Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00399

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01772 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2221 дугаар магадлалтай,

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

А Т ХХК-д холбогдох, 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 54.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 82.698.200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч П ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...А Т ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр захиалагч А Т ХХК нь манай компаниар Буянт-Ухаа 1 цогцолбор хорооллын сувгийн сантехник, агааржуулалтын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон бөгөөд гэрээний үндсэн дээр дараах ажлыг П ХХК гүйцэтгэхээр болсон. Үүнд: Сувгийн сантехникийн угсралтын үл хөдлөх тулгуур, труба хоолой угсралтын ажил, худгийн хаалт, арматурын угсралтын ажил, труба, хоолойн дулаалгын ажил, дулааны шугамын 1, 2 дугаар хэлхээний дулаан, цэвэр усны шугам сүлжээг үл нэвтрэх суваг сантехникийн холбогдолтой угсралтын ажил багтсан. Дээрх ажлыг ажил гүйцэтгэгч П ХХК өөрийн тоног төхөөрөмжөөр гүйцэтгэн захиалагчид шилжүүлэх бөгөөд ажлын хөлсийг 200.000.000 төгрөг байхаар талууд тохиролцсон. Гэрээ хийсний дараа салхивчийн ажлыг хийхээ больсон учраас талууд амаар тохиролцож үндсэн төлбөрийг 150.000.000 төгрөг болгож бууруулсан. П ХХК ажил гүйцэтгэх хугацаандаа А Т ХХК-аас тавьсан шаардлагуудыг заасан хугацаанд нь залруулж шийдвэрлэсээр ирсэн бөгөөд тухай бүр хийсэн ажлын биелэлтийг сорилтын акт үйлдэн баталгаажуулж байсан. Мөн Буянт-Ухаа 1 хорооллын ажил бүрэн дуусаж барилгыг П ХХК, А Т ХХК болон Төрийн орон сууцны корпораци зэрэг байгууллагуудын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 53/2015 тоот Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар хүлээлцсэн. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байхад А Т ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс 96.000.000 төгрөгийг төлж, үлдэх 54.000.000 төгрөгийг төлөөгүй байна. Манай компаниас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 015/81 тоот албан бичгээр А Т ХХК-д 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг улсын комисс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эцсийн байдлаар хүлээн авсан тул үлдэгдэл төлбөр 54.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа тухайгаа мэдэгдсэн. Ажил хүлээлцэхээс өмнө нэмэлт 48.000.000 төгрөгийг шилжүүлж түүгээр компенсатор авч тавьсан. Энэ 48.000.000 төгрөг ажлын хөлсөнд орохгүй, тусдаа шилжүүлсэн. Бидний хооронд байгуулсан гэрээнд гэрээг цуцлах нөхцөл байгаа, мэдэгдэл өгөөд мэдэгдлийн хариу өгөөгүй тул гэрээг цуцалсан гээд байгаа юм бол Төрийн орон сууцны корпорацид ажил хүлээлцэхэд П ХХК ажил хүлээлгэн өгөхөөр явж байсан бөгөөд энэ үед А Т ХХК-иас хамт явж байсан тул гэрээ цуцлагдаагүй гэдгийг давхар нотолж байна. Бид гүйцэтгэсэн ажлаа Төрийн орон сууцны корпорацид хүлээлгэн өгснийг Атмиос трейд ХХК хүлээн зөвшөөрсөн. Энэ ажлын захиалагч Төрийн орон сууцны корпораци бөгөөд гүйцэтгэгч нь А Т ХХК болон П ХХК юм. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 54.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай компани нь нэхэмжлэгч П ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсөнд 96.000.000 төгрөг шилжүүлсэн. П ХХК гүйцэтгэсэн ажлаа манай компанид хүлээлгэж өгөөгүй, Төрийн орон сууцны корпорацид хүлээлгэн өгсөн. П ХХК нь үлдэгдэл ажлаа хийлгүйгээр орхиод явсан тул үлдсэн ажлыг манайх Оновчлол ХХК-тай гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн. Гэрээ ёсоор бол сувгийн сантехник угсралтын ажлыг хийхээр тохирсон. П ХХК нь гүйцэтгэсэн ажлаа чанаргүй хийсэн боловч цаг хугацаанд шахагдаж Төрийн орон сууцны корпораци хүлээн авсан. 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...А Т ХХК нь П ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан Буянт-Ухаа-1 хорооллын инженерийн шугам сүлжээний хонгилын системийн ажлыг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын захиалгаар гүйцэтгэсэн ба ажлын гүйцэтгэлээр нийт 149.000.000 төгрөгийг П ХХК-д санхүүжилтээр олгосон. Ажлын гүйцэтгэлийн явцад П ХХК-ийн шугам сүлжээний угсралтын ажил чанарын шаардлага хангаагүйн улмаас Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь нийт 36 удаа албан тоот хүргүүлж угсралтын ажлыг стандартын дагуу хийхийг шаардаж байсан тул П ХХК-д шаардлага хүргүүлж байсан боловч тус компаниас албан ёсны хариу ирүүлээгүй болно. А Т ХХК-иас 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 322 тоот, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 252 тоот албан бичгээр гэрээг шинэчлэн хийх буюу хуульд заасны дагуу тусгагдаагүй нөхцлүүдийг үндэслэн гэрээнд өөрчлөлт оруулах мөн албан ёсоор хариу өгөөгүй тохиолдолд гэрээг цуцлах хүсэлтийг явуулсан боловч хариу ирүүлээгүй. Иймд гэрээг цуцалсан гэж үзэж ажлыг цааш үргэлжлүүлсэн. Бидний хооронд хийгдсэн гэрээний нийт дүн 200.000.000 төгрөгөөс П ХХК-ийн авсан санхүүжилт 149.000.000 төгрөг, үлдэгдэл 51.000.000 төгрөгийн санхүүжилтийг дээрх гэрээг цуцалсан үндэслэлээр олгоогүй болно. Тус компани нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай үндсэн гэрээгээр 2.888.001.354 төгрөг, нэмэлт гэрээний ажлын хүрээнд төсөв зурагт ороогүй ажил 192.745.905 төгрөг, төсөвт суугаагүй ажил буюу 2-р хэлхээний шугамын ажил 362.427.050 төгрөгийн ажлуудыг гүйцэтгэсэн боловч П ХХК-ийн шугам сүлжээний гүйцэтгэлийн ажил стандартын бус чанаргүй байсан учраас нэмэгдэл ажлын төсвийн дүн 555.172.955 төгрөг авах байснаас А Т ХХК-ийн хийгдээгүй ажлын 152.958.940 төгрөг хасч, үлдэгдэл 402.214.015 төгрөг авах тооцооноос П ХХК-ийн ажлын чанар хангаагүйгээс 109.905.935 төгрөгийн ажлын гүйцэтгэлээ нэмэлт гэрээгээр авч 292.308.080 төгрөгийн алдагдлыг тус компани хүлээсэн болно. Захиалагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ гүйцэтгэгч П ХХК хоёрын хооронд хийсэн 29.389.270 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний материалын үнэ 56.000.000 төгрөгийг А Т ХХК гаргасан боловч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь уг материалын үнийг төсвийн гүйцэтгэлээс хасч тооцсон тул П ХХК-аас нэхэмжилж байна. Энэ нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гүйцэтгэгч А Т ХХК захиалагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нарын тооцоо нийлсэн протоколоос харагдана. Нийт 149.000.000 төгрөгийн чанарын баталгаа 5 хувь болох 7.450.000 төгрөг, НӨАТ-ын үлдэгдэл 16.000.000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2.980.000 төгрөг, нормчлолын сангийн шимтгэл 268.200 төгрөг, нийт 82.698.200 төгрөгийг гэрээнээс учирсан хохиролд нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчин итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 82.698.200 төгрөгийн дүнг ямар үндэслэлээр бодсон нь тодорхойгүй. Мөн нийт шилжүүлсэн мөнгө 200.000.000 төгрөгөөс хасч тооцохдоо уг гэрээний үндсэн төлбөр бус 48.000.000 төгрөгийг хасч тооцжээ. Энэ мөнгө нь компенсаторын үнэ гэсэн нэрээр орсон ба талуудын хооронд байгуулсан гэрээнээс тусдаа нийлүүлсэн компенсаторыг худалдан авсан үнэ юм. Оновчлол ХХК-тай байгуулсан гэх гэрээ нь гүйцэтгэгч Буянт-Ухаа 1 хорооллын дулаан цэвэр усны шугамын тунелын дам нуруунд краныг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож хийгдсэн ба энэ ажил нь А Т ХХК-тай П ХХК-ийн байгуулсан ажлаас өөр тусдаа ажил байсан юм. Манайд 149.000.000 төгрөгийг шилжүүлээгүй 96.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Сөрөг нэхэмжлэлд НӨАТ-ын үлдэгдэл суутган төлөх ёстой гэсэн нь бидний хооронд байгуулсан гэрээнд ороогүй бөгөөд гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнд 16.000.000 төгрөг төлсөн тухай баримт байхгүй. Мөн 149.000.000 төгрөгийн чанарын баталгаа 5 хувь гэдэг нь үндсэн гүйцэтгэгч нь өөрөө хариуцлагаа хүлээнэ гэсэн байгаа П ХХК хариуцна гэсэн зүйл байхгүй, энэ 5 хувийн шаардах эрх үүссэн эсэх нь тодорхойгүй, магадлашгүй ажлын зардал П ХХК, А Т ХХК хоёрын хооронд хийсэн гэрээнд байхгүй, нормчлолын сангийн шимтгэл ч мөн адил байхгүй, гэрээ бол материал нийлүүлэх гэрээ биш ажил гүйцэтгэх гэрээ юм. 29.389.270 төгрөг гэж байгаа нь А Т ХХК, Төрийн орон сууцны корпораци хоёрын хооронд тооцоо нийлсэн протоколоос харагдаж байгаа бөгөөд шилжүүлсэн мөнгөн дүнд нь ч энэ байхгүй байна. З.Оргил нь П ХХК-д 2014 оныг дуустал ажилласан. Оновчлол ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь манай ажлыг үргэлжлүүлээд хийсэн ажил биш юм. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01772 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг баримтлан хариуцагч А Т ХХК-аас 54.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгож, хариуцагч А Т ХХК-ийн П ХХК-д холбогдуулан гаргасан 82.698.200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 9 сарын 6-ны өдөр урьдчилан төлсөн 428.000 төгрөгийн 427.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, 427.950 төгрөгийг хариуцагч А Т ХХК-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 571.441 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2221 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01772 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж дүгнэлгүй шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүйд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу П ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг А Т ХХК-иас шаардах эрхтэй байна. ...угсралтын ажилтай холбоотой үйлдэгдсэн актууд байх ба дээрх угсралтын ажлуудыг "сайн" дүнтэй болсон гэсэн тэмдэглэгээг актуудад бичиж захиалагчийн төлөөлөгч Б.Батсайхан хүлээн авсан байна. ...Шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын хяналтын инженер Б.Батсайхан дээрх актуудад дурдсан ажлыг П ХХК гүйцэтгэсэн, ажлыг бүрэн гүйцэтгэсэн бөгөөд ажлын гүйцэтгэлд ямар нэгэн доголдол байгаагүй, П ХХК-иас өөр этгээд уг ажлыг гүйцэтгээгүй гэсэн мэдүүлгийг өгсөн. Хэргийн баримт гэрчийн мэдүүлгээс П ХХК-ийг А Т ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан сувгийн сантехникийн угсралтын үл хөдлөх тулгуур, труба, хоолой угсрах ажил, худгийн хаалт, арматурын угсралтын ажил, труба хоолойн дулаалгын ажлуудыг бүрэн гүйцэд ямар нэгэн доголдолгүй гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хариуцагчийн гаргасан П ХХК нь гэрээт ажлыг бүрэн гүйцэт хийгээгүй, дутуу орхин явсан, үлдсэн ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т "Захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ", 211 дүгээр зүйлийн 211.1-т "Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө" гэж тус тус зааснаар захиалагч А Т ХХК нь ажлын үр дүнг түүнд хүлээлгэн өгснөөр үүснэ. П ХХК нь ажлын үр дүнг А Т ХХК-д хүлээлгэн өгөөгүй бөгөөд ажлын гүйцэтгэл гараагүй, мөн гэрээгээр гүйцэтгэх ажлыг дутуу гүйцэтгэсэн байдаг. Гэтэл шүүхээс хэргийн материалд авагдсан сорилтоор шалгасан 11 акт болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан нь өөрөө үндэслэлгүй. Тодруулбал уг актуудад зөвхөн Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК-ийн хяналтын инженер Б.Батсайхан л гарын үсэг зурсан байдаг бөгөөд эрх бүхий этгээдүүдийн гарын үсэггүй, тамга тэмдгээр баталгаажуулаагүй байдаг. Гэрчээр мөн л Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК-ийн хяналтын инженер Б.Батсайханыг дуудан мэдүүлэг авсан бөгөөд Төрийн орон сууцны санхүүжилтийн корлорацид албан тоотоор мэдэгдэл хүргүүлж, түүнийг гэрчээр оролцуулаагүй. Эндээс үзвэл Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн эрх бүхий этгээдийн П ХХК ажлыг бүрэн гүйцэтгэсэн талаарх тайлбар, дүгнэлт байхгүй. Эсэргээр Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци нь П ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг доголдолтой, дутуу гүйцэтгэсэн гэх агуулга бүхий мэдэгдлүүдийг А Т ХХК-д ирүүлж байсан. Ийнхүү нэхэмжлэгчийн ажлын үр дүнг бүрэн хүлээлгэн өгсөн гэх тайлбар нотлогдоогүй тул өмнө нь Улсын Дээд шүүхээс “...нэхэмжлэлийн шаардлагын талаарх бодит байдал бүрэн тогтоогдоогүй” гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Гэтэл уг тогтоолд дурдсан зөрчлийн залруулаагүй дахин шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

П ХХК нь А Т ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 54.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэлээр 82.698.200 төгрөг шаарджээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байх ба шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Зохигчийн хооронд 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр П ХХК нь туслан гүйцэтгэгчийн хувиар А Т ХХК-ийн захиалгаар Буян-Ухаа хорооллын дотуур явж байгаа үл нэвтрэх сувгийн шугамын доторхи сантехникийн болон агааржуулалтын угсралтын ажлыг гүйцэтгэх, ажлын хөлсөнд 200.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон, хожим нь талууд гүйцэтгэх ажлын болон хөлсний хэмжээг бууруулсан  нь тогтоогдсон, энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх бөгөөд нэхэмжлэгч П ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гүйцэтгэсэн ажлаа ерөнхий захиалагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т актаар хүлээлгэн өгсөн, тухайн Буян-Ухаа цогцолборын ажлыг улсын комисс хүлээн авахад ерөнхий захиалагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ, гүйцэтгэгч А Т ХХК болон туслан гүйцэтгэгч П ХХК-иуд оролцсон нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Хариуцагч А Т ХХК нь туслан гүйцэтгэгч П ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар гомдлын шаардлага гаргаж байгаагүй, өөр этгээдээр дутуу ажлыг гүйцэтгүүлсэн гэсэн нь тогтоогдоогүй  тул хариуцагчийн татгалзал үгүйсгэгдсэн гэж үзнэ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хариуцагч ажлын хөлсийн үлдэгдэлд 54.000.000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг зөрчөөгүй байна.

Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь А Т ХХК-ийн төсвийн гүйцэтгэлээс 56.000.000 төгрөг хасч тооцсон нь баримтаар нотлогдоогүй, гүйцэтгэлийн чанарын баталгааны 5 хувь буюу 7.450.000 төгрөг, НӨАТ-ын үлдэгдэл 16.000.000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2.980.000 төгрөг, нормчлолын сангийн шимтгэл 268.200 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үндэслэлгүй буюу талууд энэ талаар гэрээгээр тохиролцоогүй байна.

Хоёр шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01772 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2221 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 427.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ