Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2017/00746

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00638

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Т.Б.Д- салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн ....тоотод оршин суух, Б. овогт Г.Б.

Хариуцагч Дархан-Уул аймгийн ... тоотод оршин суух, Б.овогт Ц.А. нарт холбогдох

 

14 571 957,7 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т-, нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б- тооцооны төвийн захирал Б.Э-, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г.вогтой Б., Ц. овогтой А. нар нь 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ЗГ-37/04 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 12 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй авч ашигласан. Зээл авснаас хойш хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн хүүний төлбөр төлснөөс хойш өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 11 817 902,93 төгрөг, хүүний үлдэгдэл 2 754 054,77 төгрөг нийт 14 571 957,7 төгрөгийн зээл, зээлийн хүүний төлбөр төлөгдөөгүй 235 хоног болж байна. энэ нь зээлийн гэрээний 3.2.1 “Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх” гэсэн заалтыг ноцтой зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл төлөхөөс удаа дараа зайлсхийж, банкны үйл ажиллагаанд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгаа тул зээлдэгч нараас зээл, зээлийн хүүний төлбөр болон нотариатын үйлчилгээний хураамж болох нийт 14 572 947,7 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах, Улсын бүртгэлийн Ү-...., ГД-..... тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-..... ГД..... тоот гэрчилгээний дугаартай, Дархан Уул аймаг, Орхон сум, .... тоот хашаа байшин болон бусад орлого, хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Б-, Ц.А- нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.Б-, Ц.А- нар нь үндсэн зээл болох 11 817 902,93 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч Г.Б-, Ц.А- нарт холбогдуулан үндсэн төлбөрийн үлдэгдэл 11 817 902,93 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2 754 054,77 төгрөг нийт 14 571 957,7 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.Б-, Ц.А- нар нь зээлийн үндсэн төлбөр 11 817 902,93 төгрөгийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Б- Дархан салбар, хариуцагч Г.Б-, Ц.А- нар нь харилцан тохиролцож, 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ЗГ-37/04 тоот зээлийн гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилготойгоор зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Т.Б- нь  2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ЗГ-37/04 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч нартай тухайн өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж,  Дархан Уул аймгийн Орхон сумын ..... тоот, бүртгэлийн Ү-...., ГД-..... тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-..... ГД..... тоот гэрчилгээний дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй газар, хашаа байшинг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

 

Дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Нэхэмжлэгч Т.Б.Д- салбар нь хариуцагч Г.Б-, Ц.А- нартай 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЗГ-114/7 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 10 дугаар хуудас/

 

Хариуцагч Г.Б-, Ц.А- нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Т.Б-наас зээлийн төлбөрөө төлөхийг анхааруулж мэдэгдэл хүргүүлж, зээлдэгч нартай уулзаж байсан болох нь хэрэгт авагдсан мэдэгдэлүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

 

Хариуцагч нар нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргаж байгаа боловч  энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Г.Б-, Ц.А-  нараас үндсэн төлбөрийн үлдэгдэл 11 817 902,93 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2 754 054,77 төгрөг нийт 14 571 957,7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-инд олгох нь зүйтэй. 

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Хариуцагч Г.Б-, Ц.А- нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул хариуцагч нарыг байлцуулахгүйгээр, хэрэгт авагдасан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Т.Б- нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд шүүх хуралдаанд А.Т- оролцсон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Б-, Ц.А- нараас 14 571 957,7 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-инд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох ,  Дархан Уул аймгийн Орхон сумын ..... тоот, бүртгэлийн Ү-...., ГД-..... тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-..... ГД..... тоот гэрчилгээний дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй газар, хашаа байшинг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231804,73 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 231804,73 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.   

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУЯА