Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2021/00302

 


2021 05 17 151/ШШ2021/00302

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.П,

Хариуцагч:Ц.С,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4 808 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.”“““““““, хариуцагч Ц.”“““““““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.”“““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Ц.”“““““““д 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1 298 000 төгрөгийг 1 сарын хугацаатай буюу 15 хувийн хүүтэй зээлсэн. Тухайн үед хариуцагч Ц.”“““““““ нь Хүүтэй мөнгө зээлсэн талаар хэнд ч хэлэлгүй нууцалж өгөөч хэмээн хүссэн учир нотариатаар оролгүй, зөвхөн мөнгө зээлсэн талаарх нотлох баримт буюу гэрээг хийсэн байгаа. Учир нь Ц.”“““““““гийн эгч болох Д.Хажидсүрэн нь Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга буюу сумын нотариатыг давхар хийдэг учраас хариуцагчийн хүсэлтээр хэн нэгэнд мэдэгдэхгүй гэсэн тул нотариатаар ороогүй. Хариуцагч Ц.”“““““““ нь зээлийн эхний нэг сарын хүү гэж 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 130 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 65 000 төгрөгийг тус тус надад өгсөн. Ингээд миний бие 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот руу хүүхдээ сургуульд хүргэж өгөхөөр явсан. Ц.”“““““““ надаас зээлсэн мөнгөө Удаахгүй өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгө өгөөгүй байна. Би хариуцагчаас үндсэн зээл 1 298 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны хүү 3 510 000 төгрөг, нийт 4 808 000 төгрөгийн нэхэмжилж байна. Миний энэхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.”“““““““ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч Б.”“““““““гээс 1 298 000 төгрөг зээлсэн нь үнэн. 2019 онд 130 000 төгрөг, 65 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид өгсөн. Би анх өөрийн гараар мөнгө зээлж авсан тухайгаа бичиж өгсөн, тухайн баримтад бид хоёул гарын үсэг зурсан нь үнэн. Харин Намайг мөнгө зээлсэн гэдгийг хүнд битгий мэдэгдээрэй гэж хэлсэн. Гэтэл 2019 оны 10 дугаар сард фейсбүүк дээр Ц гэж бичээд мөнгө нэхэж, Энэ бол дөнгөж эхлэл шүү гэж бичиж байсан. Мөн намайг сүрдүүлсэн мессежнүүд бичдэг байсан. Нэг өглөө босоод ирсэн чинь фейсбүүк дээр бичсэн байсан. Намайг ингэж дарамталж байсан болохоор би мөнгийг нь өгөөгүй. Манай сум жижигхэн учраас энэ асуудал нь миний нэр төрд халдсан гэж үзэж байгаа. Тийм болохоор би нэр төрөө сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гаргах болно. Миний бие үндсэн төлбөр болох 1 298 000 төгрөгийг төлнө, хүүгийн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.”“““““““ нь хариуцагч Ц.”“““““““д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт нийт 4 808 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэргийн 3 дугаар хуудаст нэхэмжлэгч Б.”“““““““, хариуцагч Ц.”“““““““ нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ авагдсан байх ба уг гэрээнд Цэрэндорж овогтой ““““““““ миний бие /зээлдэгч/ зээлдүүлэгч Б.”“““““““гээс 1 300 000 төгрөгийг 15 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 5732046436 Хаан банкны дансаар авсан нь үнэн. Зээлдүүлэгч Б.”“““““““, зээлдэгч Ц.”“““““““, утас 88038246 гэжээ.

Мөн хэргийн 6 дугаар хуудаст Б.”“““““““гийн Төрийн банкны 310500019329 тоот данснаас 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1 298 000 төгрөгийг хариуцагч Ц.”“““““““гийн Хаан банкны 5732046436 тоот данс руу шилжүүлсэн талаарх баримт авагдсан байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр хэлцэл хийж баталгаажуулсан, тухайн хэлцэлдээ үндсэн зээлийн болон хүүгийн хувь хэмжээ, зээлийг буцаан төлөх хугацааг тус тус тохиролцжээ.

Түүнчлэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөхөөр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан байх тул зээлийн гэрээнд заасан хугацаанаас хойш нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацааны хүүг хариуцагч төлөх нь хуульд нийцэх бөгөөд нэхэмжлэгч Б.”“““““““ зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр болон хүү шаардах эрхтэй гэж үзэв.

Хэдийгээр хариуцагч Ц.”“““““““ Хүүгийн төлбөрийг төлөхгүй хэмээн маргасан боловч гэрээнд 1 298 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлсэн тухай дурдсан, зээлийн хүүгийн төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 130 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 65 000 төгрөгийг Ц.”“““““““гийн Хаан банк дахь 5732046436 тоот данснаас Б.”“““““““гийн Хаан банк дахь 5732011695 тоот дансанд төлсөн тухай дансны хуулга авагдсан, уг хугацаанаас хойш зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөөгүй болох нь талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацааны хүү 3 510 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа тухай дурдсан ба хариуцагч Ц.”“““““““ нь 2019 оны 10 дугаар сард хүүгийн төлбөрт нийт 195.000 төгрөгийг төлсөн, мөн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 14 сарын хүүгийн төлбөр /1 298 000 төгрөгийн 15 хувийн хүү буюу 194 700 төгрөг, 194 700 х 14 сар = 2 725 800 төгрөг, 2 725 800 төгрөгөөс 195 000 төгрөгийг хасч, үлдэх 2 530 800 төгрөг/ 2 530 800 төгрөгийг хариуцагч Ц.”“““““““гаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 222 дугаар зүйлийн 222.5, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хариуцагч Ц.”“““““““гаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 1 298 000 төгрөг, зээлийн хүү 2 530 800 төгрөг, нийт 3 828 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.”“““““““д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 979 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.”“““““““гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харицагч Ц.”“““““““гаас 76 210 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.”“““““““д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 222 дугаар зүйлийн 222.5, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хариуцагч Ц.”“““““““гаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 1 298 000 төгрөг, зээлийн хүү 2 530 800 төгрөг, нийт 3 828 800 /гурван сая найман зуун хорин найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.”“““““““д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 979 200 /есөн зуун далан есөн мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.”“““““““гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 500 /ерэн гурван мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харицагч Ц.”“““““““гаас 76 210 /далан зургаан мянга хоёр зуун арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.”“““““““д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА