Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00156

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 746 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 134 дүгээр магадлалтай,

“Т” ХХК-ийн Дархан-уул салбарын нэхэмжлэлтэй,

Г.Б, Ц.А нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 14.571.957 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Бийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б, Ц.А нар нь 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ЗГ-37/04 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 12.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлсэн.  2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн хүүний төлбөр төлснөөс хойш өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 11.817.902,93 төгрөг, хүүний үлдэгдэл 2.754.054,77 төгрөг нийт 14.571.957,7 төгрөгийн зээл, зээлийн хүүний төлбөр төлөгдөөгүй 235 хоног болж байна. Иймд зээлдэгч нараас зээл, зээлийн хүүний төлбөр болон нотариатын үйлчилгээний хураамж болох нийт 14.572.947 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах, Дархан Уул аймаг, Орхон сум, Энхтал 2-р баг, Бүрэнтолгой, 10-р гудамж 2 тоот хашаа байшин болон бусад орлого, хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б, Ц.А нар шүүхэд гаргасан тайлбартаа: Үндсэн зээл болох 11.817.902 төгрөгийг төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 746 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Б, Ц.А нараас 14.571.957,7 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох ,  Дархан Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар баг, Бүрэн толгойн 10-2 тоот, бүртгэлийн Ү-2004000297, ГД-000064558 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-2004000383, ГД000183996 тоот гэрчилгээний дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй газар, хашаа байшинг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231.804,73 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 231.804,73 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 134 дүгээр магадлалаар: Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 746 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.020 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.29-ний өдрийн 746 дугаартай шийдвэрийн зарим хэсэг болох хүүний үлдэгдэл 2.754.054,77 төгрөг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.25-ны өдрийн 134 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

2015 оны 05 сард газар төмс, хүнсний ногоо тарихаар зээл авсан боловч тухайн жил нь улс орон даяар ган гачиг болж ургац муу авсан. Мөн авсан бага ногоо нь үнэ хямд байсан. Банкны зээлээ төлөхийн тулд хямд үнээр нь ногоогоо зарж хэдэн төгрөг болгосныгоо банкинд төлөхдөө, үндсэн зээлийн төлөлтөд төлнө гэж хэлж тушаадаг байсан боловч банк зээлийнхээ хүүнд суутган авдаг байсан байна. Хүүнд нийт 2.751.828 төгрөг суутган авсан байна. Гэтэл нэхэмжлэгч банкны зүгээс зээлийн төлөлт хиймэгц тэргүүн ээлжид хүүндээ суутган авдаг байснаас миний зээлийн үндсэн төлөлт хасагддаггүй. Үүнээс үүдээд хүү буурдаггүй байснаас өнөөдрийн байдлаар 2.754.054,77 төгрөгийн хүү үндэслэлгүй нэхэмжилж байна гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.3, 216.4-т заасныг нэхэмжлэгч зөрчсөн байхад үүнийг харгалзаж үзэлгүйгээр, эдгээр хуулийн заалтуудыг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалаас хүүний үлдэгдэл 2.754.054,77 төгрөгийг хасч өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд банкны зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Тны Дархан салбар зээлийн гэрээний үүрэгт 14.571.957 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч Г.Б, Ц.А нар нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нар нь  Дархан Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар баг, Бүрэн толгой 10-2 тоотын 720 м.кв газар, 54.9 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаалан нэхэмжлэгчээс 2015 оны 05 дугаар сарын 05-ний өдөр 12.000.000 төгрөгийг 12 сарын хугацаагаар, сарын 2 хувийн хүүтэй зээлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Зохигчид банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2., 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагад нийцжээ.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 2.2.1-т зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байна.  

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлт зэрэг асуудлыг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэж, нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь “...зээлийн төлбөрт 2.751.828 төгрөг төлсөн байхад хүүд суутгасан” гэх тайлбараа нотолж чадаагүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 746 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 134 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Г.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 59.020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ