Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 223/МА2021/00006

 

                                                          

 

 

 

Б.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2021/00302 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Пгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Сд холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4 808 000 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 07 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу нар оролцов.

   Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..."Миний бие хариуцагч Ц.Сд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 1 298 000 төгрөгийг 1 сарын хугацаатай буюу 15 хувийн хүүтэй зээлсэн. Тухайн үед хариуцагч Ц.С нь "Хүүтэй мөнгө зээлсэн талаар хэнд ч хэлэлгүй нууцалж өгөөч" хэмээн хүссэн учир нотариатаар оролгүй, зөвхөн мөнгө зээлсэн талаарх нотлох баримт буюу гэрээг хийсэн байгаа. Учир нь Ц.Сгийн эгч болох Д.Хажидсүрэн нь Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга буюу сумын нотариатыг давхар хийдэг учраас хариуцагчийн хүсэлтээр хэн нэгэнд мэдэгдэхгүй гэсэн тул нотариатаар ороогүй. Хариуцагч Ц.С нь зээлийн эхний нэг сарын хүү гэж 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 130 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 65 000 төгрөгийг тус тус надад өгсөн. Ингээд миний бие 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот руу хүүхдээ сургуульд хүргэж өгөхөөр явсан. Ц.С надаас зээлсэн мөнгөө "Удаахгүй өгнө" гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгө өгөөгүй байна. Би хариуцагчаас үндсэн зээл 1 298 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны хүү 3 510 000 төгрөг, 4 808 000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ц.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Би нэхэмжлэгч Б.Пгээс 1 298 000 төгрөг зээлсэн нь үнэн. 2019 онд 130 000 төгрөг, 65 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид өгсөн. Би анх өөрийн гараар мөнгө зээлж авсан тухайгаа бичиж өгсөн, тухайн баримтад бид хоёул гарын үсэг зурсан нь үнэн. Харин "Намайг мөнгө зээлсэн гэдгийг хүнд битгий мэдэгдээрэй" гэж хэлсэн. Гэтэл 2019 оны 10 дугаар сард фейсбүүк дээр "Ц" гэж бичээд мөнгө нэхэж, "Энэ бол дөнгөж эхлэл шүү" гэж бичиж байсан. Мөн намайг сүрдүүлсэн мессежнүүд бичдэг байсан. Нэг өглөө босоод ирсэн чинь фейсбүүк дээр бичсэн байсан. Намайг ингэж дарамталж байсан болохоор би мөнгийг нь өгөөгүй. Манай сум жижигхэн учраас энэ асуудал нь миний нэр төрд халдсан гэж үзэж байгаа. Тийм болохоор би нэр төрөө сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гаргах болно. Миний бие үндсэн төлбөр болох 1 298 000 төгрөгийг төлнө, хүүгийн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй." гэжээ.

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 222 дугаар зүйлийн 222.5, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хариуцагч Ц.Сгаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 1 298 000 төгрөг, зээлийн хүү 2 530 800 төгрөг, нийт 3 828 000 /гурван сая найман зуун хорин мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Пд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 979 200 /есөн зуун далан есөн мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, ИРгэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сгаас 76 210 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Пд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Ц.С нь Б.Пгээс 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 1 298 000 төгрөгийг зээлж иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан.

Талууд гэрээ байгуулахдаа 1 298 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй байхаар тохиролцсон.

Анхан шатны шүүх талууд хооронд үүссэн маргааны шийдвэрлэхдээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитоор харьцуулан дүгнээгүй бөгөөд хавтас хэргийн 3 дахь талд авагдсан баримтыг буруу дүгнэсэн.

Талууд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 1 298 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлсэн, уг төлбөрт 1 492 700 төгрөг төлөх ёстойгоос 2019 оны 10 сарын 05-ны өдөр 130 000 төгрөг, 2019 оны 10 сарын 08-ны өдөр 65 000 төгрөг нийт 195 000 төгрөг төлсөн учраас хариуцагч Ц.Сгийн төлөх төлбөр 1 297 000 төгрөг байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д "Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно" гэж заасны дагуу 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан, зээлдүүлэгч нь тухайн хугацаанд тохирсон хүүгээ авах эрхтэй.

Шүүх дүгнэхдээ хариуцагч Ц.Сгийн үүрэг гүйцэтгэх хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүүг тооцон 14 сарын хүү 2 725 800 төгрөг тооцон гаргасан нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасантай нийцэхгүй.

Ц.С нь үндсэн зээл 1 298 000 төгрөгийн талуудын хооронд байгуулсан 1 сарын гэрээний хүү болох 194 700 төгрөгийг төлөх ёстой болохоос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүүг төлөх үүрэггүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан хүүгээс илүү хүү буюу 2 530 800 төгрөг тооцон Ц.Сгаас гаргуулж шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т зааснаар Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2021/00302 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг буруу тодорхойлсноос нэхэмжлэгчийн шаардаагүй зүйлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсгийн заалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх боловч шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Б.П хариуцагч Ц.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 808 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Шаардлагын үнийн дүнг үндсэн зээл 1 298 000 төгрөг, гэрээний хугацаа дууссан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү 3 510 000 төгрөг гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэлийн шаардлага зохигчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 1 298 000 төгрөгийн, 1 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй  зээлийн гэрээнд үндэслэгдсэн байна. Зээлийн гэрээний зүйл буюу 1 298 000 төгрөгийг тухайн өдөртөө нэхэмжлэгч нь хариуцагчид дансаар шилжүүлэн өгч, гэрээний үүргээ биелүүлсэн, хариуцагч зээлийн хүүнд 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 65 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 130 000 төгрөг, нийт 195 000 төгрөгийг төлсөн үйл баримтыг зохигчид маргаагүй байна.

            Хариуцагч үндсэн зээл 1 298 000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн боловч хүүгийн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан байна.

            Нэхэмжлэгч зээлийн хүүнд 3 510 000 төгрөг нэхэмжлэхдээ гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаар, гэрээгээр тохирсон сарын 15 хувийн хүүгийн хэмжээгээр тооцсон, гэрээний хугацааг сунгасан талаар зохигчид шүүхэд ямар нэг баримт гаргаагүй байхад шүүх хугацаа хэтэрсний хүү төлөх үүрэгтэй гэж, хүүгийн шаардлагаас 2 530 000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон хүүгийн хэмжээгээр тооцон хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5. дахь хэсгийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

            Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэсэн зохицуулалт гэрээний талууд тухайн хүүгийн талаар гэрээгээр тохиролцсон байх диспозитив шинжийг агуулаагүй байна.

Шүүх хохирлын хүүгийн шаардлага гаргаагүй байхад хугацаа хэтэрсний хүү  шаардсан л бол түүнд хуулийг тохируулан хэрэглэх нь буруу юм.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-д заасан шаардах эрх нь зээлийн хугацаа хэтэрсний хүү шаардах эрхийн зохицуулалт биш бөгөөд энэхүү заалтын тохирсон хүү гэдгийг тохиролцсон хүү гэдэг агуулгаар ойлгон тайлбарласан нь буруу бөгөөд хэтрүүлсэн хугацаанд тооцогдох хүү буюу тохирсон гэдэг үг нь “таарсан”, тэнцсэн, дүйцсэн” гэдэг тодорхойлсон утгаар хэрэглэгдэх юм.

Нэхэмжлэгч хуульд зааснаар хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй байх ба хариуцагч гэрээ ёсоор зээлийн үндсэн үүргээс гадна нэмэлт үүргийг талуудын тохиролцоогоор хүлээгээгүй байна. Иймд хариуцагч 1 сарын хугацаатай зээлийн гэрээний дагуу сарын хүүнд 195 000 төгрөгийг төлсөн байх тул Д.П нь үндсэн зээл 1 298 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас шаардах эрхтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Дээр дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрт зээлийн хугацаа хэтэрсний хүүнд нэхэмжилсэн 3 510 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийг оновчтой сонгож хэрэглээгүй алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүхэлдэхүүн үзэв.

Хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2021/00302 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281,1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 222 дугаар зүйлийн 222.5, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хариуцагч Ц.Сгаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 1 298 000 төгрөг, зээлийн хүү 2 530 800 төгрөг, нийт 3 828 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Пд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 979 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хариуцагч Ц.Сгаас 1 298 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Пд олгож, нэхэмжлэлээс 3 510 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “...76 210 төгрөг...” гэснийг “...35 702...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 442 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч  Ц.Сд буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХДАВАА

         ШҮҮГЧИД                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР