Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 127

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 207/МА2018/00127

 

*******

ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны

нэхэмжлэлтэй, хариуцагч Эрдэнэтийн дулааны

цахилгаан станц ТӨХК-д холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00787 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ТӨХК-д холбогдох,

Эрдэнэтийн ДЦС" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тоот тушаалаар баталсан Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 1-д заасан сануулах /сарын шагналт цалинг хассан/ -20%, нэг сар цалин бууруулсан бол-30%, хоёр сар цалин бууруулсан бол-40%, гурван сар бууруулсан бол-60% гэснийг. мөн уг журмын 3.2 дахь заалт,

Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажпын үр дүнгээр шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 11 дэх болон 19 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жамьянжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч *******ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*******ТӨХК нь сахилгын зөрчлөөр арга хэмжээ авагдсан ажилчдын сахилгын зөрчилд холбогдох цалингийн суутгал хийсэн саруудын болон жилийн үр дүнгийн шагналыг давхар хасч нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж ажилчдыг хохироосоор ирсэн. Энэ талаар ҮЭ-н гишүүд, ажилчдаас санал гомдол ирснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2- дахь заалтаар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Компаний Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж гомдол гаргасан. Компаний хөдөлмөрийн маргаан таслах комиссоос 2 удаа шийдвэр гарсан. Эхнийх нь бидний зүгээс гаргасан гомдлыг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн. Дараа нь хууль бус комиссын шийдвэр байсан гэж компаний удирдлагаас үзэж, дахин маргаан таслах комиссыг бүрдүүлэн хуралдаж. манайхаас гаргасан гомдлыг хүлээж авахгүй, авна гэж маргалдан эцсийн шийдвэр тодорхой гараагүй. Орхон аймагт Эрдэнэтийн ДЦС ТӨХК-н үйл ажиллагаанд МХЕГ-с хяналт шалгалт хийгдэх үед дээрх асуудлаар Хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагчид хандахад сарын болон жилийн үр дүнгийн шагналт цалинг бууруулах нь өөрөө сахилгын шийтгэлийн нэг хэлбэр. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-дахь заалтыг зөрчиж байна гээд МХЕГ-н Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 07/110/50 тоот албан шаардлага ирүүлсэн. Уг шаардлагын дагуу компаний хэмжээнд мөрдөгдөж байгаа сар жилийн ажлын үр дүнгээр шагнал цалин олгох журмын заалтуудыг өөрчлөх асуудлыг тавихаар тус журмаа дагаж мөрдөнө гэдэг хариулт өгч байгаа. Иймд Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тоот тушаалаар баталсан Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ний ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 1-д заасан сануулах /сарын шагналт цалинг хассан/ -20%, нэг сар цалин бууруулсан бол -30%, хоёр сар цалин бууруулсан бол - 40%, гурван сар бууруулсан бол -60% гэснийг, мөн уг журмын 3.2 дахь заалт, Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 11 дэх болон 19 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч *******ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

ЭДЦС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тоот тушаалаар баталсан Ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 1-д заасныг: Тухайн жилд үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, ажиллагсдын ажлын хариуцлага хяналтыг сайжруулах ажлын бүтээмжийг өсгөх, идэвх санаачлагыг өрнүүлэх, ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлт үр дүнг үнэлэн хасаж олгодог. Мөн өрийн буруутай, хууль зөрчсөн ажиллагаанаас болж байгууллагад торгууль, төлбөр, акт тавигдсан тохиолдолд сануулах / сарын шагналт цалин хассан /- 20 хувь нэг сар цалин бууруулсан бол- 30 хувь, хоёр сар цалин бууруулсан бол-40 хувь, гурван сар бууруулсан бол- 60 хувь хасагдах арга хэмжээ авагдсан ажилтны сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд авч байхаар заасан заалт юм. ЭДЦС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017.05.03-ны Б/109тоот тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 11 дэх заалт нь тухайн сардаа компанийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, технологийн горим зөрчсөнөөс тушаалаар арга хэмжээ авагдсан тохиолдолд үр дүнгийн шагналт цалин олгохгүй гэсэн заалт юм. Уг тушаалын 19 дэх заалт нь сахилгын арга хэмжээ авагдсан ажилтны зөвхөн тухайн сарын үр дүнгийн шагналт цалинг олгохгүй гэж заасан. Тухайн аж ахуйн нэгж нь ашигтай ажиллаж түүнийгээ компанийн дүрэм журмаар зохицуулан нэмэлт шагнал болгон олгодог. Үүнийг эрчим хүчний салбарын хэмжээнд авч хэрэгжүүлдэг. Өнгөрсөн жилийн сархын ажлыг ажилтанд тус бүрийн ажлын үр дүнгээр дүгнэн шагнал олгож байгаа юм. Тэрнээс авах ёстой цалингаас харагдуулж авсан арга хэмжээ биш юм. Үүнийг буруу ойлгон нэхэмжлэл гаргаж байгаа тул ЭДЦС" ТӨХК-ийн ҮЭХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00787 дугаар шийдвэрээр:

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д заасныг баримтлан Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тоот тушаалаар баталсан Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журмын 3-р бүлгийн 1-д заасан сануулах /сарын шагналт цалинг хассан/ -20%, нэг сар цалин бууруулсан бол-30%, хоёр сар цалин бууруулсан бол-40%, гурван сар бууруулсан бол-60% гэснийг, мөн уг журмын 2 дахь заалтыг, Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 11 дэх болон 19 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэлийн шаардлагын 1-рт Эрдэнэт Дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирлын 2014.01.15-ны өдрийн А/15 тоот тушаалаар баталсан Эрдэнэт дулааны цахилгаан Станц ТӨХК-ийн ажиллагсдад үйлдвэрийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журмын 3-р бүлгийн 1-р заалтыг хүчингүй болгох, мөн тушаалын 2-р заалтын хүчингүй болгох гэсэн шаардлага, Нэхэмжлэлийн шаардлагын 2-рт Эрдэнэт Дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирлын 2017.05.03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар баталсан Эрдэнэт дулааны цахилгаан Станц ТӨХК-ийн ажиллагсдад үйлдвэрийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журмын 3-р бүлгийн 11 дэх болон 19 заалтыг хүчингүй болгох шаардлагыг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан дараах баримтуудыг анхаарч үзээгүй. Ажилтан ажил олгогч нарын хооронд үүсч буй хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацааг хөдөлмөрийн хуулийн 129-р зүйлийн 129.1-д заасан ба тус Үйлдвэрчний эвлэлийн хороонд буюу нэхэмжлэгчид уг хугацаа хамаарахгүй гэх дүгнэлт хийхдээ хөдөлмөрийн гэрээний нэг тал биш гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээний нэг тал болох ажилчдын эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргаж байна гэх тайлбартай энэхүү маргааныг шүүх шууд хүлээн авч шийдвэрлэх, хүлээн авч шийдвэрлэх хугацаа байгаа эсэх, уг хөдөлмөрийн маргааныг төлөөлж байгаа Үйлдвэрчний эвлэлд уг хугацаа хамаарахгүй болох хууль эрх зүйн үндэслэлийг дүгнээгүй атлаа хамаарахгүй гэсэн нь үндэслэлгүй. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5-р заалтад хөдөлмөрийн харилцаатай холбоотой үйлдвэрчний эвлэлийн эрхийг заахдаа хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан үүсгэх эрхэд хугацаа хамаарахгүй гэж тус хуулиар болон Хөдөлмөрийн хуульд заагаагүй байхад хуульзүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тухайн маргааныг хөдөлмөрийн хуулийн 131-р заалт, Хөдөлмөрийн хуулийн 47-р зүйлд хамааралтай хөдөлмөрийн харилцаа бүхий маргаан гэсэн үндэслэлээр шийдвэрлэхдээ маргаан үүсгэж байгаа субъекттэй холбон Хөдөлмөрийн хуулийн 129 хамаарахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн хуулийн 129-р зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тус зүйл заалтад Маргааны талаар гомдол гаргах хугацаа гэж тодорхойлсон ба хөдөлмөрийн гэрээний нэг тал болох ажиллагсдын эрх ашиг зөрчигдсөн гэх маргааныг төлөөлж байгаа нэхэмжлэгчид маргаан үүсгэх уг хугацаа нь хөдөлмөрийн маргаан үүсгэж байгаагаар хөдөлмөрийн гэрээний нэг талыг хуульд олгогдсон эрхийг дагуу төлөөлж эрх ашгийг нь хамгаалж байгаа зэргээрээ хамааралтай. Хөдөлмөрийн гэрээний нэг талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан зөвхөн ажилтан. ажил олгогч нарт хамааралтай гэж тусгайлан зохицуулаагүй. Эрхээ зөрчигдсөнийг мэдсэн үеэс үүсэх маргаан нь хөдөлмөрийн гэрээний ажилтан, түүний төлөөлөх эрх бүхий этгээд, ажил олгогч зэрэг хөдөлмөрийн маргаан үүсгэж байгаа бүх этгээдүүдэд хамаарах заалт. Энэхүү хэрэг нь ажилтан нарын гомдлыг дагуу тус шүүхэд хандаж байгаа гэх баримтыг нэхэмжлэгч тал нотлох баримт болгон ажиллагсдын гарын үсэг бүхий баримтыг хэрэгт өгснийг / Хавтаст хэргийн 22-29 хх / анхаарч шүүх үзээгүй. Тухайн нотлох баримтад ажиллагсад 13 дахь сарын урамшуулал буюу жилийн ажлын үр дүнгийн урамшууллаас хасч байгаа талаарх гомдол байсан. Гэтэл анхан шатны шүүх сарын урамшуулал хөлсний талаарх гомдлыг ажилтан нар гаргаагүй байгааг анхаарч үзээгүй. Энэхүү маргааныг шүүх Хөдөлмөрийн хуулийн 128-р зүйлд заасан үндэслэлээр шууд хүлээн авч шийдвэрлэх маргаан эсэхийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгч шүүх шууд хүлээн авах маргаан гэдгээ ч нотлоогүй. Урамшуулал бууруулан олгох эсвэл олгохгүй байхаар баталсан дээрх журмуудын холбогдох заалт нь үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, ажиллагсдын ажлын хариуцлага хяналтыг сайжруулан ажлын бүтээмжийг өсгөх, идэвх санаачлагыг өрнүүлэх ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмэр хүчин чармайлтыг үнэлж ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгыг хэрэгжүүлэх үүднээс тусгасныг сахилгын шийтгэлийн хэлбэр гэж нэхэмжлэгч маргаагүй. Харин сахилгын урамшууллыг сахилгын шийтгэл ногдуулсан гэдгээр олгохгүй байгаа гэх үндэслэлд гомдол гаргасан. Урамшууллыг дээрх шалгуур, зорилтын үүднээс тухайн ажилтны ажлын бүтээмж болон бүтээмж гаргаагүй болон эсхүл ажлын бүтээмжийг дордуулж хариуцлага алдвал олгохгүй байхаар зохицуулсан хөлс бөгөөд Хөдөлмөрийн хуульд урамшууллыг заавал олгох үндэслэл, эсхүл олгохгүй байх үндэслэл шалгуур үзүүлэлтийг тодорхойлоогүй ба ажил олгогчийн эрх хэмжээнд буюу Хөдөлмөрийн хуулийн 48-р зүйлийн 48.3 зааснаар хууль тогтоомж, Хамтын гэрээнд нийцүүлэн олгох эсхүл шалгуур хэмжээ тогтоон олгохгүй байж болох эрх хэмжээг зохицуулсан. Харин ажил олгогч нь урамшууллыг шийдвэрлэхдээ хууль тогтоомж, Хамтын гэрээнд нийцүүлэх ба Хамтын гэрээнд урьдчилан урамшууллын талаарх заалт зохицуулалт байгаа бол түүнд нийцүүлэх үүрэгтэй. Харин энэхүү маргааны хувьд хууль тогтоомж зөрчсөн буюу Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлийн 131.3 заалтыг зөрчсөн гэж Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон шалгуур, нөхцөлийн дагуу олгох боломжгүй болж байгаа урамшууллыг Сахилгын шийтгэлийн хэлбэр гэж үзэн давхардуулсан гэж үзсэн. Энэхүү дүгнэлтийг хийхдээ дараах байдлыг анхаараагүй.

А. Зөрчсөн гэх дээрх заалтууд нь сахилгын шийтгэлийн хэлбэр мөн эсэх, сахилгын шийтгэлийн хэлбэр гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлийн 131.1.1- 131.1.3 заасан сахилгын шийтгэлийн 3 хэлбэрийн аль хэлбэрт багтаж байгаа болохыг тодорхойлоогүй, мөн нэхэмжлэгч энэ талаар нотлоогүй.

Урамшуулал олгохгүй эсхүл бууруулж олгох шалгуур үзүүлэлт, нөхцөлийг нь сахилгын шийтгэлийн хэлбэр үзэж байгаа үндэслэлдээ дүгнэлт хийгээгүй. Хариуцагч нь урамшууллын шалгуур үзүүлэлтийг буюу ажлын хариуцлага алдвал урамшуулал буруулж олгох , олгохгүй байх асуудлыг батлаагүй.

Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хамтын гэрээгээр тохиролцсоны дагуу баталсан болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа атлаа хариуцагч хариуцлага хүлээх үндэслэлээ нотлоогүй байхад шүүх хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй.

Талуудын хамтын гэрээний Ажил эрхлэлт цалин хөлс , шагнал урамшууллын талаар 6-р хэсэгт Компаний ажиллагсдын жилийн ажлын үр дүнг харгалзан 5 хүртэл сарын албан тушаалын ба тарифт цалингийн дундаж хэмжээгээр урамшуулал олгоно. Шагналт цалин олгох шалгуур үзүүлэлтийг Төлөөлөн удирдах зөвлөл дүгнэх олгох хуваарилах журмыг гүйцэтгэх захирал батална гэсэн заалтын дагуу баталсан. Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлийн 131.3 заалтыг зөрчсөн гэж үзэхдээ ямар нотлох баримтыг үндэслэн дүгнэж байгаагаа заагаагүй буюу нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн ямар баримтуудыг үндэслэн дүгнэж байгаа талаар заагаагүй.

Б Ажилтан сахилгын шийтгэл хүлээсэн нь ажлын хариуцлага алдсан гэж үзэж уг журмын дагуу урамшуулал хөлсөө бууруулж авах, авахгүй байх зохицуулалт нь үндсэн цалин хөлснөөс ялгаатай болохыг ялангуяа тодорхой болзол, шалгуурыг үндэслэн олгодог, олгох нөхцөлийг хамтын гэрээний дагуу компанийн төлөөлөн удирдах зөвлөл тогтоосон нь хөдөлмөрийн ганцаарчилсан болон хөдөлмөрийн хамтын маргаан эсэхийг шүүх дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн үүсгэсэн маргаан нь хөдөлмөрийн хуулиар зохицуулагдсан маргаан гэж үзвэл ямар маргаанд хамаарах асуудлыг хэлэлцэж байгаагаа дүгнээгүй. Энэхүү маргаан нь хамтын гэрээ хэлэлцээртэй холбоотой маргаан гэх хариуцагч үзэж байгаа бөгөөд уг маргаантай холбоотой хөөн хэлэлцэх хугацааг Хөдөлмөрийн хуулийн 129-р зүйлийн 129.1 заалт, 115- р зүйл,116-р зүйл,117-р зүйл,118-р зүйлийг анхаарч шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрвээ энэхүү маргаан нь ажилчдын эрх ашиг яригдаж байна гэж үзэж байгаа бол эдгээр ажилчид нь хөдөлмөрийн гэрээний нэг тал. Ажилчдын эрх ашгийг хамгаалж нэхэмжлэгч оролцох эрхийг үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлд тодорхойлсон боловч уг үүсгэсэн маргааны нэг талд хөдөлмөрийн гэрээний нэг тал болох ажилтныг төлөөлж үүсгэснийг анхаарч үзээгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүсээгүй маргаан гэж үзэж байгаа бол хөдөлмөрийн маргаан мөн эсэхийг анхаарах үндэслэлтэй байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухайн хуулийн 5-р зүйлийн 4, 6-р заалтад холбогдуулан үүсгэсэн маргаан гэж шүүх үзсэн нь ба хөдөлмөрийн харилцаатай холбоотой үйлдвэрчний эвлэл оролцох эрхтэй хөдөлмөрлөх эрхийг хохироосон захиргааны шийдвэр мөн эсэх, ажилтны зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгох маргаан гэж үзсэн нь хөдөлмөрийн гэрээний талуудад хамааралгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь шагналт цалин авах болзол шалгуур, нөхцөлийн холбогдох заалтыг үгүйсгээгүй. сахилгын шийтгэл ийн хэлбэр гэдгээ нотлоогүй байхад дээрх журмуудын холбогдох заалтуудыг анхан шатны шүүх сахилгын шийтгэлийн хэлбэрийг давхардуулсан хэлбэр гэж үзэж хүчингүй болгосон нь хуульзүйн үндэслэлгүй байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03 ны өдрийн 787 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч *******ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь *******ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 дугаар тушаалаар баталсан *******ТӨХК-ийн ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журмын 3 дугаар бүлгийн 1-д сануулах /сарын шагналт цалинг 20 хувь хасах/ 1 сар цалин бууруулсан бол 30 хувь, 2 сар бууруулсан бол 40 хувь, 3 сар бууруулсан бол 60 хувь гэснийг, мөн давтан арга хэмжээ авагдсан бол шагналт цалин олгохгүй гэсэн 3.2 дахь заалт *******ТӨХК-ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журмын 3 дугаар бүлгийн 11 дэх заалт болон 19 дэх заалтуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч *******ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Хороо нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус компанийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 дугаар тушаалаар баталсан *******ТӨХК-ийн ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар баталсан ажилтнуудад сарын үр дүнгээр шагналт цалин олгох тухай журмуудад үндэслэн тодорхойлжээ.

Шүүх хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлүүдийн хэлбэрийг давхардуулан оногдуулж болохгүй, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал урамшуулалаас бүрдэнэ.

Ажилтныг гаргасан зөрчилдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан аль 1 хэлбэрээр арга хэмжээ авагдсан байхад дахин ямар 1 зөрчил гаргаагүй байхад нь цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэг болох сарын болон жилийн үр дүнгээр олгох шагналт цалинг өмнө нь сахилгын арга хэмжээ авагдсан үндэслэлээр цагналт цалинг бууруулах хасахаар журам гаргасан нь сахилгын шийтгэлийн арга хэмжээг давхардуулан оногдуулах хэлбэр гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 131 дүгээр зүйлийн 131.3-т нийцсэн байна.

Хариуцагч *******ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 дугаар тушаалаар баталсан ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журмын 3.1-д шагнал олгохгүй бууруулж олгох нөхцөлд сануулах /шагналт цалин хассан/ 20 хувь 1 сарын цалин бууруулсан бол 30 хувь, 2 сарын цалин бууруулсан бол 40 хувь, 3 сар бууруулсан бол 60 хувь, 3.2-т давтан арга хэмжээ авагдсан шагналт цалин олгохгүй гэсэн заалт, мөн захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тушаалаар баталсан ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журмын 3 дугаар бүлгийн 11 дэхь болон 19 дэхь заалтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т заасан сахилгын шийтгэлийн аль 1 хэлбэрээр сахилгын зөрчилдөө арга хэмжээ авагдсан тохиолдолд, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан сахилгын 1 зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэсэн Хөдөлмөрийн хуулийн хориглосон заалтыг зөрчсөн байна.

Иймд хариуцагч байгууллагын анхан шатны шүүх сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийн аль нэг хэлбэрийг зөрчсөн болох талаар тодорхой заагаагүй гэсэн гомдол үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00787 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

 

С.УРАНЧИМЭГ