Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 225/МА2021/00022

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 225/МА2021/00022

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШШ2021/00806 дугаар шийдвэртэй,

*******ын нэхэмжлэлтэй, НИК ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн салбарт холбогдох гэм хорын хохирол 3,395,000 /гурван сая гурван зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Л.Сувд, хариуцагчийн төлөөлөгч Ө.Орхон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр НИК-ийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын шатахуун түгээх станцаас 70,000 төгрөгт дизель түлш хийж аваад Бонго Жи-3 маркийн автомашинаар Архангай аймгийн Хангай сум руу явж байх замд 10 гаруй километр яваад Тосонгийн ам гэх газар машин пижигнээд явахаа байсан. Буугаад түлшний банкаа үзтэл дан бензин үнэртэж байсан. Түлшийг нь савлаж авч байгаад Хөвсгөл аймгийн Зам ангийнхан ойрхон байхаар нь түлш авч хийгээд асаах гэсэн боловч асаагүй. Тухайн газраасаа автомашинаа чирч Хөвсгөл аймгийн Жаргалант суманд авчирсан. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын НИК-ийн Петровис шатахуун түгээх станцын түгээгч дээр очоод ийм зүйл боллоо яах вэ гээд би цагдаа, хяналтын алба дуудаж лацдуулаад шалгуулъя гэхэд тэгж яах юм бэ? 500,000 төгрөг шилжүүлье, та ачаад аваад ир, манайх оношлуулаад юунаас болж гэмтсэнийг нь тогтоогоод өгье гээд мөнгө явуулахаар нь би өөрийн автомашинаа ачуулаад аймгийн төв орж ирсэн. Машинаа ачиж ирж оношилгоо хийлгээд хариуцагчийн төлөөлөгчтэй уулзахад шүүхдээ ханд гэж хэлэхээр нь би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би машиндаа 3,000,000 төгрөгийн мотор авч тавьсан. Бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Бонго Жи-3 маркийн 50-96 ХӨҮ улсын дугаартай автомашинд блок цөмөрч зад үсэрсэн, поршин эвдэрсэн, апартур, порсунк, кришиг зэрэг моторт эвдрэл учирч цаашид ашиглах боломжгүй болсон.

Иймд НИК ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн салбараас Бонго Жи-3 маркийн машины эвдрэлд учирсан хохирол 3,395,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Орхон шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 48 минутын үед манай компанийн Хөвсгөл аймгийн Жаргалант суманд байрлах шатахуун түгээх станцаас Бонго Жи-3 маркийн тээврийн хэрэгсэлдээ 70,000 төгрөгт 31 литр дизель түлш худалдан авсан байдаг. Энэ нь шатахуун түгээх станцын борлуулалтын мэдээ, НӨАТ-ын баримт зэргээс харагддаг. Манай шатахуун түгээх станцын түгээгүүр нь бүрэн автомат түгээгүүр бөгөөд түгээгүүрээс шатахуун гарсан цагаас эхлэн шатахууны хэмжээ буюу борлуулалтын хэмжээ санхүүгийн программд автоматаар бүртгэгдэж Хөвсгөл Нефть хангамжийн салбартай нэгтгэгддэг. Хэрэг гарсан өдрийн Жаргалант сумын шатахуун түгээх станцын борлуулалтын мэдээ, НӨАТ-ын тайланг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд 70,000 төгрөгийн 31 литр дизель түлшний борлуулалт 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 48 минутад хийгдсэн болох нь харагддаг. *******ын нэхэмжлэлд дурдагдсанаар борлуулалтын мэдээний болон шатахуун түгээх станцын камерын бичлэг дээрх цаг хугацаа зөрдөг. Камерын бичлэг дээрх цаг хугацааны борлуулалтыг гаргаж өгдөггүй гэдэг боловч дээр хэлсэнчлэн манай түгээгүүр нь бүрэн автомат түгээгүүр байгаа. Түгээгүүрээс гарсан борлуулалт манай компанийн хэрэглэдэг HOS системд бүртгэгддэг. Түгээгч гараад борлуулалтын мэдээг болон НӨАТ-ын тайланг үйлддэггүй. Харин шатахуун түгээх станцын камер нь тусдаа компьютерт холбогддог бөгөөд компьютерын цагаар камерын цаг харагддаг.

Шатахуун түгээх станцын орчны хяналтын камерын бичлэгийг харахад иргэн ******* нь шатахуун авахаар тээврийн хэрэгслээсээ бууж түгээгчтэй хамт байлцсан байдаг. Өөрөө дизель хийж байна уу, бензин хийж байна уу гэдгийг шалгаж харах боломжтой байсан.

Мөн ******* нь түлш авснаас хойш 27 километр яваад машин доголдож асахгүй байсан тухай нэхэмжлэлдээ дурдсан байсан. Хэрэв тухайн машинд түлш, бензин холилдсон тохиолдолд 27 километр газар явах ямар ч техникийн боломжгүй бөгөөд 1 километр хүрэхгүй газар яваад доголдож, машин асахгүй байх боломжтой. Яагаад гэвэл энэ машины банк нь 45 литрийн багтаамжтай. Үүн дээр 70,000 төгрөгийн шатахуун хийхэд банкны 80 хувийг бензин эзэлнэ гэсэн үг юм. Дизель түлш худалдан авснаас хойш бүтэн нэг хоногийн хугацаанд ******* нь өөр газраас бензин авсан эсхүл тээврийн хэрэгслээ эвдрэхээр өөрөө тээврийн хэрэгслийн түлшний саванд бензин сольж хийн манай компанийн ажилтныг гүтгэж байхыг үгүйсгэхгүй. Учир нь *******ын шүүхэд гаргасан хүсэлтээр шүүхээс тээврийн хэрэгслийн хөдөлгүүр юунаас болж гэмтэл гарсан талаар, хөдөлгүүрийн ямар эд анги гэмтсэн тухай жагсаалт гаргах, тэдгээрээс солих шаардлагатай байгаа эд анги хөдөлгүүр доголдсоноос үүссэн өөр гэмтэл байгаа эсэхийг тогтоолгохоор Хөвсгөл аймгийн Автотээврийн төвөөр, НИК ХХК-ийн Хөвсгөл Нефть салбарт байгаа ийм улсын дугаартай Бонго маркийн авто машины банканд шахсан шатахууны холимог дээжээс хольцын шинжилгээ найрлагыг тодруулахаар Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраар тус тус шинжээч томилсон байдаг. Тээврийн хэрэгслийн эвдрэлд шинжилгээ хийсэн шинжээч нарын шүүхэд гаргаж өгсөн дүгнэлтэд тээврийн хэрэгсэл нь шатахуун сольсноос болж эвдэрсэн гэж тогтоогдоогүй байна.

Дээрх тайлбар нотлох баримтуудаас харахад манай ажилтан нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд дизель түлш хийсэн, бензин хийгээгүй болох нь нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч *******ын нэхэмжилсэн 3,395,000 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь баримтаар хангалттай тогтоогдохгүй байгаа тул *******ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШШ2021/00806 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч НИК ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн салбарт холбогдох, гэм хорын хохирол 3,395,000 (гурван сая гурван зуун ерэн таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,270 (жаран есөн мянга хоёр зуун дал) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хавтаст хэргийн 84-86 дугаар хуудсанд авагдсан 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Г.Мягмардоржийг гэрчээр асуусан мэдүүлгийг нотлох баримтаас хасч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар гаргасан CD 2 ширхэгийг хэрэгт үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие 2020 оны 10 сарын 24-ний өдрийн 18 цаг 20 минутын үед Жаргал сум дахь НИК-ийн колонкоос 70,000 төгрөгөөр түлш авсан. Сумын төвөөс гарсан бөгөөд 27 хүрэхгүй км яваад машин асахаа байж хөдөлгүүр гацсан. Мотороо ухаж байхад нил бензин үнэртэж байсан. Банкаа шалгатал бензин шахсан байсан. Ингээд Вонгод түлш хэрэглэдгийг хэн ч мэдэх, тэгээд ч колонкийн түгээгчид түлш гэж хэлсээр байтал бензин шахсан нь тодорхой болж буцаж учир байдлаа ярилцахад тэрээр зөвшөөрч Хөвсгөл аймаг дахь НИК-ийн салбартайгаа ярьж миний машиныг Мөрөн сумын төвд авч ирсэн. Тэд өөрсдөө Дизель Авто Засвар гэх засварын газар моторыг бүрэн задалсан. Анхан шатны шүүхэд дараах хүсэлтүүдийг гаргасан. Үүнд:

-Уг машины хөдөлгүүрт Дизель Авто Засвар засварын газар үзлэг, хөдөлгүүрт задаргаа хийсний хувьд чухам юунаас болж гэмтэл гарсан талаар уг байгууллагын болон мэргэжлийн байгууллагыг оролцуулан шинжээчийн дүгнэлтийг гаргуулах, хөдөлгүүрийн ямар эд анги гэмтсэн тухай жагсаалт гаргах, тэдгээрээс солих шаардлагатай байгаа эд анги, тэдгээрийн үнэ, хөдөлгүүр боох болон засварлах хөлс, эсхүл бүтэн мотор солих шаардлагатай эсэх, Улаанбаатар хотоос авах үнэ ханш, хөдөлгүүр доголдсоноос үүссэн өөр гэмтэл байгаа эсэх, тэдгээрийн жагсаалт үнэ ханшны талаар,

- Жаргалын колонкоос шатахуунаар цэнэглүүлсэн бичлэг дээрх камерийн цаг хугацаа 2020 оны 10 сарын 24-ний өдрийн 18 цаг 20 минутын үед байгаа ба энэ үе дэх түгээгчийн тэмдэглэл дээрх цаг хугацаа тохирохгүй, дээрх цаг хугацаатай тохирсон түгээлтийг гаргаж өгөхгүй байгааг гаргуулах, камерийн бичлэгийг бүтэн өдрөөр 2020.10.24-ний өдөр дэх миний шатахуун авсан цаг хугацаанд ямар ч мэдээллийг гаргаж өгөхгүй байгаа ба харин цаг хугацааг засварласан, өөр цаг хугацаанд шилжүүлсэн байх магадлалтай тул уг Жаргал сумын ШТС-ийн болон холбогдох аймгийн НИК-ийн сүлжээ сервер, компьютерт мэдээлэл байгаа эсэх талаар үзлэг хийх, энэ тухай мэргэжлийн байгууллага, шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах,

-Мөн машины банкид шахсан шатахууны холимог дээж, харьцуулах цэвэр бензиний дээжийг авч НИК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарт хадгалуулсан байгаа ба түүнийг мэргэжлийн байгууллагаар хольцын шинжилгээ, найрлагыг тодруулсан шинжээчийн дүгнэлт гаргуулах,

Эдгээр хүсэлт нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, зайлшгүй тодруулах шаардлагатай бөгөөд хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой болно.

Гэвч анхан шатны шүүх хэрэг дээрээ хүсэлтийг хүлээн авсан дүр эсгэсэн боловч ямар ч ажиллагаа хийгээгүй, дүгнэлт гаргахгүй байгаа шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа байгууллага, албан тушаалтанд арга хэмжээ аваагүйгээр үл барам хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчиж өөрсдөө дур мэдэн нотлох баримтыг хасч тооцож хэргийг нэг талд шийдвэрлэлээ. Анхан шатны шүүх нотлох баримтыг зохих ёсоор үнэлж дүгнэлт хийх чадваргүй, жоохон маргаантай хэрэг гарвал шийдэж чадахгүй ийм байдалд хүрчээ. Түүгээр ч үл барам хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт цуглуулах үүргээ умартаж гаргасан хүсэлтийг нэг мөр шийдвэрлэж чадахгүй байж нэхэмжлэгч тал өмгөөлөгч ямар ч нотлох баримт гаргаж өгсөнгүй, шаардлагаа нотолж чадсангүй мэтээр сэтгэж нэг талд хооронд нь яс хаясан увайгүй үйлдэл гаргаж ирснийг хэлэх хэрэгтэй.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШШ2021/00806 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь НИК-ийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын шатахуун түгээх станцаас өөрийн эзэмшлийн Бонго Жи-3 маркийн автомашинд шатахуун сольж хийснээс болж гэм хорын хохиролд 3,395,000 /гурван сая гурван зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулахаар хариуцагч НИК ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн салбарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Орхон нь эс зөвшөөрч анхан шатны шүүхэд маргажээ.

Анхан шатны шүүх *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч НИК ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн салбарт холбогдох, гэм хорын хохирол 3,395,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч ******* эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хууль хэрэглээний талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар ....бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, энэ хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ....ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч нь шүүхэд гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй, шүүх дээрх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэгт авагдсан баримтын талаар: Хөвсгөл НХС-н Жаргал ШТС-ийн 2020-10-24-ний өдрийн нийт борлуулалт НОS программын мэдээ, Хөвсгөл НХС-н Жаргал ШТС-ийн 2020-10-24-ний өдрийн нийт борлуулалт НӨАТ-ын тайлан /хх-ийн 20-21 тал/,

Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 112 дугаартай албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр 50-96 ХӨҮ улсын дугаар бүхий Вонго маркийн авто машины хөдөлгүүр хэт халснаас моторын дээд анги буюу кришик халж, хуваарилах голын түлк зуурч гэмтэл үүссэн. Тухайн үед хөдөлгүүрийг задалж тодорхой хугацаа өнгөрсөн, нөгөө талаар гэмтлийн ул мөр тодорхой хэмжээгээр арилсан байсан учир халалт юунаас үүдэлтэй болохыг тодорхойлох боломжгүй байна шинжээчийн дүгнэлт /хх-ийн 152 тал/ зэрэг баримт хэрэгт авагдсан байх боловч энэ нь шатахуун түгээх станцын ажилтны гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч *******ын автомашины эвдрэл гэмтэлд шатахуун сольж хийснээс болж 3,395,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* нь Бонго Жи-3 маркийн авто машинд шатахуун түгээх станцын ажилтан бензин сольж шахсанаас болж гэмтэл үүссэн гэдгийг шүүхэд нотолж чадаагүй.

Давж заалдах гомдлын тухайд: Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг хангасан, хангаагүй талаарх гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар тухайн шатны шүүхэд гаргах хуулийн зохицуулалттай болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШШ2021/00806 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,270 /жаран есөн мянга хоёр зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                            Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ