Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2021/00806

 

 

 

 

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2021/00806

Х аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: Б.У-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Х аймаг дахь Нефть хангамжийн салбар (2075261)-т холбогдох,

гэм хорын хохирол 3,395,000 (гурван сая гурван зуун ерэн таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 155/2021/00104/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Б.Унэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, хариуцагчийн төлөөлөгч Ө.О, иргэдийн төлөөлөгч Г.Энхболд нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр НИК-ийн Ж сумын шатахуун түгээх станцаас 70,000 төгрөгт дизель түлш хийж аваад Бонго Жи-3 маркийн автомашинаар Х сум руу явж байх замд 10 гаруй километр яваад Тосонгийн ам гэх газар машин пижигнээд явахаа байсан. Буугаад түлшний банкаа үзтэл дан бензин үнэртэж байсан. Түлшийг нь савлаж авч байгаад Х аймгийн Зам ангийнхан ойрхон байхаар нь түлш авч хийгээд асаах гэсэн боловч асаагүй. Тухайн газраасаа автомашинаа чирч Ж суманд авчирсан. Ж сумын НИК-ийн Петровис шатахуун түгээх станцын түгээгч дээр очоод ийм зүйл боллоо яах вэ гээд би цагдаа, хяналтын алба дуудаж лацдуулаад шалгуулъя гэхэд тэгж яах юм бэ? 500,000 төгрөг шилжүүлье, та ачаад аваад ир, манайх оношлуулаад юунаас болж гэмтсэнийг нь тогтоогоод өгье гээд мөнгө явуулахаар нь би өөрийн автомашинаа машинд ачуулаад аймгийн төв орж ирсэн. Танай түлш муу түлш байсан юм уу гэхэд түгээгч нь манайх евро сайн түлштэй гэж байсан. Машинаа ачиж ирж оношлогоогоо хийлгээд хариуцагчийн төлөөлөгчтэй уулзахад шүүхдээ ханд гэж хэлэхээр нь би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би машиндаа 3,000,000 төгрөгийн мотор авч тавьсан.

Иймд НИК ХХК-ийн Х аймаг дахь Нефть хангамжийн салбараас Бонго Жи-3 маркийн машины эвдрэлд учирсан хохирол 3,395,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

...Би автомашинаа 2019 оны 6 дугаар сард худалдаж авсан. Бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, Бонго Жи-3 маркийн, 0000ХӨҮ улсын дугаартай автомашинд блок цөмөрч зад үсэрсэн, поршин эвдэрсэн, апартур, 4 порсунк, кришиг зэрэг моторт эвдрэл учирч цаашид ашиглах боломжгүй болсон. Би өөрөө 3,000,000 төгрөгөөр мотор авч автомашиндаа тавьсан. Апартур 700,000 төгрөг, порсунк 4 ширхэг 1 тус бүрийн үнэ нь 150,000 төгрөг, нийт 600,000 төгрөг, поршин 6 ширхэг, 1 тус бүрийн үнэ нь 60,000 төгрөг, нийт 360,000 төгрөг, кольци 180,000 төгрөг, хөөх помп 25,000 төгрөг, дээд анги кришиг 800,000 төгрөг, ком жийрэг 150,000 төгрөг, тос масло шүүртэйгээ 70,000 төгрөг, засварын хөлс 500,000 төгрөг, тосол 10,000 төгрөг, бүгд бодит хохирол нь 3,395,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгөө хариуцагчаас гаруулж авна. ...Миний машинд 60 литр түлш ордог. Түгээгчийг таньдаг тул анзаарч хараагүй. ...2007 онд үйлдвэрлэгдэж Монгол улсад 2009 онд орж ирсэн. ...Бензин үнэртээд байхаар нь бензин хийчихлээ гэж бодсон. Маргааш нь асуухад евро дээд зэргийн түлш хийсэн гэж хэлсэн. Сайн чанарын түлшийг тийм хямд үнээр зарна гэж хаана ч байхгүй. ...70,000 төгрөгт 31 литр түлш авна гэж хэлээд мөнгөө өгсөн. ...Би автомашинаа 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр зассан. ...Утас болон машины кабинд байсан утасны цаг 18 цаг 18 минут гэж зааж байсан. 18 цаг 20 минутад би шахуулж байсан. ...гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.У нь манай компаниас өөрт учирсан хохирол болох 3,395,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 48 минутын үед манай компанийн Ж суманд байрлах шатахуун түгээх станцаас Бонго Жи-3 маркийн тээврийн хэрэгсэлдээ 70,000 төгрөгт 31 литр дизель түлш худалдан авсан байдаг. Энэ нь шатахуун түгээх станцын борлуулалтын мэдээ, НӨАТ-ын баримт зэргээс харагддаг. Манай шатахуун түгээх станцын түгээгүүр нь бүрэн автомат түгээгүүр бөгөөд түгээгүүрээс шатахуун гарсан цагаас эхлэн шатахууны хэмжээ буюу борлуулалтын хэмжээ санхүүгийн программд автоматаар бүртгэгдэж Х Нефть хангамжийн салбартай нэгтгэгддэг. Хэрэг гарсан өдрийн Жаргалант сумын шатахуун түгээх станцын борлуулалтын мэдээ, НӨАТ-ын тайланг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд 70,000 төгрөгийн 31 литр дизель түлшний борлуулалт 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 48 минутад хийгдсэн болох нь харагддаг. Б.Уын нэхэмжлэлд дурдагдсанаар борлуулалтын мэдээний болон шатахуун түгээх станцын камерын бичлэг дээрх цаг хугацаа зөрдөг. Камерын бичлэг дээрх цаг хугацааны борлуулалтыг гаргаж өгдөггүй гэдэг боловч дээр хэлсэнчлэн манай түгээгүүр нь бүрэн автомат түгээгүүр байгаа. Түгээгүүрээс гарсан борлуулалт манай компанийн хэрэглэдэг HOS системд бүртгэгддэг. Түгээгч гараад борлуулалтын мэдээг болон НӨАТ-ын тайланг үйлддэггүй. Харин шатахуун түгээх станцын камер нь тусдаа компьютерт холбогддог бөгөөд компьютерын цагаар камерын цаг харагддаг. Тог тасрах, компьютер асаж унтрах гэх шалтгаанаар камерын цаг бодит цагаас зөрүүтэй түрүүлж явсан байх магадлалтай. Түүнчлэн нэхэмжлэгчийн дизель түлш худалдан авсан цаг хугацаанд ижил төрлийн үнэ бүхий борлуулалт бүртгэгдээгүй байгаа нь борлуулалтын мэдээ, НӨАТ-ын тайлангаас харж болно.

Шатахуун түгээх станцын орчны хяналтын камерын бичлэгийг харахад иргэн Б.У нь шатахуун авахаар тээврийн хэрэгслээсээ бууж түгээгчтэй хамт байлцсан байдаг. Өөрөө дизель хийж байна уу, бензин хийж байна уу гэдгийг шалгаж харах боломжтой байсан.

Мөн манай ажилтныг согтуу байсан. Өөрөө хэргээ хүлээж машиныг чирч ирсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Манайх ажилтан архи согтууруулах ундааг ажил үүргээ гүйцэтгэж байх үдээ хэрэглэхийг хатуу хориглодог. Харин Б.У нь ажилтан н.Баянжаргалыг загнаж, дарамталж сүүлдээ хэрвээ машины эвдрэл түлшнээс шалтгаалаагүй бол мөнгийг чинь эргүүлэн өгнө гэж ятгаж 500,000 төгрөгөөр машиныг ачуулан 160,000 төгрөгөөр оношлуулах зардлыг гаргуулсан байдаг. Үүнийг манай ажилтан буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй байна. Манай ажилтан өөрийн зарцуулсан зардлаа нэхэмжлэгчээс тусдаа нэхэмжлэх байх.

Мөн Б.У нь түлш авснаас хойш 27 километр яваад машин доголдож асахгүй байсан тухай нэхэмжлэлдээ дурдсан байсан. Хэрэв тухайн машинд түлш, бензин холилдсон тохиолдолд 27 километр газар явах ямар ч техникийн боломжгүй бөгөөд 1 километр хүрэхгүй газар яваад доголдож, машин асахгүй байх боломжтой. Яагаад гэвэл энэ машины банк нь 45 литрийн багтаамжтай. Үүн дээр 70,000 төгрөгийн шатахуун хийхэд банкны 80 хувийг бензин эзэлнэ гэсэн үг юм. Үүнээс үзэхэд уг машин 27 километр явах ямар ч боломжгүй. Б.У нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед Жаргалант сумын шатахуун түгээх станц дээр согтуу ирж миний машинд АИ92 бензин шахсаны улмаас эвдэрлээ гэж манай ажилтан н.Баянжаргалыг хэл амаар дарамталж, доромжилсон байдаг. Дизель түлш худалдан авснаас хойш бүтэн нэг хоногийн хугацаанд Б.У нь өөр газраас бензин авсан эсхүл тээврийн хэрэгслээ эвдрэхээр өөрөө тээврийн хэрэгслийн түлшний саванд бензин сольж хийн манай компанийн ажилтныг гүтгэж байхыг үгүйсгэхгүй. Учир нь Б.Уын шүүхэд гаргасан хүсэлтээр шүүхээс тээврийн хэрэгслийн хөдөлгүүр юунаас болж гэмтэл гарсан талаар, хөдөлгүүрийн ямар эд анги гэмтсэн тухай жагсаалт гаргах, тэдгээрээс солих шаардлагатай байгаа эд анги хөдөлгүүр доголдсоноос үүссэн өөр гэмтэл байгаа эсэхийг тогтоолгохоор Х аймгийн Автотээврийн төвөөр, НИК ХХК-ийн Х Нефть салбарт байгаа ийм улсын дугаартай Бонго маркийн авто машины банканд шахсан шатахууны холимог дээжээс хольцын шинжилгээ найрлагыг тодруулахаар Х аймгийн Мэргэжлийн хяналтын газраар тус тус шинжээч томилсон байдаг.

Тээврийн хэрэгслийн эвдрэлд шинжилгээ хийсэн шинжээч нарын шүүхэд гаргаж өгсөн дүгнэлтэд тээврийн хэрэгсэл нь шатахуун сольсноос болж эвдэрсэн гэж тогтоогдоогүй байна. Түүнчлэн Б.Уын тээврийн хэрэгсэл нь хуучин, насжилттай тээврийн хэрэгсэл болохоор ашиглалт болон элэгдэл түүнчлэн ашиглалтын буруугаас үүссэн байхыг үгүйсгэхгүй. Б.Уын тээврийн хэрэгслийн банкнаас авсан дээж гэх болон манай Жаргалант сумын шатахуун түгээх станцаас Б.Уыг байлцуулан авч хадгалсан хоёр дээжид хольцын шинжилгээ хийж найрлагыг тодруулсан шинжээч эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ч.Цэрэнсүрэнгийн хийсэн дүгнэлтэд дизель түлш техникийн шаардлага NNS68612020 стандартын 5.2-т зааснаар дизель түлшний -15 градус дахь хувийн жин нь зуны дизель түлш 0.8634 грамм см.куб, өвлийн дизель түлш нь 0,8434 грамм см.кубээс ихгүй байх ёстой. Тухайн дээжүүд нь холбогдох стандартын шаардлагыг хангаж байгаа. Тухайн хоёр дээжийг авто бензин гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн байгаа нь Б.Уын гаргасан тээврийн хэрэгсэлд бензин шахсан гэсэн нэхэмжлэлийг үгүйсгэж байна.

...Дээрх тайлбар нотлох баримтуудаас харахад манай ажилтан нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд дизель түлш хийсэн, бензин хийгээгүй болох нь нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч Б.Уын нэхэмжилсэн 3,395,000 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь баримтаар хангалттай тогтоогдохгүй байгаа тул Б.Уын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай станцын түгээгүүр бүрэн автомат бөгөөд түгээгүүрээс шатахуун өгөөд НӨАТ-ын баримт хэвлэгдэхэд автоматаар аймгийн татварын нэгдсэн сан руу ордог. Түгээгч гараараа засаж борлуулалт хийх боломж байхгүй. Тухайн өдөр нэхэмжлэгчтэй ойрын гүйлгээ хийгдсэн байсан бол эргэлзээ төрөх байсан. Гэтэл тийм гүйлгээ байхгүй. Зөвхөн түлш шахсан болох нь программаар батлагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

....НӨАТ-ын баримтыг тухайн хэрэглэгч авах ёстой. Түгээгүүр дээр хэрэглэгч дэлгэцээр хянана уу гээд бичсэн байдаг. Миний автомашинд зөв шатахуун хийж байна уу гэдгийг та хянах ёстой бөгөөд И-Баримтыг та өөрөө шаардаж авах ёстой.

...Манай байгууллагын зүгээс хоёр программ дээр үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

1-рт. Түгээлтийн HOS программ нь 1 литр шатахуун гарахад тухайн шатахуун хэдэн төгрөгөөр яаж борлогдсон гэдэг нь шууд манай төв компанийн серверт шууд илгээгдэж байдаг.

2-рт. Татварын НӨАТ-ын тайлан байгаа. Түгээлт бүр дээр бид нар татвар тайлагнадаггүй. Татварт очиж байгаа НӨАТ-ын баримтаас татаж манай компанийн тайланг авдаг. Салбарын удирдлага хүртэл засвар оруулах ямар ч эрхгүй байдаг. АИ92 шахсан бол НӨАТ-ын баримт түлш гэж хэвлэгдэх боломжгүй. ...Түгээгүүртэй холбогдсон болон камерын компьютер тус тусдаа байдаг. ...гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У нь НИК ХХК-ийн Х аймаг дахь Нефть хангамжийн салбарт холбогдуулан гэм хорын хохирол 3,395,000 (гурван сая гурван зуун ерэн таван мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг Х Нефть хангамжийн газар гэж тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын нэршлийг НИК ХХК-ийн Х аймаг дахь Нефть хангамжийн салбар гэж тодруулсан болно.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Бонго Жи-3 маркийн автомашиндаа НИК-ийн Ж сумын шатахуун түгээх станцаас 70,000 төгрөгт дизель түлш аваад 10 гаруй километр яваад автомашин явахаа больсон. Үзэхэд бензин үнэртэж байсан. ...Дизель хийх байтал бензин сольж хийснээс болж Бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, Бонго Жи-3 маркийн, 0000ХӨҮ улсын дугаартай автомашинд гэмтэл учирсан. Учирсан гэмтэл нь апартур 700,000 төгрөг, порсунк 4 ширхэг 1 тус бүрийн үнэ нь 150,000 төгрөг, нийт 600,000 төгрөг, поршин 6 ширхэг, 1 тус бүрийн үнэ нь 60,00 төгрөг, нийт 360,000 төгрөг, кольци 180,000 төгрөг, хөөх помп 25,000 төгрөг, дээд анги кришиг 800,000 төгрөг, ком жийрэг 150,000 төгрөг, тос масло шүүртэйгээ 70,000 төгрөг, засварын хөлс 500,000 төгрөг, тосол 10,000 төгрөг, бүгд бодит хохирол нь 3,395,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах гэж тайлбарлав.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.О нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Шатахуун түгээх станцын түгээгүүр нь бүрэн автомат бөгөөд түгээгүүрээс шатахуун гарсан цагаас эхлэн шатахууны хэмжээ буюу борлуулалтын хэмжээ санхүүгийн программд автоматаар бүртгэгдэж Х Нефть хангамжийн салбартай нэгтгэгддэг. ...70,000 төгрөгийн үнэ бүхий 31 литр дизель түлшний борлуулалт 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 48 минутад хийгдсэн. ...Үүгээр манай ажилтан нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд дизель түлш хийсэн, харин бензин хийгээгүй болох нь нотлогдож байгаа. Мөн нэхэмжлэгч Б.Уын нэхэмжилсэн 3,395,000 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь баримтаар хангалттай тогтоогдохгүй байгаа тул Б.Уын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан болно.

Б.У нь төрсөн ах Б.Баялаг-Эрдэнээс Бонго Жи-3 маркийн, 0000ХӨҮ улсын дугаартай автомашиныг худалдан авч, эзэмших эрхийг шилжүүлэн аваагүй болох нь 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. (хх-ийн 24 дүгээр тал)

Нэхэмжлэгч Б.У нь НИК ХХК-ийн Х аймаг дахь Нефть хангамжийн салбарын Жаргалант сумын шатахуун түгээх станцаас 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн Бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, Бонго Жи-3 маркийн, 0000ХӨҮ улсын дугаартай автомашинд 70,000 төгрөгөнд шатахуун авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 20 минутын үед 70,000 төгрөгт дизель авахаар үйлчлүүлсэн байтал түгээгч бензин банканд шахсанаас болж автомашинд гэмтэл учирсан гэж, хариуцагчийн төлөөлөгч нь шатахуун түгээх станцын түгээгүүр нь бүрэн автомат бөгөөд түгээгүүрээс шатахуун гарсан цагаас эхлэн шатахууны хэмжээ буюу борлуулалтын хэмжээ санхүүгийн HOS программд автоматаар бүртгэгддэг. Борлуулалтын мэдээгээр Жаргалант сумын шатахуун түгээх станцаас 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 48 минутын үед 70,000 төгрөгт 31 литр дизель түлш худалдсан. Борлуулалтын мэдээ HOS программд автоматаар бүртгэгддэг учир цаг зөрдөггүй, камерын бичлэгийн цаг нь компьютер асааж, унраах болон гэрэл цахилгаан тасарсан үед зөрдөг гэж тус тус мэтгэлцэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан нь гэм хор учруулсан этгээдийн хариуцлага хүлээх зарчмыг тодорхойлсон.

Харин гэм хор учруулаагүй этгээд хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д тусгагджээ. Тухайлбал, ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг байна.

Үүний дагуу нэхэмжлэгч нь өөрийн автомашинд учирсан хохирлыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

Б.Уын эзэмшлийн Бонго Жи-3 маркийн, 0000ХӨҮ улсын дугаартай автомашинд хуваарилах гол улайссан, кришикны жийрэг улайсаж халсан, хуваарилах голын түлк халж, тосолгоогүй эргэж түлкний түрхэц арилсан, 4 дүгээр цилиндрийн шатууны боолт тасарснаас үүдэлтэйгээр 4 дүгээр шатунь блокоо цөм цохисон, апартур, просунк зэрэг нь гэмтсэн болох нь Х аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 112 дугаартай албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдлоо. (хх-ийн 151-153 дугаар тал)

НИК ХХК-ийн Х аймаг дахь Нефть хангамжийн салбарын Жаргалант сумын шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгч А.Баянжаргал нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 18-20 минутын үед нэхэмжлэгчийн эзэмшлийн Бонго Жи-3 маркийн, 0000ХӨҮ улсын дугаартай автомашинд дизель түлшний оронд бензин сольж шахсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн бензин сольж шахсанаас болж нэхэмжлэгчийн эзэмшлийн Бонго Жи-3 маркийн, 0000ХӨҮ улсын дугаартай автомашинд гэмтэл үүсч нэхэмжлэгчид апартур 700,000 төгрөг, порсунк 4 ширхэг 1 тус бүрийн үнэ нь 150,000 төгрөг, нийт 600,000 төгрөг, поршин 6 ширхэг, 1 тус бүрийн үнэ нь 60,000 төгрөг, нийт 360,000 төгрөг, кольци 180,000 төгрөг, хөөх помп 25,000 төгрөг, дээд анги кришиг 800,000 төгрөг, ком жийрэг 150,000 төгрөг, тос масло шүүртэйгээ 70,000 төгрөг, засварын хөлс 500,000 төгрөг, тосол 10,000 төгрөг, бүгд 3,395,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

Харин НИК ХХК-ийн Х аймаг дахь Нефть хангамжийн салбарын Жаргалант сумын шатахуун түгээх станцаас 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 48 минут 23 секунтэд 70,000 төгрөгийн үнэ бүхий 31 литр дизель түлш борлуулагдсан болох нь Х НХС-н Жаргал ШТС-н 2020-10-24-ний өдрийн нийт борлуулалтын HOS программын мэдээ гэх бичвэртэй баримтаар тогтоогдож байна. (хх-ийн 20 дугаар тал)

Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг боловч НИК ХХК-ийн Х аймаг дахь Нефть хангамжийн салбарын Жаргалант сумын шатахуун түгээх станцын ажилтны гэм буруутай үйлдэл нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хортой шалтгаант холбоотой болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нь Шатахуун авах үед өмнө болон хойно тээврийн хэрэгсэл байгаагүй гэж тайлбарлах, уг тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаярын шүүх хуралдаанд гаргаж өгсөн Цагаан өнгийн гадна талдаа video гэж хар өнгийн зүйлээр бичсэн бичвэр бүхийкомпьютерийн дүрс бичлэгийг гар утсаар бичсэн 2 минут 37 секундын нэхэмжлэгчийн шатахуун авч байх үеийн дүрс бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх уг CD бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иргэдийн төлөөлөгч Г.Энхболд нь Миний зүгээс дүгнэхэд нотлох баримт хангалттай бүрдээгүй байгаа тул дахин шалгаж шаардлагатай гэж үзсэн гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд энэхүү дүгнэлт нь шүүхээс өгсөн эрх зүйн дүгнэлттэй тохирч байна.

Харин нэхэмжлэгч нь нотлох баримтаа шүүхэд цуглуулах, гарган өгөх үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Уын нэхэмжлэлтэй, хариуцагч НИК ХХК-ийн Х аймаг дахь Нефть хангамжийн салбарт холбогдох, гэм хорын хохирол 3,395,000 (гурван сая гурван зуун ерэн таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,270 (жаран есэн мянга хоёр зуун далтөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 84-86 дугаар хуудсанд авагдсан 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Г.Мягмардоржийг гэрчээр асуусан мэдүүлэг нь хуульд заасан шаардлага хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг баримтлан нотлох баримтаас хассан болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар гаргасан CD 2 ширхэгийг хэрэгт үлдээхээр тогтов.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гарган өгсөн гадна талдаа DVD-R гэх бичвэртэй 21 минут 13 секундын дуу, дүрсний бичлэг бүхий CD нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд авагдсан баримт нь хариуцагч байгууллагын аль салбарын баримт болох нь тодорхойгүй, хавтаст хэргийн 27-32 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хавтаст хэргийн 165-166 дугаар хуудсанд авагдсан зарлагын баримт №37, 2007 онд үйлдвэрлэгдсэн Бонго Жи 3 эвдэрсэн сэлбэг гэх бичвэртэй зэрэг баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Уын нэхэмжлэлтэй, хариуцагч НИК ХХК-ийн Х аймаг дахь Нефть хангамжийн салбарт холбогдох, гэм хорын хохирол 3,395,000 (гурван сая гурван зуун ерэн таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,270 (жаран есэн мянга хоёр зуун далтөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хавтаст хэргийн 84-86 дугаар хуудсанд авагдсан 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Г.Мягмардоржийг гэрчээр асуусан мэдүүлгийг нотлох баримтаас хассугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар гаргасан CD 2 ширхэгийг хэрэгт үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНЖАРГАЛ

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА