Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 181/2017/02947/И |
Дугаар | 181/ШШ2017/03183 |
Огноо | 2017-12-12 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2017/03183
2017 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 181/ШШ2017/03183 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК -д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 54.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
П ХХК нь барилгын дулаан хангамжийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг. А ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 10 тоот дугаартай ажил гүйцэтгэх гэрээг П ХХК-тай байгуулсан.
Энэхүү гэрээгээр захиалагч А ХХК нь манай компаниар Буянт-Ухаа 1 цогцолбор хорооллын сувгийн сантехник, агууржуулалтын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон бөгөөд гэрээний үндсэн дээр дараах ажлыг П ХХК гүйцэтгэхээр болсон. Үүнд:
1. Сувгийн сантехникийн угсралтын үл хөдлөх тулгуур, труба хоолой угсрах
2. Худгийн хаалт, арматурын угсралтын ажил
3. Труба, хоолойн дулаалгын ажил
4. Дулааны шугамын 1,2 дугаар хэлхээний дулаан, цэвэр усны шугам сүлжээг үл нэвтрэх суваг сантехникийн холбогдолтой угсралтын ажил
Дээрх ажлыг ажил гүйцэтгэгч болох П ХХК нь өөрийн механизм тоног
төхөөрөмжөөр гүйцэтгэн захиалагчийн мэдэлд шилжүүлэх бөгөөд нийт ажлын хөлсийг 200.000.000 төгрөг байхаар талууд тохиролцсон.
Гэрээ хийсэний дараа салхивчийн ажлыг хийхээ больсон учраас талууд амаар тохиролцож гэрээний үндсэн төлбөрийг 150.000.000 төгрөг болгож бууруулсан.
П ХХК нь ажил гүйцэтгэх хугацаандаа А ХХК-ийн зүгээс
тавьсан шаардлагуудыг заасан хугацаанд нь залруулж шийдвэрлэсээр ирсэн бөгөөд тухай бүрт хийсэн ажлын биелэлтийг сорилгын акт үйлдэн баталгаажуулж байсан.Мөн Буянт-Ухаа 1 хорооллын ажил бүрэн дуусаж барилгыг П ХХК, А ХХК болон ТОСК зэрэг байгууллагуудын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 53/2015 тоот эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар хүлээлцсэн.
Бид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байхад А ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс нийт 96.000.000 төгрөгийг манай компанид төлж, үлдэх 54.000.000 төгрөгийг манай компанид өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа бөгөөд төлөхгүй гэсэн тайлбар гаргадаг.
Манай компанийн зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 015/81 тоот албан бичгээр А ХХК-д хандан 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг улсын комисс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эцсийн байдлаар хүлээн авсан тул гэрээний үлдэгдэл төлбөр болох 54.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа тухайгаа мэдэгдсэн.
Мэдэгдэл хүргүүлсний дараа гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэхгүй
байсаар өнөөдрийг хүрч байна. Түүнчлэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01/01 тоот албан бичгээр А ХХК-д үлдэгдэл 54.000.000 төгрөгийг төлөхгүй бол шүүхэд хандах агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн.
Ажил хүлээлцэхээс өмнө нэмэлт 48.000.000 төгрөгийг шилжүүлж түүгээр коспенсатор авч тавьсан. Энэ 48.000.000 төгрөг ажлын хөлсөнд орохгүй тусдаа шилжүүлсэн юмаа. Бидний хооронд байгуулсан гэрээнд гэрээг цуцлах нөхцөл байгаа , мэдэгдэл өгөөд мэдэгдлийн хариу өгөөгүй тул гэрээг цуцалсан гээд байгаа юм бол ТОСК-д ажил хүлээлцэхэд П ХХК ажил хүлээлгэн өгөхөөр явж байсан бөгөөд энэ үед А өөрөө хамт явж л байсан тул гэрээ цуцлагдаагүй гэдгийг давхар нотлож байна. Бид гүйцэтгэсэн ажилаа ТОСК-т хүлээлгэн өгсөн. Үүнийг Атмимос хүлээн зөвшөөрсөн. Энэ ажлын захиалагч нь ТОСК бөгөөд гүйцэтгэгч нь А ХХК болон П ХХК юм.
Гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж А ХХК-д удаа дараа мэдэгдэл хүргүүлэхэд албан ёсны хариу ирүүлээгүй, биечлэн уулзахад амаараа төлбөрийг төлөхгүй гэдэ гучир П ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийн үлдэгдэл болох 54.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай А ХХК нь нэхэмжлэгч П ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь үнэн. Ажлын хөлсөнд 96.000.000 төгрөгийг шилжүүлсэн.
П ХХК нь гүйцэтгэсэн ажилаа хүлээлгэж өгсөн гэж байгаа боловч манай компанид хүлээлгэж өгөөгүй, Төрийн орон сууцны корпорацид хүлээлгэн өгсөн байдаг. П ХХК нь үлдэгдэл ажилаа хийлгүйгээр орхиод явсан тул үлдсэн ажлыг манайх Оновчлол ХХК-тай гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн.
Гэрээ ёсоор бол сувгийн сантехник угсралтын ажлыг хийхээр тохирсон. П ХХК нь гүйцэтгэсэн ажлаа чанаргүй хийсэн боловч цаг хугацаанд шахагдаж Төрийн орон сууцны корпораци хүлээн авсан. 2013 оны 9 сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
А ХХК нь П ХХК- тай хамтран ажиллах гэрээ байгуулан Буянт Ухаа -1 хорооллын инженерийн шугам сүлжээний хонгилийн системийн ажлыг ТОСК ТӨҮГ-ын захиалгаар гүйцэтгэсэн ба ажлын гүйцэтгэлээр нийт 149.000.000 төгрөгийг П ХХК-д санхүүжилтээр олгосон болно.
Ажлын гүйцэтгэлийн явцад П ХХК-ийн шугам сүлжээний угсралтын ажил чанарын шаардлага хангаагүйн улмаас ТОСК ТӨҮГ нь удаа дараалан нийт 36 удаа албан тоот хүргүүлж угсралтын ажлыг стандартын дагуу хийхийг шаардаж байсан тул П ХХК-д удаа дараа шаардлага хүргүүлж байсан боловч тус компаниас албан ёсны хариу ирүүлээгүй болно.
А ХХК-ийн зүгээс 2013 оны 12 дугаар сарын 24-ны 322 тоот, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 252 тоот албан бичгээр гэрээг шинэчлэн хийх буюу хуульд заасны дагуу тусгагдаагүй нөхцлүүдийг үндэслэн гэрээнд өөрчлөлт оруулах мөн албан ёсоор хариу өгөөгүй тохиолдолд гэрээг цуцлах хүсэлтийг явуулсан боловч хариу ирүүлээгүй болно. Иймд гэрээг цуцалсан хэмээн үзэж ажлыг цааш үргэлжлүүлсэн болно.
Бидний хооронд хийгдсэн гэрээний нийт дүн 200.000.000 төгрөг, үүнээс П ХХК-ийн авсан санхүүжилт 149.000.000 төгрөг, үлдэгдэл 51.000.000 төгрөгний санхүүжилтыг дээрх гэрээг цуцалсан үндэслэлээр олгоогүй болно.
Тус компани нь ТОСК ТӨҮГ-тай үндсэн гэрээгээр 2.888.001.354 төгрөг, нэмэлт гэрээний ажлын хүрээнд төсөв зурагт ороогүй ажил 192.745.905 төгрөг, төсөвт суугаагүй ажил буюу 2-р хэлхээний шугамын ажил 362.427.050 төгрөгийн ажлуудыг гүйцэтгэсэн боловч П ХХК-ийн шугам сүлжээний гүйцэтгэлийн ажил стандартын бус чанаргүй байсан учраас нэмэгдэл ажлын төсвийн дүн /362 427 050 +192 745 905/ 555 172 955 төгрөг авах байснаас А ХХК-ийн хийгдээгүй ажлын 152 958 940 төгрөг хасаж, үлдэгдэл 402 214 015 төгрөг авах тооцооноос П ХХК-ийн ажлын чанар хангаагүйгээс 109.905.935 төгрөгийн ажлын гүйцэтгэлээ нэмэлт гэрээгээр авч 292.308.080 төгрөгийн алдагдалыг тус компани хүлээсэн болно.
Захиалагч ТОСК ТӨҮГ, гүйцэтгэгч А ХХК хоёрын хооронд хийсэн гэрээ болон П ХХК-ын ажлын гүйцэтгэлийг үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
Захиалагч ТОСК ТӨҮГ гүйцэтгэгч П ХХК хоёрын хооронд хийсэн 29 389.270 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний материалын үнэ 56.000.000 төгрөгийг А ХХК гаргасан боловч ТОСК ТӨҮГ нь уг материалын үнийг төсвийн гүйцэтгэлээс хасаж тооцсон тул П ХХК-аас нэхэмжилж байна.
Энэ нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гүйцэтгэгч А ХХК захиалагч ТОСК ТӨҮГ нарын тооцоо нийлсэн протокол дээрээс тодорхой харагдана. Нийт 149 сая төгрөгний чанарын баталгаа 5% болох 7. 450.000 төгрөг, НӨАТ-ын үлдэгдэл /149 сая-133 сая/ 16.000.000 төгрөг, магадлашгүй ажлын зардал /149 сая 2%/ 2 980 000 төгрөг, нормчлолын сангийн шимтгэл /149 сая 0,18%/ 268 200 төгрөг, нийт 82.698.200.000 төгрөгийг гэрээнээс учирсан хохиролд нэхэмжилж байна.
П ХХК нь өөрийн албан ёсны хариуг удаа дараалан албан тоотоор ирүүлээгүйн улмаас тус компаний үүргийг Оновчлол ХХК-ийн захирал З.Оргил ажлыг гүйцэтгэж дуусгасан болно.
П ХХК-д түншлэлийн гэрээг цуцалсан гэж тооцож байна. Улсын комиссын акт болон шугам сүлжээний ажлын гүйцэтгэлийн актан дээр П ХХК-ийн захиал Энхтүвшин болон түүний төлөөлөл гарын үсэг зураагүй бөгөөд Оновчлол компаний захирал З.Оргил нь П ХХК-ийн өмнөөс ажлыг хүлээлгэж өгсөн болно.
Захиалагч ТОСК ТӨҮГ гүйцэтгэгч А ХХК-ийн тооцоо нийлсэн протокол, ажлын гүйцэтгэл, дүгнэсэн актан дээр П ХХК-ийн төлөөлөл оролцоогүй нь уг компани түншлэлийн гэрээнээс татгалзсаныг нотлож байна.
Иймд П ХХК-аас 82.698.200.000 төгрөгийг гаргуулж А ХХК-д олгуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 82.698.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг ямар үндэслэлээр бодсон нь тодорхойгүй байна.
Мөн нийт шилжүүлсэн мөнгө 200.000.000 төгрөгөөс хасч тооцож байгаа бөгөөд ийнхүү тооцохдоо уг гэрээний үндсэн төлбөр бус 48.000.000 төгрөгийг хасч тооцжээ. Энэ мөнгө нь компенсаторын үнэ гэсэн нэрээр орсон бөгөөд манай 2 байгууллагын хооронд байгуулсан гэрээнээс тусдаа нийлүүлсэн компенсаторыг худалдан авсан үнэ юм.
Оновчлол ХХК-тай байгуулсан гэх гэрээ нь гүйцэтгэгч Буянт-Ухаа 1 хорооллын дулаан цэвэр усны шугамын тунелын дам нуруунд краныг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. гэсэн ажлыг хийхээр тохиролцож хийгдсэн ба энэ ажил нь А ХХК-тай П ХХК-ийн байгуулсан ажлаас өөр тусдаа ажил байсан юмаа. Манайд 149 сая төгрөгийг шилжүүлээгүй 96 сая төгрөгийг шилжүүлсэн.
Сөрөг нэхэмжлэлд НӨТ-ийн үлдэгдэл суутган төлөх ёстой гэсэн байна. Энэ нь бидний хооронд байгуулсан гэрээнд ороогүй бөгөөд гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнд 16 сая төгрөг төлсөн тухай баримт байхгүй байна. Мөн 149 сая төгрөгийн чанарын баталгаа 5% гэдэг нь үндсэн гүйцэтгэгч нь өөрөө хариуцлагаа хүлээнэ гэсэн байгаа П ХХК хариуцна гэсэн зүйл байхгүй, энэ 5%-ийн шаардах эрх үүссэн эсэх нь тодорхойгүй, магадлашгүй ажлын зардал П ХХК, Атимос ХХК хоёрын хооронд хийсэн гэрээнд байхгүй, нормчлолын сангийн шимтгэл ч мөн адил байхгүй, гэрээ бол материал нийлүүлэх гэрээ биш ажил гүйцэтгэх гэрээ юм.
29.389.270 төгрөг гэж байгаа нь Атимос ХХК, ТОСК хоёрын хооронд тооцоо нийлсэн протоколоос харагдаж байгаа бөгөөд шилжүүлсэн мөнгөн дүнд нь ч энэ байхгүй байна.
З.Оргил нь П ХХК-д 2014 оныг дуустал ажилласан. Оновчлол ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь манай ажлыг үргэлжлүүлээд хийсэн ажил биш юм.
Манайд ажилаа хийчихээд хийсэн гэрээ байдаг. Энэ гэрээгээр хийх ажил нь тунелийн дам нуруу краныг суурилуулах ажил хийх гэж байгаа гэтэл гэрээгээр хийх манай ажил шал өөр ажил байгаа 2013 оны 12 дугаар сарын 12-нд ажил гараад тус тусдаа хийсэн байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
НЭГ.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч П ХХК нь А ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрт 54.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч П ХХК-ийг ажлаа хүлээлгэж өгөөгүй, дутуу орхиод явсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ П ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээгээр Буянт-Ухаа хороолол дотуур явж байгаа дулааны шугамын 1,2 дугаар хэлхээний дулаан, цэвэр усны шугам сүлжээг үл нэвтрэх сувагт сантехникийн холбогдолтой бүх угсралтын ажил /Сувгийн сантехникийн угсралтын үл хөдлөх тулгуур, труба хоолой угсрах, Худгийн хаалт, арматурын угсралтын ажил,Труба, хоолойн дулаалгын ажил/ мөн салхивч агааржуулалтын угсралтын ажлыг 2013 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, хариуцагч /захиалагч/ А ХХК нь ажлын хөлсөнд 200.000.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээ, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 8-12-р хуудас/
Зохигчид гэрээ хийсэний дараа салхивчийн ажлыг хийхээ больсон учраас талууд амаар тохиролцож, гэрээний үндсэн төлбөрийг 150.000.000 төгрөг болгож бууруулсан болон дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг ерөнхий гүйцэтгэгч А ХХК-ийн дэд захирал Б.Эрдэнэчимэг, туслан гүйцэтгэгч П ХХКийн захирал Д.Энхтүвшин, хөрөнгө оруулагч ТОСК ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Баярсайхан нар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгч 53/2015 дугаартай актыг үйлджээ. /хх-ийн 66-76-р хуудас/
Хариуцагч гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй.
Дээрх Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч А ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 25.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 15.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 25.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1.500.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 29-ны өдөр 2.000.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1.500.000 төгрөг, нийт 99.000.000 төгрөгийг шилжүүлж нэхэмжлэгч П ХХК хүлээн авсан болох нь зохигчийн тайлбар болон орлогын мэдүүлэг, шилжүүлгийн баримт, бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар нотлогдож байна./хх-ийн 109-121-р хуудас/
Хавтаст хэргийн 114 дүгээр хуудсанд байгаа 2.000.000 төгрөгийн баримтанд мөнгө хүлээн авагчийн гарын үсэг байхгүй бөгөөд энэ тухай орлогын мэдүүлэг, шилжүүлгийн баримт байхгүй байх тул П ХХК-ийг уг мөнгийг хүлээн авсан гэж үзэх үндэсгүй байна.
Иймд захиалагч А ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх 150.000.000 төгрөгнөөс 99.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл болох 51.000.000 төгрөгийг гүйцэтгэгч П ХХК-д төлөх үүргээ гүйцэтгээгүй байна.
Хариуцагч нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар ажлын хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй ба А ХХК нь ажлын хөлсний үлдэгдэл 51.000.000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч А ХХК нь Оновчлол ХХК-тай Буянт-Ухаа1 хорооллын дулаан, цэвэр усны шугамын нэвтрэх тунелийн дам нуруунд краныг суурилуулах ажлыг гүйцэтгүүлж 17.000.000 төгрөгний хөлс төлөх тухай гэрээг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулжээ.
Энэ гэрээ нь А ХХК болон П ХХК-ний хооронд байгуулсан гэрээнээс тусдаа бие даасан гэрээ байх тул П ХХК-ийн гүйцэтгээгүй орхисон ажлыг Оновчлол ХХК-иар гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэсгүй.
Хариуцагч нь Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл 51.000.000 төгрөгийг өгөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй, ажилаа дутуу орхиод явсан, гэрээ цуцалсан, ажилаа манайд хүлээлгэн өгөөгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй болно.
Мөн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2.-т Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэжээ.
Иймд А ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 51.000.000 /тавин нэгэн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000/ гурван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
ХОЁР: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
А ХХК-нь материалын үнэ 56.000.000 төгрөг, 149 сая төгрөгний чанарын баталгаа 5% болох 7.450.000 төгрөг, НӨАТ-ын үлдэгдэл 16.000.000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2 980 000 төгрөг, нормчлолын сангийн шимтгэл 268 200 төгрөг, нийт 82.698.200.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
П ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч П ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг 2013 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч А ХХК нь ажлын хөлсөнд 200.000.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээ хийсэний дараа салхивчийн ажлыг хийхээ больсон учраас талууд амаар тохиролцож, гэрээний үндсэн төлбөрийг 150.000.000 төгрөг болгож бууруулсан талаар талууд маргаагүй, тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна
Дээрх гэрээнд заасан ажлыг П ХХК хийж гүйцэтгэн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 53/2015 дугаартай актаар Улсын комисст хүлээлгэн өгсөн байна.
ТОСК ТӨҮГ ын захиалгаар Буянт-Ухаа1 хорооллын инженерийн шугам сүлжээний хонгилын системийн ажлын хүрээнд хийгдсэн дулааны шугам сүлжээ, дулаанжуулалтын тоноглол, дулаан дамжуулах төвийн барилга байгууламжийн ажил-ын ерөнхий гүйцэтгэгч нь А , туслан гүйцэтгэгчээр П ХХК ажилласан талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ П ХХК-ийн хувьд хариуцагч Атимос ХХК нь захиалагч болно.
Буянт-Ухаа1 хорооллын инженерийн шугам сүлжээний хонгилын системийн ажлын хүрээнд хийгдсэн дулааны шугам сүлжээ, дулаанжуулалтын тоноглол, дулаан дамжуулах төвийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн А ХХК нь захиалагч ТОСК ТӨҮГ-тай тооцоо нийлэн талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 98-100-р хуудас/
Ерөнхий гүйцэтгэгч А ХХК, захиалагч ТОСК ТӨҮГ-тай тооцоо нийлсэн актаар А ХХК-ийн гаргаж ирсэн гүйцэтгэл хянаж баталгаажуулсан дүн 296.883.347 төгрөгний үндсэн гэрээнээс МАЗ орохгүйгээр 175.219.942 төгрөг хасагдахаар байна. 2-р хэлхээний нэмэлт ажлаар 296.883.347 төгрөг олгох ба цэвэршүүлбэл нийт 121.663.405 төгрөгийг А ХХК-д олгохоор байна. Үүний 11.757.470 төгрөгийг МАЗ-ийн үлдэгдэлээс санхүүжүүлж 109.905.935 төгрөг дээр нэмэлт гэрээ хийж олгох тооцоо гарч байна. Энэ дүнгээр нэмэгдэл төсөв гаргаж нэмэлт ажлын гэрээ хийх асуудал оруулж танилцуулахыг А ХХК-ийн дэд захирал Б.Эрдэнэчимэг, ТОСК Ж.Оюунбилэг нарт даалгаж шийдвэрлэсэн байна.
Улсын комисс хүлээн авсаны дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ерөнхий гүйцэтгэгч А ХХК нь захиалагч ТОСК ТӨҮГ-тай Нэмэлт ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, гүйцэтгэгч нь Буянт-Ухаа 1 орон сууцны хорооллын гадна дулааны 13В магистралын шинэ шугамын 2 дугаар хэлхээний зурагт тусгагдаагүй нэмэлт ажлыг зураг төсөл, төсвийн дагуу хийж гүйцэтгэх, захиалагч нь 143.924.407 төгрөгийг өгөх үүргийг тус тус хүлээжээ./хх-ийн 96,97-р хуудас/
Тооцоо нийлсэн дээрх баримтад /протоколд/ П ХХК-ийн гүйцэтгэсэн урьд хийж өгсөн зурагт ороогүй ажлын материал, тээвэр нь А ХХК-иас гарсан гэж үзэж материалын үнэ болон магадлашгүй ажлын зардлыг тус тус тооцон нэмэлт ажлын төсөвт оруулсан гэж үзэхээр байх тул материалын үнэ 56.000.000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2 980 000 төгрөгийг П ХХК-иас нэхэмжлэх үндэсгүй байна.
Мөн 149 сая төгрөгний чанарын баталгаа 5% болох 7.450.000 төгрөг, НӨАТ-ын үлдэгдэл 16.000.000 төгрөг, нормчлолын сангийн шимтгэл 268 200 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа болох нь тогтоогдохгүй байна.
Иймд П ХХК-иас материалын үнэ 56.000.000 төгрөг, 149 сая төгрөгний чанарын баталгаа 5% болох 7.450.000 төгрөг, НӨАТ-ын үлдэгдэл 16.000.000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2 980 000 төгрөг, нормчлолын сангийн шимтгэл 268 200 төгрөг, нийт 82.698.200.000 төгрөг гаргуулах тухай А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.,115.2.2., 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хээлийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 51.000.000 /тавин нэгэн сая/ төгрөгийг гаргуулан П ХХК-д олгож, үлдэх 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол болох 82.698.200 төгрөгийг П ХХК-иас гаргуулах тухай А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2. дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428000 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 571441 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 412950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО