Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0721

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б , түүний өмгөөлөгч Ц.Г

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс

Гуравдагч этгээд: “ПО” ХХК

Гуравдагч этгээд: МХБ

Нэхэмжлэлийн шаардлага: “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаартай дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 681 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б , өмгөөлөгч Ц.Г ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т ,

Гуравдагч этгээд “ПО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, өмгөөлөгч Э.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2020/0527/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б” ХХК-аас хариуцагч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдуулан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаартай дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 681 дүгээр шийдвэрээр: “Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1.23, 48.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдуулан гаргасан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаартай дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Г нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Тус шүүхээс “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт: хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэсэн байдаг. Анхан шатны шүүх хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэлгүй, харин ч нэхэмжлэгчийг нотлох баримт гаргах ёстой мэтээр үнэлэлт дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

 

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхээс Үндэсний төв архивт очиж үзлэг хийсэн. Үзлэгээр маргаж буй барилга угсралтын ил далд ажлын актуудын огноо, гарын үсэгнүүд засвартай, хууль ёсны нотлох баримтаар тооцох боломжгүй болох нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл үнэн зөв, эргэлзээгүй байх зарчимд нийцэхгүй бичиг баримтуудыг бүрдэл хангасан мэтээр үнэлж дүгнэснийг хууль бус гэж үзэж байна.

 

3.3. Зураг төслийн зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт гэдэг нь Барилга хот байгуулалтын сайдын тушаалын хавсралтаар батлагдсан загварын дагуу хийгдэх ёстой баримт бичиг. Хавтаст хэрэгт авагдсан нэгдсэн дүгнэлт нь шаардлага хангахгүй, бүрдэл дутуу, эрх бүхий этгээд хянаагүй байдаг. Тухайлбал: Зураг төсөл өөрчлөгдсөн эсэх, өөрчлөгдсөн бол түүнийг баталгаажуулсан эсэх, барилга угсралтын явцад гарсан зөрчил дутагдал, тэдгээрийг арилгасан эсэх талаар бичигдээгүй, Барилга архитектур, барилга бүтээц, халаалт агаар сэлгэлт, цэвэр бохир ус, цахилгаан хангамж, автоматик холбоо дохиолол зэргийг хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийг эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдэг дарагдаагүй. Бодит байдал ийм байхад анхан шатны шүүх баримт бичгийн бүрдэл хангагдсан мэтээр үнэлж дүгнэсэнд гомдолтой байна.

 

3.4. Хавтаст хэрэгт авагдсан захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт гэх баримт бичиг нь хууль бус. Учир нь захиалагч, ерөнхий гүйцэтгэгч нь нэг компани буюу “ПО” ХХК, өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө хянаж дүгнэлт гаргасан. Нөгөө талаас энэхүү дүгнэлтээр 2018 онд 16 давхар хүртэлх цутгамал болон угсармал барилга барих зөвшөөрөл авсан “ПО” ХХК нь 2015 оноос эхлэн маргаж буй 16 давхар орон сууц барьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байхад анхан шатны шүүх энэ талаар бодитой үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Дээр дурдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэн Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсгийг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна.

 

3.5. Хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч “Бесон” ХХК нь 7800 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгын угсралтын ажлыг дангаараа хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогддог. Хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс энэ талаар маргадаггүй. Тиймээс маргаж буй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд нэхэмжлэгч компанийг оролцуулах ёстой байсан, энэ талаар анхан шатны шүүх буруу үнэлэлт дүгнэлт хийсэн. Мөн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд заасан гүйцэтгэгч байгууллагын төлөөллийг оролцуулах гэснийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. 

 

3.6. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс зоорийн давхрыг нэгдсэн зоорийн давхар гэж бүхэлд нь үзэж комиссын актанд тусгасан мэтээр ярьсныг шийдвэрт тусгасан байна. Маргаж буй захиргааны актаар хүлээн авсан гэх 16 давхар 2 ширхэг орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж нь тус тусдаа баригдсан тул нэгдсэн зоорийн давхартай байх ямар ч боломжгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ч энэ нь тогтоогдохгүй. Мөн 78 авто машины дулаан зогсоол нь орон сууцтайгаа ямар ч хамааралгүй, холбоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2018 онд 16 давхар хүртэлх цутгамал болон угсармал барилга барих тусгай зөвшөөрөл авсан “ПО” ХХК нь 2015 оноос эхлэн баригдсан маргаж буй бүрэн цутгамал 16 давхар орон сууцны гүйцэтгэгч байж болох эсэхийг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж дүгнэх ёстой байсан гэж үзэж байна.

 

Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдуулан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаартай дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

2.2. Хэрэгт авагдсан баримтаар “ПО” ХХК нь 2 давхар үйлчилгээний төвтэй 16 давхар 4 блок орон сууцны цогц барилгыг бариулахаар 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Б” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч “Б” ХХК нь цутгаагүй давхруудын цутгалтын ажлууд, дотор гадна засал, дотор гадна дулаан, цэвэр бохир ус, гадна дотор гэрэлтүүлэг, холбоо дохиолол, гадна тохижилт, үйлчилгээний төвүүдийн барилгын ажлуудыг хийж гүйцэтгэхээр, захиалагч “ПО” ХХК нь ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон боловч “Б” ХХК уг ажлыг хийж дуусгалгүй орхисон тул “ПО” ХХК-иас гэрээ цуцлах мэдэгдэх хуудас өгч, улмаар “Д” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилгын ажлыг хийж гүйцэтгүүлж байгаад 2018 оноос гуравдагч этгээд барилгын ажлын тусгай зөвшөөрөл авснаар тухайн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

 

2.3. Харин маргаан бүхий Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаар дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой 16 давхар 148 айл, нэгдсэн зоорийн давхрын 78 автомашины дулаан зогсоол бүхий орон сууц, 5000 м.кв үйлчилгээний барилга байгууламжийг ашиглалтад оруулсан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл уг дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

2.4. Тодруулбал, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна гэж зааснаас үзвэл комиссын акт нь тухайн барилга байгууламж анх батлагдсан зураг төслийн дагуу баригдсан эсэх, бусдын аюулгүй байдлыг хангахуйц хэмжээнд баригдсан эсэхийг шалган зөвшөөрөл олгож байгаа захиргааны акт гэж үзнэ.

 

2.5. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “...тухайн ашиглалтад хүлээж авсан барилга байгууламжийн угсралтын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий “Б” ХХК, “Д” ХХК-иуд гүйцэтгэсэн байх бөгөөд “ПО” ХХК нь барилга угсралтын ажил эхэлснээс хойш 2018 оны 4 дүгээр сарын 11-нд тусгай зөвшөөрөл авч улмаар тухайн барилгын ерөнхий гүйцэтгэгч болсон нь барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулж, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгүүдийг бүрдүүлсэн эсэхэд хяналт тавьж, улмаар комиссын дүгнэлт гарган барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах чиг үүргийн дагуу гарсан маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

2.6. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд анх тухайн барилгын ажлыг эхлэх үед барилгын ажлын тусгай зөвшөөрөлгүй байсан учир уг ажлыг тусгай зөвшөөрөлтэй “Б” ХХК-иар гэрээний үндсэн дээр тодорхой ажлуудыг гүйцэтгүүлж байсан боловч нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай гүйцэтгээгүйн улмаас гуравдагч этгээд “ПО” ХХК-иас тус гэрээгээ цуцалж, барилгын ажлыг “Д” ХХК-иар үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн байх ба улмаар гуравдагч этгээд барилгын ажлын тусгай зөвшөөрлөө авснаар өөрөө гүйцэтгэгч болж барилгын ажлыг хийж дуусгасан байна. Ийнхүү барилгыг ашиглалтад оруулахаар улсын комисст хүлээлгэн өгөхдөө “Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч”-ээр “ПО” ХХК гэж, харин “Барилгын ажлын туслан гүйцэтгэгч байгууллага”-аар “Б” ХХК, “Д” ХХК-иудаас гадна нэр бүхий 10 компанийг тусгасан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийг комиссын бүрэлдэхүүнд оролцуулаагүй гэх үндэслэлээр маргаан бүхий дүгнэлтийг хууль бус гэх үзэх үндэслэлгүй.

2.7. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд “Б” ХХК-ийг оруулаагүйн улмаас нэхэмжлэгч компанийн хийсэн ажил, хийсэн ажлаа тайлагнах, гүйцэтгэлийн баталгаа гаргах, гэрээний төлбөрөө авахад хүндрэл учирч улмаар бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэж тайлбарлаж байгаа боловч  талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй маргаанаас шалтгаалж маргаан бүхий улсын комиссын актыг хууль бус болгуулахаар шүүхэд хандсаныг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар гаргасан гэх боломжгүй төдийгүй дүгнэлтэд гүйцэтгэгчээр “Б” ХХК бичигдээгүйгээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөнө гэх тайлбар үндэслэлгүй юм.

 

2.8. Учир нь Захиргааны хэргийн шүүхийн мөн чанар, зорилго нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль бус актын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд маргаан бүхий акт нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй төдийгүй маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол хэрхэн сэргээгдэх нь ойлгомжгүй, эрх зүйн ямар үр дагаварт хүрэх нь тодорхойгүй байна.

 

2.9. Нөгөөтэйгүүр, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “Барилгын ажил гүйцэтгэгч гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Барилгын ажил гүйцэтгэгч дараах чиг үүрэгтэй, 40.1.9-д “барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг, бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх” гэж тус тус зааснаас үзэхэд барилгын ажлын гүйцэтгэгч нь захиалагчтай гэрээ байгуулсан, барилгын ажил гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээд байхын зэрэгцээ тухайн барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг, бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэсэн этгээд байхаар байна.

 

2.10. Гэтэл бодит байдалд гуравдагч этгээд “ПО” ХХК нь нэхэмжлэгч “Б” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан хэдий ч “ПО” ХХК-иас 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр уг гэрээг цуцалсныг мэдэгдэж, харин тухайн төслийн 201, 202 дугаар блокийн 11-16 давхрын болон техникийн давхрын цутгалт, үйлчилгээний төвийн суурь, зоорийн давхар, 1-2 давхрын цутгалтын ажлыг хийж гүйцэтгэх тухай гэрээ байгуулах саналыг хүргүүлсэн байх бөгөөд ийнхүү нэхэмжлэгч нь тус 201, 202 дугаар блокийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн, энэ талаар талууд маргаагүй. Харин маргаан бүхий акт болох Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019/310 дугаартай дүгнэлтээр тус 201, 202 дугаар байрыг бус 203, 204 дүгээр байрыг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

2.11. Мөн Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д “захиалагч ашиглалтад оруулсан барилга байгууламжийн газрын зөвшөөрөл, тэг тэнхлэг таталтын акт, зураг төсөл, ил, далд ажлын акт, гадна шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг, барилгын ажлын явцад захиалагч, зохиогч, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чанар, аюулгүй байдлын талаар гаргасан дүгнэлт, ашиглалтад оруулсан баримт бичгийг тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш 30 өдөрт багтаан холбогдох төрийн архивт шилжүүлнэ” гэж заасны дагуу гуравдагч этгээд “ПО” ХХК-иас өөрт байх барилгын бүх холбогдох баримт бичгийг бүрдүүлэн барилгыг ашиглалтад оруулж, улмаар тус баримтуудыг архивт хүлээлгэж өгсөн байх ба харин нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “барилгын үе шатын ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл” болох улаан дэвтрийг захиалагчид хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй байхад гуравдагч этгээдийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдснаар баримт бичиг дутуу бүрдүүлсэн гэж гэж үзэхээргүй байна.

 

2.12. Мөн нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүх хуулиар хүлээлгэсэн нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлэлгүй, нэхэмжлэгчийг нотлох баримт гаргах ёстой мэтээр үнэлэлт дүгнэлт хийсэнд гомдолтой байна” гэж тайлбарлаж байгаа боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ... хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба ...нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.4-д “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч ...нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй” талаар хуульд тодорхой заасан байхад хэргийн оролцогчоос энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

2.13. Дээр дурдсанчлан “ПО” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч “Б” ХХК-тай, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Д” ХХК-тай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулан барилгын ажлыг гүйцэтгүүлж байсан ба энэ хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр барилга барих тусгай зөвшөөрлийг авч улмаар маргаан бүхий дүгнэлтэд гүйцэтгэгчээр орсныг буруутгах боломжгүй бөгөөд “...барилга байгууламжийн захиалагч болон гүйцэтгэгчээр “ПО” ХХК нь ажилласныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул “ПО” ХХК захиалагч, ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж өөрөө өөрийгөө хянаж дүгнэлт гаргасан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

2.14. Мөн нэхэмжлэгчээс үйлчилгээний төвийн барилгын талбайг маргаан бүхий дүгнэлтэд 5000 м.кв гэж хүлээж авсан атал бодит байдалд 7800 м.кв байгаа тул уг дүгнэлт хууль бус гэж тайлбарлаж байгаа боловч үүний улмаас нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчигдөж байгаа болох нь тодорхойгүй байна.  

 

2.15. Харин анхан шатны шүүх гуравдагч этгээд МХБ-инд нэхэмжлэлийн хувийг гардуулсан баримтыг хэрэгт хавсаргаагүй боловч МХБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хариу тайлбарыг ирүүлсэн, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлээр урьдчилсан хэлэлцүүлгийг мөн өдрийн 13:30 цагт хэлэлцүүлэхээр хойшлуулсан атлаа 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15:30 цагт хэлэлцүүлсэн, мөн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч Б.А, Д.Ч, Т.Г нарыг томилсон атлаа 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүгч  Б.А, Т.Г, Б.М нарын бүрэлдэхүүнтэй оролцож шүүх хуралдааныг хойшлуулсан, түүнчлэн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжид шүүх хуралдаан товлосон хугацаа зөрүүтэй бичигдсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан болохыг тэмдэглэж, энэ талаар талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар үндэслэлтэй зөв дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 681 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА