Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2018/00074

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 17 өдөр Дугаар 142/ШШ2018/00074 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-нд холбогдох ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 1-д заасан сануулах /сарын шагналт цалинг хассан/ -20%, нэг сар цалин бууруулсан бол-30%, хоёр сар цалин бууруулсан бол-40%, гурван сар бууруулсан бол-60% гэснийг, мөн уг журмын 3.2 дахь заалт,

Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажпын үр дүнгээр шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 11 дэх болон 19 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь сахилгын зөрчлөөр арга хэмжээ авагдсан ажилчдын сахилгын зөрчилд холбогдох цалингийн суутгал хийсэн саруудын болон жилийн үр дүнгийн шагналыг давхар хасч нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж ажилчдыг хохироосоор ирсэн. Энэ талаар ҮЭ-н гишүүд, ажилчидаас санал гомдол ирсэнийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2- дахь заалтаар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Компаний Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж гомдол гаргасан. Компаний хөдөлмөрийн маргаан таслах комиссоос 2 удаа шийдвэр гарсан. Эхнийх нь бидний зүгээс гаргасан гомдолыг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн. Дараа нь хууль бус комиссийн шийдвэр байсан гэж компаний удирдлагаас үзэж, дахин маргаан таслах комиссыг бүрдүүлэн хуралдаж, манайхаас гаргасан гомдолыг хүлээж авахгүй, авна гэж маргалдан эцсийн шийдвэр тодорхой гараагүй. ******* үйл ажиллагаанд МХЕГ-с хяналт шалгалт хийгдэх үед дээрх асуудлаар Хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагчид хандахад сарын болон жилийн үр дүнгийн шагналт цалинг бууруулах нь өөрөө сахилгын шийтгэлийн нэг хэлбэр. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-дахь заалтыг зөрчиж байна гээд МХЕГ-н Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 07/110/50 тоот албан шаардлага ирүүлсэн.

Уг шаардлагын дагуу компаний хэмжээнд мөрдөгдөж байгаа сар жилийн ажлын үр дүнгээр шагнал цалин олгох журмын заалтуудыг өөрчлөх асуудлыг тавихаар тус журмаа дагаж мөрдөнө гэдэг хариулт өгч байгаа. Иймд Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тоот тушаалаар баталсан Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ний ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 1-д заасан сануулах /сарын шагналт цалинг хассан/ -20%, нэг сар цалин бууруулсан бол -30%, хоёр сар цалин бууруулсан бол -40%, гурван сар бууруулсан бол -60% гэснийг, мөн уг журмын 3.2 дахь заалт,

Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 11 дэх болон 19 дэх заалтуудыг тус тус хүчингүй болож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гаргасан нэхэмжпэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тоот тушаалаар баталсан Ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 1-д заасаныг: Тухайн жилд үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, ажиллагсдын ажлын хариуцлага хяналтыг сайжруулах ажлын бүтээмжийг өсгөх, идэвхи санаачлагыг өрнүүлэх, ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлт үр дүнг доор дурдсан үзүүлэлтүүдийг үнэлэн хасаж олгодог. Үүнд:

1. Аттестагчилал, удирдах байгууллагын мэргэжлийн шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн.

2. Зөрчил, аваар саатал, ажлын хариуцлага алдаж, албан тушаал, мэргэжлийн зэргийг бууруулсан.

3. Өөрийн буруутай, хууль зөрчсөн ажиллагаанаас болж байгууллагад торгууль, төлбөр, акт тавигдсан тохиолдолд сануулах / сарын шагналт цалин хассан /- 20 хувь нэг сар цалин бууруулсан бол- 30 хувь, хоёр сар цалин бууруулсан бол-40 хувь, гурван сар бууруулсан бол-60 хувь хасагдах арга хэмжээ авагдсан ажилтны сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд авч байхаар заасан заалт юм.

2. 2014 оны 01-р сарын 15-ны А/2 тоот тушаалын 2-р заалтыг хүчингүй болгон баталсан.

3. захирлын 2017.05.03-ны Б/109 тоот тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 11 дэх заалт нь тухайн сардаа компанийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, технологийн горим зөрчсөнөөс тушаалаар арга хэмжээ авагдсан тохиолдолд үр дүнгийн шагналт цалин олгохгүй гэсэн заалт юм. Уг тушаалын 19 дэх заалт нь сахилгын арга хэмжээ авагдсан ажилтны зөвхөн тухайн сарын үр дүнгийн шагналт цалинг олгохгүй гэж заасан. Тухайн аж ахуйн нэгж нь ашигтай ажиллаж түүнийгээ компанийн дүрэм журмаар зохицуулан нэмэлт шагнал болгон олгодог. Үүнийг эрчим хүчний салбарын хэмжээнд авч хэрэгжүүлдэг. Өнгөрсөн жилийн / сар /-ын ажлыг ажилтанд тус бүрийн ажлын үр дүнгээр дүгнэн шагнал олгож байгаа юм. Тэрнээс авах ёстой цалингаас хасагдуулж авсан арга хэмжээ биш юм. Үүнийг буруу ойлгон нэхэмжлэл гаргаж байгаа тул ЭДЦС" ТӨХК-ийн ҮЭХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-нд холбогдуулан ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 1-д заасан сануулах /сарын шагналт цалинг хассан/ -20%, нэг сар цалин бууруулсан бол-30%, хоёр сар цалин бууруулсан бол-40%, гурван сар бууруулсан бол-60% гэснийг, мөн уг журмын давтан арга хэмжээ авагдсан бол шагналт цалин олгохгүй гэсэн 3.2 дахь заалт,

Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 11 дэх болон 19 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

*******-ийн захиралын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тоот тушаалаар Э ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журмыг баталсан байх ба журмын Гуравын 1-д шагнал олгохгүй буюу бууруулж олгох нөхцөлд сануулах /сарын шагналт цалинг хассан/ -20%, нэг сар цалин бууруулсан бол-30%, хоёр сар цалин бууруулсан бол-40%, гурван сар бууруулсан бол-60%, 2-д давтан арга хэмжээ авагдсан бол шагналт цалин олгохгүй гэж,

Мөн Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар Ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журмыг баталсан байх ба журмын 3.11-д ажилтан нь компанийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, технологийн горим зөрчсөнөөс тушаалаар арга хэмжээ авагдсан тохиолдолд үр дүнгийн шагналт цалинг олгохгүй гэж,

-Уг тушаалын 3.19-д сахилгын арга хэмжээ авагдсан ажилтны үр дүнг 100 % хасч тооцно.

/ Сануулах-100%, 1 сар 20%-100%, 2 сар 20%-100%, 3 сар 20%-100%/ гэж тус тус заасан байна.

Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн нэр бүхий 251 ажилтаны гаргасан хүсэлтийн дагуу дээрхи журмуудын жилийн болон сарын үр дүнгийн урамшуулалыг бууруулах, хасах заалтуудыг эс зөвшөөрч ******* нь тус компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан байх ба комисс 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр асуудлыг хэлэлцэж жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журмын 2,4,5,6 заалтыг хүчингүй болгохоор, харин ажиллагсадад сарын үр дүнгийн шагналт цалин олгох журмын 3 дугаар бүлгийн 11 дүгээр заалтад ...ажилтан компанийн дотоод журам хөдөлмөрийн сахилга технологийн горим зөрчсөн тушаалаар арга хэмжээ авагдсан тохиолдолд тухайн сарын үр дүнгийн шагналт цалин олгохгүй гэж засвар оруулахаар шийдвэрлэсэн зэрэг нь дотоод аудитор С.Үнэнхүүгийн ҮЭ хороонд хүрүүлсэн албан бичиг, ажилчдын ҮЭ хороонд гаргасан гарын үсэг бүхий хүсэлт, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын шийдвэрээр нотлогдож байна.

Гэтэл Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1/60 тоот албан бичгээр ...сар, жилийн ажлын үр дүнгээр шагналт цалинг олгох журмын зарим заалтыг өөрчлөх талаар Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гаргасан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.Учир нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын захиргаа талын төлөөллийг гүйцэтгэх захирлын 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 191 дүгээр тушаалаар 2 жилийн хугацаатай томилсон байдаг.Иймээс энэ комиссын шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэстэй гэсэн хариу өгсөн тул Үйлдвэрчний эвлэлийн хорооноос дахин 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шинээр байгуулагдсан хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсаны дагуу маргаан таслах комисс 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж гишүүд нэгдсэн тохиролцоонд хүрээгүй учир шүүхэд хандахаар шийдвэрлэсэн байна.

Үйлдвэрчний эвлэлүүд нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-д зааснаар хөдөлмөрлөх эрхийг хохироосон захиргааны шийдвэрийг түдгэлзүүлэн зогсоохыг болон өөрчлөх, хүчингүй болгохыг шаардах, 5 дугаар зүйлийн 6-д зааснаар гишүүд ажилтныхаа зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх эдэлнэ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байсан.Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагыг хамтын гэрээ хэлэлцээртэй холбоотой маргаан гэж үзэх хууль зүйн үндэстэй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 115, 116, 117, 118 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэх үндэстэй гэж үзэж байна. Энэ бол ганцаарчилсан маргаан биш хамтын маргаан. Нэгэнт хамтын маргаан учраас хамтын гэрээг баримтална гэсэн тайлбар гаргасан.

*******-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2013-2015 оны хооронд байгуулсан хамтын гэрээний 2.7-д ...шагналт цалин олгох шалгуур үзүүлэлтийг ТУЗ, олгох, хуваарилах журмыг гүйцэтгэх захирал батлана гэж заасан байна.

Харин хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ, 18 дугаар зүйлийн 18.1-д Хамтын гэрээнд энэ хуулиар шууд зохицуулагдаагүй дараах харилцааг зохицуулна: 18.1.1-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, Ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговорын хэмжээг тогтоох гэж заасан.

Хэрэв ажил олгогч хамтын гэрээндээ Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан буюу ... нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоосон бол өөрөөр хэлбэл сахилгын арга хэмжээ авагдсан тохиолдолд шагнал урамшууллыг хасах асуудлыг хамтын гэрээгээр зохицуулсан байсан бол энэ маргааныг Хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтаар шийдвэрлэх нь зүйтэй.

Гэтэл ажил олгогч ******* хамтын гэрээгээр зохицуулах ёстой харилцааг ажилтны төлөөлөгчдийг оролцуулаагүй, зөвхөн ажил олгогч талын гишүүдийн баталсан журмаар зохицуулсан байна.

******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөдөлмөрийн гэрээний талуудад хамаарахгүй ба нэхэмжлэгчийн дээрхи журмуудыг хүчингүй болгохоор шаардах эрх нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд зааснаар үүснэ гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн *******-ийн захиралын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тоот тушаалаар баталсан Э ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журмын Гуравын 1-д шагнал олгохгүй буюу бууруулж олгох нөхцөлд сануулах /сарын шагналт цалинг хассан/ -20%, нэг сар цалин бууруулсан бол-30%, хоёр сар цалин бууруулсан бол-40%, гурван сар бууруулсан бол-60%, 2-д давтан арга хэмжээ авагдсан бол шагналт цалин олгохгүй гэсэн,

мөн Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 11 дэх болон 19 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэлээ.

Үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж тус тус заасан.

Ажилтаны гаргасан зөрчилдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заагдсан аль нэг хэлбэрээр арга хэмжээ авагдсан байхад дахин ямар нэг зөрчил гаргаагүй байхад ажилтаны цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэг болж буй сарын болон жилийн шагналт цалинг өмнө нь сахилгын арга хэмжээ авагдсан үндэслэлээр бууруулах, хасахаар журам гаргасан нь сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж байгаа хэлбэр, энэ нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Давтан арга хэмжээ авагдсан бол шагналт цалинг олгохгүй гэж журамд заасан нь мөн л сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж байгаа хэлбэр гэж үзсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 07/110/50 дугаартай албан шаардлагын 30-д ажилтан нарт сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын нэг зөрчилд шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулахгүй байхыг шаардсан шаардлагыг *******-ийн захиралд хүргүүлж байсан байна.

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д заасныг баримтлан ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журмын 3-р бүлгийн 1-д заасан сануулах /сарын шагналт цалинг хассан/ -20%, нэг сар цалин бууруулсан бол-30%, хоёр сар цалин бууруулсан бол-40%, гурван сар бууруулсан бол-60% гэснийг, мөн уг журмын 2 дахь заалтыг,

Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 11 дэх болон 19 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛСАН ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА