Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 288

 

 

 

 

 

 

 

 

 

 

“И м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.О даргалж, шүүгч Г.Д, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/03407 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “И м” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Д-д холбогдох

 

125 324 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.С,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Г нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “И м” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр “Э н” ХХК-ийн захирал Ван Ху Шин мөн компанийн хөрөнгө оруулагч Д.Д- нартай гурвалсан гэрээ байгуулан “И м” ХХК-ийн нэр дээр олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ордыг “Э н” ХХК-д шилжүүлсний төлбөрийн асуудлын талаарх тохиролцоог баталгаажуулсан болно. Улмаар тохиролцоо гэрээний дагуу “Э н” ХХК-ийн захирал Ван Ху Шин нь 800 000 юань төлбөрийг төлсөн ба гэрээний 2-ийн а заалтын дагуу гэрээний Б тал болох Д.Д- нь 400 000 юанийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл энэ төлбөрийг төлөхгүй, элдэв шалтаг хэлж, төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа болно. Ийнхүү хариуцагч Д.Д- нь 400 000 юанийн төлбөрийг төлөхгүй манай “И м” ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, санхүүгийн хүнд байдалд оруулж, хохироож байна. “И м” ХХК нь Д.Д-гийн хэлсэн ярьсан бүхэнд нь итгэж, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр компаний нэр дээр олгогдсон тусгай зөвшөөрөл, холбогдох бичиг баримтыг “Э н” ХХК-д бүрэн шилжүүлэн, хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн юм. Иймд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний дагуу Д.Д-гээс 400 000 юань буюу тухайн өдрийн ханшаар тооцож, 125 324 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Д- нь БНХАУ-ын хөрөнгө оруулагч компанийн Монгол улсад хайрганы тоног төхөөрөмж оруулж, газар худалдаж авья гэсэн санал тавьсныг тухайн үед Шанхай дахь КТГазарт дэд консулаар ажиллаж байсан н.Баярсайханд итгэж хэлсэн. Тухайн үед энэ саналыг хүлээн авч, хамтран ажиллах өөр Монголын компани байсан хэдий ч н.Баярсайханы санал болгосноор “И м” ХХК-ийн захирал болох Батсуурийн хүү Ганзориг гэгчээр дамжуулан н.Б гуайн хайрганы карьерийг зарж өгөхөд зуучилсан байдаг юм. Тэгээд БНХАУ-ын иргэн Ван Ху Шин Монголд ирж өөрийн нэрээр 1 гишүүнтэйгээр “Э н” ХХК-ийг байгуулсан. “И м” ХХК нь газар тоног төхөөрөмжөө “Э н” ХХК-нд буюу Ван Ху Шинд зарсан. /н.Бгуайн хэлсэнчлэн 650 000 000 төгрөг буюу зарсан гэх/. Харин би н.Бгуайг орон байраа зээлд тавьчихсан хэцүү байна гэхээр нь тусалж мөнгийг нь олж өгөхөөр хөөцөлдөж гүйсэн нь буруу болжээ. Би ажил ихтэй байсан ч н.Б гуайг өндөр настай, санхүүгийн хүнд байдалд байгаа тул хятадуудтай хүртэл маргалдаж, Монголчуудынхаа ажлыг хамгийн болох бүтэх талаас нь зохицуулах гэж зүтгэж ажилласан. Төлбөр төлсөн баримтуудыг өөрийн мэдэх хэмжээнд танилцуулахад: “Э н” ХХК нь “И м” ХХК-д 1 000 000 юаныг Шанхайгаас Монгол руу шилжүүлж болохгүй болохоор Эрээн хот руу шилжүүлэн н.Б-ы Хятад данс руу оруулсан болно. Энэ үед н.Баярсайхан, найз Б.Г-ийн хамт Эрээн хотод очиж авсан. Хоорондоо яг хэдийг өгч авалцсаныг би мэдэхгүй. Орлого болсон баримт н.Б-д байх ёстой. Энэ тухайгаа нэхэмжлэлдээ тусгаагүй байх юм. Үлдсэн төлбөрөөс н.Б гуайн 400 000 юань аваад, бусад үлдэгдэлийг дараа орлогоосоо авч болно гэж хэлснээр эхнэр бид 2 Шанхайд очиж хөрөнгө оруулагч компанийн удирдлагуудтай уулзаж, Б гуайн хүнд байдалд байгааг ойлгуулан ятгаж 800 000 юань болгосон. Монгол нөхрийнхөө ажилд тусалсан энэ үйлдэлдээ эхнэр бид 2 маш их баяртай байдаг. Үүнийг тэд Ван ху шиний Монгол байгаа дансанд хийсэн. Ван ху шин “И м” ХХК-д өөрөө өгсөн гэж нэхэмжлэл дээр бичсэн байна. Миний бие “Э н” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сард хийсэн гэрээний 5.2.1-т заасанчлан хөрөнгө оруулагч буюу эзэмшигч биш, зөвхөн борлуулалт хариуцаж ашгийн 15 хувь авна гэж заасан байдаг. “И м” ХХК-ийн захирал н.Б гуай анхнаасаа гол ус, ой савд ойрхон карьерийг 1-2 жилээс хэтрэхгүй хугацаанд татан буугдана гэдгийг урьдчилан мэдэж байр орон сууцаа хураалгахгүйн тулд карьерийг зарж борлуулахын тулд улайрч, хятадууд болон намайг хууран мэхэлсэн байх юм. Үүнээс болж иж бүрэн тоног төхөөрөмжийг шинээр оруулж ирсэн “Э н” ХХК-ийг хүнд байдалд оруулж, намайг хүртэл орлогогүй болгосон юм. Хятадуудыг хуурч ашиггүй болсон талбайг зарж чадсан нь залилангийн эрүүгийн нэг дэх хэрэг гэлтэй. “И м” ХХК нь газраа зараад л өгч авалцаад дуусах ёстой байтал буцаж хятадуудтай эргэж хамтарч байгаад намайг шахаж гаргасан нь миний “Э н” ХХК-тай хийсэн гэрээг зөрчиж, шунахай сэдэлт бүхий эрүүгийн хоёр дахь хэрэг гэлтэй. Тэгээд эдгээр тоглоомоос гаргалгүй хэл амтай юманд орооцолдоод яахав гэж бодоод тэр чигт нь орхисон. Иймд би “Э н” ХХК-тай борлуулалт хариуцан хамтран ажиллах гэрээ хийснээс бус мөнгөний асуудалд оролцох эрхгүй тул Б.Ганзориг нь 400 000 юанийг надаас бус “Э н” ХХК-аас нэхэмжлэх ёстой юм. Харин би гэрээнд тусгаснаар “И м” ХХК-ийн захирал н.Б гуайгаас миний ажлыг саатуулан “Э н” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сард хийсэн гэрээний дагуу авах ёстой байсан 15 хувийн ашгийг авах боломжгүй болгосон учраас доорх мөнгийг нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна. “Э н” ХХК-ийн тооцоолсноор жилд 100000 м3 хайрга олборлох буюу түүний 15 хувь нь 15000 м3, 2 жилийн хугацаанд 30000 м3 хэмжээний хайрга олборлосон хэмжээний ашгийг хайргаар нь буюу одоогийн зах зээлийн ханшаар нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Д-гээс 125 324 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “И м” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784 570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-гээс 784 570 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И м” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх дараах үндэслэлээр хууль буруу хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь дурдсан үйл баримтаас дүгнэн үзэхэд талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан үндэслэлээр үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл, тус гэрээ гэх баримтыг Иргэний хуульд тусгайлан нэрлэн заасан гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлгүй. Харин тодорхой үйлдэл хийхийг хүлээн зөвшөөрч түүнийгээ илэрхийлсэн баримт гэж үзэх үндэслэлтэй гэж үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийсэн боловч Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэж миний эрх ашгийг зөрчсөн явдалд гомдолтой байна. Миний бие хууль болон гэрээнд заагаагүй 400 000 юанийг “И м” ХХК-д өгнө гэж амласан /хэрэг дээрээ тийм ямар ч амлалт гэрээ байгаагүй, харин эсэргээрээ үйл ажиллагааны үр дүн гэр 15 хувийн ашиг авна гэж тохирсон/ гэдэг нь хуурамч бөгөөд энэ амлалт үүрэг нь худал хуурамч гэдэг нь би энэ компанаас нэг ч төгрөгийн ашиг хувь хүртээгүй гэдгээр илэрч байна. “И м” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ордыг/ хуулийн шаардлага хангаагүй, ирээдүйн ашиг орлогогүй / Э н ХХК-д худалдсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэдэг зарчмыг бүрэн алдагдуулж байна. “Э н” ХХК буюу түүний захирал Ван Хуа Шин 800 000 юань өгөөд БНХАУ руугаа нэг ч төгрөггүйгээр баахан зардал гаргаад буцсан. Миний бие Д.Д- нь хууль эрх зүйн мэдлэггүйгээс өмгөөлөгчийн туслалцаа авч чадаагүй тул анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед энэ бүхнээ нотолж чадаагүй. Миний бие 2 компанийн хооронд эх орныхоо ашиг тусын тулд хууль болон гэрээнд заагаагүйгээр сайн санааны үүднээс тус болсон үйл явдал гэж үздэг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгөхийг хүсье. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч өөрийнхөө эрх ашгийг өмгөөлүүлэх албан ёсны өмгөөлөгчийн эрх, хууль зүйн туслалцаа авч чадаагүйн улмаас шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх болон нотлох баримтаа бүрдүүлж өгч чадаагүй болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “И м” ХХК нь хариуцагч Д.Д-д холбогдуулан 400 000 юань буюу 125 324 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, геологи, хайгуулын ажлын тайлан, мэдээллийн материал худалдах, худалдан авах гэрээний борлуулалт хариуцаж, тус гэрээний дагуу 15 хувийн ашгийг авах ёстой болохоос төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй гэж маргажээ./хэргийн 1-2, 20-21 дүгээр тал/

 

Хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн “Гэрээ” гэх баримтаар А тал буюу “Э н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ван Ху Шин /Wang Hugxin/, Б тал буюу Д.Д-, В тал буюу “И м” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Бнар 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Геологи, хайгуулын ажлын тайлан, мэдээллийн материал худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой хайрганы ордын төлбөр төлөх асуудлыг шийдвэрлэх агуулгаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний 1 дэх хэсэгт А тал 800 000 юань болон Б тал 400 000 юанийг банкны шилжүүлэг болон бусад хэлбэрээр В талд нийт 1 200 000 юанийг төлөхөөр тохиролцжээ./хэргийн 7-8 дугаар талд/

 

Анхан шатны шүүхээс талуудын хоорондын маргаантай эрх зүйн харилцааг тодорхой бус байдлаар шийдвэрлэсэн байна. Учир нь “Гэрээ” гэх баримтыг Иргэний хуульд тусгайлан нэрлэн заасан гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлгүй гэсэн атлаа, харин тодорхой үйлдэл хийхийг хүлээн зөвшөөрч түүнийгээ илэрхийлсэн баримт гэж дүгнэж Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь зөрчилдөөнтэй болжээ.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь үүргийн эрх зүйн хүрээнд хамаарах ба уг заалтын дагуу зохигчдын хооронд гэрээнд эсхүл хуульд заасан ямар үүрэг үүссэн болохыг тодорхойлсноор талуудад нотолгооны үүрэг хуваарилагдана.

 

Түүнчлэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Д-д хэргийн материал танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх зэрэг хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж үзэх боломжгүй байна.

 

Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.

 

Иймээс талуудад нотолгооны үүрэг зөв хуваарилагдсан, үүнтэй холбоотой талууд нотолгооны үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаар дүгнэлт өгөх, улмаар эрх зүйн харилцааг тодорхойлох, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй учраас хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/03407 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Д-гийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784 570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.О

 

                                                  ШҮҮГЧИД                           Г.Д

                    

                                                                                              С.Э