхрын цутгалт, зоорийн хамт угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Хариуцагчийн хувьд барилгыг хүлээж авахдаа үүнийг анхаараагүй, нягталж шалгаагүй зөрчил харагдана. 5000 мкв үйлчилгээний барилга байгууламж хүлээн авсан гэдэг. Гэтэл үйлчилгээний барилга 7800 мкв хүлээж авсан. Зоорь нь 2800 мкв, 1 давхар 2500 мкв, 2 давхар 2500 мкв байгаа. 2800 мкв Улсын комисс хүлээж аваагүй, комиссын актад огт бичээгүй нь харагдана. Угаасаа улсын комисс 1 хоног ажилласан байсан тэгэхээр анзаараагүй юм уу, анзаарахыг хүсээгүй юм уу. Мөн бичиг баримтын бүрдэл дутуу байхад үйлчилгээний талбайг хүлээж авсан. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсгийн 48.5.1 барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл; 48.5.2 барилгын ажлын ил, далд ажлын акт; 48.5.3 зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт; 48.5.4 захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт байхгүй байхад комисс дүгнэлт гаргасан ...” гэх агуулгаар маргаж байна.
2.10. Хариуцагчийн зүгээс “... Хан-Уул дүүргийн 16-р хороо П ХХК-ийн захиалгаар баригдсан зоорьтой 16 давхар 148 айлын орон сууц үйлчилгээний барилга нийт 3 байгууламжийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан мэргэжлийн байгууллагын төлөөлөл 2019 оны 06 сарын 07-ны өдөр хуралдаад Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан бичиг баримтын бүрдлийг хангуулсан. Ажил бүрэн хийгдсэн үндэслэлээр 2019 оны 08 сарын 19-ний өдөр комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулсан гэж үзээд дүгнэлтийг баталгаажуулсан. Засгийн газрын 317 дугаар тогтоолд төлөөлөл гэж байгаа гаднаас орж ирж байгаа аж ахуйн нэгжүүдээс зураг төслийн компанийн төлөөлөл, гүйцэтгэгчийн төлөөлөл гэж байгаа болохоос туслан гүйцэтгэгч гэж заагаагүй. Туслан гүйцэтгэгч ерөнхий гүйцэтгэгчийн өмнө ажлаа хариуцан хүлээнэ. Тэнд дотоод ажлын акт гаргаж өгнө үү гэхээс биш дүгнэлтэд гарын үсэг зурна, зурахгүй гэсэн зохицуулалт байхгүй ...” гэх агуулгаар тайлбарлаж байна.
2.11. Гуравдагч этгээд “П” ХХК-ийн зүгээс “... Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдсөн бэ гэдэг асуудал тодорхойгүй. Актад дурдагдсан 148 айл гэдэг бол 2 блокоор одоогийн 203, 204 байр гэдгээр явж байгаа. Үйлчилгээний төвийн хамаарах хэсэг буюу ашигтай талбай 5000 метр байхаар тусгасан. Гаражийн талаар дурдах хэлбэрээр тусгасан учраас актыг буруу гарсан гэх үндэслэл харагдахгүй байна. Өнөөдрийн маргаан бүхий акт дотор 3 блок барилга байгаа. Орон сууцны хэсэгт Б ХХК оролцоогүй. Үйлчилгээний хэсгийн каркас, цутгалтын ажлыг хийсэн. Энэ талаар бид маргадаггүй. Хийсэн ажлыг нь үнэлээд төлбөрийг төлсөн. П ХХК-ийн зүгээс Б ХХК-д өгөх зүйл байхгүй. 203, 204 байрыг Д ХХК гүйцэтгэсэн. Энэ компани Б ХХК-тай ижил цаг хугацаанд ижил нөхцөлтэй гэрээг байгуулаад цутгалтын ажил хийсэн. Энэ гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Дутуу баримт бичиг бүрдүүлсэн тухайд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрийг мэргэжлийн байгууллага шалгаад дүгнэлтээ гаргачихсан ...” гэх агуулгаар тайлбарлаж байна.
2.12. Гуравдагч этгээд Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс “... Хөгжлийн банкнаас 2017 онд зээлийн гэрээ байгуулаад 60-70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан. Уг 4 барилга буюу дуусгаад ашиглалтад оруулсны дараа ашиглалтад оруулах ёстой байсан орон сууцуудын 2 блок барилгыг түгжсэн асуудал байгаа. Дараагийн барилга дээр улсын комисс ажиллах боломжийг түгжсэн асуудал бас байгаа. Хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт олгохдоо зээлдэгчийн бичиг баримтыг судлаад тавигдах шаардлагыг үндэслэж зээл олгохоос биш туслан гүйцэтгэгч компани хамааралгүй. Танайх хамтран зээлдэгч байсан бол манайх хамтран хариуцагчаар иргэний хэрэгт татаад явах байсан. Улсын комиссын дүгнэлтээр 148 айлын эрх ашиг ноцтой зөрчигдөх гээд байгаа гэсэн байна. Өнөөдрийн байдлаар 2019 оны 11 сард Улсын комиссын дүгнэлт баталгаажаад түүнийг үндэслэн байрыг гэрчилгээжүүлээд. Дуусаагүй барилгыг барьцаалсан. Уг барьцааны гэрээ хүчингүй болох асуудал хөндөгдөөд байна. 148 айлд худалдан борлуулах байсан ажлууд өнөөдрийг хүртэл 2 жил гаран хугацаанд гацчихсан байгаа. Банк бэлэн болсон орон сууцуудыг борлуулах боломжгүй түгжигдсэн. Хоорондын гэрээний асуудлаа захиргааны хэрэгт наачихсан. Ноцтой зөрчигдөх гээд байгаа нөхцөлийг өөрсдөө бий болгосон. Уг асуудал иргэний хэргээр явах ёстой байтал бэлэн болсон барилгыг борлуулж чадаагүйгээс 1 жилд 2.2 тэрбум төгрөгийн алданги үүрээд яваад байна. Хуулийн олон байгууллагад гомдол гаргаж явснаар банк болоод иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна ...” гэх агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б ХХК нь П ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр ажил хийж гүйцэтгэсэн. Манай компани тухайн актад дурдагдсан компаниудтай гэрээ байгуулж, тухайн компаниудыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан бөгөөд манай компани ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргээр ажиллаж, өөрийн компанийн 16 давхар барилгын тусгай зөвшөөрлийг ашиглан ажиллаж байсан. Барилгын угсралтын ажил болон барилгын гүйцэтгэлийн хяналтын чиг үүргийг манай компани хариуцан ажилласнаас гадна 14000 м.кв цутгалтын ажлыг хийж гүйцэтгэн, зохих барилгын далд ажлын актыг гаргаж өгсөн. Тухайн үед П ХХК барилгын 16 давхрын тусгай зөвшөөрөлгүй байсан бөгөөд манайхтай гэрээ хийж ажил гүйцэтгэсний дараа буюу 2018 онд 16 давхрын тусгай зөвшөөрлөө авсан байдаг. Мэргэжлийн хяналтын газарт байгаа далд ажлын хуурамч актыг өөрийн нүдээр харсан. Гэтэл П ХХК Ерөнхий гүйцэтгэгч Б ХХК-ийн хооронд гэрээний төлбөрийн маргаан гарч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан хянагдах явцад П ХХК хуурамч бичиг баримт үйлдэн барилга, орон сууцыг ашиглалтад оруулах актыг гаргуулсан байна.
Маргаж буй 2019/310 тоот актаар 201, 202, 205 дугаар барилгуудыг байнгын ашиглалтад хүлээн авсан. Одоо 201, 202 дугаар орон сууцуудад хүмүүс амьдарч байгаа, мөн 205 дугаар үйлчилгээний барилгад түрээслэгч нар үйл ажиллагаа явуулж байна. Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс оршин суугчдад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгож байгаа гэх үндэслэл бүхий мэдээлэл байгаа болно. Иймд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 тоот Улсын комиссын актыг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 08 сарын 19-ний өдрийн 2019/310 тоот Улсын комиссын актыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Анх комиссын актыг хүчингүй болгох шаардлага гаргаж байсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн комиссын акт хэрэгжээд дууссан байсан. Б ХХК эрх ашиг хөндөгдсөн хэвээр учраас тухайн захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгохоор өөрчилсөн. Маргаж буй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд бодит байдал дээр байгаа зүйлээс өөр зүйл бичээд комисс хүлээгээд авсан мэт хууль бус зүйл харагдана. Бодит байдал дээр доороо 78 машины зогсоолтой орон сууц байхгүй. 148 айлын орон сууц нь 2 ширхэг 16 давхар барилга байгаа. Энэ барилга өөрөө бүрэн цутгамал учраас доороо автомашины зогсоол байх боломжгүй. Улсын комисс бодит байдал дээр байшингаа үзээгүй, үзсэн ч гэсэн мэргэжлийн бус хүмүүс байсан. Ажлын зурагтай харьцуулж үзээгүй, нягталж шалгаагүй гэж үзэж байгаа. Б ХХК-ийг комиссын бүрэлдэхүүнд оролцуулаагүй. 2019/310 комиссын ерөнхий мэдээлэл дээр Б ХХК туслан гүйцэтгэгч гэсэн боловч хамгийн ард талын хэсэгт энэ компанийн төлөөллийг оруулаагүй. Нэр нь ч байхгүй, гарын үсэг зуруулаагүй. Б ХХК иж бүрэн барилга барих тусгай зөвшөөрөлтэй байсан. 2017 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад 201, 202 байрны 9-16 давхар хүртэл бүрэн цутгалтыг хийж гүйцэтгэсэн. Энэ нь улаан дэвтэр, далд ажлын актуудаас харагдана. Б ХХК-ийг оролцуулаагүй нь эрх ашгийг хөндсөн, зөрчсөн зүйл гэж харж байна. Энэ бол улсын комиссын буруутай үйл ажиллагаа. Энэ барилгын ерөнхий гүйцэтгэгч П ХХК гээд бичсэн. Энэ компани 2018 оны 04 сарын 11-ний өдөр 1-16 давхар хүртэл иж бүрэн цутгамал, угсармал барилгын угсралт өргөтгөл шинэчлэлийн ажил хийх тусгай зөвшөөрөл авсан. Үүнээс өмнө энэ тусгай зөвшөөрөл байгаагүй. Хэрэгт авагдсан баримтыг харахад барилгын ажил 2015 онд эхэлсэн байсан. Б ХХК 2017 оны 04 сараас 2017 оны 11 сар хүртэл 9-10 давхрын цутгалт 2018 оны 3 сараас 2018 оны 9 сар хүртэл 11-16 давхрын цутгалт, зоорийн хамт угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Хариуцагчийн хувьд барилгыг хүлээж авахдаа үүнийг анхаараагүй, нягталж шалгаагүй зөрчил харагдана. 5000 м.кв үйлчилгээний барилга байгууламж хүлээн авсан гэдэг. Гэтэл үйлчилгээний барилга 7800 м.кв хүлээж авсан. Зоорь нь 2800 м.кв, 1 давхар 2500 м.кв, 2 давхар 2500 м.кв байгаа. 2800 м.кв Улсын комисс хүлээж аваагүй, комиссын актад огт бичээгүй нь харагдана. Угаасаа улсын комисс 1 хоног ажилласан байсан тэгэхээр анзаараагүй юм уу, анзаарахыг хүсээгүй юм уу. Мөн бичиг баримтын бүрдэл дутуу байхад үйлчилгээний талбайг хүлээж авсан. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсгийн 48.5.1 барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл; 48.5.2 барилгын ажлын ил, далд ажлын акт; 48.5.3 зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт; 48.5.4 захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт байхгүй.Гэрчийн мэдүүлэг авахад тодорхой зураг байсан, хийсэн гэж ярьдаг боловч энэ талаарх баримт хэрэгт байдаггүй. П ХХК эдгээр баримтуудыг хэрэгт хавсаргах оролдлого хийгээгүй. Хариуцагчийн зүгээс ч гэсэн баримтууд байсан ийм баримтыг үндэслэж бид нар дүгнэлт гаргасан гэдэг зүйл хэлдэггүй. Бид яагаад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бэ гэвэл П ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас Б ХХК эрх ашиг хөндөгдсөн хэвээр байгаа. Энэ актыг хүчингүй болгоод эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Хүмүүсийн гэрчилгээ нь гарсан учраас 148 айл, 7800 мкв худалдаж авч, түрээсэлж байгаа хүмүүсийн эрх хөндөгдөх асуудал байгаа учраас дээрх агуулга бүхий шаардлагыг гаргасан..” гэжээ.
... Бид барилга байгууламжийг хүлээн авч байхад актыг хүчингүй болгох шаардлага гаргах ёстой байсан. Гэтэл акт нь гараад өөрийн чинь хэлж байгаагаар оршин суугчдын эрх, Хөгжлийн банкны эрх ноцтой зөрчигдөх нөхцөл байдал үүссэн учраас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Тухайн акт хэрэгжээд дууссан мөртлөө хууль бус тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхол хөндөгдсөн хэвээр байгаа бол хууль бус байсан болохыг тогтоохоор заасан. Анх Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авах материал бүрдүүлж өгөхдөө Б ХХК ерөнхий гүйцэтгэгчээр, П ХХК захиалагчаар хамтран материалаа бүрдүүлж өгсөн. Тэр баримтыг олж хараагүй эсвэл хүсээгүй байх. Хөгжлийн банканд яагаад хууль бус зүйл зөндөө байсан бэ гэвэл 15 тэрбум дундын дансанд орж ирээд дундаасаа захиран зарцуулна гэсэн. Дараа нь П ХХК ямар арга сэдсэн юм мэдэхгүй ганцаараа мөнгөө аваад зарцуулсан. Энэ нь эрүүгийн хэрэгт тогтоогдоно. 148 айлын орон сууцын доод талд нь автомашины зогсоол байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөнд баярлалаа. Хариуцагч тал энийг анхаарна биз. Б ХХК бол туслан гүйцэтгэгч биш. Ерөнхий гүйцэтгэгч байсан том гэрээ хүртэл байхад туслан гүйцэтгэгчээр оруулсан ч болно оруулахгүй байсан ч болно гэдэг нь үндэслэлгүй байна. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.3, 48.5.4 дэх хэсэгт тухайн барилгыг ашиглалтад оруулахад ямар бүрдэл хангасан байх талаар байгаа. Захиалагчийн техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт гарсан байна гэх зүйл ярьсан. Барилгын хот байгуулалтын сайдын 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 178 тушаалаар батлагдсан барилгын ажил зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрэм батлах тухай гэсэн журмын хавсралтад зохиогчийн нэгдсэн дүгнэлт хийх драфт байгаа. Барилгын архитектор, бүтээл, халаалт, цэвэр ус цахилгаан хангамж, автомат дохиолол гэх мэт чиглэлийн бүх ажлыг хийсэн компани санал дүгнэлтээ бичих ёстой. Тэгээд дүгнэлт гаргасан гээд гарын үсгээ зураад тус тусын тэмдгээ дарах ёстой. Хэрэгт байгаа баримтыг харахад ганц л дүгнэлт байсан. Шүүхээс улаан дэвтэрт үзлэг хийсэн. 20, 30 гаран хуудсыг штрихдэж зассан байсан. Далд ажлын актыг ч гэсэн штрихдсэн байсан. Ийм зүйл хүлээж авчхаад бичиг баримтын бүрдэл хангасан гэж үзэж болохгүй..” гэжээ.
... Өмнө нь иргэний хэрэг маргааныг шийдвэрлээд дууссан гэсэн. Гэхдээ энэ нь худлаа. Хэргийг хэрэгсэхгүй болгосон болохоос нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй. Барилгын тухай хуульд бетон цутгалтыг хийсэн компани ерөнхий гүйцэтгэгч, бусад нь туслан гүйцэтгэгч байна. Хөгжлийн банктай 2017 оны 10 сард зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан. Энэ үед Б ХХК ерөнхий гүйцэтгэгч байсан. 2018 он хүртэл ерөнхий гүйцэтгэгчийн үүргийг хүлээсэн. Хөгжлийн банкны тайлбарын тухайд үүн шиг худал зүйл байхгүй. Прокурорын тогтоол гараад Б ХХК-ийн бүх хөрөнгөд хориг тавиад ямар нэг хөдөлгөөн хийгдэхгүй байгаа. Сар бүрийн 01-ний өдөр оршин суугч нар хувь хүний данс руу 1 сая төгрөг хийдэг. Бид нэг ч өдөр гацаагаагүй. Тийм ч учраас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд хууль бус байсан болохыг тогтоолгох болгосон. Хөгжлийн банкныхан мэдэн будилж байна. Надад бол хардах эрх байгаа. П ХХК-ийн ярьсан хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг өмнө нь шийдсэн. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол байгаа. А******* инженер бол Б ХХК-д байсан. Гэвч энэ инженерийн гарын үсэг комиссын дүгнэлтэд байхгүй. Хариуцагч болон Хөгжлийн банкныхан, П ХХК-ийн төлөөлөгч нар нэг зүйл дээр санал нэгдсэн байна. П ХХК энэ 2 барилгыг барих үйл явцдаа хууль зөрчсөн. Түүнийгээ Б ХХК-ийн эрхийг зөрчөөгүй учраас хамааралгүй гэсэн байр суурьтай орж ирсэн юм шиг байна.
Маргаж буй захиргааны актын 4.1 дэх хэсэгт өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой 16 давхар 148 айл нэгдсэн зоорийн давхрын 78 автомашины дулаан зогсоол бүхий орон сууц гэж заасан байна. Бүрэн цутгамал учраас нэг ширхэг ч машин багтахгүй. 148 айлын 2 орон сууц баганан суурьтай биш. Агуулахын зориулалттай ашиглаж болно. Энэ байдлыг П ХХК хүлээн зөвшөөрсөн. Эн зүйлийг бичээд үүнийг комисс хүлээн авч байна гэдэг бол холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг нь нотлогдож байна. Хариуцагчийн төлөөлөгч тайлбартаа би тухайн үед байгаагүй гэсэн. Байгаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж болохгүй. Хариуцагчийн төлөөлөгч гээд ороод ирсэн бол хариуцах ёстой. Тэр нь хэргийн үйл баримтад нөлөөлөхгүй. Хариуцлагагүй хариуцагч байж болохгүй. Б ХХК-ийн түүхэн замнал ажлын туршлага үйл ажиллагаа гэдэг эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байна. Хийсэн ажлаа хүлээн зөвшөөрүүлнэ. Тухайн актыг хууль бус байсан болохыг тогтоолгоно. Түүнийг эрүү, иргэний хэрэгтээ хэрэглэнэ. Түүнээс биш Хөгжлийн банкны зээлийн гэрээ, барьцааны гэрээнд сөрөг хууль зүйн асуудал байхгүй. Яагаад гэвэл уг акт хэрэгжээд дууссан. Б ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн хэвээр байвал тухайн захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох боломж нь одоогийн хуулиар олгож байгаа учраас нэхэмжлэлээ дэмжиж байна.
...Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүхээр үнэнийг батлуулах гэж нэхэмжлэл гаргасан. Иргэн, эрүү, захиргааны шүүхээр явж байна. П ХХК-ийг сонин сэтгүүлээр зөндөө ярьж байна. Авлигатай тэмцэх газарт эрүү үүсгэгдсэн. Иргэний журмаар шүүхэд өгсөн. Хуурамч бичиг баримт гараад ирэхээр эрүүгийн хэрэг болдог юм байна. Эрүүгийн хэрэг болохоор шийдэгдэх хүртлээ иргэний хэргээ хаачихдаг юм байна. Эрүүгийн хэргээр явахаар үүссэн хэргийг хэрэгсэхгүй болгоно. Хөгжлийн банк энэ компанид яаж зээл өгсөн юм бэ. Барилгыг 60-70 хувийн гүйцэтгэлтэй гэж зээл олгосон. Энэ барилга нийтдээ хэдэн м.кв вэ гэвэл 33400 м.кв. Намайг 2015 онд очиход Хятадуудаар 14000 м.кв бариулчихсан байсан.
Яаж 70 хувьд нь хүрээд зээл олгосон юм бэ. Анхнаасаа ийм луйвар байсан. Би энэ барилгыг барьсан ерөнхий гүйцэтгэгч тусгай зөвшөөрөл маань хэрэгт байгаа. Тусгай зөвшөөрөлгүй компанид Хөгжлийн банк яаж зээл олгосон юм бэ. Барилга барих зөвшөөрөлгүй компанийн ажлыг улсын комисс яаж хүлээж авсан юм бэ. Туслан гүйцэтгэгч нар хийсэн ажлынхаа дүгнэлтийг гаргаад далд ажлын актаа өгч гарын үсэг зуран тамга дардаг. 14141 м.кв цутгалтын ажлыг би бүгдийг нь хийсэн. Хятадууд 14000 м.кв барьсан, би 14000 м.кв барьсан. Д ХХК 2017 онд надтай гэрээ хийсэн. Ерөнхий гүйцэтгэгч П ХХК юу хийсэн юм. Цутгалт хийсэн компаниар гарын үсэг зуруулах ёстой. Гэрчид хууль сануулаад мэдүүлэг авч байхад худлаа хэлээд зогсож байгаа юм. Би мөнгөө аваагүй учраас маргаж байгаа. Эрүүгийн хэрэгт хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг нь тогтоогдвол иргэний шүүхээр явах гээд байна. Эрх чинь яаж хөндөгдөх гээд байгаа юм гэсэн зүйл яриад байх юм. Тэр ногооноор зурсан зураглалтай барилгын 70 хувийг би барьсан. П ХХК алийг нь барьсан юм бэ. Бүх зүйл чинь худлаа. Улсын ажил хийж байгаа хүмүүс ажлаа хийж чадахгүй дандаа хээл хахууль авлигатай байна. Хуулийн байгууллагад үнэнч шударга хүн үнэхээр цөөхөн юм байна...
... Тэр маргаан бүхий актын эхний хуудсыг үзвэл 2015 онд Б ХХК ажлыг хийсэн гэсэн. Ц ерөнхий инженерийг бичсэн байгаа. Гэтэл 2015, 2016 онд хятадууд барьсан. Улаан шугамыг Б ХХК барьсан гэж бичсэн байна. Би 2017 оноос ажилласан. Үндэсний архивын материалын эх хувийг үзэхэд 26 хуудас штрикдсэн байсан. 2017 оны акт дунд 2019 акт гэж бичсэн зүйл зөндөө байгаа. Хүн гараагүй оныг бичнэ гэж байхгүй. Гарчихсан өмнөх оноо андуурч бичих тохиолдол бол байдаг. Тэгэхээр 2017 оны актыг 2019 онд хуурамчаар хийснийг би батална. П ХХК 50 гаран компанитай гэрээ хийсэн гээд байна. Би ерөнхий гүйцэтгэгч байхдаа 11 компанитай гэрээ хийсэн. 2017 онд П ХХК-ийн Ц бид хоёрт мөнгө байгаагүй учраас бүх юмаа тавьж ажлаа үргэлжлүүлж байсан. 2017 онд ажлаа хийгээд 2018 онд эд нар мөнгөө аваад намайг явуулах гэж олон удаа үзсэн. П ХХК-д кран байхгүй. Хятадуудын үлдээсэн ашиглалтын хугацаа дууссан краныг би ашигласан. Далд ажлын актад үйлчилгээний төвийг 2015 онд барьсан гэсэн байгаа. Энэ хүмүүс барилгаа мэдэхгүй учраас дээшээ барилгаа явуулж түргэн дуусга гэсэн. Хөгжлийн банкныхныг харахад өндөр болсон байх ёстой гэсэн. Тэгэхээр нь энэ чинь сангийн асуудлыг давхар шийдэх ёстой талаар хэлсэн. 3 давхар жаахан юм гээд байх юм. Нэг 16 давхар нь 5300 мкв гэдгийг хэлье. Миний үйлчилгээ 7800 мкв. Туслан гүйцэтгэгч барилгын яагаад 70 хувийг гүйцэтгэдэг юм бэ. Шүүхийн өмнө хууль сануулдаг. П ХХК-ийн тал иргэн, эрүү хаана ч худал ярьж явдаг. Улсын комисс ажиллаагүй байхад хүн амьдарч болдог юм уу. Гэтэл амьдарч байгаа. Улсын комисс ажиллахыг хориглосон. Мэргэжлийн хяналт ажиллахыг хориглосон акт гаргасан. Анхнаасаа хууль зөрчөөд байдаг компани ямар нэг арга ашиглаад явдаг. Шүүгчийн захирамж гарсан байхад цуцалж, байрыг зарж байдаг ийм л компани гэдгийг хэлмээр байна” гэв.
3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшил газартаа зоорийн давхартаа 78 автомашины гарааш бүхий 146 айлын орон сууцны барилгыг барьж, ашиглалтад оруулах комисс ажиллуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу П ХХК-ийн барилгад 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр комисс томилогдон ажилласан бөгөөд Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоол Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм-ийн 4 дэх хэсэгт заагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлж комиссын гишүүд мэргэжлийнхээ чиглэлээр илэрсэн зөрчил дутагдалд санал өгч шийдвэрлүүлсний дараагаар тухайн барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн хүрээнд бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарган баталгаажуулжээ.
Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хангуулсан бөгөөд улсын комисс нь тус хуулийн 48.6-д заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн тул хууль зөрчөөгүй байна. Дээрх үйл ажиллагаа нь хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
...Хан-Уул дүүргийн 16-р хороо П ХХК-ийн захиалгаар баригдсан зоорьтой 16 давхар 148 айлын орон сууц үйлчилгээний барилга нийт 3 байгууламжийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан мэргэжлийн байгууллагын төлөөлөл 2019 оны 06 сарын 07-ны өдөр хуралдаад Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан бичиг баримтын бүрдлийг хангуулсан. Ажил бүрэн хийгдсэн үндэслэлээр 2019 оны 08 сарын 19-ний өдөр комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулсан гэж үзээд дүгнэлтийг баталгаажуулсан. Засгийн газрын 317 дугаар тогтоолд төлөөлөл гэж байгаа гаднаас орж ирж байгаа аж ахуйн нэгжүүдээс зураг төслийн компанийн төлөөлөл, гүйцэтгэгчийн төлөөлөл гэж байгаа болохоос туслан гүйцэтгэгч гэж заагаагүй. Туслан гүйцэтгэгч ерөнхий гүйцэтгэгчийн өмнө ажлаа хариуцан хүлээнэ. Тэнд дотоод ажлын акт гаргаж өгнө үү гэхээс биш дүгнэлтэд гарын үсэг зурна, зурахгүй гэсэн зохицуулалт байхгүй. Энэ дүгнэлтийг хүчин төгөлдөр гэж үзсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...
...Улсын комиссын шийдвэр бол нэг хүний шийдвэр биш. Төрийн байгууллагаас 10 гаран хүн байгаа. Чиглэл, чиглэлийн хүн мэргэжилтэн орж байгаа. Энэ хүмүүс тухайн барилгыг ингэж зөрүүтэй хараад комиссын дүгнэлт үйлдэхгүй байх гэж бодож байна. Энэ дүгнэлтийг харахад ерөнхий гүйцэтгэгч П ХХК, туслан гүйцэтгэгч Б ХХК гэж байна. Туслан гүйцэтгэгч комиссын дүгнэлтэд гарын үсэг зурахаар заасан зүйл байхгүй. Б ХХК бол ерөнхий гүйцэтгэгчийнхээ өмнө хариуцлагаа хүлээнэ. Улсын комиссын өмнө хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэл байхгүй. Өрний асуудал бол комиссын дүгнэлттэй ямар ч хамааралгүй. 2 хуулийн этгээдийн гэрээний асуудал гэж үзэж байна гэжээ.
...Комиссын дүгнэлтийг хэн нэгэн зохиогоод бичдэггүй. Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын хавсралтын дагуу явуулдаг. Энэ дээр зогсоолын тоо хэмжээ бүгд бичигдсэн. Аль нэг комиссын гишүүний гарын үсэг тамга дутуу биш. 2 блокийн дор 78 машины зогсоол байхгүй гэдэг зүйл яриад байна. Нэгдсэн зоорийн давхар гэсэн болохоос заавал тэр 2 блокийн дор гэсэн зүйл байхгүй. Өөр тайлбаргүй” гэжээ.
3.3 Гуравдагч этгээд П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Хэлэлцэх асуудалтай хамааралгүй зүйл яриад байна. Төрийн байгууллагад хувийн өнцгөөс харсан зүйлээ яриад байдаг. Өөрт нь таалагдахгүй шийдвэр гарвал авлига авчихсан байна гэдэг. Ийм байдлаар манай компанийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Манай 4 барилгын 2 барилгыг 1 компани ижил гэрээгээр нөгөө талын байрны 8-с дээш давхрыг Б ХХК цутгасан. Нөгөө компани адилхан гэрээтэй мөртлөө мөнгөө аваад ажлаа хийгээд дуусчихсан. Барилгын бүх хийц дээр олон компани ажилласан. Нийгэмд янз бүрийн байдлаар буруу ойлголт өгөөд бидний ажилд саад болоод байна. Улсын комисс дээр ганц хүн очоод шийдвэр гаргадаг юм шиг зүйл яриад байна. Гэтэл чиглэл чиглэлийн олон хүн ирдэг юм байна лээ. Б ХХК-ийг ажлаа хаяад явахад нь энэ компанид инженер хийж байсан хүн манайхтай гэрээ байгуулаад заслын ажил хийсэн. Бид нар хүнийг луйварддаг байсан бол тэр хүн манайхтай гэрээ байгуулахаар ирэх байсан уу. Б ХХК-ийн дор ажиллаж байсан бригад плита наах ажлын гэрээ байгуулаад ажлаа хийгээд мөнгөө аваад явсан. Ингээд л явж байгаа. Гэтэл энэ компани шүүхэд хандаад шүүх биднийг хэзээ дуудна тэр цагт өмгөөлөгчөө аваад очдог байсан. Эд нар өөрсдөө өмгөөлөгч авна шүүгчээ солино гэж явсаар өнөөдрийг хүрсэн” гэжээ.
...Гуравдагч этгээд П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б ХХК нь маргааны объект болох барилгын ажилд Ерөнхий гүйцэтгэгчээр огт ажиллаагүй болно. Харин П ХХК нь Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан Буман залуус цогцолборын 203, 204 тоот орон сууцны барилга, үйлчилгээний төвийг барьж дуусган хэсэгчлэн ашиглалтад оруулахаар захиалагчийн хүсэлт гаргасны дагуу Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж хууль дүрмийн дагуу барилгыг ашиглалтад оруулсан.
Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс захиалагч, гүйцэтгэгч болон эрх бүхий байгууллагуудын төлөөллийг бүрэн оролцуулж, холбогдох материалуудад дүрмийн хүрээнд хяналт тавьж ажилласан бөгөөд энэ хугацаанд баримт бичгийн бүрдлийн талаар ямар нэгэн гомдол гараагүй болно.
...Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдсөн бэ гэдэг асуудал тодорхойгүй хэвээр байна. Актад дурдагдсан 148 айл гэдэг бол 2 блокоор одоогийн 203, 204 байр гэдгээр явж байгаа. Байрны доор гарааш байхгүй гэдэг нь тодорхой. Гарааш хийхээр зурагдчихаад хийгээгүй асуудал байхгүй. Үйлчилгээний төвийн хамаарах хэсэг буюу ашигтай талбай 5000 метр байхаар тусгасан. Гараашийн талаар дурдах хэлбэрээр тусгасан учраас актыг буруу гарсан гэх үндэслэл харагдахгүй байна. Барилга байгууламжийн зургаа энгийнээр зураад ирсэн. Ногооноор дугуйлсан хэсэгт Б ХХК-ийн ажлын гүйцэтгэл хийгдсэн. Өнөөдрийн маргаан бүхий акт дотор 3 блок барилга байгаа. Орон сууцны хэсэгт Б ХХК оролцоогүй. Үйлчилгээний хэсгийн каркас, цутгалтын ажлыг хийсэн. Энэ талаар бид маргадаггүй. Хийсэн ажлыг нь үнэлээд төлбөрийг төлсөн. П ХХК-ийн зүгээс Б ХХК-д өгөх зүйл байхгүй. 203, 204 байрыг Д ХХК гүйцэтгэсэн. Энэ компани Б ХХК-тай ижил цаг хугацаанд ижил нөхцөлтэй гэрээг байгуулаад цутгалтын ажил хийсэн. Энэ гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тэр баримтыг анхаарч үзнэ үү. Дутуу баримт бичиг бүрдүүлсэн тухайд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрийг мэргэжлийн байгууллага шалгаад дүгнэлтээ гаргачихсан.
...2017 оны ажил гүйцэтгэх гэрээг харах юм бол Б ХХК түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээ байгуулагдаж байсан. Гэрээ биет байдлаар хэрэгжээгүй. 2018 оны 04 сард Б ХХК-д П ХХК-иас мэдэгдэл өгсөн. 2017 оны гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул дараагийн шинэ гэрээгээ байгуулна уу гэсэн утгатай албан бичиг өгсөн. Үйлчилгээний төвийн угсралтын ажил, комисс хүлээж аваагүй 201, 202 байрны 8-16 давхар хүртэлх цутгалтын ажил хийх гэрээ хийгдсэн байдаг. Тэгэхээр 2017 оны гэрээ бол хэрэгжээгүй гэрээ юм. Төөрөгдөл гарах вий гээд тайлбарлаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд П ХХК-ийн өмгөөлөгч Э.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Шүүхэд гаргасан нэхэмжлэлд хийсэн ажлаа тайлагнах, гүйцэтгэлийн баталгаа авах, гэрээний төлбөр авах хүндрэл учирч байна гэсэн. Ямар эрх ашиг хөндөгдсөн гэдэгт тайлбар хэлэхгүй байна гэдгийг хэлсэн. Гэрээний төлбөр авч чадахгүй байгаа гэдгээр нэхэмжлэлийн үндэслэлдээ бичсэн байна. Гэрээний төлбөртэй холбоотой маргааныг иргэний шүүх шийдээд 3.7 тэрбум төгрөгийн асуудлыг хэрэгсэхгүй болсон. Б ХХК эрх нь яаж зөрчигдсөн болох, одоо зөрчил нь яаж үргэлжлээд байгааг тайлбарлах хэрэгтэй. Энэ барилгыг П ХХК, Б ХХК дангаар барих боломжгүй. 50 орчим компани туслан гүйцэтгэгчээр оролцсон. Нэхэмжлэгчийг манай зүгээс огт барилга бариагүй, оролцоогүй гэж хэлээгүй. Бариулаад төлбөр тооцоо дууссан гэдэг нь иргэний шүүхийн материалаар нотлогдоно. Нэхэмжлэгчийн анхны шаардлага хүчингүй болгуулах гэж байгаад сүүлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Энэ зүйл заалт бол нэхэмжлэлийн шаардлага гэхээс илүү шүүхээс гарах шүүхийн шийдвэрийн төрөл юм. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлага ямар төрөлтэй байх талаар заасан. Үүний алинд нь хамаарах юм. Энэ компанийн нэхэмжлэлийн шаардлага хүчингүй болгуулах байсан. Энэ шаардлагыг 2020 оны 07 сарын 10-ны өдөр гаргасан. Анх гаргасан шаардлага болон одоо гаргасан шаардлагад хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой. Мэдсэн гэдгийг нотлох баримтууд бол 2019 оны 08 сарын 07-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан гомдол, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан гомдол зэрэг байгаа. Эрх нь одоог хүртэл зөрчигдсөн гэж байгаа түүнийгээ тайлбарлах ёстой. Энэ баримтууд дээр шүүх дүгнэлт хийх байх. Хууль бус байсан болохыг тогтоосноор ямар эрх ашиг нь сэргэх нь тодорхойгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааны зүйл яригдах ёстой гэдгийг нэмж хэлье.
...Б ХХК 203, 204 барилгад ямар нэг үйл ажиллагаа хийгээгүй. 201, 202 дугаар барилгын 8-с дээш 16 давхар хүртэл цутгалтын ажил хийсэн дээр хэн ч маргадаггүй. Ойлголтын зөрүү байх шиг байна. Цутгалтын ажил хийгээд ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан юм шиг зүйл яриад байна. Ийм хуулийн зүйл заалт хайгаад олохгүй байна. Тиймээс энэ тайлбар нь үндэслэлгүй. 2017 оны 06 сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй учраас 04 сард цуцлаад түлхүүр гардуулах гэрээгээ өөрчлөөд 2018 оны 04 сарын 02-ны өдөр барилгын ажлын угсралтын гэрээ гэж байгуулсан. Энэ гэрээгээр цутгалтын ажил хийсэн болохоос биш барилгыг бариулсан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага дээр төлбөр тооцоо авч чадахгүй гэсэн байгаа. Тэр асуудлаа иргэний журмаар шийдэгдэх боломжтой. Захиргааны хэргийн шүүх төлбөр авч чадахгүй байгаа асуудлыг шийдэх боломжгүй. Ажлын туршлагын тухайд бид хийгээгүй гэж ерөөсөө хэлээгүй. Ерөнхий мэдээлэл дунд Б ХХК гээд тусгачихсан байна. Энэ актыг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгч байгууллагын ашиг сонирхол эерэг, сөрөг агуулгаар хөндөгдөхгүй” гэжээ.
3.4. Гуравдагч этгээд Монгол Улсын Хөгжлийн банкны өмгөөлөгч Ж.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Хөгжлийн банк П ХХК-тай 2017 оны 10 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ барьцааны гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсныг тогтоолгох гэж байна. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага үндэслэл хоорондоо зөрчилдөөд байна. Хууль бус байсныг тогтоолгох шаардлага гаргасны дараа эрх ашиг нь яаж сэргэх юм бэ? энэ хууль бус байж болзошгүй юм байна гэсэн болгоноо шүүхэд өгөөд байж болохгүй. Шүүхээс гарах шийдвэр заавал биелэгдэх ёстой. Тэр шийдвэрийн дагуу хэн нэгний эрх ашиг сэргэх, зөрчигдөх эрх зүйн үр дагавар үүсэх ёстой. Захиргааны хуулийн аль зүйл заалтыг үндэслээд хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа юм. Зураг төслийн компанийн шийдвэр буруу гэж байна. 7800 м.кв гэж гарах ёстой зүйл 5000 м.кв гэж гарсан гэх зүйл яриад байна. Хэрэв зөрчилдөөнтэй байсан бол комисс дотор олон төлөөлөгч нар байгаа. Тэр дүгнэлтүүдийн аль хэсгийг хүчингүй болгуулах гээд байгаа юм. Захиргааны акт гэдэг нь иргэн хуулийн этгээдийн эрх ашгийг зөрчсөн байх ёстой. Улсын комиссын акт бол энгийн иргэний гаргасан шийдвэр биш. Хамтын зарчмаар гардаг шийдвэр. Улсын комиссын актын 7.1 дэх хэсэгт барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан байна. Энэ хуралдаанд 1-с дээш этгээд оролцсон нь тодорхой байна. Тэр оролцогч нарын хэнд нь гомдоод байгаа юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хуулийн үндэслэлтэй тохирох ёстой. Зөвхөн хууль бус байсныг тогтоогоод л орхичих юм уу. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээ, түүнийг дагалдсан барьцааны гэрээ, 140 айлын оршин суугчдын өмчлөх эрх хөндөгдөх учраас хамгийн ноцтой хор хохирол учруулах шийдвэр гарч болзошгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
|
...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт илт хууль бус акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байна. Өнөөдөр хууль бус болохыг тогтоолголоо гээд хүчин төгөлдөр бус болчих юм биш 2018 онд гарсан цагаасаа хойш илт хууль бус болох асуудал яригдана. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Манай нэрийг оруулаагүй бидний ажлын туршлагад нөлөөлж байна гэдэг нь 32 хүний бүрэлдэхүүнтэй ажлын дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй. Хамтын зарчмаар гаргасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэсгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Монгол Улсын Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Барьцаалсан хөрөнгийн эрхийн талаар Хөгжлийн банк нь “П” ХХК /РД: 5086418/-тай 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр З-ПО-ЗҮ 2017-186 дугаартай Зээлийн гэрээг байгуулан, 15 000 000.00 /арван таван тэрбум/ төгрөгийн зээлийг “Б 296 айлын орон сууц” төслийн санхүүжилтэд зориулан олгосон бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт-Ухаа /17121/ Наадамчдын гудамж хаягт байршилтай 60% гүйцэтгэлтэй 4 блок дуусаагүй орон сууцны барилгыг Б-ПО-ҮХ 2017-187 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан. Монгол Улсын Засгийн 2018 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.1-т “Захиалагч Барилгын тухай хуулийн 32.1.5-д зааснаас бусад барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад гаргана /Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргахаас өмнө захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч хамтран барилга байгууламжид үзлэг хийж, зөрчлийг арилгуулж, Барилгын тухай хуулийн 48.5.3, 48.5-т заасан дүгнэлтийг гаргах бөгөөд мөн захиалагч нь хүсэлтдээ дараах баримтуудыг хавсаргаж өгнө Үүнд Барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, Барилгын ажлын ил, далд ажлын акт, Зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт, Барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл, Барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл, Тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлтүүдийг хавсаргана. Дээрхээс харахад Барилга байгууламжийг ашиглалтад өгөхөд Захиалагч компани хуульд заасан бичиг баримтуудыг хавсаргаж улсын комисс ажиллуулах эрх нь нээлттэй байна. Мөн Нэхэмжлэгч Компани нь “Б” ХХК-ийн захирал оролцоогүй хэдий ч инженер нь оролцсон, тус компанийг төлөөлөх эрхгүй гэжээ. Гэтэл Улсын Комиссын ажиллах бүрэлдэхүүнд хийсэн, ажил гүйцэтгэлийг улсын комисст хүлээлгэн өгөхөд Ерөнхий гүйцэтгэгч оролцоно. Хэдийгээр гүйцэтгэх захирал бүрэлдэхүүнд оролцоогүй ч Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар гэрээ байгуулан ажиллаж буй үүрэгтэй этгээд учир тухайн компанийг төлөөлсөн гэж үзнэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 “нэхэмжлэл” гэж хүн хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...Захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1- “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2- “Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамааралгүй” гэж заасан. Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй хангалттай нотлох баримт, үндэслэл байх, Хариуцагч байгууллага нь “хамтын зарчмаар гаргасан” улсын комиссын актыг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл харагдахгүй байна. Хэрэв хуурамч бичиг баримт үйлдсэн, гэмт хэрэг, зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол холбогдох цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй. Иймд хууль зүйн үндэслэлгүйгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Б” ХХК-ийн “Барилга байгууламжийг ашиглалтад өгөх комисс”-д холбогдох “2019 оны 08 сарын 19-ний өдрийн 2019/310 тоот Улсын Комиссын актыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хөгжлийн банкнаас 2017 онд зээлийн гэрээ байгуулаад 60-70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан. Уг 4 барилга буюу дуусгаад ашиглалтад оруулсны дараа ашиглалтад оруулах ёстой байсан орон сууцуудын 2 блок барилгыг түгжсэн асуудал байгаа. Дараагийн барилга дээр улсын комисс ажиллах боломжийг түгжсэн асуудал бас байгаа. Хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт олгохдоо зээлдэгчийн бичиг баримтыг судлаад тавигдах шаардлагыг үндэслэж зээл олгохоос биш туслан гүйцэтгэгч компани хамааралгүй. Танайх хамтран зээлдэгч байсан бол манайх хамтран хариуцагчаар иргэний хэрэгт татаад явах байсан. Улсын комиссын дүгнэлтээр 148 айлын эрх ашиг ноцтой зөрчигдөх гээд байгаа гэсэн байна. Өнөөдрийн байдлаар 2019 оны 11 сард Улсын комиссын дүгнэлт баталгаажаад түүнийг үндэслэн байрыг гэрчилгээжүүлээд. Дуусаагүй барилгыг барьцаалсан. Уг барьцааны гэрээ хүчингүй болох асуудал хөндөгдөөд байна. 148 айлд худалдан борлуулах байсан ажлууд өнөөдрийг хүртэл 2 жил гаран хугацаанд гацчихсан байгаа. Банк бэлэн болсон орон сууцуудыг борлуулах боломжгүй түгжигдсэн. Хоорондын гэрээний асуудлаа захиргааны хэрэгт наачихсан. Ноцтой зөрчигдөх гээд байгаа нөхцөлийг өөрсдөө бий болгосон. Уг асуудал иргэний хэргээр явах ёстой байтал бэлэн болсон барилгыг борлуулж чадаагүйгээс 1 жилд 2.2 тэрбум төгрөгийн алданги үүрээд яваад байна. Хуулийн олон байгууллагад гомдол гаргаж явснаар банк болоод иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна.
...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч иргэдийн орон сууц худалдан борлуулах асуудалд гацаа үүсгээгүй гэж байна. Гэтэл бодит байдал дээр 296 айл гэрчилгээ гаргуулж чадахгүй Улсын бүртгэл дээр хүлээлтийн байдалд орчихсон. Миний утсан дээр 296 айлын дугаарууд бүгд байна. Гэрчилгээ шийдвэрлэх асуудал ерөөсөө ч шийдэгдээгүй. 2019 оны актаар барилга ашиглалтад орсон нь үнэн. Энэ хурлыг хүлээгээд байж байгаа 200 гаран иргэн орон сууцандаа орсон нь үнэн. Компанийн түүхэн замнал туршлагын талаар ярьж байна. Гэтэл санхүүгийн сахилга бат байхгүй байж ийм зүйл ярьж болохгүй. Иргэний хэрэг, прокурор, захиргааны хэрэг дээр бид нар гуравдагчаар явж байна. Прокурорт өөрсдөө л гомдол гаргасан. Санхүүгийн сахилга бат байхгүйгээс өнөөдрийн асуудал хөндөгдөж байна. Иргэний журмаар шийдвэрлэх асуудал байтал захиргааны хэргийн шүүхээр ингэж яваад байгаа нь 200 гаран айл өрхийн эрхийг хөндөж байна. Бүх л газар бид нар гуравдагчаар татагдаад явж байгаад харамсалтай байна” гэжээ.
3.5. Иргэдийн төлөөлөгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч үндэслэлтэй ярьж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад зааснаар “Б 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаартай дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоох” гэж тодорхойлон маргасан.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн акт ... бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заажээ.
3. Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзвэл, нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа маргаан бүхий захиргааны акт хэрэгжсэн байх бөгөөд тухайн акт хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа тохиолдолд шүүхээс тухайн эрх зүйн үйлчлэлгүй болсон буюу хэрэгжсэн маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг нөхөн тогтоож болохыг зөвшөөрчээ.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн онолын хүрээнд ч энэхүү нэхэмжлэлийн төрөл, шүүхээс гарах шийдвэрийг зөвшөөрдөг төдийгүй хуулийн хэм хэмжээнд дурдсан “нэхэмжлэгчийн ашиг сонирхол” гэдгийг онолын хувьд “хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол” гэж тайлбарладаг.
5. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй захиргааны акт болох Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаартай дүгнэлт нь хууль бус байсан гэж маргахдаа “гүйцэтгэгч компани болох “Б” ХХК-ийг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд оролцуулах ёстой байтал оролцуулаагүй. Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2017 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл 9-10 давхрын цутгалт, 2018 оны 03 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл 11-16 давхрын цутгалт, зоорийн хамт угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байхад хариуцагч барилгыг хүлээж авахдаа үүнийг анхаараагүй, нягталж шалгаагүй. Комиссын дүгнэлтэд 5000 м.кв үйлчилгээний барилга байгууламж хүлээн авсан гэдэг боловч бодит байдал дээр 7800 м.кв байдаг. Зоорь нь 2800 м.кв, 1 дүгээр давхар нь 2500 м.кв, 2 дугаар давхар нь 2500 м.кв байдаг. Үүнээс 2800 м.кв талбайг улсын комисс хүлээж аваагүй, энэ талаар комиссын дүгнэлтэд бичээгүй. Мөн бичиг баримтын бүрдэл дутуу байхад буюу Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.3-т заасан зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, 48.5.4-д заасан захиалагчийн барилгын техникийн нэгдсэн дүгнэлт байхгүй байхад комиссын дүгнэлт гаргасан” гэсэн үндэслэлүүдийг дурдан маргасан.
6. Мөн уг маргаж буй 2019/310 дугаартай комиссын дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоосноор “Б ХХК-ийн түүхэн замнал зогсох, алдагдах, дараагийн тендер авах ажлын туршлага дээр юу ч бичигдэхгүй байх зэрэг сөрөг үр дагаврууд арилж, хийсэн ажлаа хүлээн зөвшөөрүүлж, улмаар комиссын дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор эрүү, иргэний хэрэгтээ хэрэглэх байдлаар “Б” ХХК-ийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхол сэргэнэ” гэх агуулгаар тайлбарласан.
7. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Дурдвал:
8. Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна.” гэжээ.
9. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт “Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:” гээд мөн зүйлийн 48.5.1-48.5.7 дахь заалтад “барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл; барилгын ажлын ил, далд ажлын акт; зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт; захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт; барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл; барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл; тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт.” гэж зохицуулжээ.
10. Түүнчлэн хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна.” гэж заажээ.
11. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс авч үзэхэд, аливаа барилга, байгууламжийг ашиглалтад оруулахдаа тухайн обьектод Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулж, барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулж, хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг бүрдүүлсэн эсэхэд хяналт тавьсны үндсэн дээр комиссын дүгнэлт гарган барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авахаар зохицуулжээ.
12. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хэлсэн тайлбар зэргээс үзэхэд маргаж буй 2019/310 дугаартай комиссын дүгнэлтийн хамрах хүрээ нь “П” ХХК-ийн захиалан бариулсан 4 блок 201, 202, 203, 204 тоот орон сууцуудын 203, 204 тоот орон сууц болон үйлчилгээний төвийн 3 давхар барилга, зоорийн давхарт хамаарах бөгөөд харин 201, 202 тоот орон сууцуудын тухайд хамааралгүй болох нь тогтоогдсон.
13. Тодруулбал, Б-ын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаартай дүгнэлтийн[7] 3.1-д дурдсанаар “... өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой 16 давхар 148 /нэг зуун дөчин найман/ айл, нэгдсэн зоорийн давхрын 78 /далан найман/ автомашины дулаан зогсоол бүхий орон сууц, 5000 м.кв үйлчилгээ барилга байгууламжид, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийж, барилгын ажлын гүйцэтгэл, чанарт үнэлгээ, дүгнэлт өгсний үндсэн дээр комиссоос ДҮГНЭСЭН нь: Энэхүү барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэв ...” гэж, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дурдсанаар “... өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой 16 давхар 148 /нэг зуун дөчин найм[8] “Объектын байршил, нэр: Хан-Уул дүүрэг, 10-р хороо. “П” ХХК-ийн захиалгатай үйлчилгээтэй, 148 айлын орон сууц. /203, 204-р байр, үйлчилгээний төв/” гэж дурджээ.
14. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн зүгээс тус барилга байгууламжийн үйлчилгээний төвийн каркас, цутгалтын ажлыг хийсэн гэж тайлбарладаг бөгөөд энэ үйл баримттай гуравдагч этгээд буюу тухайн барилгын захиалагч “П” ХХК нь маргадаггүй.
15. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 203, 204 тоот орон сууцуудын барилгын гүйцэтгэл дээр оролцсон гэж маргасан боловч тухайн орон сууцуудын хувьд “Д” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж, харин нэхэмжлэгч “Б” ХХК нь хяналт тавьж ажиллаж байсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болох “П” ХХК-иас 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 7 тоот “Гэрээг цуцалж, шинээр гэрээ байгуулах тухай” мэдэгдэл[9], “П” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Д” ХХК-тай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”[10], түүнчлэн шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн мэдүүлсэн “... 2017 онд ерөнхий гүйцэтгэгч байсан учраас хяналтаа тавьж байсан ...”[11] гэх хариулт зэргээр тогтоогдож байна.
16. Харин нэхэмжлэгч компани нь 201, 202 тоот орон сууцуудын барилгын 8-16 дугаар давхрын цутгалтыг хийж гүйцэтгэсэн үйл баримттай талууд маргаагүй болно.
17. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1 дүгээр хавсралтад Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр гүйцэтгэгч байгууллагын төлөөллийг оруулахаар заасан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан маргаж буй 2019/310 дугаартай комиссын дүгнэлтийн “Барилгын ажлын туслан гүйцэтгэгч байгууллага” гэх хэсэгт[12] гүйцэтгэгч нарын төлөөлөл болгож нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэрийг дурдсан байна.
18. Эндээс үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан “гүйцэтгэгч компани болох “Б” ХХК-ийг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд оролцуулах ёстой байтал оролцуулаагүй, ... зоорийн хамт угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байхад хариуцагч барилгыг хүлээж авахдаа үүнийг анхаараагүй, нягталж шалгаагүй” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй, харин энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “гүйцэтгэгчийн төлөөлөл гэж заасан ... заавал бүгд гарын үсэг зур гэсэн зохицуулалт байхгүй” гэх агуулгатай тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
19. Нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан “Комиссын дүгнэлтэд 5000 м.кв үйлчилгээний барилга байгууламж хүлээн авсан гэдэг боловч бодит байдал дээр 7800 м.кв байдаг. Зоорь нь 2800 м.кв, 1 дүгээр давхар нь 2500 м.кв, 2 дугаар давхар нь 2500 м.кв байдаг. Үүнээс 2800 м.кв талбайг улсын комисс хүлээж аваагүй, энэ талаар комиссын дүгнэлтэд бичээгүй” гэх тайлбарын тухайд, маргаж буй 2019/310 дугаартай комиссын дүгнэлтэд үйлчилгээний төвийн талбайг 5000 м.кв гэж нийтэд нь бичсэн байх бөгөөд зоорийн давхрыг нэгдсэн зоорийн давхар гэж бүхэлд нь дурдаад үйлчилгээний төвийн ашигтай талбай болох 5000 м.кв-ийг комиссын дүгнэлтэд бичсэн байгаагаас үзвэл эдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
20. Мөн нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан “... бичиг баримтын бүрдэл дутуу байхад буюу Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.3-т заасан зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, 48.5.4-д заасан захиалагчийн барилгын техникийн нэгдсэн дүгнэлт байхгүй байхад комиссын дүгнэлт гаргасан ...” гэх тайлбарын тухайд, нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангаж, шүүхээс шаардсаны дагуу Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас ирсэн 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Барилга угсралтын явцад зохиогчийн хяналт хийсэн тухай нэгдсэн дүгнэлт”[13], холбогдох бусад зохиогчийн нэгдсэн дүгнэлт[14], захиалагчийн барилгын хяналт хийсэн дүгнэлт[15] зэрэг авагдсан, түүнчлэн, шүүхээс нотлох баримтаар “Барилга угсралтын ил, далд ажлын акт”[16], “Барилга угсралтын ил, далд ажлын акт /Гадна ажил, нөөцийн сав угсралт/”[17], 2018 оны Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл /улаан дэвтэр/ зэрэг авагдсан байгаа энэ тохиолдолд Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт заасан баримт бичгийн бүрдэл хангагдаагүй гэж үзэх боломжгүй байна.
21. Маргаж буй 2019/310 дугаартай комиссын дүгнэлтэд барилга байгууламжийн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр “Б” ХХК-ийн нэр дурдагдсан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн түүхэн замнал зогсох, алдагдах, дараагийн тендер авах ажлын туршлага дээр “туршлагагүй” гэж бичигдэх, ажил хийж гүйцэтгээгүй гэж ойлгогдох зэрэг сөрөг үр дагаврууд үүсэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан агуулгын хүрээнд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
22. Харин шүүхээс хийсэн баримт бичгийн үзлэгээр судалсан тодорхой актуудад, тухайлбал, Цутгамал төмөр бетон бүтээцийг арматурласан акт, Цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт зэрэгт[18] зохиогч инженерээр гарын үсэг зурсан Б.Б гарын үсэг биш гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарладаг[19], дурдсан актуудад штрих хэрэглэж засвар хийсэн байдал нүдээр харахад илэрдэг, энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс “баримт бичгийг хуурамчаар үйлдсэн” гэж маргаж байгаа тохиолдолд энэ нь уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй ба дурдсан үйл баримтыг эрүүгийн журмаар шалгуулах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.
23. Түүнчлэн “Б” ХХК болон гуравдагч этгээд “П” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн VI/11 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, П ХХК-д холбогдох иргэний хэрэг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүссэн бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2020/06304 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь заалтад заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа үйл баримтаас үзэхэд тухайн иргэний маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор маргах эрх нээлттэй ба энэхүү шүүхийн шийдвэрээр тус эрхийг хязгаарлахгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
24. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
25. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн зүгээс хэлсэн дүгнэлтэд хууль зүйн үндэслэл дурдагдаагүй, мөн энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзсэнийг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.5, 48.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас Б холбогдуулан гаргасан “Б 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаартай дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ
[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 153 дахь тал
[2] 1Хх 155-160 дахь тал
[3] Хэргийн 2-р хавтасны /цаашид “2Хх” гэх/ 198 дахь тал
[4] 2Хх 199-202 дахь тал
[5] 2Хх 203-207 дахь тал
[6] 1Хх 165-170 дахь тал
[7] 1Хх 39 дэх тал
[8] 1Хх 43 дахь тал
[9] 2Хх 198 дахь тал
[10] 2Хх 203-207 дахь тал
[11] 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ТМ2022/3370 дугаартай тэмдэглэлийн 11 дэх тал
[12] 1Хх 38 дахь тал
[13] 2Хх 243-245 дахь тал
[14] 2Хх 246-247 дахь тал
[15] 2Хх 248 дахь тал
[16] Нотлох баримтын хавтас. П ХХК Барилга угсралтын акт хавсралт-1
[17] Нотлох баримтын хавтас. П ХХК Барилга угсралтын акт хавсралт-2
[18] 2Хх 146-171 дэх тал