Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 03407

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И.м” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Д-д холбогдох,

125,324,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.               

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг, түүний өмгөөлөгч Б.Сүрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.        

                                    

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “И.М” ХХКнь 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр “Эвт найзууд” ХХК-ийн захирал “Ван Ху Шин” мөн компаний хөрөнгө оруулагч Д.Д нартай гурвалсан гэрээ байгуулан “И.М” ХХК-ийннэр дээр олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ордыг “Эвт найзууд” ХХК-нд шилжүүлсэний төлбөрийн асуудлын талаарх тохиролцоог баталгаажуулсан болно. Улмаар тохиролцоо гэрээний дагуу “Эвт найзууд” ХХК-ийн захирал “Ван Ху Шин”   нь 800,000 юань төлбөрийг төлсөн ба гэрээний 2-ийн а заалтын дагуу гэрээний Б тал болох Д.Д нь 400,000 юаний төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл энэ төлбөрийг төлөхгүй, элдэв шалтаг хэлж, төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа болно. Ийнхүү хариуцагч Д.Д нь 400,000 юаний төлбөрийг төлөхгүй манай “И.М” ХХК-ийнхэвийн үйл ажиллагааг алдагдуулж, санхүүгийн хүнд байдалд оруулж, хохироож байна. “И.М” ХХКнь Д.Дгийн хэлсэн ярьсан бүхэнд нь итгэж, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр компаний нэр дээр олгогдсон тусгай зөвшөөрөл, холбогдох бичиг баримтыг “Эвт найзууд” ХХК-нд бүрэн шилжүүлэн, хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн юм. Иймд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний дагуу Д.Дгээс 400,000 юань буюу тухайн өдрийн ханшаар тооцож, 125,324,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Д.Д нь БНХАУ-ын хөрөнгө оруулагч компанийн Монгол улсад хайрганы тоног төхөөрөмж оруулж, газар худалдаж авья гэсэн санал тавьсаныг тухайн үед Шанхай дахь КТГазарт дэд консулаар ажиллаж байсан н.Баярсайнханд итгэж хэлсэн. Тухайн үед энэ саналыг хүлээн авч, хамтран ажиллах өөр Монголын компани байсан хэдий ч н.Баярсайханы санал болгосноор “И.М” ХХК-ийнзахирал болох Батсуурийн хүү Ганзориг гэгчээр дамжуулан н.Батсуурь гуайн хайрганы карьерийг зарж өгөхөд зуучилсан байдаг юм. Тэгээд БНХАУ-ын иргэн Ван Ху Шин Монголд ирж өөрийн нэрээр 1 гишүүнтэйгээр “Эвт найзууд” ХХК-ийг байгуулсан. “И.М” ХХКнь газар тоног төхөөрөмжөө “Эвт найзууд” ХХК-нд буюу Ван Ху Шинд зарсан. /н.Батсуурь гуайн хэлсэнчлэн 650,000,000 төгрөг буюу зарсан гэх/. Харин би н.Батсуурь гуайг орон байраа зээлд тавьчихсан хэцүү байна гэхээр нь тусалж мөнгийг нь олж өгөхөөр хөөцөлдөж гүйсэн нь буруу болжээ. Би ажил ихтэй байсан ч н.Батсуурь гуайг өндөр настай, санхүүгийн хүнд байдалд байгаа тул хятадуудтай хүртэл маргалдаж, Монголчуудынхаа ажлыг хамгийн болох бүтэх талаас нь зохицуулах гэж зүтгэж ажилласан. Төлбөр төлсөн баримтуудыг өөрийн мэдэх хэмжээнд танилцуулахад:

1 “Эвт найзууд” ХХК нь “Илчит металл” ХХК-нд 1,000,000 юаныг Шанхайгаас Монгол руу шилжүүлж болохгүй болохоор Эрээн хот руу шилжүүлэн н.Баярсайханы Хятад данс руу оруулсан болно. Энэ үед н.Баярсайхан, найз Б.Ганзоригийн хамт Эрээн хотод очиж авсан. Хоорондоо яг хэдийг өгч авалцсаныг би мэдэхгүй. Орлого болсон баримт н.Баярсайханд байх ёстой. Энэ тухайгаа нэхэмжлэлдээ тусгаагүй байх юм.

2. Үлдсэн төлбөрөөс н.Батсуурь гуайн 400,000 юань аваад, бусад үлдэгдэлийг дараа орлогоосоо авч болно гэж хэлснээр эхнэр бид 2 Шанхайд очиж хөрөнгө оруулагч компаний удирдлагуудтай уулзаж, Батсуурь гуайн хүнд байдалд байгааг ойлгуулан ятгаж 800,000 юань болгосон. Монгол нөхрийнхөө ажилд тусалсан энэ үйлдэлдээ эхнэр бид 2 маш их баяртай байдаг. Үүнийг тэд Ван ху шиний Монгол байгаа дансанд хийсэн. Ван ху шин “Илчит металл” ХХК-д өөрөө өгсөн гэж нэхэмжлэл дээр бичсэн байна лээ.

Миний бие “Эвт найзууд” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сард хийсэн гэрээний 5.2.1-д заасанчлан хөрөнгө оруулагч буюу эзэмшигч биш, зөвхөн борлуулалт хариуцаж ашгийн 15 хувь авна гэж заасан байдаг. “И.М” ХХК-ийнзахирал н.Батсуурь гуай анхнаасаа гол ус, ой савд ойрхон карьерийг 1-2 жилээс хэтрэхгүй хугацаанд татан буугдана гэдгийг урьдчилан мэдэж байр орон сууцаа хураалгахгүйн тулд карьерийг зарж борлуулахын тулд улайрч, хятадууд болон намайг хууран мэхэлсэн байх юм. Үүнээс болж иж бүрэн тоног төхөөрөмжийг шинээр оруулж ирсэн  “Эвт найзууд” ХХК-ийг хүнд байдалд оруулж, намайг хүртэл орлогогүй болгосон юм.

Хятадуудыг хуурч ашиггүй болсон талбайг зарж чадсан нь залилангийн эрүүгийн нэг дэх хэрэг гэлтэй. “И.М” ХХКнь газраа зараад л өгч авалцаад дуусах ёстой байтал буцаж хятадуудтай эргэж хамтарч байгаад намайг шахаж гаргасан нь миний “Эвт найзууд” ХХК-тай хийсэн гэрээг зөрчиж, шунахай сэдэлт бүхий эрүүгийн хоёр дахь хэрэг гэлтэй. Тэгээд эдгээр тоглоомоос гаргалгүй хэл амтай юманд орооцолдоод яахав гэж бодоод тэр чигт нь орхисон. Иймд би:

1. “Эвт найзууд” ХХК-тай борлуулалт хариуцан хамтран ажиллах гэрээ хийснээс бус мөнгөний асуудалд оролцох эрхгүй тул Б.Ганзориг нь 400,000 юанийг надаас бус “Эвт найзууд” ХХК-иас нэхэмжлэх ёстой юм.

2. Харин би гэрээнд тусгаснаар “И.М” ХХК-ийнзахирал н.Батсуурь гуайгаас миний ажлыг саатуулан “Эвт найзууд” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сард хийсэн гэрээний дагуу авах ёстой байсан 15 хувийн ашгийг авах боломжгүй болгосон учраас доорх мөнгийг нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна. “Эвт найзууд” ХХК-ийн тооцоолсноор жилд 100000 м3 хайрга олборлох буюу түүний 15 хувь нь 15000м3, 2 жилийн хугацаанд 30000 м3 хэмжээний хайрга олборлосон хэмжээний ашгийг хайргаар нь буюу одоогийн зах зээлийн ханшаар нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хариуцагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “И.М” ХХКнь хариуцагч Д.Дд холбогдуулан 400,000 юань буюу 125,324,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн “Гэрээ” гэх баримт авагдсан бөгөөд уг баримтаар А тал буюу “Эвт найзууд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ван Ху Шин /Wang Hugxin/, Б тал буюу Д.Д, В тал буюу “Илчитметалл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Батсуурь нар 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Геологи, хайгуулын ажлын тайлан, мэдээллийн материал худалдах, худалдан авах гэрээ”-тэй холбоотой хайрганы ордын төлбөр төлөх асуудлыг шийдвэрлэх агуулгаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсан байна. /х.х-ийн 7-8 дахь талд/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг тус 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Гэрээ”-ний 1 дэх хэсэгт заасан үүргийг хангуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзалын үндэслэлээ “Геологи, хайгуулын ажлын тайлан, мэдээллийн материал худалдах, худалдан авах гэрээ”-ний борлуулт хариуцаж, тус гэрээний дагуу 15 хувийн ашгийг авах ёстой болохоос төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох “Гэрээ”-ний 1 дэх хэсэгт “А тал 800,000 юань болон Б тал 400,000 юанийг банкны шилжүүлэг болон бусад хэлбэрээр В талд нийт 1,200,000 юань-ийг төлнө” гэжээ.

Тус хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус эсэхтэй хариуцагч маргаагүйгээс гадна хүчин төгөлдөр бусад тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Дурдсан үйл баримтаас дүгнэн үзэхэд талуудын хооронд иргэний эрх зүйн харилцааг үүсгэх зорилго бүхий гэрээний харилцаа Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр үүсээгүй байна.

Өөрөөр хэлбэл, тус “Гэрээ” гэх баримтыг Иргэний хуульд тусгайлан нэрлэн заасан гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлгүй, харин тодорхой үйлдэл хийхийг хүлээн зөвшөөрч түүнийгээ илэрхийлсэн баримт гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэг үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зохицуулснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөр төлөх үүргийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь уг “гэрээ” гэх баримтын 3 дахь хэсэгт заасан ашиг хүлээн авах хэсгийг хүлээн зөвшөөрч, харин 1 дэх хэсэгт заасан төлбөр төлөх үүргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй байхаас гадна тус үүргийг төлөх үүрэггүй гэх тайлбар,  татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа монгол төгрөгийн нэг юаньтай харьцах ханшаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, … хэмжээгээр тус тус тооцно” гэж зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкны ханш болох нэг юанийг 313.31 төгрөгөөр 400,000 юанийг тооцож 125,324,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Дгээс 125,324,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И.М” ХХК-нд олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр товлон шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Дгээс 125,324,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И.М” ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дгээс 784,570 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И.М” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                                             Л.ЭНХЖАРГАЛ